Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 0090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                        Прокурор                                 Л.О

                           Хохирогч                                Л.Э

                Шүүгдэгч                             Ч.А

                 Нарийн бичгийн дарга       Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Ад холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ч-н А,

 

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 08 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн 211 тоот лангуун дээрээс иргэн Л.Э-н I PHONE-S-6 маркийн гар утсыг хулгайлан 945000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт Ч-н А-г бусдын эд хөрөнгө хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор арилгах үүрэг хүлээлгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зохих хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулан,

.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-с 945000 /есөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Эд олгон,

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд:  

... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүний шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлнө гэх дан ганц мэдүүлгийг үндэслэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлт хийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэнсэн нь үндэслэлгүй байна.

Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь шүүгдэгч хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө баримтаар нотолсон байхыг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Ч.Ад хохирлоо нөхөн төлөхөө баталсан ямар нэг нотлох баримт байхгүй ба тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байдаг.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд

 

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн 211 дугаар лангуун дээрээс иргэн Л.Эгийн I PHONE- S-6 маркийн гар утсыг хулгайлан авч хохирогч Л.Эд 945 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлуудыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Ч.А нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт нь байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх түүнд гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор арилгах үүрэг хүлээлгэж шүүхээс хүлээлгэсэн үүргийг зохих хугацаанд биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх шаардлагагүй байна.

 

Иймд ...шүүгдэгч Ч.Ад анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. 

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг буруу баримталсан, буруу бичсэн, тодорхойлох хэсэгтээ эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээхээр дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж зөрүүтэй бичсэн зэрэг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дугаар зүйлийн 1.5, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дахь заалтын 6.7 дугаар зүйлийн 1.1 гэснийг 6.7 дугаар зүйлийн 1.2 гэж, 3 дахь заалтын 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт гэснийг 7.3 дугаар зүйлийн 4,5.д гэж, 6 дахь заалтын эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэснийг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй  болгосугай. 

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                        С.ЦЭЦЭГМАА