Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00568

 

В.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02700 дугаар шийдвэртэй

В.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Цэд холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О, П.Н

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь В.Гоос 183 000 000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч В.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох нь нотариатчийн эрхлэх үйлдлийн нэг төрөл бөгөөд өвлөх эрхийн баталгаажуулах үндэс болдог. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 зүйлд заасан баримтуудыг бүрдүүлэх ёстой гэтэл дээрх баримтыг бүрдүүлэлгүй гэрчилгээ олгосон. Мөн хууль буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргана гэсэн харъяаллыг зөрчжээ. Иймд С.Од олгосон 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 245 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 245 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь В.Гоос 183 сая төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барагч Ч.Содномпил хууль ёсны өв залгамжлагч төрсөн охин С.Од өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үйл ажиллагаандаа удирдлага болгон Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан ердийн журмаар өв хүлээн авах нийтлэг журмыг баримтлан нас барагч Ч.Содномпилын өвөөр үлдээсэн эд хөрөнгө болон эрхүүдийг түүний хууль ёсны өвлөгч төрсөн охин С.Од үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхийг өв залгамжлалаар шилжүүлэх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Нас барагч Ч.Содномпил 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барж, Иргэний хуулийн 518 зүйлд зааснаар өв нээгдсэн болно. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 0000112181 тоот нас барсан гэрчилгээгээр Иргэний хуулийн 519 зүйлд зааснаар Хан-Уул дүүрэг нас барагч иргэн Ч.Содномпилын өв нээгдсэн газраар тогтоогдсон. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар нас барагч Ч.Содномпилын өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгө, эрхүүд түүний хуулиар тогтоож өгсөн хууль ёсны өвлөгчид өвлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Нас барагч иргэн С.Содномпилын хууль ёсны өв залгамжлагч төрсөн охин С.О Иргэний хуулийн 528 зүйлд заасан хуулийн хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барагчийн өвийг хүлээн авах тухай хүсэлтээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журам, хэлбэрийн зохицуулалтыг ханган гаргаж, уг хүсэлтээ Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ч.Содномпилыг нас барсаны дараа 19 дэх хоног дээр нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барагчийн хууль ёсны өвлөгч төрсөн охин С.О, зээлдэгч В.Г нар өөрсдийн өмгөөлөгч н.Даваабилэг, н.Урангэрэл нарыг биечлэн байлцуулж, нэхэмжлэлд хавсаргасан зээлийн 3 гэрээний үүргийн биелэлтийг нэг бүрчлэн дүгнэх явцад зээлдэгчээс 3 зээлийн гэрээгээр нас барагчаас зээлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлж барагдуулах үүргээ хүлээн зөвшөөрч гэрчүүдийн дэргэд нас барагчийн төрсөн охин хууль ёсны өв залгамжлагч С.Отай тооцоо нийлсэн акт үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нотариатч С.Ц миний хуульд заасан үндэслэлийн дагуу ердийн журмаар нас барагчийн хууль ёсны өвлөгчид олгосон өвлөх эрхийн 245 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нас барагч Ч.Содномпилын хууль ёсны өвлөгч биш иргэн В.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн ээж П.Н болон төрсөн аав Ч.Содномпил нарын дундаас төрсөн. Миний аав 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Аав маань сэрүүн тунгалаг байхдаа 2012 онд В.Гт их хэмжээний мөнгийг зээлдүүлсэн байсан ба ааваас хойш миний ээж бид хоёр В.Гоос жил гаруйн хугацаанд мөнгөө эргүүлж өгөхийг шаардсан ч өгөхгүй нь тодорхой болмогц би аавынхаа төрсөн охины хувиар өөрт олгогдсон эрх, үүргийнхээ дагуу холбогдох хууль, журмын дагуу В.Гоос авах авлагын өв залгамжлалаа тогтоолгож, мөнгөө шүүхээр нэхэмжилсэн. Улмаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3073/Б дугаар шийдвэрээр В.Гоос 271 000 000 төгрөгийг гаргуулж С.О надад олгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа ба төлбөр төлөгч В.Г нь ямар ч төлбөр төлөөгүй, төлбөрийг төлөхгүй арга хийж, удаа дараа шүүхэд хэрэг үүсгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориудаар явуулахгүй гацааж саад учруулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний талийгаач нөхрийн өвийн асуудлаар аливаа нэгэн газарт нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах эрхгүй этгээд удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан В.Гийн нэхэмжлэлтэй, С.Цэд холбогдох, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь В.Гоос 183 000 000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...өвлөх эрхийн 245 дугаар гэрчилгээг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгожээ” гэсэн байна. Гэтэл Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч А.Оюунчимэгийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 778 тоот албан тоотоор иргэн С.Оын нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзээд 18 хөрөнгийг өвлөн авсан тухай дурьдсан байх буюу ямар ч зээлийн гэрээний үүрэг өвлөн авсан талаар бүртгэгдээгүй тухай дурдсан үүнийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Зээлийн гэрээний талуудын тооцоо нийлсэн акт 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Содномпилийн хууль ёсны төлөөлөгч С.О гэсэн мөртлөө нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл байхгүй акт үйлдсэн энэ хүчин төгөлдөр бус акт учир нь гэвэл төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр буюу хуулийн дагуу үүсдэг талаар Иргэний хуульд тусгасан. Ийм хүчин төгөлдөр бус актыг үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт буюу хариуцагч С.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:...2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барагчийн өвийг хүлээн авах тухай хүсэлтээ “Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг.” гэж хэлсэн гэтэл С.О нь өв хүлээн авах тухай хүсэлтэд 22 өв хүлээн авах талаар тусгасан байна. Үүнд В.Гтой холбоотой гэрээний үүргийг өвлөх талаар хүсэлт байхгүй болох нь тогтоогдож байна. Ч.Содномпил нь нас барсан болох нь №0000112181 тоот гэрчилгээгээр тогтоогдсон ба түүнтэй хамт амьдарч байсан эхнэр болох П.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдэх ёстой мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу П.Н нь хүсэлтээ гаргаагүй учраас П.Нг өв хүлээн авсан тооцох ёстой. Хуульд зааснаар 3 сарын дотор татгалзсан хүсэлтээ эхнэр болох П.Н гаргаагүй учраас өвийг хүлээн авсанд шууд тооцно. Үүнээс үзэхэд нотариатч С.Цийн олгосон 245 дугаар гэрчилгээ хүчин төгөлдөр бус болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч В.Г нь нотариатч С.Цэд холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 245 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр С.О нь В.Гоос 183 000 000 төгрөг шаардах эрх өвлөсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 72-76/.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Оын эцэг Ч.Содномпил 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсны улмаас С.Оын өв залгамжлахыг, эхнэр П.Нн өвөөс татгалзахыг тус тус хүссэн өргөдлүүдийг Хан-уул дүүргийн тойргийн нотариатч С.Цэд гаргаж, С.Од 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 243, 245 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх.78-79/

 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасан, нас барагч Ч.Содномпилын эхнэр П.Н, охин С.О нар нь түүний хууль ёсны өвлөгчид байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нотариатч С.Од өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуульд заасан баримтуудыг бүрдүүлээгүй, харьяалал зөрчсөн” гэж заажээ.

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 243 тоот өвлөх эрхийн гэрчилгээ болон хавсралтаар С.Од Хас банкны 5000463438 тоот данстай 00495849 тоот дэвтэртэй 41 539 109.70 төгрөгийг өвлөх эрх, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 245 тоот өвлөх эрхийн гэрчилгээ болон хавсралтаар нас барагч иргэн Ч.Содномпил нь В.Гтой 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах, шүүхэд нэхэмжлэх, оролцох өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгожээ. /хх.78, 148/

 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан байх тул зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан нь дээрх хуулийн заалттай нийцжээ.

Зээлдүүлэгч Ч.Содномпилийн хууль ёсны төлөөлөгч өв залгамжлагч С.О зээлдэгч В.Гтой 2012  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 ширхэг зээлийн гэрээний талаар 240 054 000 төгрөгийн өртэй болохыг тооцоо нийлж акт үйлджээ. /хх.86/

Түүнчлэн, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б тоот хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч В.Гоос 270 010 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож шийдвэрлэжээ. /хх.10-12/

Мөн Монголын Нотариатчдын танхимын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 778 тоот албан бичгээс үзэхэд  нас барагч Ч.Содномпил хууль ёсны өв залгамжлагч болох С.Оын өвлөж авсан 18 эд хөрөнгийг бүртгэсэн болохыг дурдсан байна. Нотариатч С.Ц 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С.Од өвлөх эрхийн 243, 245 тоот гэрчилгээг олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, 43.2.3-т заасан заалт болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх.30-31/ 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” талаар заасан бөгөөд нэхэмжлэгч “...С.Од олгосон өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч хууль зөрчиж олгосон” гэх өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо “...зээлийн гэрээний тооцоо нийлсэн акт нотариатчаар гэрчлүүлээгүй, Монголын Нотариатчдын танхимын албан тоотод зээлийн гэрээний шаардах эрхийн талаар дурдаагүй” гэсэн үндэслэлээр гаргажээ. Зээлийн гэрээний тооцоо нийлсэн акт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хэрэгт В.Гоос зээлийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, Монголын Нотариатчдын танхимын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан тоотод зээлийн гэрээний шаардах эрхийн талаар дурдаагүй зэрэг нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО