Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 135

 

П.О-т холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар магадлалтай, П.О-т холбогдох 1831002990228 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.О- болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт П-н О-.

П.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Алтанбулаг сумын “32 нугачаа, 96 тархи” хэмээх газраас 3,01 м.куб мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн *** СЭҮ дугаартай “Киа Бонго Жи-2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.О-ыг “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ыг 450 нэгжээр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.О-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хавтаст хэргийн 15, 21 дүгээр хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 3 метрийн урттай, 17 ширхэг түлээний хуурай нарс, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** СЭҮ дугаартай, цэнхэр өнгийн хуучин “Киа Бонго Жи 2” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ 100,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.О- болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл нь холбогдсон гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж буюу санаатай үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь ...зөвшөөрөлгүйгээр...мод бэлтгэсэн байхыг шаарддаг ба энэ хэрэгт холбогдсон П.О-ын хувьд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мод бэлтгэхдээ Хаан банканд мод бэлтгэх төлбөрийг тушаасан байсан учраас болно гэж ойлгож ургах чадвараа алдсан хэрэглээний хуурай мод бэлтгэсэн.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт ...Иргэн...ашиглалтын бүсийн ойгоос мод, дагалт баялгийг зохих төлбөр хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй... гэж нарийвчлан тусгаж өгсөн ба энэ хуулийн дагуу П.О-ын хувьд зохих хураамжийг төлсөн байсан. /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/ Тийм учраас ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхтэй байна. Иргэд мод бэлтгэхдээ эрүүгийн хууль харахаас илүүтэйгээр ойн тухай хуулийг судлах нь илүүтэй бөгөөд Д.О-ын үйлдэл нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

2. П.О-ын бэлтгэсэн гэх модонд үнэлгээ тогтоохдоо “Байгаль экологид учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр ...П.О-ын бэлтгэсэн мод нь ургах чадвараа алдсан мод... гэдэг нь тогтоогдсон. Гэтэл ургах чадвараа алдсан модыг ургах чадвартай модны үнэлгээгээр тогтоосон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл ойд цэвэрлэгээний журмаар мод бэлтгэсэн нь гэмт хэргийн шинж мөн үү эсвэл зөрчлийн шинжтэй үйлдэл үү гэдгийг ялгаж шүүх рүү шилжүүлээгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж П.О-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ П.О-ын үйлдлийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзвэл түүний ойд учруулсан хохирол байхгүй мөн хохирлыг төлсөн байдал, хэргийг үйлдэхдээ шууд санаатайгаар үйлдээгүй, хуулийн төөрөгдөлд орсон, амьдралынх нь баталгаа болсон тээврийн хэрэгслийг хураахгүйгээр буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “П.О-т холбогдох хэргийн нотлогдвол зохих нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан зүйл хэрэгт өөр байдлаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл П.О-ын үйлдэл нь Ойн тухай хуульд зааснаар ойгоос мод бэлтгэхдээ зохих зөвшөөрлөө авч, хураамж төлж, модоо бэлтгэх ёстой. Гэтэл урвуу байдлаар мод бэлтгэсны дараа зөвшөөрөл авч, хураамж төлсөн байдаг. П.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 450 нэгжээр торгох ял оногдуулсан. Гэтэл хуульд заасан нэр томьёололд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж тусгагдсан байгаа. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.О- болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн П.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

П.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Алтанбулаг сумын “32 нугачаа, 96 тархи” хэмээх газраас 3,01 м.куб мод бэлтгэн, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл журамд нийцсэн дүгнэлт хийж, торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэхийг “450 нэгжээр торгох ял шийтгэсүгэй” гэж бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, ойлгомжтой байх шаардлагад нийцэхгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шүүхүүд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “гэмт хэргийн шинжийг агуулаагүй” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.О- болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН