Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 220

 

 

 

                       

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дархад овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дархад овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 1721001440124 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 сарын 11-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Жуковын 3-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* дархад овогт ******* ******* /******* регистрийн дугаартай/

Монгол Улсын иргэн, 1965 оны 2 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Моносийн 2-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* дархад овогт ******* ******* / регистрийн дугаартай/

Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутгаас 28.5 кг байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, “Стана” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын “Баянхошуу” хилийн боомтоор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн FAW маркийн JO9531 улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 28.5 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгээгүй учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 22-ны өдөр 10 цаг 30 минутын үед Баянхошуу боомтын чиглэл, хилийн хяналт шалгалтын талбайд үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч дотуур холбоогоор улсын хилээр гарах чиглэлд БНХАУ-ын FAW маркийн JO9531 улсын дугаартай ачааны авто машины тэвшин дээрх гялгар уутыг шалгаж үзэхэд ногоон шуудайтай өвсний ургамал гарч ирлээ. Тухайн тээврийн хэрэгслийг овогтой ******* гэх монгол жолооч жолоодож явна гэж хэлэхээр нь очоод газар дээр нь үзэхэд ******* гэх иргэн нь JO9531 улсын дугаартай авто машин дээр үндэс тээвэрлэн хилийн шалган нэвтрүүлэхээр хил нэвтрүүлж байсан нь тогтоогдсон. ...Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 0104-р салбарын баталгаат ОХУ-д үйлдвэрлэсэн 2016 онд баталгаажуулсан төмөр жингээр хиллэж үзэхэд 28.5 кг хагас чийгтэй дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байсан. ...Тухайн жолоочоос энэ хэний үндэс вэ гэж асуухад жолооч ******* нь хэлэхдээ ******* гэх миний ах дүүгийн холбоотой хүний үндэс юм. Намайг хил гарах гээд явж байхад дүү ******* таараад миний машин дээр ачсан юм аа гэж хэлсэн. ...Би тухайн авто машиныг 2017 оны 8 сарын 22-ны өдрөөс 2017 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл Баянхошуу боомтын хяналт шалгалтын талбайд саатуулаад тухайн JLHY хо яан /хос гүүр/ гэх компаний хятад жолоочид хүлээлгэн өгөөд явуулсан. ...Би 7 хоног саатуулсан бөгөөд удаан хугацаагаар саатуулбал компаний хэвийн үйл ажиллагаа алдагдах байх гээд явуулчихсан юм. Бага зэрэг хуулийн мэдлэг дутуу байснаас болж тухайн авто машиныг явуулчихсан юм. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг явуулж болохгүй гэдгийг нь мэдэж байсан бол явуулахааргүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/

Гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 22-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд тээврийн хэрэгсэл шалгах манааны үүрэг авч Баянхошуу боомтын хяналт шалгалтын бүсэд үүрэг гүйцэтгэж байх үед улаан өнгийн толгойтой, цагаан өнгийн тэвштэй шалаанз маркийн JO9531 гэсэн хятад дугаартай цемент зөөдөг авто машин орж ирсэн. Тухайн өдөр автомашинд үзлэг хийж байсан болохоор тэвшин дээр нь цемент хучдаг гялгар уут байхаар нь дээр нь гараад гишгээд үзэхэд хөлд юм мэдрэгдэхээр нь энэ юу вэ гээд жолоочоос нь асуухад үндэс байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь гаргаад ирээ гэхэд жолооч нь тухайн үндсийг гаргаж ирэхэд ногоон өнгийн тампуутай, амсрыг нь боосон зүйл байхаар нь хилийн цэргийн бусад ажилтнаа дуудаад авто машинтай нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 13 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь түүж бэлтгэх, хадгалах, тээвэрлэх явцад жингээ 50%-иас 85% алддаг. 4. БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.00 мянган төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 28.5 кг үндэс нь 1425000х5=7125000 /долоон сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна” /хх-ийн 83-84/ гэжээ.

-Хилийн зөрчлийг шалгасан тухай акт, хилийн зөрчлийн бүртгэл /хх-ийн 11-12, 13-14, 15/

-Хилийн 0198 дугаар ангийн Зөрчлийн материал, хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 10-20, 21-37/

-Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51-54/

-Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90, 94-95/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нарыг  гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутгаас 28.5 килограмм байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, “Стана” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын “Баянхошуу” хилийн боомтоор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн FAW маркийн JO9531 улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 28.5 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 8 сарын 15-ны өдөр Халхгол сумаас өөрийн эзэмшлийн “Истана” маркийн ДОР улсын дугаартай авто машинтай эхнэр , 5-6 насны хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг аймгийн төвөөс урагш 22 км зайтай газарт буюу 20-н толгойн урд доор 20 цагийн орчимд явж байхад цэнхэр өнгийн мотоцикльтой эрэгтэй хүн зам дээр зогсож байсан. Тэр хүн надаас бензин байвал өгөөч гэж гуйхаар нь би миний машин бинзенээр явдаггүй гэхэд тэгвэл ахаа энэ өвсний үндсийг авчихаач гээд ногоон өнгийн шуудайтай өвсний үндсийг гаргаж ирэхээр нь “Би 50000 төгрөгөөр авья” гэхэд тэр зөвшөөрсөн. Ингээд тэр өвсний үндсийг худалдаж авчихаад машиндаа хийгээд хөдөлсөн. Манай эхнэр энэ талаар эхлээд мэдээгүй сүүлд мэдсэн. Машин дотроо өвсөө хадгалж байгаад 2017 оны 8 сарын 20-ны өдөр Халхгол сум орж 2017 оны 8 сарын 22-ны өдрийн өглөө эрт Хайлаар гарахаар явж байгаад Баянхошууны наана багийн урд дээр ******* ахтай таарсан. ******* ах том машинтайгаа явж байсан. Тэгээд би ******* ахад таны машиныг үзэхгүй байх, миний машиныг шалгах байх та тэвшин дээрээ тавиад хил гарчих гэж гуйгаад нөгөө өвсөө тэвшин дээр нь хучлаганых нь доор нуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...******* нь надад би жоохон үндэс аваад явж байгаа юм та үүнийг аваад хилээр урагшаа Хятад руу гаргачих уу гэхээр нь харахад жижиг шуудайтай бага зэргийн өвс байхаар нь тоогоогүй өөрийн машины тэвшин дээр байх гялгар хучлаганы доор нуугаад хил рүү орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/, түүнийг давхар нотолсон гэрч , Э., нарын мэдүүлгүүд, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 13 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг ховор ургамал гэдгийг мэдсээр байж зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсний улмаас байгаль экологид 1425000 /нэг сая дөрвөн зуун хорин  таван мянга/ төгрөгийн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг хууль, Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарласан бараа гэдгийг мэдсээр байж Монгол улсын хилээр хууль бусаар санаатай нэвтрүүлсэн тус тус гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон гэрч , Э., Д. нарын мэдүүлгүүд, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 13 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээврэлэсэн, шүүгдэгч ******* нь хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тус тус нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч *******ид тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.*******ын орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 460000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 10.6 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 3-ны өдрийн  5/43 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай, шүүгдэгч Б.*******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.*******ын эзэмшлээс хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* дархад овогт ******* *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамалын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч ******* дархад овогт ******* *******ыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 460 /дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******ийг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******ид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 460000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч *******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.*******ын эзэмшлээс хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 10.6 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж улсын орлого болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлээс ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 3-ны өдрийн  5/43 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай, шүүгдэгч Б.*******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР