Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00623

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний  хэргийн  тухай 

Нийслэлийн  Иргэний  хэргийн  давж  заалдах  шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж,  шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо  нарын  бүрэлдэхүүнтэй  тус  шүүхийн  танхимд  хийсэн  давж  заалдах  шатны  иргэний  хэргийн  шүүх  хуралдаанаар

Баянзүрх  дүүргийн  Иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн 2020  оны  01  дүгээр  сарын  03-ны  өдрийн  101/ШШ2020/00111  дугаар  шийдвэртэй нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн хариуцагч “Сгт” ХХК, Б.С нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 950 904 691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Сгт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж  заалдах  журмаар  гаргасан  гомдлыг  үндэслэн,  шүүгч  Ц.Ичинхорлоогийн  илтгэснээр  хянан  хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, Б.Мөнхзул, хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Цэгц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, Б.Мөнгөнзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сгт” ХХК нь тус банктай 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дугаар 1050016421 зээлийн гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дугаар ЗГ1790002864 зээлийн гэрээ байгуулж 250 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Нийт зээлийн хэмжээ 750 000 000 төгрөг болсон. Зээлийн барьцаанд Ү-2204013228 улсын дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 110 м.кв талбайтай амины орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 59/2 тоот хаягт байршилтай 280мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сгт” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 59/3 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 408 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 669 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. “Сгт” ХХК-ийн хүсэлтийг харгалзан талуудын хооронд байгуулсан 1050016421 болон ЗГ17900002864 зээлийн гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулж ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээгээр дугаар 1050016421 гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 314 792 585 төгрөг, дугаар ЗГ17900002864 гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 246 358 526 төгрөг, нийт 561 151 111 төгрөгийг зээлийн үлдэгдлийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 25-ны дотор сар бүр эргэн төлөх төлбөрийн нөхцөлийг талууд харилцан тохирч зээлийн дансны дугаар 1010026559 болж өөрчлөгдсөн. Зээлдэгч “Сгт” ХХК нь талуудын хооронд шинэчлэн байгуулсан дугаар ЗГ1010026559 зээлийн гэрээний гол нөхцөл болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасан үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 840 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн. Ийнхүү хугацаа хэтрүүлснээр Төв банкаас арилжааны банкиудад мөрдөгддөг Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу 360 хоногоос дээш хоног хугацаа хэтэрсэн актив буюу банкнаас бусдад олгосон нэгж зээлийн үлдэгдэл 561 151 111 төгрөгөөр эрсдэлийн сан байгуулагдаж ХБны актив энэхүү хэмжээгээр буураад байна. Банкны зүгээс “Сгт” ХХК-д шинэчлэн байгуулсан ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээний хавсралт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу төлөхийг удаа бараа шаардсан ч “Сгт” ХХК-ийн зүгээс тухай бүр зээлийг төлж барагдуулах утга бүхий албан бичгээр хариу ирүүлсэн байсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 114/015 албан бичигтээ зээлийг төлөх, хэвийн ангилалд эргүүлэн шилжүүлэхэд анхаарч 2019 оны 02 дугаар сарын борлуулалтаас 30 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сараас эхлэн сар бүр 5 000 000 төгрөг төлөх, цаашид үргэлжлүүлэн тодорхой арга хэмжээнүүдийг авч гэрээний зөрчлийг арилгахаа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой төлбөр төлөөгүй байна. Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар өмнө байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1050016421 дугаартай 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1790002864 дугаартай 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон. “Сгт” ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх 2 гэрээний үүргийг дуусгавар болгож, шинэчилсэн гэрээ байгуулж, 365 хоногт 21.6 хувийн хүүтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 25-ны дотор сар бүр эргэн төлөх төлбөрийн нөхцөлийг тохирсон байтал гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан дугаар ЗГ1010026559 зээлийн гэрээг тус тус үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 561 151 111 төгрөг, хуримтлагдсан хүү 307 751 746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 761 644 төгрөг, нийт 880 664 500 төгрөгийг “Сгт” ХХК-иас гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагаа 2019.04.04-ний өдрөөс 2019.10.15-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож зээлийн хүү 64 423 222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 816 969 төгрөг, нийт 70 240 191 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 2019.10.15-ны өдрийн байдлаар 950 904 691 төгрөг болгосон. Б.С нь зээлийн болон батлан даалтын гэрээнд бүх үүргийг хариуцан оролцохоор оролцсон тул түүнийг хамтран хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018.06.20-ны өдөр Б.Бурмаа, Б.С нарын хаяг тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаагаар тооцож, гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан 2016.01.06-ны өдрийн шинэчилсэн гэрээнд нэмэлт нөхцөл гэж зааж өгсөн. Зээлийг харилцах дансанд гүйлгээ хийж олгодог бөгөөд энэ үүргээ “ХБ” ХХК биелүүлсэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2016.03.15-ны өдрөөс 2017.03.16-ны өдөр хүртэлх хугацаанд хүүд 82 440 452 төгрөгийн төлөлт хийгдсэн. Иймд талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 950 904 691 төгрөгийг хариуцагч “Сгт” ХХК, Б.С нараас гаргуулж, сайн дураараа дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Сгт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сгт” ХХК нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд сүүлийн жилүүдэд бидэнд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, өөрөөр хэлбэл үйлдвэрийн байр ашиглалтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн байрыг хаасны улмаас компанийн үйл ажиллагаа доголдож улмаар гэрээний үүрэг зөрчигдөх болсон. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан зээл, хүүгийн төлбөрийг барагдуулах зорилгоор тодорхой саналыг “ХБ” ХХК-д гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь талуудын хоорондох 500 000 000 төгрөг, 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул 2016.01.06-ны өдөр байгуулагдсан 561 151 111 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Зээлдүүлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үүргээ биелүүлээгүй мөртлөө дээрх хугацаанаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. “Сгт” ХХК нь энэ 3 дахь гэрээгээр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Харин ч зээлээ төлж чадахгүй байсан зүйл байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр тодорхой дурдсан байдаг. Өмнөх 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 314 792 584.60 төгрөг, 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 246 358 526.40 төгрөг, эдгээрийн гэрээний мөнгөн дүнгийн нийлбэр нь 561 151 111 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Дээрх 2 гэрээний хугацаа дуусаагүй байсан ба уг гэрээгээр мөнгө төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа учир гэрээний үлдэгдэл болох 561 151 111 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох олгосон зориулалтын дагуу зээлийг зарцуулсан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 82 440 452 төгрөг төлсөн гэнэ, бид хүү ч юм уу, үндсэн зээл ч төлсөн гэдэг нь тодорхойгүй байдаг. Үүнийг бид юунд төлөөд байгаагаа мэдэхгүй байгаа юм. 3 дахь гэрээнээс өмнөх 2 зээлийн гэрээнд мөнгө төлөөд яваад байгаа юм. Өмнөх 2 гэрээгээ хэрхсэн болох нь тодорхойгүй болчихоод байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тодорхой заачихсан. Үүрэг шаардаад байгаа гэрээний 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно гэжээ. Гэтэл “ХБ” ХХК нь мэргэжлийн байгууллага мөртлөө хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй. 2014.03.27-ны өдрийн №1050016421 гэрээний 1-р зүйлд зээлдэгчид 500.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай олгоно, ингэхдээ жилийн суурь хүү дээр нэмэх нь 21,6 хувийн хувьсах хүүтэй байна. Мөрдөх жилийн буюу суурь хүүгийн хугацаанд мөрдөх зээлийн хүүгийн хувь хэмжээ 21,6 хувь гээд заагаад өгсөн боловч 1.3-т зээлдэгчид мэдэгдэх асуудал байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-т зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл дээрх 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хүүгээ яаж мэдэгдсэн болох нь тодорхойгүйгээс хэдэн хувийн хүү төлөх талаар мэдэхгүй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд банк 3 дахь гэрээг байгуулахгүйгээр 3-4 жилийн өмнө гэрээгээ цуцалсан бол зээлдэгчийн эрх зүйн байдал арай дээрдэх байсан. Зээлдэгчийн тухайд бүхий л эд хөрөнгөө эдгээр зээлийн гэрээний дагуу барьцаалсан учраас өөр зээл авах санхүүгийн чадамжгүй болчихсон. Иймд 2016.01.06-ны өдөр байгуулагдсан 561 151 111 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хөрөнгө хүлээж аваагүй учир уг гэрээний дагуу үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх 2 зээлийн гэрээний үлдэгдэл болох 561 151 111 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж оролцсон этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг харилцаанд өөрийн хөрөнгөө барьцаалсан юм. Хуульд заасны дагуу зээл олгосны үндсэн дээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх нь банкинд үүснэ. “ХБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ нь өмнөх 2 зээлийн гэрээний үлдэгдэл дээр байгуулагдсан гэж тайлбарлаж байх бөгөөд зээлийн гэрээний дагуу 561 151 111 төгрөг олгоогүй тул уг гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шаардах эрх бий болохгүй юм. “ХБ” ХХК болон “Сгт” ХХК-ийн хооронд 3 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний агуулга нь хуулиар зохицуулсан заалтыг илэрхий зөрчсөн, зээлдүүлэгчид шаардах эрх бий болохгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний 1.1-т банк нь зээлдэгчид холимог зээлийн зориулалтаар зээл олгоно гэжээ. Гэтэл мөнгөн хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэхийг шаардахаар байна, гэтэл уг мөнгөн хөрөнгө нь бодитоор “Сгт” ХХК-д олгоогүй байгаагаас үзэхэд талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2.3-т зааснаар өмнөх үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу хүүгийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж тайлбарлаад байна. Банк мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй байж шилжүүлсэн мэтээр нэхэмжлэх боломжгүй. Тэгээд ч дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт ХБ, “Сгт” ХХК, Н.Дашхүү гээд өөр өөр талууд оролцсон байдаг. Б.Сын тухайд 2014 онд батлан даалтын гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийг хариуцах ёстой, гэтэл 2016 оны гэрээний дагуу банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн үүргийг Б.Саас шаардаж буй нь үндэслэлгүй байна. Уг гэрээний дагуу банк хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулаагүй тул тэрээр шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар гарсан зардлаа шаардах эрхтэй байж болох юм гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-т тус тус зааснаар хариуцагч “Сгт” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 561 151 111 төгрөг, хүүд 307 751 746 төгрөг, нийт 868 902 857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 82 001 834 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Ст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Сгт” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №БИ1010026559-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ, №БГ1010026559-01 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан, Б.Сын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013228 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Сын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011240 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай амины орон сууц, ”Сгт” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010616 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 59/2 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ”Сгт” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 59/3 тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн барилга зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, Б.Сын эзэмших эрх бүхий, №0378985 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 133016/0106, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, ”Сгт” ХХК-ийн эзэмших эрх бүхий, №000318846 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 133017/0118 /18647311960685/ дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Сгт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 572 664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 140 624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн  байна.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Д.Батцэнгэл давж  заалдах  журмаар  гаргасан  гомдолдоо:  ...Нэхэмжлэгч талаас 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлөх үүрэг бүхий үндсэн зээл, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, нийт 880 664 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах гэж тодорхойлсон. Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлдээ “хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр тооцож нэмэгдүүлсэн нэхэмжлэх болно” гэж тусгаж, түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 70 240 191 төгрөгөөр нэмэгдүүлснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхээ эдэлсэн болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээний талууд гэрээг цуцлах эрхтэй, тус эрхийнхээ дагуу 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас гэрээг цуцалж буйгаа илэрхийлсэн байхад шатны шүүхээс нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцлагдсан, байсан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч талаас зээлийн гэрээг цуцлахаас өмнө Анхан шатны шүүхээс гэрээг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар цуцалсан гэж үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тусгагдсан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх үндсэн хүү хасч шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.1 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү гэдэгт зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг ойлгохоор байна. Дээрх зохицуулалтуудаас дүгнэж үзвэл нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх талаар болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхойлох бөгөөд гэрээнд заасан хувь; хэмжээгээр зээлдүүлэгч буюу банк нь зээлдэгчээс шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага гэж хуульд тусгагдаагүй агуулгаар тайлбарлан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байх тул зээлдэгч “Сгт” ХХК-ийн зээд ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй гэж хуулийн ямар заалтыг үндэслэж буй нь тодорхойгүй байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх зохигч буюу хамтран хариуцагч Б.Ст холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн зохицуулалтыг огт хэрэглэлгүйгээр мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуульд батлан даалтын харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгчээс шаардаад амжилтад хүрээгүй бол батлан даагчаас шаардах боломжтой гэсэн зохицуулалт байхгүй байхад “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран зээлийг хариуцах үүрэг хүлээгээгүй тохиолдолд гагцхүү хариуцагч буюу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл төлбөрийн чадваргүй нь илэрхий болсон нөхцөлд батлан даагч хариуцлага хүлээхээр байна” гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.С нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан Барьцааны болон Баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагч тал буюу нийт 6 барьцаа хөрөнгийн 3 хөрөнгийн өмчлөгч нь болно. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдэхдээ хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол нэг бүрчлэн дурдагдсан нийт 6 барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлага дахь барьцаалуулагч болох хариуцагч Б.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 82 001 834 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Сгт” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Б.Гантөмөр давж  заалдах  журмаар  гаргасан  гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан 1050016421, 1790002864 тоот зээлийн гэрээний үүргийг нэгтгэх, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах, 561 151 111 төгрөгийг холимог зориулалтаар зээлдүүлэх талаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗП0Ю026559 тоот зээлийн гэрээгээр тохирч, гэрээний нэмэлт нөхцөл тохиролцсон гэж үзээд хариуцагч “Сгт” ХХК-иас 868 902 857 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба ингэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1,458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ. Хариуцагчийн хувьд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс 561 151 111 төгрөгийн зээлийг аваагүй, өөрөөр хэлбэл уг өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Зээлдүулэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан ундэслэл, 'журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэхээр”, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” 26 дугаар зүйлд “зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нъ өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй" гэж тус тус зохицуулсан байна. Хариуцагчийн хувьд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс 561 161 111 төгрөгийн зээлийг аваагүй, өөрөөр хэлбэл уг өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөдгөлөмж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлдүүлэгч зээлийг зээлдэгчид бодитоор олгоогүй буюу зээлдэгчийн зээлийн дансанд зээл олгогдоогүй бөгөөд ХБны зүгээс зээлийн дансыг зохиомлоор үүсгэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж хариуцагч “Сгт” ХХК-иас гаргуулах төлберийн хэмжээг 561 151 111 гөгрөг болгож, хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК хариуцагч “Сгт” ХХК, Б.С нарт холбогдуулан үндсэн зээл 561 151 111 төгрөг, хүү 372 174 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 578 613 төгрөг нийт 950 904 691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаас хариуцагч 561 151 111 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /1хх.1-4, 75/

Нэхэмжлэгч “ХБ” ХХК, хариуцагч “Сгт” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Дашхүү нар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 500 000 000 төгрөгийг, жилийн суурь хүү дээр 5.1 хувийг нэмсэнтэй тэнцүү 21.6 хувийн хувьсах хүүтэйгээр, 36 сарын хугацаатай,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 250 000 000 төгрөгийг, жилийн хүү 21.6 хувийн тогтмол хүүтэй, 10 сарын хугацаатай гэрээг тус тус байгуулсан байна. /хх.10-12, 27-29/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нь дээрх хоёр гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй.

Мөн “ХБ” ХХК болон “Сгт” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Дашхүү нар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дээрх 1050016421, 1790002864 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг нэгтгэн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж, 561 151 111 төгрөгийг, холимог зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч ЗГ1010026559 тоот зээлийн гэрээний нэмэлт нөхцөл тохиролцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд талууд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хоёр зээлийн гэрээний үүргийг нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй, зээлдүүлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны №1010026559 гэрээний дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлдүүлэгч талаас зээлдэгчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй байна. Иймд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, зээлийн гэрээний 5.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулсан нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан хуулийн шаардлагад нийцжээ.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Сгт” ХХК-иас төлсөн 82 440 452 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ1010026559 тоот зээлийн гэрээний үүргээс хасч тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 561 151 111 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүртэлх хугацааны ашигласан хугацааны хүүд 307 751 746 төгрөг, нийт 868 902 857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 82 001 834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээдэг. Хуульд зааснаар хариуцагч буюу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл төлбөрийн чадваргүй нь илэрхий болсон нөхцөлд батлан даагч хариуцлага хүлээхээр байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас Б.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Сгт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Сгт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 638 159 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 696 710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                            С.ЭНХТӨР

 

                                                                                        Ц.ИЧИНХОРЛОО