Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 215

 

                        

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 17210007600058  дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч *******: Монгол улсын иргэн, 1982 оны 02 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 01 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 06 сарын 23-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, 2007 оны 11 сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар , 2010 оны 03 сарын 25-ны өдрийн Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2016 оны 02 сарын 17-ны өдрийн  Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ******* овогт ******* ******* /РД: *******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэрт 2017 оны 07 сарын 16-ны оройн 22 цагийн орчимд согтуугаар ******* зүүн гарын сарвуу хэсэг, цээжний зүүн талын зүүн хөхний орчимд хутгаар зүсэж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв. 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 16-ны өдөр ******* бид хоёр Соёлын төв дээр уулзсан юм. Ингээд ******* нэг шил 0.75 литрийн “Их Монгол” нэртэй архи авч, бид хоёр манай гэрт очоод мах чанах зуураа архиа талд нь ортол уусан. Мах идээд сууж байгаад ******* бид хоёр “Мах идэж байсан хутгаараа бие биенийхээ хурууны голд зоож тоглож байтал ******* “гар алдаад” миний зүүн гарын эрхий хуруу, долоовор хурууны завсар гарыг минь нэвт хатгасан юм. Ингээд ******* сандраад миний гарын цусыг тогтоох гэж даавуугаар ороосон боловч цус нь гараад тогтохгүй байсан тэгээд орой нь 23 цагийн орчимд эмнэлэг рүү очиж шилэнд гараа зүсчихлээ гэж хэлээд Урнаа эмчээр гарынхаа бохирыг цэвэрлүүлж гарын алга хэсэгт 3 ширхэг оёдол, ар хэсэгт нь 1 ширхэг оёдол хийлгэсэн юмаа. Ингээд би маргааш нь бэр ******* хандаж, ах нь хүнд гараа хутгалуулчихлаа гэж хэлсэн чинь цагдаад мэдэгдсэн байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 11х/

 Гэрч  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “....Х. нь манай ажил дээр зүүн гараа даавуугаар боосон байдалтай ирсэн. Боолтыг задалж үзэхэд гар нь хавдсан цус бүлэгнэж, тогтсон байдалтай байсан. Зүүн гарын алган талд, эрхий хурууны доод хэсэгт махир зүсэгдсэн шархтай байсан. .... *******той хамт ирсэн. Гэртээ орох гэж байгаад гараа гэрийнхээ шилэнд зүссэн гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 411 тоот дүгнэлтэд:

1. ******* биед цээжний зүүн талын зүүн хөхний товч орчмын зүсэгдсэн шарх, зүүн гарын алганы хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын долоовор хурууны эсгэгдэл гэмтэл тогтоодлоо.Уг гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас шалтгаална гэжээ./хх-ийн 24/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн талаархи тодорхойлолт / хх-ийн 23/

Урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-55, 82-84/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. 

Шүүгдэгч *******ийн хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:      

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэрт 2017 оны 07 сарын 16-ны оройн 22 цагийн орчимд согтуугаар ******* зүүн гарын сарвуу хэсэг, цээжний зүүн талын зүүн хөхний орчимд хутгаар зүсэж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэгт “.......2017 оны 07 сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад би Баян-Уул сумын төвд ахтай таараад нэг шил 0.75 литрийн архи аваад гэрт нь очиж хувааж уугаад мах чанаж идсэн юм. ах мах идэж байхдаа ширээн дээр зүүн гарынхаа алгыг дээш нь харуулж тавиад барьж байсан хутгаараа тогло гэж хэлээд надад хутгаа өгөхөөр нь би түүний хурууны завсарт зоож тоглох гэж байгаад эрхий болон долоовор хурууны завсар алганы хэсэгт нь хутгаар хутгалчихсан юм. Тэгээд гарнаас нь цус гоожоод тогтохгүй байхаар нь эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан” .....гэх мэдүүлэг /хх-ийн 73х/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт..... “******* бид хоёр мах идэж байсан хутгаараа бие биенийхээ хурууны голд зоож тоглож байтал ******* гар алдаад миний зүүн гарын эрхий хуруу, долоовор хурууны завсар гарыг минь нэвт хатгасан юм” гэх мэдүүлэг......./хх-ийн 11/, Гэрч  “....Х. нь манай ажил дээр зүүн гараа даавуугаар боосон байдалтай ирсэн. Боолтыг задалж үзэхэд гар нь хавдсан цус бүлэгнэж, тогтсон байдалтай байсан. Зүүн гарын алган талд, эрхий хурууны доод хэсэгт махир зүсэгдсэн шархтай байсан. .... *******той хамт ирсэн. Гэртээ орох гэж байгаад гараа гэрийнхээ шилэнд зүссэн гэж хэлсэн....” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-20/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 411 тоот дүгнэлт, болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:    

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 441 тоот дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх үндсэн ялаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 7 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн улаан алаг өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг хутгыг устгаж, бичгийн баримтаар ирсэн регистрийн /*******/ дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 450 / дөрвөн зуун тавин/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч ******* нь 7 хоног цагдан хоригдсон бөгөөд / 7х8=56, 450-56= 394/  394 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 7  хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг устгаж,  баримт бичгээр ирсэн  шүүгдэгч *******ийн /*******/ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР