Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-д холбогдох эрүүгийн 1738001830131 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д.

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Г.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Г.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Г.А-н: “...мотоцикльтой явж байсан чинь хилийн цэргийн заставын дээхнэ талд хажуу талаас нэг хүн ирээд хажуу талаас мотоцикльтойгоо дайрсан. Тэгээд мотоцикль их хүчтэй ирж миний унаж явсан мотоциклийг мөргөсөн болохоор би газарт унасан. Тэгээд босож ирээд өөрийнхөө мотоциклийг данхраадаад намайг мөргөсөн мотоциклийн эзэн рүү эргэж харахын зуургүй нөгөө залуу миний үүдэн шүд рүү мөргөж 2 шүдийг минь гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

       Гэрч Б.Т-н: “...Д мотоциклио жолоодож яваад А-тай шүргэлцсэнээс болж тэр хоёр маргасан. Тэр хоёр заамдалцаж аваад ганц нэг цохилцсон. А-ын амнаас цус гарч байсан. Би тэр хоёрыг салгаж амжаагүй. Маш богино хугацаанд энэ асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаартай

       1. Г.А-н биед нэг шүдний булгарал, нэг шүдний 2-р зэргийн ганхалт, нэг шүдний 1-р зэргийн ганхалт, доод уруулын салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

       2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

       4.  Дээрх уруулын шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нэг шүдний булгарал, нэг шүдний 2-р зэргийн ганхалт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт бага хэмжээгээр тогтонги байдлаар нөлөөлөх тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би Д-с эмчилгээний зардалд 2.800.000 төгрөгийг гаргуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргээр хохирогч Г.А нь шүүгдэгч Д.Д-с хохирлоо барагдуулж авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738001830131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6.  Эрүүгийн 1738001830131 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН