| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00222/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 226
2017 12 14 226
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721001060122 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 01 сарын 28-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэрлэн сумын 7 дугаар баг 27-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 50 хувийн группэд байдаг, /РД:*******/ ******* овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 сарын 28-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүр худалдааны төвийн гэр тоглоомын газарт хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж биед нь 1 шүдний булгарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салсын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би яг хэдний өдөр гэдгийг одоо сайн санахгүй байна. Шүр захын гэр тоглоомын газарт очиход хүмүүс тоглож байсан. Би нэг хүнийг тоглож байхыг хажуунаас нь хараад зогсож байхад тэр хүн миний салтаа руу таягаараа цохисон. Би яаж байна аа гэхэд хажуу талд байсан хүн миний шүд рүү цохиод миний шүдийг унагасан. Тэгээд гэртээ хариад 2 хоногийн дараа миний хамарнаас цус гарсан, эмнэлэгт үзүүлэхэд хамарны судас тасарсан байна гэж хэлсэн. Тэр хүн миний ам, хамар хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын төлбөр болох 300000 төгрөгийг авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр залуу жаахан гацаж ярьдаг залуу юм. Тэрээр миний хажууд ирээд хойд талын ширээн дээр намайг суулгахгүй хөөгөөд байна гэхээр нь би хохь чинь гээд хэлчихсэн юм. Тэгсэн тэр залуу намайг цохиод авсан, манай ах ******* нь миний ард зогсож байсан. Ах маань намайг өмөөрөөд тэр залуугийн нүүрэн тус газарт нь цохиход тэр залуугийн хамар амнаас нь цус гараад цааш яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 11-ний өдрийн 471 тоот дүгнэлтэд: “1. ******* биед 1 шүдний булгарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салсын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 34/ гэжээ.
-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 сарын 28-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвийн гэр тоглоомын газарт хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж биед нь нэг шүдний булгарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салсын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Эрдэнэбатын хажууд ...хэл ярианы бэрхшээлтэй зүс таних залуу ирээд суусан. Тэгтэл удалгүй тэр залуу манай дүүгийн толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь би дүүгээ өмөөрч тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Тэгтэл тэр залуу нүүрээ дараад тонгойгоод цааш явсан. Тухайн үед надад цохиулаад амнаас нь цус гараад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг яаж байна аа? гэхэд хажуу талд байсан хүн миний шүд рүү цохиод миний шүдийг унагасан. Тэгээд гэртээ хариад 2 хоногийн дараа миний хамарнаас цус гарсан, эмнэлэгт үзүүлэхэд хамарны судас тасарсан байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 11-ний өдрийн 471 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******өд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын санаатай үйлдлээр хохирогчийн нүүр рүү цохисон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой, гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 11-ний өдрийн 471 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид эмчилгээний зардалд 300000 төгрөг өгсөн/ тус тус дурдах нь зүйтнй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид эмчилгээний зардалд 300000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР