Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 233

 

2017       12        19                                           233

 

                       

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000143 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1986 оны 7 сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/ ******* овогт ******* *******,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-01 тоотод 2017 оны 11 сарын 07-ны өдөр хамтран амьдрагч *******ийг зодож, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн доод 3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эмээтэйгээ хамт амьдардаг. Ганчимэг 50000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэхээр нь би 50000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн, өөр мөнгө төлөөгүй. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 сарын 7-ны өдөр би эгчийндээ байхдаа *******ыг орой 8-9 цагийн үед хүрээд ир гэж дуудсан. Тэгсэн ******* болоогүй гэж хэлсэн. Тэгээд цагийн дараа би дахин залгахад болоогүй 22 цагт ирнэ гэж хэлсэн. Тэгээд дахин залгахад ******* “ирэх болоогүй, танай ээжээс айгаад байна” гэж хэлсэн. Надад ******* хэлэх үг байсан болохоор утсаар яриад яахав уулзаж байгаад хэлье гэж бодсон. Сүүлийн удаа дахин утсаар ******* руу залгатал очихгүй гээд элдэв үгээр хэлээд байсан. Тэр үед манай найз охин бид хоёрын яриаг сонсоод надад хэлэхгүйгээр ******* руу мессеж бичсэн байсан. Тэгээд маргааш нь би *******ынд очиж хувцсаа аваад гарах гэж байхад ******* өөрөө сүр болгоод зайл энэ тэр гэж хэлээд байсан. Тэгэхэд нь би хувцсаа янзлаад зогсож байтал зангидсан гараараа нэг удаа цохисон. Би их өвдөж байсан болохоор нь Цагдаад хэлсэн. Би эмчилгээ хийлгүүлэх гээд ******* хэлэхэд эмчилгээний мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Миний хувьд нотлох баримттайгаар нэхсэн 50000 төгрөгийг *******оос авсан. Харин цаашид гарах эмчилгээний зардалд 2000000 төгрөг нэхэмжилж байна. Би шүдээ авахуулж шүд хийлгэнэ, томографикт харуулна. Манай аймагт янзалж чадахгүй Улаанбаатар хот явах шаардлагатай байгаа. Би *******оос 2000000 төгрөг авч байж эмчилгээгээ хийлгэхээс өөрөөр надад урьдчилаад эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй байна гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 669 тоот дүгнэлтэд: “1. *******ийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн доод 3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5% тогтонги алдана” /хх-ийн 19/ гэжээ.

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-01 тоотод хамтран амьдрагч хохирогч *******ийг зодож, биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн доод 3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 сарын 07-ны өдрийн өглөө гэрт ирээд намайг харааж загнаад байхаар нь уурлаад нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11  сарын 07-ны өглөө *******ынд очиж хувцсаа аваад гарах гэж ... зогсож байтал зангидсан гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 669 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******т учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын санаатай үйлдлээр хохирогчийн нүүр рүү гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 669 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт миний нотлох баримттайгаар нэхэмжилсэн 50000 /тавин мянга/ төгрөгийг ******* төлж барагдуулсан гэж мэдүүлж байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч ******* нь 2000000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс  нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох боломжгүй байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй /хохирогчид 50000 төгрөг төлсөн/, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч нь цаашид гарах 2000000 /хоёр сая/ төгрөгийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР