Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

 

2022         06             24                                         2022/ДШМ/47

 

 

..........д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн,

            Яллагдагчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 601 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор яллагдагч ..........д холбогдох 2034004040376 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

 

Яллагдагч .......... нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Шивэртэй” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэж, энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэж байгаль орчинд 29450729 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх:  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..........д холбогдох эрүүгийн 2034004040376 дугаартай, 2 хавтас хэргийг прокурорт буцааж,

 

Хэрэг Прокурорын газар очтол яллагдагч ..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ..........гийн өмчлөлийн 2096 УНК улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгсэл, .......... ОРО улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

Анхан шатны шүүхээс яллагдагч ..........д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ “Яллагдагч ..........д холбогдох хэргийг тус шүүх 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянаж "Шинэс ой" ХХК-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй боловч .............гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйлд зааснаар зүйлчилж анхан шатны шүүхэд ирүүлээгүй нь буруу байна гэж дүгнэсэн байтал хяналтын прокурор 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж "Шинэс ой" ХХК-нд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар зүйчилж ирүүлээгүй орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

            Мөн яллагдагч .......... нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 29 450 729 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирол төлөгдсөн, 60 ширхэг зулзаган нарс модыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүлээлгэж өгсөн гэж дурдсан нь ойлгомжгүй. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ гэдэгт гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэх явцдаа хууль бусаар олж авсан эд юмс, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг ойлгоно. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг үнэ төлбөргүйгээр улсын орлого болгох хуулийн зохицуулалт шүүхийн практикт байхад хяналтын прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал оруулж ирэхдээ хохирлын асуудлыг шийдвэрлээгүй нь буруу” гэж дүгнэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдолдоо: ..... Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн 2022/ШЗ/601 дугаартай "хэргийг прокурорт буцаах тухай" захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гардаж авч тус захирамжийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Төв аймгийн прокурорын газраас яллагдагч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгч Т.Батжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул "хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гараагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралд гаргасан саналдаа: Шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хохирлын хувьд оронд нь мод тарьж ургуулж, байгаль экологийг хохиролгүй болгосон гэв.

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч ..........д холбогдох 2034004040376 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ яллагдагчийн өмгөөлөгч А.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

 

Яллагдагч .......... нь  2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Шивэртэй” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэж байгаль орчинд 29,450,729 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Прокуророос ..........д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 601 дугаартай шүүгчийн захирамжаар “прокурор 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж "Шинэс ой" ХХК-нд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар зүйлчилж ирүүлээгүй орхигдуулсан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

 

Мөн яллагдагч .......... нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 29 450 729 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирол төлөгдсөн, 60 ширхэг зулзаган нарс модыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүлээлгэж өгсөн гэж дурдсан нь ойлгомжгүй. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг үнэ төлбөргүйгээр улсын орлого болгох хуулийн зохицуулалт шүүхийн практиктай байхад хяналтын прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал оруулж ирэхдээ хохирлын асуудлыг шийдвэрлээгүй нь буруу гэж” үзэн хэргийг прокурорт буцаажээ.

 

Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шинэс ой” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй боловч мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд ..........гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтаар зүйлчилж ирүүлээгүй буюу хэргийн зүйлчлэл тохироогүй гэсэн үндэслэлээр ..........д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорын  2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор ..........д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /2хх-н 35-36/

Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын шатанд “Шинэс ой” ХХК-ийг эрүүгийн хариуцлагад татаагүй, тус хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ..........д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана” гэснийг зөрчсөн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлолгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1116 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн 2034004040376 дугаартай хэрэгт шинжээчээр Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийг томилж, Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Шивэртэй” гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Шинэс ой” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр 60 ширхэг нарс мод бэлтгэсний улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргаж ирүүлэхийг даалгажээ.

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №1/88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 60 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 12,905,737 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг 38,717,211 төгрөг гэж тогтоосон байна. /1хх-н 159/

 

2022 оны 3 дугаар сарны 21-ний өдрийн 121 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч ..........г байгаль орчинд 29,450,729 төгрөгийн хохирол учруулсан гэж тусгаснаас үзэхэд гэмт хэргийн хохирлын хэмжээ зөрүүтэй буюу 29,450,729 төгрөг үү эсхүл 38,717,211 төгрөг үү гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнай нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгт “уг мод байсан газарт дахин мод суулгаж ургуулсан тохиолдолд экологи эдийн засагт учирсан хохирол барагдсан гэж үзэж болох уу” гэсэн асуултад “Тийм зүйл байхгүй. Тэгж үзэж болохгүй” /2хх-н 55/,  2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт “..........гийн бэлтгэсэн модноос 70 хувь нь ургасан байна. Энэ тохиолдолд хохирлын 70 хувь төлөгдсөн гэж үзэж болох уу” гэсэн асуултад “Тухайн хүн Төв аймгийн Борнуур суманд бас мод тарьсан гэсэн. Дээрх моднууд ургаж байгаа гэсэн. Тэгэхдээ хохирол төлөгдсөн гэж үзэх эсэхийг би сайн мэдэхгүй байна. Хууль шүүхийн байгууллага тогтоох байх” /2хх-н 71/ гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ хохирлын асуудлыг шийдвэрлээгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн 2022/ШЗ/601 дугаартай "хэргийг прокурорт буцаах тухай" эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Төв аймгийн прокурорын газраас яллагдагч ..........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгч Т.Батжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул "хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д талуудын гаргасан хүсэлт гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна.

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/566 дугаар захирамжаар ..........д холбогдох эрүүгийн хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тогтоосон.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/575, 2022 оны 5 сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/586 дугаартай захирамжаар тус тус шүүх хуралдаан хойшлогдсон байна.  

 

Шүүх хуралдааны товыг яллагдагч түүний өмгөөлөгч нарт мэдэгдэж, танилцуулсан тухай баримт үйлдсэн байна. /2хх-н 90, 95,100/

 

Шүүх хуралдаан хойшлуулсан үндэслэл хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл байдал болж байна гэж үзэн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/600 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулсан байх тул “шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрсөн” гэх яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 601 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж яллагдагчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                             Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ