Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
Хэргийн индекс | 168/2017/00221/Э |
Дугаар | 225 |
Огноо | 2017-12-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721002090132 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1978 оны 5 сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 3-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1993 оны 6 сарын 05-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Шүүхийн 1995 оны 12 сарын 12-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 4 сарын 01-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 сарын 25-ны өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 1, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 сарын 07-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 сарын 12-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 8 сарын 31-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 сарын 08-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, /РД:*******/ ******* овогт ******* *******
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 3-05 тоотод ******* зодож “баруун дух, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацарт өнгөц язарсан шарх, бугалга шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. 2017 оны 9 сарын 29-ний өдрийн орой 21 цаг өнгөрөөж нь манай гэрийн гадаа ирж хаалга балбасан. Өмнөх шөнө нь буюу 2017.09.28-ны өдрийн шөнө мөн ирж хаалга балбаад байсан. Ингээд би хаалга тавихгүй байсан чинь өшиглөөд эвдэх гээд байхаар нь би сандраад хаалгаа онгойлгож “Чи яах гээд байгаа юм бэ” гэхэд би дахиж гомдоохгүй, оръё л доо гэхээр нь би оруулахгүй гээд маргалдсан. Тэгээд орж ирэхээр нь хадлангийн асуудлаас болж маргаан үүссэн. Тэгэхээр нь би гар гээд түлхсэн чинь намайг багалзуурдаад орон дээр дарж унагаад хоолойны төвөнх дээр дараад мөн үсдээд төмөр сандлаар балбаад үснээс чирээд гал тогооны өрөө рүү ална гээд чирсэн. Тэгээд шургуулга онгойлгох үед нь би зээ охиноо аваад гараад зугтсан. ...Миний нүүр хэсэг болох шанаан дээр хазаж зулгаасны улмаас мах нь ярагдаад их хэмжээний цус гарсан. Мөн зүүн гарын шуун дээр хазаж толгойн тус газар төмөр сандлаар цохисон болохоор толгой маш их хавдсан байсан. ... нь надаас уучлалт гуйж өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул одоо надад гомдол санал байхгүй. Надад эмчилгээний зардалд учирсан 600000 төгрөгийг төлж барагдуулсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 578 тоот дүгнэлтэд: “1. *******ийн биед баруун дух, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацарт өнгөц язарсан шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 17/ гэжээ.
-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 3-05 тоотод хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож “баруун дух, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун хацарт өнгөц язарсан шарх, бугалга шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “... орилж хашгираад загнаад элдвээр хэлээд байхаар нь миний уур хүрээд хэрэлдэж байгаад заамдаж бариад баруун хацар дээр нь хазаад түлхээд унагаасан чинь цагдаа дуудна гээд гараад зугтаачихаар нь би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******ыг гар гээд түлхсэн чинь намайг багалзуурдаад орон дээр дарж унагаад хоолойны төвөнх дээр дарж үсдээд төмөр сандлаар балбаад үснээс чирээд гал тогооны өрөө рүү ална гээд чирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 578 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын санаатай үйлдлээр хохирогчийг заамдаж, түлхэж унагаж, нүүрэн тус газар нь цохиж хазсан үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 578 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид эмчилгээний зардалд 600000 төгрөг өгсөн/ тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид эмчилгээний зардалд 600000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР