| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00202/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хохирогчийн төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1721001390083 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Уянга” салонд үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-7 насны 2 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаанхудагийн 3-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:/, ******* овогт ******* .
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онцгой байдлын алба”-ны урд талын зам дээр 2017 оны 8 сарын 26-ны өдрийн орой 20 цагийн орчимд 06-69 УНЗ улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчид 8700000 төгрөг өгсөн байгаа. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 сарын 26-ны орой манай ах хажуу айл руу орохоор явсан. Тухайн үед эхлээд бага зэргийн бороо орж байснаа сүүлдээ бороо их ороод эхлэхээр нь хажуу айлын хүнээс ахыг асуутал ахыг байхгүй гараад явсан гэж хэлсэн. Тэгээд гэртээ хүлээнгээ ахын дугаар руу залгаад байхад ахын утас дуудсан хэрнээ авахгүй байсан. Удаагүй манай гэрт хоёр цагдаа орж ирээд ахын өмссөн хувцсыг нь хэлж “энэ хүн танайд байдаг уу” гэж асуухад тухайн өдөр ахын өмсөж явсан хувцас мөн байсан тул тэр хоёр цагдаа намайг дагуулж явсан. Очоод хартал ах мөн байсан. Ахыг гаргах өдөр нь тохирч өгөхгүй буяны ажил нь 13 хоног болсон. Буяны ажил явдалд 11562690 төгрөгийн зардал гарсан. Үүнд 49 хоногт нь зарцуулсан 585965 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөгийг нэмээд нийт 12748655 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар гаас 8640000 төгрөг авсан байгаа. Одоо үлдэгдэл 4800655 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...06-69 УНЗ улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр ******* бариад зүүнээс баруун тийшээ чигтэй төв замаар Онцгой байдлын урд талд явж байхад гэнэт юм мөргөх шиг чимээ гараад би хүн мөргөчихлөө гэж хэлээд айгаад машинаас буухгүй сууж байхад манай нөхөр бууж хараад ослын тэмдэг тавиад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд тухайн хүнийг аваад явсны дараа цагдаагийн ажилтнууд ирсэн. Тэр үед 40-50 км цагийн хурдтай л явж байсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” /хх-ийн 46/ гэх мэдүүлэг.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 9 сарын 12-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд: "1. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д ”Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-д ”Жолооч хөдөлгөөний эрчим замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 4.Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээс ослын үед тоормосны мөр илрээгүй байх тул аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй байна. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолоочийн цахим сангийн лавлагаа авахад // регистрийн дугаартай, овогтой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 5. Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв” гэжээ. /хх-ийн 52/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 38 дугаартай нэмэлт дүгнэлтэд: “Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад 2017 оны 9 сарын 12-ны өдрийн №36 тоот дүгнэлт үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан өөр зүйл заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.” /хх-ийн 58/ гэжээ.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 84 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ийн цогцосноос авсан цусанд 1.2 промилли спиртийн алкоголь илэрч байна.” /хх-ийн 61/ гэжээ.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 сарын 08-ны өдрийн 83 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн дух, зулайн урд хэсэг, бага тархины дээд болон ар хэсэг, уртавтар тархи, гүүр хэсэг тойрсон зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, гавлын ясны зулайн баруун хэсгээс урагш баруун нүдний ухархайн дээд хана гавлын урд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, хамрын хянга яс, баруун зүүн хацар, хоншоор ясны цөмөрсөн, эрүү, зүүн атгаал, дунд чөмөг ясны хугарал, дух, доод уруул, хэл, эрүү, зүүн сарвууны язарсан шарх, нүүр, баруун чамархай, зулай, баруун шанаа, зүүн мөр, нуруу, баруун тохой, баруун шилбэ, зүүн тавхайн зулгарсан шарх, хоёр нүдний зовхи, дух хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар хамрын хянга яс, баруун зүүн хацар, хоншоор ясны цөмөрсөн, эрүү, зүүн атгаал, дунд чөмөг ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар дух, доод уруул, хэл, эрүү, зүүн сарвууны язарсан шарх, нүүр, баруун чамархай, зулай, баруун шанаа, зүүн мөр, нуруу, баруун тохой, баруун шилбэ, зүүн тавхайн зулгарсан шарх, хоёр нүдний зовхи, дух хэсгийн хуйхны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь их тархины баруун зүүн дух, зулайн урд хэсэг, бага тархины дээд болон ар хэсэг, уртавтар тархи, гүүр хэсэг тойрсон зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, гавлын ясны зулайн баруун хэсгээс урагш баруун нүдний ухархайн дээд хана гавлын урд хонхорлуу үргэлжилсэн шугаман хугарал гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь 1-р бүлгийн харьяаллын цустай байна. 7.Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.2 промилли процент спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно.” /хх-ийн 63-66/ гэжээ.
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-15/,
-Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 16/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 17/
-Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёота королла маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон 000042210 дугаартай газрын гэрчилгээнүүдийн хуулбар /хх-ийн 25-28, 30/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29, 31/
-Хохирогчийн төлөөлөгч *******ы мэдүүлэг /хх-ийн 39/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 47/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 50/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73/
-Шинжээч мэдүүлэг /хх-ийн 80/
-Хохирогчийн төлөөлөгчийн хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 99-170, задгай 18 хуудас баримт/
-Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онцгой байдлын алба”-ны урд талын зам дээр 2017 оны 8 сарын 26-ны өдрийн орой 20 цагийн орчимд 06-69 УНЗ улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ”...Хэрлэн сумын 6 дугаар баг Онцгой байдлын албаны урд талд төв замаар баруун тийш явж байхад гэнэт замын хойд талын модны араас нэг хүн зам руу гарч ирсэн. Тухайн үед би тормоз дарж амжилгүй мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 сарын 08-ны өдрийн 83, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 9 сарын 12-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсоон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, түүнийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хохирогчийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 12748655 төгрөг гарсан үүнээс шүүгдэгчийн зүгээс 8640000 төгрөг өгснийг хасаад үлдсэн 4108655 төгрөгийг нэхэмжилж байна гэж байна. Гэвч энэ нэхэмжилж байгаа оршуулахтай холбогдсон зардал дотор өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөгийг оруулан нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь оршуулахтай холбогдсон зардалд хамаарагдахгүй тул нэхэмжлэх үндэслэлгүй юм.
Мөн хавтаст хэргийн 167 дугаар хуудсанд байгаа АИ 92 бензин авсан зарлагын падаанд бичигдсэн 10 литр бензины үнэ 1 литр нь 1680х16800 төгрөг гэж бичсэн атлаа нийт дүнг 168000 төгрөг гэж тооцооны алдаа гаргасны улмаас илүү гарсан 151200 төгрөгийн зөрүүг, мөн түүнчлэн хохирогчийн төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 3000000 сая төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 30000000 /гучин сая/ төгрөгийг нийт 30751200 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******гаас 3357455 /гурван сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан хохирогчийн төлөөлөгч *******д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчид төлөх төлбөртэй тул шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 6000000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота королла” маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1 м2 нь 6400 төгрөгийн үнэ бүхий 700 м2 газрын /6 хүний өмч/ түүнд оногдох хэсгээс хохирлыг нөхөн төлүүлбэл зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины шил арчигчны резин 1 ширхэг, Тоёото компанийн никель лого 1 /нэг/ ширхэг зэргийг устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 700 м2 газраас түүнд оногдох хэсгийг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагааг зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлвэл зохино. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 3357455 /гурван сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан хохирогчийн төлөөлөгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны 30000000 /гучин сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, түлшний зардлын тооцооны алдаанаас илүү бодсон 151200 төгрөг /нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ нийт 30751200 /гучин сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 60000 сая төгрөгийн үнэ бүхий “Тоёота королла” маркийн 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 700 м2 газрын түүнд оногдох хэсгээс хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины шил арчигчны резин 1 ширхэг, Тоёотой компани никел лого 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс 06-69 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 700 м2 газраас түүнд оногдох хэсгийг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагааг зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР