Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/321

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,

Хохирогч Л.Н,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 1738003620152 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д.

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай үхрийг Д гэдэг хүн Л-ийн өвөлжөөний хашаа руу туугаад байгаа харагдсан. ... би мотоцикльтой үхэр дээрээ очоод үхрээ туугаад явж байсан чинь А.Д “муу цагаач минь үхэр малаа аваад зайл” гээд байсан. Би мотоцикль дээрээ хоёр хөлөө унжуулаад аажуухан үхрээ туугаад явж байсан чинь Д гуай барьж байсан модоороо намайг 2-оос 3 удаа нуруу руу цохисон. ...А.Д гуайд модоор цохиулснаас болж нурууны ууц хэсэгт хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Түнэл сумын 5 дугаар багт өвөлжөөний хашаагаа засч байсан чинь ...Д гуай үхрийг нь манай өвөлжөө өөд туусан. Тэр үед Н нь мотоцикльтой ирээд үхрээ буцаагаад гэр рүүгээ тууж явж харагдсан. Н-г үхрээ мотоцикльтой тууж явж байхад нь Д гуай модоор 2-3 удаа цохиж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай үхрийг Д гэдэг хүн Л гэдэг айлын өвөлжөө рүү туугаад байгаа харагдсан. Тэгэхээр нь би хүүдээ Д гуай манай үхрийг туугаад айлын өвөлжөө рүү явуулчихлаа, миний хүү үхрээ эргүүлээд ир гэж хэлсэн. Би гэрийн гаднаасаа харж байсан. ...Д гуай гэр рүүгээ хальт явах гэж байснаа буцаж ирээд манайг хүүг үхэртэй нь хамт мод шиг юм бариад, мотоцикль унаад үхрээ тууж явсан хүүг маань модоор цохиод хөөгөөд хашгираад байгаа харагдсан. ...хүү ч үхрээ хаяад гэр рүүгээ хүрээд ирсэн. Тэгээд би Н-н хувцасыг тайлаад харсан чинь ууцан хэсэгтээ хөхөрсөн, дал хэсэгтээ хөхөрсөн байсан. ...нуруу өвдөөд байна гээд өвчин намдаах эм уугаад малдаа явж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 665 дугаартай

1.2. Л.Н-н биед нурууны зөөлөн эдийн гэмтэл, нурууны доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Л.Н-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 6-9 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Д-н хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй болох нь /хх-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэв.

Хохирогч Л.Н нь шүүгдэгч А.Д-с эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 256.500 төгрөгийн баримт гаргаж өгснөөс эмнэлэгт үзүүлж оношлогоо хийлгэхээр Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт ирсэн болох нь картанд бичсэн бичилтээр тогтоогдож байх тул КТГ-д үзүүлсэн 65.000 төгрөг, эмчилгээний төлбөр 91.500 төгрөг, нийт 156.500 төгрөгийг шүүгдэгч А.Д-с гаргуулж хохирогч Л.Н-т олгох нь зүйтэй байна.

Харин 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 40.000 төгрөгийн, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 40.000 төгрөгийн “ТИ ЭМ ОЙЛ” ХХК-ийн Мөрөн шатахуун түгээх станц 85 гэсэн ПОС системийн баримтуудыг үнэлэх боломжгүй байх тул хохирогч Л.Н нь үлдэх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Эрүүгийн 1738003620152 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай, 5.5 сантиметрийн өргөнтэй саарал өнгийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч А.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Д-т  оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  дурдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738003620152 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

      7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Д-с 156.500 /нэг зуун тавин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Н-т олгож, хохирогч Л.Н нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай, 5.5 сантиметрийн өргөнтэй саарал өнгийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН