| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00231/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 234
2017 12 20 234
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Д.Дамдин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхад овогт Данаагийн Дамдинд холбогдох эрүүгийн 1721000000139 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 7 сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын баяжуулахын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 4-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЯ91070732/ Бурхад овогт Данаагийн Дамдин,
Шүүгдэгч Д.Дамдин нь Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-24 тоотод 2017 оны 10 сарын 29-ний өдөр эхнэр И.Солонгийг зодож, цээжний ард зүүн тал, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Дамдин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч И.Солонго мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхрийнхөө хуучин ажиллаж байсан газар болох Хэрлэн сумын 9 дүгээр баг 19 дүгээр байрны баруун урд талын РС тоглоомын газарт очсон. Хаалга нь түгжээтэй байхаар нь өөрт байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод гэрлийг нь асаах гэтэл гэнэт өөдөөс гарч ирээд намайг түлхээд шатны руу унагасан. Тус байр нь 2 давхарт байдаг бөгөөд би шат руу унаж 1 давхарт нь ойчсон. Тэгээд би тэндээ суугаад нилээн удаан байж байгаад босоод хаалгыг нь тогшиж байгаад ороод яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэхэд яадаг юм би чамайг дахиад шатны руу түлхчихнэ шүү гэж хэлэхээр нь маргалдахад тэр намайг хана руу түлхэж, шалан дээр унагаасан бөгөөд дахин шат руу түлхэж унагаана гэхээр нь би буйдангаас зуураад ... байж байхад миний дээр гарч суугаад 2 гарыг минь нэг гараараа барьж байгаад намайг боомилсон. ...Одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 659 тоот дүгнэлтэд: “1. И.Солонгын биед цээжний ард зүүн тал, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 24/ гэжээ.
-Шүүгдэгч Д.Дамдингийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.Дамдин нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-24 тоотод эхнэр И.Солонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг шатнаас түлхэж унагаасны улмаас биед нь цээжний ард зүүн тал, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Дамдингийн яллагдагчаар өгсөн “...Би эхнэр И.Солонгийг ... үүдэнд оруулахгүй гэж хэрэлдэж зогсож байгаад түлхэхэд шатны хажуу талд унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, түүнийг давхар нотолсон хохирогч И.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод гэрлийг нь асаах гэтэл гэнэт И.Дамдин өөдөөс гарч ирээд намайг түлхээд шатны уруу унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 659 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч И.Солонгод учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Дамдингийн санаатай үйлдлээр хохирогчийг шатны уруу түлхсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Дамдинд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч Д.Дамдингийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч И.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 659 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Дамдин нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус тогтоолд дурдвал зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ91070732 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бурхад овогт Данаагийн Дамдинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Данаагийн Дамдинд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дамдингийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Д.Дамдин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ91070732 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дамдинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР