Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

 

  2022         06            24                                         2022/ДШМ/49

 

 

..........д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ..........

            Шүүгдэгч ..........

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Д.Даваа

            Нарийн бичгийн дарга Д.Уранчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Д.Даваа, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдсан гомдлуудаар ..........д холбогдох эрүүгийн 1934000000356 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

.......... нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.Ууганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр санаатай дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..........д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих  ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 692 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2279 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........т 14.358.545 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгад 99000 төгрөг төлснийг, шийтгэх тогтоолоор шүүгдэгч ..........аас гаргуулах хохирол төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .......... нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг болох 4.087.651 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, ..........д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор

шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Д.Даваа гаргасан давж заалдах гомдолдоо: ..........ыг 1. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд тооцсон, 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэсэн заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

..........д холбогдох хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд өмгөөлөгч миний бие 6 удаа шүүх хуралд оролцож ..........ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироогоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутай гэж мэтгэлцэн оролцож байсан. Өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 удаа 8 жилийн хорих ял өгч, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож байсан. Харин 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, бусдад төлөх төлбөрийг бүрэн барагдуулсан байхад хорих ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлж түүнд 10 жил хорих ял оногдууллаа.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ..........ыг хүний амьд явах эрхэд хохирол учруулсан үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэх.

Хүнийг алах, болгоомжгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн нөхцөлүүд хэрэгт тогтоогдсон гэж дүгнэжээ.

Харин шүүгдэгчийн хувьд өөрийгөө жолоодох чадвартай байсан эсэх, бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн санаа зорилго байсан эсэх нь тодорхойгүй. ..........ы яллагдагчаар өгсөн “...эндээс зайлъя гэж бодоод хөдөлсөн...,  ...нарийн мэдэж байгаа зүйл алга.  Хүн дайрсан болон өөр хүн шүргэснээ санахгүй байна..., би эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна гэж. Шүүх хуралдаан дээр ч хүний амь насыг хохироосондоо харамсаж байгаагаа байнга илэрхийлдэг. Шийтгэх тогтоолд шүүгдэгч гэм буруутай үйлдэлдээ маргадаг тул улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулах дүгнэлтээс буюу ялаас доош татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

Урьд нь өмнө нь ялыг хөнгөрүүлэх ямар боломж, үндэслэл байгаад 10 жилийн ялыг доош татаж оногдуулах, прокурор шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байсан юм бол ойлгомжгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд өгсөн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгг гэрчүүдийн мэдүүлэг зэргийг сайтар харьцуулан тунгааж, шүүгдэгч нь хүнийг алах шууд санаа зорилго байсан эсэхэд анхаарна уу.

 

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ..........ы холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд, талуудын мэтгэлцээнд дүгнэлт өгөөгүй гэж магадлалд дурьдсан боловч анхан шатны шүүх энэ асуудалд ач холбогдол өгч анхаарч үзсэнгүй, харин ч ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлж шийдвэрлэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэх, хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлсэн нь зөв эсэхийг хуульд нийцүүлэн тунгаан шийдвэрлэж өгөхийг хүсэж, анхан шатны шийтгэх тогтоолыг зөвтгөж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: Нэг: Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан шүүх дүгнэлт:

 

1. Шүүгдэгч .......... түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын “санаатай хүн алаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ослын улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлт хийж дор дурьдсан гэрчүүдийн мэдүүлгийг хүний амины хэргийг санаатай үйлдсэнийг нь нотолсон нотолгоо болгож бичсэн зүйлүүдийг нь зөвшөөрөх боломжгүй учир тэдгээр нь миний бичиж байгаа нотолгоонуудаар няцаагдана. Үүнд.

 

Гэрч .......... нь хэрэг учрал болсон талаар өгсөн мэдүүлгийг нотлох баримт болгосон нь .......... хохирогчийн амь насыг санаатай хохироосон гэх нотолгоо болохгүй. Энэ нь тухайн хэрэг учрал болсныг нь нотолсон нотолгоо болно.

 

Гэрч Э.Оргил нь “............. шорон яриад байсан бөгөөд талийгаач үг сөрөөд маргалдаж эхэлсэн. Тэгтэл .......... “та нарыг ална” гэж хэлэх үед .........., Б.Энхтамир, М.Наранбаатар 3 ирээд зогстол .......... машиндаа суугаад хөдлөөд хойш явахдаа ..........ын машиныг шүргээд мотоциклыг унагасан тэгээд .......... мотоциклоо босгоод мордтол хойноос нь .......... дахин ирээд ..........ын мотоциклийг яг араас нь нь мөргөөд .......... машиных нь хамар дээгүүр нь даваад газар ойчсон энэ үед талийгаач босоод иртэл шууд дайраад цааш чирч яваад хашаа дайраад цаад талынх нь хашааг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг нь хуулийн шаардлага хангаагүй, худал мэдүүлэг болох нь М.Наранбаатар, .........., Б.Энхтамир нарын мэдүүлэгт “... .......... нь морь ярьж байгаад явлаа гээд машин руугаа явсан, ямар нэг хэрүүл маргаан болоогүй гэсэн мэдүүлгүүдээр нотлогдох ба талийгаачийг босоо зогсоход дайрсан гэдэг нь талийгаачийн биед үүссэн гэмтлээр няцаагдана.

 

Хоорондоо шорон яриад хэрэлдэж маргалдсан гэдэг нь .........., Б.Энхтамир, М.Наранбаатар нарын саяын дурьдсан мэдүүлэг төдийгүй зэргэлдээ хамт сууж байсан Б.Чулуунбаатар нь чухам юу ярьж байсныг нь сонсоогүй гэсэн мэдүүлгүүдээр .......... талийгаач нар хоорондоо нэгнийхээ амь насыг хохироохоор хэрүүл маргаан болоогүй нь нотлогдоно.

 

Гэрч Б.Чулуунбаатар нь “............. босоод би явлаа гэж хэлээд машиндаа суунгуутаа би та нарыг бүгдийг чинь ална аа гэж хэлээд хөдөлсөн...” гэдэг нь зохиомол үг болох нь тэдэнтэй хамт байсан М.Наранбаатар, Б.Энхтамир, Э.Оргил, Н.Алтантөгс нар огт сонсоогүй байдгаар нотлогдоно.

 

2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтүүдээр болон хэрэгт авагдсан бусад     баримтуудаар шүүгдэгч ..........ыг согтолтын дунд зэрэгт хамаарагдах согтолттойгоор хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тээврийн хэрэгсэл жолоодож хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хэд хэдэн удаагийн санаатай үйлдэл хийснийхээ дараа амь хохирогчийг машинаараа дайрч, талийгаачид элэгний урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж элэгний урагдалтаас дотуур цус алдалт бүхий гэмтэл учруулсан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн нотлогдож байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

 

.......... дунд зэргийн согтолттой гэдэг нь буруу ташаа болох нь ..........ы өөртөө хяналт тавих, ухаан санаа үйлдлээ удирдах чадваргүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, сууж байсан газраасаа амьдардаг газар, байр руугаа хөдөлсөн боловч замдаа эвдэрхий байшингийн бетон суурин дээгүүр /ямар ч машин гарах боломжгүй/ гарснаас машин нь буцаж чигээ өөрчлөн явсаар замдаа байсан мотоциклийг мөргөж улмаар хохирогчийг дайрч хашааны зүүн талаас нь мөргөж хашааны урд хаалганы гол хэсэгт машин цааш явах боломжгүй, автомашины дугуй газраас хөндийрсэн байхад жолооч .......... нь машинаа хаазлаад байсан гэдэг нь түүнийг өөрийн хийсэн үйлдлээ хянах чадваргүйг, ухаангүй согтуу байсан нь нотлогдож байгаа боловч түүнийг хэд хэдэн удаагийн санаатай үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Хоёр: ..........ы үйлдлийг бусдын амь насыг санаатай хохироосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнг үндэслэлгүй болгох тухай:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ..........ы хүний амьд явах эрхэд хохирол учруулсан үйлдэлд “Хүнийг ахлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай огт тохирохгүй байна.

 

.......... талийгаачтай өс хонзонгийн төдийгүй бие биеэ огт танихгүй, хоорондоо хэрэлдэж маргалдаж нэг нэгнийхээ амь насыг хохироох байдалд хүрээгүй. Машин нь тэдний сууж байсан газрын зүг рүү асаалалтай бэлэн байхад хэрэв Э.Оргилын мэдүүлсэн шиг алах байсан бол амьдардаг гэрийнхээ зүг явахгүй шууд ирээд дайрч өөрийнхөө машин болон бусдын эд зүйлийг эвдэж гэмтээхгүй байх байсан.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, шүүгдэгч ..........ы гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсэх, хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй гэж шүүх үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь:

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем, фото зургийн үзүүлэлтүүд, задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай захиргааны хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тодруулалгүйгээр, шинжээчийн дүгнэлтгүйгээр уг үйлдлийг зөвхөн гэрч Э.Оргил, Б.Чулуунбаатар нарын өгсөн худал мэдүүлгээр 3 хоногийн дотор хүний амь насыг санаатай хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хангалттай шалгаж тодруулсан гэж үзэн хөнгөн хийсвэрээр хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

 

3. .......... нь ийнхүү ойлгож ухамсарлаж байгаа аюулаа “машинаар дайрч” санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсэж үйлдсэн гэдгийг нотолж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлт хийж гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцож байгаа нь үнэхээр хилс ташаа болжээ.

 

Миний дээр дурьдсанаар .......... нь өөртөө хяналт тавих, үйлдлээ ухамсарлах, ямар чадваргүй байснаас уг хэрэг үйлдэгдсэн нь хангалттай ойлгогдоно. Хүний амь хохирсон хэргийг шалгаж тогтоохдоо санаатай, болгоомжгүй, авто тээврийн болон бусад шалтаг шалтгааны алинаар нь хохироосныг нарийвлан тогтоох хуулийн заалтыг хангалгүй, ядаж авто тээврийн хэрэг мөн, биш эсэхийг нь тогтоосны дараа хүнийг санаатай алах гэмт хэрэгт ..........г холбогдуулахдаа гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээдийн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бодитой нягтлан тогтоох, дээрх ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж уг хэргийн объектив, субъектив талын шинжүүдийг бүрэн гүйцэд тогтоогоогүй шууд хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

4. Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж шүүх дүгнэлт хийж ..........д урьд өмнө оногдуулж байсан ялаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүндрүүлж 10 жилийн хорих ял ноогдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг ноцтой зөрчиж зөвхөн улсын яллагчийн саналыг үндэслэж ял оногдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд ..........ы холбогдсон энэ үйлдэлд бүх талаас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоопыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах буюу эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ..........д холбогдох хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэрэг улсын яллагчаар 3 удаа орохдоо 10 жил хорих ял оногдуулахаар яллаж байсан. Анхан шатны шүүхээс ..........ыг гэм буруу дээрээ маргасан гэж үзэн түүнд хуульд заасан хэмжээний хүрээнд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэг нь авто аваарын хэрэг болох нь нотлогдон тогтоогдоогүй тул хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Талийгаач хүнд зэргийн согтолттой байсан учир босож чадалгүйгээр дайруулсан нөхцөл байдал тогтоогдсон. .......... нь үйлдэлдээ шууд санаатай хандсан байдаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаад ямар ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх гээд байгаа нь тодорхой бус байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүг 36 насанд нь үг сөрснийх нь төлөө алсанд маш их гомдолтой байна. 1 ой 10 сартай хүүхэд нь өнчирч үлдсэн. Анх цагдаагийн газарт очиход .......... тэр үед бүгдийг нь алах байсан юм гэж ярьж байсныг тэнд байсан бүх хүн сонссон. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оногдуулсан нь багадсан, хүний амь насыг үнэлэх боломжгүй. .......... өөрийгөө өмгөөлөх болохоор өөрийнхөө үйлдлийг мэдээд байдаг, гэтэл хүнийг алсан үйлдлээ мэдэхгүй гэж яриад байдгийг анхаарч үзнэ үү. Үнэхээр гомдолтой байна. Өнчирч үлдсэн хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг гаргуулмаар байна гэв.    

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд нь хуулийг буруу хэрэглэж хэргийг буруу зүйлчилсэн гэж ойлгож байгаа. Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээр хянагдаж байсан хэрэг бөгөөд дээрх шүүхүүдээс Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар огт дүгнэлт өгөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ..........ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Дунд зэргийн согтолттой байхад хүний унаган шинж нь илрэн гардаг талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч мэдүүлдэг ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас .......... нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбарлаж чаддаггүй. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн шийтгэх тогтоол гаргасан. Түүнчлэн хүний санаатай алсан гэмт хэргийн гэм хор хэзээ ч арилахгүй тул 10 жил хорих ял оногдуулан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч .......... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтуудыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. .......... нь хүнийг санаатай алах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг бус харин мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн анхан шатны шүүх өмнөх 2 удаагийн шүүх хуралдаануудаар шүүгдэгч ..........д 8 жил хорих ял оногдуулж байсан атлаа хэргийн нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй байхад ..........ыг гэм буруу дээрээ маргадаг, ялаас доош татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн 10 жил хорих ял оногдуулсан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Мөн хохирлыг тухай бүрд нь төлж барагдуулсан байхад түүнд оногдуулах хорих ялыг хүндрүүлэн нэмэгдүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан талуудын мэтгэлцээнд дүгнэлт өгөөгүй гэдгийг анхаарч үзээгүй, давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй, гэрч Э.Оргил, Б.Чулуунбаатар, .......... нарын мэдүүлгүүдийг үндэслэн хэргийг зүйлчилсэн. Гэрч Э.Оргил, Б.Чулуунбаатар нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгаа. .......... дунд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон, шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Хамгийн анх хэргийн газарт очсон цагдаа нар зам тээврийн ослын дуудлагад очсон атлаа гуравхан хоногийн дараа хүнийг санаатай алсан гэмт хэргээр хэргийг зүйлчилсэн байгааг анхаарч үзнэ. Хэргийн газрын үзлэгийг буруу, дутуу хийсний улмаас энэ нөхцөл байдалд хүрсэн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах эсхүл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Д.Даваа, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .......... нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг, Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.Ууганбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар өөрийн эзэмшлийн 22-79 ДУЭ улсын дугаартай “Toyota Progress 00” маркийн тээврийн хэрэгслээр санаатай дайрч алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........ын өгсөн “...машинд мөргүүлсэн гэнээ гэхээр нь би талийгаачийн хувцсыг аваад эмнэлэг явах юм байна гэж бодоод ирэхэд талийгаач харагдахгүй байсан тул яасан бэ гэж асуухад Гантулга над руу гүйж ирээд Өлзий эгчээ нас барчихсан ш дээ гэж хэлсэн, тэгээд би уйлж, орилж байгаад хүүхдээ харья гэж хэлээд яваад очиход машин доор хөл нь харагдаж байсан бөгөөд толгойн үс нь харагдаж байсан, тэгээд байж байтал нас барчихсан гэж хэлээд намайг ойртуулаагүй..., ...сүүлд сонсож байхад тэдгээр хүмүүс архи ууж байгаад хоорондоо муудалцаад тэр жолооч гэх хүн уурласандаа машинаа бариад дайрсан байх...” гэх /хх-ийн 1-р хавтас 53-54-р тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгын “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим архи ууж байсан хүмүүсээс .......... нь өөрийн эзэмшлийн 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон та нарыг бүгдийг чинь ална гэж хэлэн ..........ыг шүргэж улмаар Б.Ууганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон хэрэгт миний өөрийн эзэмшлийн газар дээрх хашааг дайрч гэмтэл учруулсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 56-57-р тал/,

 

Гэрч М.Наранбаатарын “...сумын төвийн зүүн талын гэр хорооллын зүүн захад шахуу талийгаач хэдэн хүмүүсийн хамт сууж байсан, тэгээд уулзаад суутал нэг хөгшин ах хүү машинаа асаагаад хөдөлж байх шиг харагдсан. Тэгтэл .......... хоёр ах холдоорой гэж хэлтэл нөгөө машин ирээд хашаа хамаад явчихсан. Тэгтэл .......... ..........ахыг дайраад явчихлаа ш дээ гэж хэлэхээр нь яваад очтол машин доор нь талийгаач хэвтэж байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 59-р тал/,

 

Гэрч Б.Энхтамирын “...сумын төвийн зүүн талд байх гэр хорооллын зүүн захад талийгаач болон Лхүндэв, мөн танихгүй хэдэн хүнтэй таараад буугаад юм яриад эхэлтэл машин хөдлөөд түс гээд явчихсан чинь ..........ын мотоцикл газар ойчсон байсан. Энэ үед .......... хоёр ах цаашаа яв, аллаа ш дээ гэж хэлээд мотоциклоо босгоод байж байтал нөгөө машин араас нь ирээд дахин мөргөөд унагасан. Тэгээд хашаа налаад сууж байсан хүмүүсийн хамгийн урд талаар нь ороод хашаа мөргөж ороод урд талынх нь хашааг мөргөөд зогссон. Тэгээд яваад очтол талийгаач машиных доод талд байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 60-р тал/,

 

Гэрч Э.Оргилын “...гудамжны үзүүрт очоод хамгийн хойд талд би суугаад, урд талд Б.Чулуунбаатар суугаад, урд талд Лхүндэв суугаад, Лхүндэвийн зүүн талд нь өөдөөс нь хараад жолооч буюу .......... суугаад, Лхүндэвийн урд талд жоохон зайтай талийгаач ..........суугаад авч ирсэн архиа ууж дуусгаад сууж байтал жолооч .......... талийгаач Б.Ууганбаатартай маргалдаад буюу жолооч .......... шорон яриад байсан бөгөөд талийгаач өөдөөс нь үг сөрөөд маргалдаж эхэлсэн. Тэгтэл жолооч .......... та нарыг ална гэж хэлэх үед .........., Б.Энхтамир, М.Наранбаатар гурав ирээд зогстол .......... машиндаа суугаад эргээд хөдлөөд хойш явахдаа ..........ын машиныг шүргээд мотоциклийг унагасан. Тэгээд .......... мотоциклоо босгоод мордтол хойноос .......... давхиж ирээд ..........ын мотоциклийг яг араас нь мөргөөд .......... машиных нь хамар дээгүүр даваад газар ойчсон. Энэ үед талийгаач босоод иртэл шууд дайраад цааш чирч яваад хашаа дайраад цаад талынх нь хашааг мөргөж зогсоод хаазлаад байсан. Тэгээд бид нар гүйгээд очтол талийгаач байхгүй байхаар нь машин доогуур нь хартал талийгаачийн хөл машин доор нь цухуйж байсан..., ...би та нарыг ална гэж хэлчхээд босоод машиндаа суугаад хөдөлсөн...” гэх /хх-ийн 1-р хавтас 61-62-р тал/,

 

Гэрч ..........ын “...Б.Чулуунбаатар, Э.Оргил, талийгаач, Лхүндэв нар нэг шил Хараа нэртэй 0.75-тай архи уугаад байж байсан. Тэгтэл хажууд зогсож байсан хар хөх өнгийн прогресс маркийн машин хашааны зүүн талд урагшаа хараад асаалттай зогсож байсан, .......... гэх хөгшин хүн машин дотроо ганцаараа суугаад шууд хөдлөөд эргээд хойгуур яваад буцаж ирээд шууд миний мотоциклийг мөргөөд намайг газар шидсэн. Тэгээд босоод иртэл хажуу талын хашааг мөргөөд цаад талынх нь хашаанд тулаад машин нь хаазлаад зогсож байсан. Тэгэхээр нь Б.Энхтамир, М.Наранбаатар нарт хандан намайг дайрчихлаа ш дээ гэж хэлээд бөөндөө очоод хартал талийгаач машиных нь доод талд орчихсон байж байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 63-64-р тал/,

 

Гэрч Б.Чулуунбаатарын “...айлын хашааны зүүн талд гараад хашаа налаад хамгийн хойд талд нь Э.Оргил суугаад, урд талд нь би суугаад, миний урд талд Лхүндэв суугаад, Лхүндэвийн өөдөөс хараад нөгөө хөгшин жолооч буюу .......... суугаад, Лхүндэвийн урд талд жоохон зайтай талийгаач суугаад харин машинаа хашаа руу харуулан зүүн урд зүг рүү харуулж байрлуулсан байдалтай сууж байгаад архиа уусан. Тэр үед жолооч .......... талийгаач Б.Ууганбаяртай шорон орон яриад маргалдаад байсан. Тэгж байтал М.Наранбаатар мотоциклтойгоо .........., Б.Энхтамир нар мотоциклтой ирсэн. Тэгтэл .......... босоод би явлаа гэж хэлээд машиндаа суугаад би та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд хөдлөөд эргэхдээ ..........ын мотоциклийг мөргөөд хойш явсан. Тэгтэл .......... мотоциклоо босгоод мордтол дахин ирээд ..........ын мотоциклийн араас нь мөргөөд ..........ыг газар унагаад шууд талийгаачийн сууж байсан газар руу яваад хашаатай хамаад цаад талын хашаан дээр очоод мөргөөд зогссон. Тэгээд бид нар яваад очтол талийгаач машин доор нь байсан..., ...хөдлөхдөө бүгдийг чинь ална гэж хэлээд л хөдөлсөн байгаа...” гэх /хх-ийн 1-р хавтас 72-73-р тал/,

 

Гэрч Н.Алтантөгсийн “...би нэлээн согтчихсон байсан тул юу ярьсан, юу болсон талаараа сайн мэдэхгүй байгаа. Тэгтэл .......... ах машинаа асаагаад тойрч давхиж ирээд л мөргөсөн. Би хажуу тийшээ болоод зугтахдаа ойчоод хацраа зулгалаад тэр чигтээ айгаад ээжийн хашаа руу даваад орсон..., ...сүүлд нь талийгаачийг мөргөсөн талаар мэдсэн...” /хх-ийн 1-р хавтас 74-р тал/ гэх мэдүүлгүүд болон талийгаач Б.Ууганбаатарын үхлийн шалтгаан болон бусад байдлыг тогтоохоор хийсэн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 тоот “...Б.Ууганбаатарын биед элэгний урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь хоёр талын олон хавирганы хугарал, элэгний урагдлын улмаас дотуур цус алдаж нас баржээ. ..........нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 4.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 105-106-р тал/,

шүүгдэгч ..........ы цуснаас 2.4 хувийн промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5801 тоот “Хими”-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 178-179-р тал/, хэргийн газарт болон талийгаач Б.Ууганбаатарын цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 8-18, 107-112-р тал/ зэрэг хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ..........ы гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

 

Гэтэл хавтаст хэргийн 1-р хавтасны 61-62, 63-64, 72-73 дугаар талуудад авагдсан гэрч Э.Оргил, .........., Б.Чулуунбаатар нарын утга, агуулгын хувьд ноцтой зөрүүгүй дээр дурдагдсан мэдүүлгүүд, шүүгдэгч .......... өөрийн үйлдэлдээ хандсан хандлага, санаа зорилго зэрэг хэрэгт авагдсан бусад нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч нь дунд зэргийн согтолттой байх үедээ өөрийн үйлдлээ хүсч санаатай гэмт хэрэг үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Төв аймгийн прокурорын газраас ..........д “...Хүнийг алах...” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч ..........ы үйлдсэн гэмт хэргийн талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хүний амьд явах эрхэд хохирол учруулсан нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэмт этгээд нь үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, санаа зорилго, хохирогчийг зориуд өдөн, үг сөрсөнд нь уурлан тээврийн хэрэгслээр дайрахад үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлах боломжтой, санаатай үйлдлээр хүсч уг гэмт хэргийг үйлдсэн...” хэмээн дүгнэж тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн болж өнгөрсөн нөхцөл, үйл баримтыг сэргээн тогтоож ..........ыг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалд тохирсон байна.

 

Мөн шүүхээс шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 10 жил хорих ял оногдуулан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 18.446.196 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь 14.358.545 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон иргэний нэхэмжлэгчид 99.000 төгрөг төлснийг дурдан, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 4.087.651 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Шүүх, шүүгч гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг хэрэглэн эрх олгосон зарчмын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг.

 

..........ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт хууль тогтоогч найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүх дээр дурдсан эрхийнхээ хүрээнд хуульд заасан хэмжээний дотор ..........д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн боломжгүй юм.  

 

Өөрөөр хэлбэл өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн бүрэн эрх мэдлийн асуудал бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогддог болно.

 

Иймд шүүгдэгч ..........ы өмгөөлөгч Д.Даваа, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч ..........ы 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх буюу түүний анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч .......... өмгөөлөгч Д.Даваа, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........ы 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                             Г.ТЭГШСУУРЬ

                                                                                         Ц.ОТГОНЦЭЦЭГ