| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134000000167 |
| Дугаар | 2022/ДШМ/45 |
| Огноо | 2022-06-24 |
| Зүйл хэсэг | 10.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/45
2022 06 24 2022/ДШМ/45
..........д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч ..........,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Нарийн бичгийн дарга Д.Уранчимэг нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаярын давж заалдах гомдлоор шүүгдэгч ..........д холбогдох 2134000000167 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн
Шүүгдэгч .......... нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг ..........хамтран амьдрагч ..........тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн өвдгөнд нь хутгалж улмаар .......... нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч Боржигин Дашдондогийн ..........г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д 3 жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........гийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 6 дугаар сарын 11-нд төрсөн Б.Дорждагва, 2008 оны 7 дугаар сарын 17-нд төрсөн Б.Оюунсугар, 2014 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн Б.Оюундарь, 2016 оны 7 дугаар сарын 27-нд төрсөн Б.Дорждэрэм нарт асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга хэрэгжүүлэхийг,
Эрүүгийн 2134000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, 12 см урт хар бариултай, ажлын хэсэг нь 13 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч .......... нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн "2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 156 дугаар бүхий шийтгэх тогтоол гарсан. Тус шийтгэх тогтоолоор Шүүгдэгч ..........гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсөн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ буруу зүйлчилсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн онцлог нь "Сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан" үедээ гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгогддог. Мөн "сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах" гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт байдлаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь сэтгэл зүйн ямар нэг эмгэггүй, гэрч нарын мэдүүлгээр сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гарч, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсон гэж үзэхээргүй байдаг. Мөн тухайн өдөр шүүгдэгч болон хохирогч нарын хэн нь хутгийг гэрээс авч гарсан нь тодорхойгүй. Хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд дурьдсанаар 175см өндөртэй шүүгдэгчийг бодвол биеэр том өндөр хүн байдаг. Шүүгдэгчийн мэдүүлснээр хохирогч нь үнэхээр хутга барьж хохирогч руу дайрсан бол түүнээс хутгийг шүүгдэгч булааж авсан гэж дүгнэх боломжгүй. Биеийн хөгжил эрэгтэй эмэгтэй хүний онцлогоос хамаарч шүүгдэгч хохирогчоос хутга булааж авах чадамжгүй. Мөн шүүгдэгч тухайн үед хийсэн үйлдлээ анхны мэдүүлгээр тодорхой мэдүүлсэн ямар нэг байдлаар сэтгэл зүйн гэнэтийн цочролд орсон гэж үзэхээргүй байдаг. Өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлаж байсан тул хутгалсан даруйдаа "...би хүн алчихлаа" гэж гэрч Ш.Батзаяаг дуудсан байдаг. Мөн энэ гэмт хэргийн урьдач нөхцөл болох хохирогч шүүгдэгчийг хүндээр доромжилсон үйлдэл гаргасан гэдгийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хохирогч болон шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйлээс хэн аль нь хамааралтай байнгын хэрэглэдэг, үүнээс үүдэн маргалдах нь хэвийн үзэгдэл болсон хүмүүс байдаг. Хохирогч ч энэ талаараа удаа дараагийн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Байнга архичин гичий гэх зэргээр дууддаг байсан талаар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч ч мөн адил бусадтай маргалдаж хохирогчийн ..........д хэлсэн доромж үгтэй ижил үгсээр бусдыг доромжилж бусдын биед хөнгөн гэмтэл учруулж эрүүгийн хариуцпага хүлээж байсан гэдэг нь Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 434 дүгээр тогтоолын 2 дахь хуудсанд авагдсан гэрч нарын "... Хорлоо нь янхан авгай минь янхан охиноо авчирчихаад яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн..., .......... нь манай гэрт орж ирээд бүдүүн авгай, луйварчид гээд хэл амаар доромжлоод байсан" гэх мэдүүлэг тус тогтоолоор нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн хүндээр доромжилж хэлсэн гэх хараалын үгсийг .......... өөрөө ч бусдад хэлдэг үгс байх тул үүнээс шалтгаалан сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэх боломжгүй юм. ..........гийн биед учирсан гэмтлийг яг тухайн мөчид хутгалахын дөнгөж өмнө үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогч унтахаасаа өмнө ..........тэй маргалдаж цохисон талаар .......... болон гэрч нараас мэдүүлсэн байдаг. Энэ тохиолдолд уг үйлдлээс шалтгаалж сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидсан өөрийн үйлдлийн учир холбогдлыг ухамсарлах боломжгүй болсон гэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч тухайн хэргийг үйлдэх үедээ буюу амь хохирогчийг хутгалах үед сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэдгийг тогтоогоогүй буюу хангалттай нотлох баримтгүй байхад прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн байгаа нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэснийг мөн тус хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарын удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчсөн.
Шүүгдэгч Д. ..........гийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт "Над руу хутга бариад дайрахаар нь би хутгъг санамсаргүй зүүн талын гуяны дотор хэсэгт 1 удаа зоочихсон" гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь хохирогчийг хутгалах үедээ сэтгэл санаа хүчтэй давчдаагүй буюу өөрийн үйлдлээ ухамсарлан мэдэх боломжтой байсан харагдаж байна. Мөн шинжээч эмч И.Ганболорын өгсөн "Талийгаачийн зүүн гуяны артерийн судас тасарч их хэмжээний цус алдсан учир шууд үхэлд хүргэх" гэсэн мэдүүлгээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийн субъектив талын гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр тогтоогдож байхад анхан шатны шүүх санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Хэдийгээр шүүгдэгч хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж мэдүүлж байх боловч эдгээр нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хүчин зүйл биш юм. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж хөнгөрүүлэн зүйлчилсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч .......... тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: Амь хохирогч намайг зоддог байсан. Хутга өөрөө авч дайрсан. 4 хүүхэд маань харах хүнгүй болсон гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Одоо хэргийг дахиад мөрдөн байцаалтад буцаагаад тогтоогдох зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..........д холбогдох 2134000000167 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Прокуророос .......... нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг ..........хамтран амьдрагч ..........тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн өвдгөнд нь хутгалж улмаар .......... нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч .......... 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг ..........хамтран амьдрагч ..........тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсаны улмаас ..........ийн зүүн өвдгөнд нь хутгалж зүүн гуянд үүссэн хатгагдсан шарх нь гуяны булчинг гэмтээж, цааш гуяны артерийг таслан, цус алдаж дотор эрхтний цусан хангамжийн дутагдалд орж нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ..........г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж хөнгөрүүлэн зүйлчилсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд тус 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 156 дугаар бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.
Гэрч М.Тогтохдэлгэрийн: “ 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө би гэрээсээ 10 цагийн үед гараад Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Ар урт" супермаркетын үүдэнд танил .........., түүний эхнэр .........., манай найз Дүүдээгийн эхнэр Ш.Батзаяа нартай уулзаад юм ярьж зогсож байгаад Ш.Батзаяагийн хашаа салхинд нурсан гэхээр нь бид нар гэрт нь очиж янзалсан. Тэндээ байж байтал .......... эхлээд 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирээд тэрнээс хойш дахиж 2 шил архи авч ирээд бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Хүрэлсүх, .......... нар хашаа барьж дууссанаас хойш хоорондоо муудалцаад нөхрөө гол дээр хүнтэй уулзлаа гээд уурлаад байсан. Тэгтэл нөхөр нь уулзаагүй гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед нь та хоёр битгий хоорондоо муудалцаад бай гэж хэлсэн, тэр хоёр ч нэг их сүйдтэй маргалдаад байгаагүй. Тэгээд би тасраад хажуу гэрт ороод ганцаараа унтаж байтал цагдаа нар ирээд намайг сэрээсэн. Тэгэхээр нь би гараад хартал .......... гар нь цус болчихсон байсан ба гэрээс гараад хартал нөгөө гэрийнх нь үүдэнд их цус урсчихсан байсан” /1хх 38-40/,
Гэрч Ш.Батзаяагийн: "Би 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад манай хашаа эвдрээд уначихсан байсан учир би хашаагаа янзлуулах гээд Б.Эрдэнэбат, М.Тогтохдэлгэр хоёртой Т. Хүрэлсүх, .......... хоёрыг гэрээс нь очиж аваад барилгын материалын дэлгүүр орж хадаас аваад Эрдэнэбат ах бид хоёр банк орж мөнгө аваад эргээд машинд нь ирэхэд Тогтохдэлгэр, Хүрэлсүх, .......... гурав 1 шил 0.75 литрийн Хараа архи машиндаа хувааж уугаад талд нь оруулаад сууж байсан. Ингээд Эрдэнэбат ах бид хоёрт нэг нэг хийж уулгаад манай гэрт ирээд Тогтохдэлгэр "Би машинтай архи уухгүй, би эхнэрээ дуудаж машинаа явуулна." гээд удалгүй эхнэр нь ирж машиныг нь авч яваад бид хэд манай хашааг элбэж янзалж дуусаад Хүрэлсүх дахиад нэг шил 0.75 литрийн Хараа архи гаргаж ирээд бид хэд хувааж уугаад байж байхад Эрдэнэбатын хүүхэд нь ирээд гэр рүүгээ аваад явчихсан. Тэгээд архи дууссан энэ үед .........., Хүрэлсүх хоёр гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд гэрийнхээ хулдаасыг нөхөөд сууж байхад .........., Хүрэлсүх хоёр манай хашаанд гэрийн гадаа юм яриад маргалдаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт .......... гаднаас Заяа би хүн алчихлаа гээд хашхирахаар нь би гэрээс гараад очиход гэрийн үүдэнд Хүрэлсүх хэвтчихсэн хөлөөс нь цус гараад газар урсчихсан .......... хөлийг нь гараараа барьчихсан найз нь хүн алчихлаа гээд орилоод сууж байсан. Би Хүрэлсүхээ сэрээч ээ гээд хацар руу нь алгадаад хөдлөхгүй нүүр ам нь цайгаад уруул нь хөхөрчихсөн байсан. Ингээд л шууд цагдаад дуудлага өгөөд, дараа нь эмнэлэгт дуудлага өгөөд гэрээсээ гараад цагдааг тосоод хашаанаасаа хойшоо гарахад цагдаа өөдөөс гарч ирээд шууд дагуулж гэртээ авчирсан.” /1хх 41-43/,
Гэрч Эрдэнэбатын өгсөн: “Манайх Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн Хөтөлийн шинэ тоотод одоогоор хаягжилт байхгүй Заяа гэдэг айлын хажууд байдаг. Заяагийн хашаа салхинд унасан байсан. Өдөр Заяа, Тогтох хоёр яваад .......... .......... нарыг гэрээс нь авчирч бид тав хамтдаа Заяагийн хашааг босгосон юм. Тэгээд 1 шил 0.75 гр Хараа архи Хүрэлсүх авч ирээд бид нар хувааж уусан. Тэгээд би хүүхдээ авахаар явсан. Би хэрэг болох үед байгаагүй учир хэргийн талаар мэдэх зүйл алга байна. .........., Хүрэлсүх хоёр хоорондоо байнга хэрэлдэж маргалдаж байдаг аль аль нь архи уудаг хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /1хх 36-37/,
Шүүгдэгч ..........гийн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагийг сайн санахгүй байна. Өдөр хэрд очсон. Нөхөр .........., М.Тогтох, Ш.Заяа, Б.Батаа бид тав Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн урд руу байдаг Ш.Заяагийнд салхинд унасан хашааг нь босгож өгөхөөр хамт очсон. Тэгээд бид хэд 2 шил 0.75 гр Хараа нэртэй архи хувааж ууцгаасан, бүгд уусан. Тэгээд нөхөр ..........ийн хоёр найз Ш.Заяагийнд ирэх гээд утсаар яриад байхаар нь би уурлаад "яах гэж хүн ирүүлж архи уух гээд байгаа юм" гэж нөхөр ..........эд уурласан. Тэгтэл манай нөхөр Хүрэлсүх над руу "архичин гичий минь адилхан архи уучхаад хүнийг найзгүй болголоо" гээд бид хоёр муудалцсан. Тэгээд Б.Батаа манай нөхөр .......... хоёр яваад дахин 1 шил 0,75 литрийн Хараа архи авч ирээд Б.Батаагийнд орж хувааж ууцгаасан. Тэгээд манай нөхрийн хоёр найз нь болох хоёр хүн нэрийг нь мэдэхгүй ирээд манай нөхрийг авч явах гээд байхаар нь би явуулаагүй манай нөхөр тэр үед тасраад ш.Заяагийн гэрт унтаж байсан. Тэгээд удалгүй манай нөхөр .......... сэрээд босож ирээд намайг "Архичин гичий минь чи дандаа намайг найзгүй болгодог" гээд хэл амаар доромжлоод баруун хацар луу гараараа цохиод бид хоёр маргалдаж муудалцаад байж байтал над руу Ш.Заяагийн гэрийн үүдэнд .......... хутга аваад дайрсан хутга хаанаас авсныг би хараагүй. Тэгэхээр нь хутгыг нь булааж аваад буцаагаад далайтал өөдөөс .......... буцаад над руу дайраад яг тэр үед зүүн гуя хэсэгт нь хутга орчихсон. Тэгээд хутгыг буцаагаад сугалах үед өөдөөс цус годгодож эхэлсэн. .......... газар шууд унаад өгсөн. Тэгээд би сандраад эмнэлэг, цагдаа дууд гээд сандарч эхэлсэн /уйлав/ тухайн үйл явдал болоход Ш.Заяа л хажууд байсан өөр хүн байгаагүй.” /1хх 32/ гэсэн мэдүүлгүүдээр Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж болох амь хохирогч ..........ийн зүгээс шүүгдэгч .......... болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодын хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус бусад үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдгоороо онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ “хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно
Анхан шатны шүүх амь хохирогчийн зүгээс шүүгдэгч ..........г сэтгэл зүйн эмгэгт байдалд яаж оруулсан, удаан хугацааны туршид гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж байсан хууль бус, зүй бус ямар үйлдлүүдээс шалтгаалан уг эмгэгт байдал тухайн цаг хугацаанд яаж илэрсэн нь сэтгэл санааны хүчтэй цочролд орж хийсэн үйлдэлтэй хэрхэн холбогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Мөн шүүгдэгч ..........гийн мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд тэрээр хэрэг учрал болох цаг хугацаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгч П...........д прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, эрүүгийн хууль буруу хэрэглэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч ..........д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч ..........д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч ..........д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ