Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 0048

 

 

 

 

                                              

 

 

 

 

 

 

                                             Л.Мд холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

 

                                             

       Хэргийн индекс 171/2018/0120/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

         Прокурор                                    Б.Ж

          Шүүгдэгчийн өмгөөлөгч         Р.Б

          Нарийн бичгийн дарга         Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, Л-н М-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, “Х” овогт Л-н М.

Шүүгдэгч Л.М нь 2017 оны 04 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянталын 4-87 тоот оршин суух Ц.М-н монгол гэрийн цоожийг  эвдлэн орж  39 инчийн “Sharp” маркийн зурагтыг хулгайлж 612.412 төгрөгийн хохирол учруулсан хулгайн  гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор:

.Шүүгдэгч Х овгийн Л-н М-г орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1.д заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 .т зааснаар шүүгдэгч Л.Мыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сар хорих ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Л.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар Л.Мд оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар Л.Мын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,

 Шүүгдэгч Л.Мыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын  эсэргүүцэлд:  

 

Л.М нь 2017 оны 04 сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 4-87 тоотод оршин суух Ц.М-н монгол гэрийн цүүг эвдлэн нэвтэрч 39 инчийн” Sharp” маркийн зурагт хулгайлж 612.412 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд  анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Л.Мыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

 

-Шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн  2017 оны 11 сарын 30-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа биечлэн эдэлж байсан ба энэ тогтоол гарахаас өмнө үйлдсэн орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг нь илэрч прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх ял оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг тогтоогоогүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2002 оны эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.т заасныг журамлан ял оногдуулаагүй байна.

 

Шүүх шүүгдэгч Л.М нь  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг эдэлж дуусаагүй байх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр дүгнэсэн атлаа хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэж оногдуулсан хорих ялыг тэнссэн нь.., мөн  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байсан бөгөөд энэ гэмт хэргийг нь шийдвэрлэхдээ 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.т зааснаар хорих ялыг тэнсэж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн  Прокурорын газраас шүүгдэгч  Л.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2.д  заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх   түүнийг   орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1.д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д  зааснаар 1 жил 3 сар  хорих ялаар шийтгэж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д  зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих, Л.Мд оногдуулсан тэнсэнгийн хугацаанд хяналт тогтоохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3.т заасныг баримтлан  шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч гаргасан   прокурорын 

 

          ...Шүүгдэгч Л.М нь 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа биечлэн эдэлж байсан ба энэ тогтоол гарахаас өмнө үйлдсэн орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг нь илэрч прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

 

         Гэтэл шүүх ял оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг тогтоогоогүй..., , энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.., , шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2002 оны эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.т заасныг журамлан ял оногдуулаагүй.., мөн өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг эдлэж дуусаагүй байхад   түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр дүгнэсэн атлаа хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийн буруу хэрэглэж оногдуулсан хорих ялыг тэнссэн нь буруу.., түүнчлэн шүүгдэгч нь   хорих ял эдэлж байсан бөгөөд  шүүх  энэ гэмт хэргийг нь шийдвэрлэхдээ 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д  зааснаар хорих ялыг тэнсэж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...., гэсэн эсэргүүцлийг  үндэслэн хэргийг  бүхэлд нь хянаж үзвэл:

 

           Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.   Үүнд :

 

          -Шүүгдэгч Л.Мын  ялын тооцоог  зөрүүтэй  буруу тооцсон.., ./ х.хийн 7.р хуудас /

 

-Нэг гэмт хэргийн  нэг үйлдлийг ... шүүгдэгч Л.Мыг монгол гэрийн цүүг эвдэж нэвтэрсэн...,  гэж,  мөн  ...иргэн Б.В-н монгол гэрийн цүүг мулталсан...гэж өөр өөрөөр бичиж  хохирогчийг хоёр өөрөөр тогтоож,   хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн, /ххийн  01.,  08.р хуудас / 

 

          - Б.В цагдаагийн  байгууллагад зурагт хулгайд алдсан талаар өргөдөл гаргаж, цагдаагийн ахмад Б.Г тайлбар авсан атлаа  /хх.ийн  13, 14.р хуудас/  түүний зөвшөөрөлгүйгээр Ц.М-г хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож /хх.ийн 18-р хуудас / мэдүүлэг авсан..,  

 

          -Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан хохирогч Б.В-г хохирогчоор тогтоолгүйгээр гэрчээр байцаасан / хх.ийн  26.р хуудас /

 

         - Яллагдагч Л.Мд шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй..,  /хх.ийн  43.р хуудас / түүний  өмгөөлөгч Р.Б 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл болон хэргийн материалтай танилцуулахаас татгалзаж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан..,

 

          - зарим нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4.,  мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3.д  заасныг зөрчиж цуглуулсан ,  /хх 49, 50.,  63., 77- 80.,  96, 97., 99 -113.р хуудас  / зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг  цуглуулж, бэхжүүлэх үндэслэл журмыг зөрчсөн байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.,  39.8 дугаар зүйлийн 1.5., 39.8 дугаар зүйлийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2 д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Хэрэг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч  Л.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР