Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2024/00335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* 8 дугаар гудамжны 820 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.

Хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь Д.*******ид холбогдуулан 2024 оны 04 сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ...Нэхэмжлэгч ******* би 1998 онд Б.тэй танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүлийн хамтын амьдралд бид 2 өнөөг хүртэл 20 гаруй жил хамт амьдарч байна. Бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. 1998 онд том охин , 2007 онд хүү Мөнхдөл, 2012 онд хүү төрсөн. Гэр бүлийн гишүүн нь эд хөрөнгөө захиран зарцуулахдаа өөрийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэлд ордог. Гэхдээ гэр бүлийн гишүүн нь гэр бүлийн бус гишүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ, хэлцэл хийх учиртай. Ийм харилцан тохиролцоо, эсхүл зөвшөөрөл байхгүйгээр гэр бүлийн гишүүн нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн ганцаар захиран зарцуулсан бол тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдээс буцаан шаардах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эсхүл зөвшөөрлийн үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулдаг. Харин гэр бүлийн нэг гишүүн бусад гишүүдийнхээ санал, зөвшөөрлийг авалгүйгээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн ганцаар захиран зарцуулсан нь гэр бүлийн бусад гишүүд уг эд хөрөнгийг гуравдагч этгээдээс буцаан авахаар шаардах, нэхэмжлэх эрхтэй тул уг эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тодруулбал: 2024 оны 04 сарын сүүлчээр нэхэмжлэгч Ж.******* би 10 гаруй хоногийн хугацаатай Сэлэнгэ аймаг руу явсан хойгуур миний эхнэр Б. өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дундговь аймгийн ******* сумын 8-р баг, 8-р гудамжны 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, тус газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалтын 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний зөвшөөрөлгүйгээр 2024 оны 04 сарын 29-ний өдөр хариуцагч Д.*******той "бэлэглэлийн гэрээ" гэх гэрээ байгуулж, түүний өмчлөлд дээрх хөрөнгүүдийг шилжүүлсэн нь миний хувьд энэ шаардлагыг гаргах үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл эхнэр Б. нэхэмжлэлд дурдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж борлуулах, бусдад бэлэглэх зэргээр захиран зарцуулах талаар өмнө нь болон хариуцагч Д.*******ийн өмчлөлд шилжүүлэх цаг хугацаанд надад хэлж мэдэгдээгүй, надаас санал, зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулсан нь миний хувьд тухайн газрын зохих өмчлөгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн 100,101 дүгээр заасан өмчлөх эрхээ хамгаалах үүднээс энэхүү шаардлагыг гаргаж байна. 2024 оны 05 сарын 06-ны өдөр би Сэлэнгэ аймгаас ирээд байх үед миний эхнэр Б. надад "Газар, байшингаа 20000000 төгрөгөөр зарсан. Хоёулаа энэ мөнгөн дээр мөнгө нэмээд өөр газар авъя" гэсэн юм. Тухайн үед би түүний хэлсэн үгэнд итгээгүй, надаар тоглож байна эсхүл зарах бодолтой байгаагаа надад хэлж, миний саналыг сонсох гэж байна гэж ойлгоод "Худалдах хэрэггүй. Тэр газар манайтай ойр газар, чи бид хоёроос гадна алсдаа хүүхдүүдэд ч хэрэгтэй хөрөнгө. Тийм болохоор газар, байшингаа зараад яах юм" гэхэд Б. "... Би зарчихсан. Чи хар" гээд над бэлэглэлийн гэрээ болон Хаан банк дах өөрийн дансны гүйлгээг харуулсан. Ингээд бид хоёр уг асуудлаар үг зөрж, багагүй хугацаанд маргаж, ярилцсаны эцэст гол нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг эхнэр дур мэдэн ганцаар захиран зарцуулсан, тухайн хөрөнгийг бусдад худалдаж борлуулах, бэлэглэх зэргээр захиран зарцуулах талаар бидний хооронд харилцан тохиролцсон гэх тохиролцоо байгаагүй, мөн нэхэмжлэгч би Д.******* гэх хүнийг зүс мэднэ, түүнтэй газар, байшингаа худалдах талаар ярилцаж байгаагүйгээс гадна би маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулах талаар эхнэртээ зөвшөөрөл өгөөгүй байсан, одоо болон дараа нь ч зөвшөөрөхгүй, учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах нь миний болон хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг илтэд хөндөх, зөрчих учраас зөвшөөрөхгүй зэрэг байдлуудаа ярилцаад 2024.07.06-ны өдөр би эхнэр Б.өөс миний данс руу шилжүүлсэн 20000000 төгрөгийг хариуцагч Д.*******ийн эхнэр Хаан банк дах 5456031863 тоот данс руу "Буцаалт" гэх гүйлгээний утгаар шилжүүлж, газар, байшингаа эргүүлэн авах гэхэд хариуцагч Д.******* "Гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн. Одоо гэрээгээ буцаахгүй" гээд миний шилжүүлсэн 20000000 төгрөгийг өөрийн эхнэр Д. дээрх данснаас миний эхнэр Б.ийн Хаан дахь 5450261032 тоот данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл бид бэлэглэлийн гэрээ гэх гэрээний асуудлаар харилцан маргаж байгаа тул уг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал бодитой үүсээд байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т "Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна", 128 дугаар зүйлийн 128.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэгч би хуулийн дээрх зүйл, хэсгийн заалт хийгээд дээр дурдсан үндэслэлээр Б., Д.******* нарын хооронд байгуулсан 2024 оны 04 сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 04 сарын 20-ны өдөр арваад хоног Сэлэнгэ аймаг руу ажлаар явж байгаад ирэхэд эхнэр хашаа, газрыг зарсан байсан. Надаас асууж зөвшөөрөл аваагүй. Манай эхнэрийн нэр дээр газар байсан учраас зарсан байсан. Би зөвшөөрөхгүй байгаа. Газраа буцааж авах хүсэлтэй байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2024 оны 04 сарын 26-29-ний өдрүүдэд Дундговь -Урсгал зар мэдээ, Дундговь Такси үйлчилгээний групп facebook зарын групп дээр Дундговь аймгийн ******* сумын 8-р баг, Айраг 8-р гудамжны 820 тоот хаягт байршилтай, 753 м.кв газар-ыг зарах, худалдах зар тавигдсан байсныг манай ах дүүгийн эмэгтэй болох Ц. хараад манай эхнэр рүү энд газар зарна гэж байна гээд зарыг чатаар явуулсан. Ингээд бид эхнэрийнхээ хамт тухайн зарах гэж байгаа газрыг сонирхоод утсаар яриад, газрын өмчлөгч Б.тэй уулзаж, газрыг худалдаж авахаар тохирсон. Тухайн газар, хашаанд очиж үзэхэд хашаанд нэг гэр, модон байшин байсан бөгөөд гэрийг нь мөн зарах гэж байгаа, зарчихаад нүүгээд явна гэж хүргэн нь ярьж байна. Би энэ газрыг зарна, худалдана гэсэн зарын дагуу мэдэж худалдаж авсан. Би газрын өмчлөгч Б.тэй тохиролцож, түүний өмчлөлийн 753 м.кв газар, 4*6 харьцаатай зуны модон байшингийн хамт 20000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Газар худалдаж байгаа Б. татвар төлөх ёстой байсан бөгөөд 400000 төгрөгийн татвар төлөх мөнгө байхгүй гээд байхаар нь татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээг байгуулсан. Бусдаар бол бидний хооронд бэлэглэх харилцаа үүсээгүй. Бидний хооронд газар худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн. Бэлэглэлийн гэрээний цаана халхавчилсан хэлцэл нь худалдах, худалдах авах гэрээ байсан. Би Б.ийн ХААН банкны 5450261032 тоот дансанд газрын үнэ 20.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2024.04.29-нд шилжүүлж, гэрээний төлбөрийг бүрэн төлж, газрыг худалдаж авсан. /Эхнэр Д. данснаас газрын үнийг төлсөн/. Халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээ нь хуулиар тавьсан шаардлагыг хангаж байгаа, гэрээний үнийг бүрэн төлсөн, би Б.ийн өмчлөлийн газрыг худалдаж авсан тул гэрээ хүчин төгөлдөр. Би одоо тухайн газрыг улсын бүртгэлийн Г-0814000689 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна. Тухайн газар, хашаанд би эхнэрийнхээ хамт 2024 оны 05 дугаар сарын 03-нд нүүж очоод тавилга эд зүйлээ модон байшинд нь хийчихээд Цогтцэций явж, гэрээ нүүлгээд 2024.05.18-нд ирэхэд нэхэмжлэгч Ж.******* нь эхнэртэйгээ хамт ирээд нэхэмжлэлд бичээд байгаа зуны зориулалттай 4*6 метрийн харьцаатай модон байшин дотор эд зүйлээ суллаж өгөөд явсан, бид энэ зун тухайн модон байшинд амьдарч, зунжиж байгаа болно. Ж.******* нь өөрөө ирж байшингаа суллаж өгчихөөд мэдээгүй байхад эхнэр зарчихаж гэж худал бичиж, хударгагүй зан гаргаж байна. Би газрын өмчлөгчөөс газрыг худалдаж авсан. Ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хашааг зарын дагуу авсан. Үнээ тохироод авсан. 2 сарын дараа буцаана гэхээр нь би буцааж чадахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн эхнэр нь нотариат дээр бэлэглэлийн журмаар хийе гэж хэлэхээр нь эргээд ийм зүйл болно гэж бодоогүй, сайн санааны үүднээс бэлэглэлийн гэрээ байгуулсан. Манайх нүүж чадахгүй. Хоёр хөгшин даарч хөрөөд нүүхэд хэцүү. Огт танихгүй хүмүүстэй наймаа хийсэн. Хашаагаа авсан хойно 05 сарын дундуур Өмнөговь аймаг яваад ирэхэд Ж.******* ирсэн байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүж чадахгүй гэв.

5. Хэрэгт нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн ******* сумын 8-р багийн Засаг даргын 2024.07.24-ний өдрийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/, ******* *******, Баяраагийн нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, 2007.04.17-ны өдөр төрсөн хүү Мөнхдөл, 2012.07.03-ны өдөр төрсөн хүү нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/, 1998.08.23-ны өдөр төрсөн охин ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/, Баяраагийн ийн Хаан банкны 5450261032 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 10-12-р хуудас/, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хэргийн 13-р хуудас/, Б., Д.******* нарын хооронд байгуулсан 2024.04.29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар /хэргийн 14-15-р хуудас/, Баяраагийн ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 16-17-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 61-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, гэрч Б.өөс мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэсэн байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2024.08.12-ны өдрийн тайлбар /хэргийн 34-35-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 38-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч талын хүсэлтээр гэрч Д.Энхтуяа, Ц. нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийц гүйцэтгэсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь Б., Д.******* нарын хооронд байгуулсан 2024 оны 04 сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг гаргаж байна.

3. Нэхэмжлэгч нь Эхнэр Б. нь миний зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дундговь аймгийн ******* сумын 8-р баг Айраг 8-820 тоотод байрлах газар, хашаа, зуны байшинг бусдад худалдаж бэлэглэлийн гэрээ байгуулан хариуцагч Д.*******ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Иймд энэхүү бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг газар, хашаа, байшинг нэхэмжлэгч миний өмчлөлд шилжүүлэх үндэслэлтэй гэж,

Хариуцагч нь Эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд болох Б.тэй худалдах худалдан авах хэлцэл хийж түүний өмчлөлийн Дундговь аймгийн ******* сумын 8-р баг Айраг 8-820 тоотод байрлах газар, хашаа, зуны байшинг худалдан авсан. Б.ийн хүсэлтээр бэлэглэлийн гэрээ байгуулсан нь үнэн. Уг хашаа, газрыг худалдах талаар аймгийн зарын сайтан дээр зар тавьсан байсан. Гэр бүлээрээ ярьж тохироод худалдсан байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

4. Талууд Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий, нэгж талбарын дугаар 4809000050, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар Г-0814000689 газар, хашаа, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшинг Б.өөс Д.******* нь худалдан авч, газар, хашаа, байшингийн үнэ 20000000 төгрөгийг хариуцагч Д.*******ийн эхнэр данснаас Б.ийн банкны харилцах дансанд шилжүүлсэн, Б., Д.******* нар нь 2024.04.29-ний Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн нэг гишүүн бусад гишүүдээс бичгээр зөвшөөрөл авалгүй бусдад худалдан, бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцэл болох Б., Д.******* нарын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл мөн. Хүчин төгөлдөр бус хэлцлээр талуудын өгсөн авсан зүйлийг буцаах буюу гэрээний зүйл болох газар, хашаа, зуны байшинг нэхэмжлэгч Ж. өмчлөлд шилжүүлэх үндэстэй гэж маргаж байна.

Хариуцагч нь Гэр бүлээрээ ярьж тохироод хийсэн наймаа байх гэж бодож байна. Б.тэй худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн. Б. нь эрх зүйн чадамжгүй тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй. ийн өөрийн нэр дээр бүртгэлтэй газар, хашаа, байшинг худалдан авсан. Бэлэглэлийн гэрээ байгуулсан нь буруу ч гэсэн, тэй тохиролцоод, улсын бүртгэлд бүртгүүлээд газар, хашаа, байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, түүний үнийг төлсөн тул уг хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл болно гэж маргаж байна.

5. Талуудын хооронд Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий, нэгж талбарын дугаар 4809000050, Г-0814000689 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай газар, хашаа, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшинг Б.өөс Д.*******ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл /хэргийн 14-рт/хийгдсэн байна. Б., Д.******* нарын хооронд 2024.04.29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан байх боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 20000000 төгрөгийг /хэргийн 12-рт/ хариуцагч Д.******* нь Б.ийн өмчлөлд шилжүүлжээ. Иймд энэхүү хэлцлийг гэрээний талууд болох Б., Д.******* нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ж.*******, Б. нар нь 1996 оны 10 сарын 2-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 3 сарын 5-ны өдөр /хэргийн 7-рт/ иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлжээ. Маргааны зүйл болох Дундговь аймгийн ******* сумын 8 дугаар баг Айраг 8 гудамж 820 тоот хаягт байршилтай 4809000050 нэгж талбарын дугаартай 753 м.кв талбайтай газрыг 2022 оны 4 сарын 28-ны өдөр Б.ийн өмчлөлд бүртгүүлсэн /хэргийн 16-рт/ байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар уг газар, хашаа, зуны байшин нь Ж.*******, Б. нарын гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заажээ. Зохигч маргааны зүйл болох газар, хашаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны байшинг худалдах, худалдан авахдаа Б.ийн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авсан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй ба ийм зөвшөөрлийг аваагүй, зөвшөөрлийг авах талаар худалдан авагч Д.******* нь мэдэхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т хуульд өөрөөр заагаагүй бол дээрх зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар заажээ. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авалгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдлыг хуульд тусгайлан заагаагүй байна. Иймд Б., Д.******* нарын хооронд хийсэн газар, хашаа, зуны байшинг Б.ийн өмчлөлөөс Д.*******ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Гэрч Ц. /хэргийн 34-35-рт/, Д.Энхтуяа /хэргийн 36-37-рт/, Б. /хэргийн 66-67-рт/ нарын мэдүүлгээр маргааны зүйл болох газрыг Б.ийн олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу худалдан авсан болох нь нотлогдож байна. Гэвч энэ нь хууль зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болох ба нэхэмжлэгч Ж.******* нь маргааны зүйл болох газар, хашаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны байшингийн хамтран өмчлөгч байх тул хуульд заасан сонирхогч этгээдэд хамаарна. Иймд нэхэмжлэгч Ж.******* нь Б., Д.******* нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх бүхий этгээд мөн байна. Иймд сонирхогч этгээдийн хүсэлтээр Б., Д.******* нарын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г /хэргийн 14-15-рт/ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч Ж.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, улсын бүртгэлин гэрчилгээний дугаар Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах-ыг шаарджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. 2024.04.29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хийгч талууд буюу Б., Д.******* нар нь энэхүү хэрэг, маргааны талууд биш байх бөгөөд маргааны зүйл болох газар, хашаа, байшингийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн Б. нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх талаар нэхэмжлэл гаргаагүй байна. 2024.04.29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг сонирхогч этгээд буюу гэрээний нэг тал Б.ийн нөхөр Ж.******* гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Ж.******* нь хэлцлийн нэг тал биш байх тул хэлцлийн нэг тал биш сонирхогч этгээдийн өмчлөлд хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлагадаа хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4х6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг... гэсэн нь яг ямар ямар эд хөрөнгө гэдэг нь тодорхойгүй байна. Иймд тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалт-ыг зааж өгчээ. Энэхүү зүйлд эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах аргаар иргэний эрхийг хамгаалахаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь иргэний эрхийг хуульд заасан аргаар хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой ба хуульд заагаагүй аргаар эрхээ хамгаалуулахыг шаардсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, ******* сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар Оточ овогт Баяраагийн /ЗЮ78012800/, ******* овогт ******* ******* // нарын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас газар, үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Ж. өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328150 /гурван зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ