| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00125/И |
| Дугаар | 151/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00521
2024 06 03 151/ШШ2024/00521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Алтантуул, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Г-д холбогдох,
Гэм хорын хохиролд 15.874.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, иргэдийн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч Э.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 15.874.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Миний бие өөрийн адуугаа Т аймгийн Б сумын Галуут 2 дугаар багт хамаатан дүү н.Т-р маллуулж байсан юм. Гэтэл 2017 оны намар 10 дугаар сард намайг хотоос Мөнгөнморьт сум руу самарт явсан хойгуур адууг маань Э.Г нь манай дүү н.Т-с надад хэлж мэдэгдэхгүй дураараа Хэнтий аймгийн Баянхутаг сум руу аваад явсан байсан. Үүнээс хойш Э.Г-н араас 2018 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хүрээ уулд өвөлжиж байгаа газар нь очсон ба манай 36 тооны адуунууд бүрэн байсан юм. Тэгэхэд Э.Г манай адууг айлын адуутай хамт туугаад ирсэн гэж хэлсэн бөгөөд Нэгэнт аваад ирсэн юм чинь өвөлжүүлээд хавар хамт аваад очъё гэхээр нь Тэгээрээ хөлсийг гомдоохгүй ээ гэж хэлээд адууныхаа зургуудыг авчихаад, үлдээгээд ирсэн юм. Үүнээс хойш 6 дугаар сард Э.Г-тай утсаар ярихад "Би эндээ морь уяхаар болсон" гэсэн тул би адуугаа авахаар 2018 оны 6 дугаар сарын 08-нд гэрлийн байцаагч Г, Б гэх 2 хүнтэй хамт очтол Э.Г нь Танай адуунууд уржигдар худгаас ус уугаад гарсан. Ойрхон байгаа байх гэж хэлж байсан бөгөөд ойр хавиар хайж байгаад 14 тооны адуугаа олж авсан. Бор болон Хул азаргатай нийт 22 тооны адуугаа олоогүй, тэр чигээрээ алга болсон юм. Үүнээс хойш би Э.Г-г миний адууг олоод өгөх юм болов уу гэж удаан хүлээж байгаад сүүлдээ Төв аймгийн Цагдаагийн газар гомдол 2019 оны 10 дугаар сард өгч, мөн сарын 21-ний өдрөөс Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Мөрдөн шалгах явцад шинжээч томилж адууны үнэлгээг гаргасан бөгөөд Э.Г-н алга болгосон 22 тооны адуунаас 16 тооны адууг нас зүсээр нь тогтоож, нийт 15.874.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон юм. Иймд миний адууг эхнээсээ дураараа хууль бусаар авч явсан, өвөлжүүлээд бүрэн бүтэн буцааж нутагт авч ирнэ гэчихээд алга болгосон хариуцагч Э.Г-с миний 16 тооны адууны үнэ болох нийт 15.874.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... Э.Г бидний хооронд ямар нэгэн хөлсөөр ажиллах, ажиллуулах гэрээ байгуулагдаагүй. Хавар нь аваад ирсэн бол би нэг морь өгөх байсан. Гэвч тэрээр надад мэдэгдэхгүйгээр, миний адууг аваад явсан, ингээд алга болгосон тул түүний адуу малласаны хөлс гэх 4.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2. Хариуцагч Э.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Л.Ж-н нэхэмжлэлд дурдсан 16 тооны адууны үнэ болох нийт 15.877.000 төгрөгийг Э.Г-с нэхэмжилсэн нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар Э.Г нь Л.Ж-н адууг өөрт нь огт мэдэгдэлгүйгээр хулгайлан авч явсан мэтээр бичжээ. Э.Г хүний хоёр азарга адууг эзэнд нь мэдэгдэлгүй авч явсан бол тэр даруйдаа эзэн Л.Ж ирээд аваад явах боломж байсан. Мөн Хэнтий аймагт хоёр ч удаа ирээд явсан байдаг. Ингэж хүнийг гүтгэж болохгүй. Дараа нь 2018 оны 5 дугаар сард ирээд адуугаа тоолоод, дараа нь худгийн залууд Адууг минь усалж байгаарай гэж хэлсэн, ажлын хөлс гэж тэр хүнд мөнгө өгсөн. Энэ үеэс Э.Г-н адуу харах ажил дууссан гэж үзэж байна. Харин Л.Ж-н адууг хэдэн сар харж, хариулсны хөлс нэхэмжилнэ. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т аймгийн Б сумын нутагт харж байсан адуугаа туугаад оторт явах болсон. Энэ үед Л.Ж Миний хоёр азарга адууг хамт аваад яваарай, хөлс хүчийг чинь тохирно гэж хэлсэн. Ингээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт өвөлжөөд, хавар болж цас хайлахад мал тогтоход бэрх болж байсан учир Адуугаа аваарай, өвөлжүүлээд өглөө гэсэн. Цагаан сарын дараа ирсэн, мөн 5 дугаар сард дахин ирсэн бөгөөд өөрөө тоолоод явсан. Одоо адуугаа аваарай гэж хэлсэн, Э.Г Адууны эрэнд яваад харж чадахгүй шүү гэж хэлсэн. Л.Ж нь худгийн хүнд 70.000 төгрөг билүү 100.000 төгрөг өгөөд Манай адууг усалж байгаарай гэж захисан байдаг. Үүнээс хойш адуу нь алга болсон юм. Э.Г нийт 8 сар энэ хүний адууг харж, хандсан учир ажлын хөлс сарын 550.000 төгрөгөөр тооцож, нийт 4.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Л.Ж-с 4.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 237.320 төгрөг төлсөн баримт, Л.Ж-н иргэний үнэмлэхийн лавлагаа, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ********* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Л.Ж-н Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа-ны хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл-ийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаартай Шинжээчийн дүгнэлт-ийн хуулбар, үнэлгээний тайлангийн хуулбар, Э ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 300 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, О.О болон Л.Ж нарын хооронд байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч Э.Г-с Ц.Т-т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 85.000 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
5. Иргэдийн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй ба 2 талын буруу гэж үзэж байна. Л.Ж нь цагдаад гомдол гаргаж, хэргийг шалгаж байх хугацаанд Э.Г нь Л.Ж-н 10 тооны адууг төлж барагдуулна гэсэн байх тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх. Э.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч Э.Г-д холбогдуулан Гэм хорын хохиролд 15.874.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
3. Нэхэмжлэгч Л.Ж 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, үүний дагуу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ********дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор хэргийг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мөн хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлгээс үзэхэд хариуцагч Э.Г 2017 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сум руу явахдаа Л.Ж руу утсаар ярих гэсэн боловч дугаар нь холбогдохгүй байсан тул 36 тооны адууг хэлэхгүйгээр аваад явсан. ... Албан ёсоор Л.Ж-с 36 тооны адуу хүлээж аваагүй, гэрээ байгуулаагүй гэж мэдүүлсэн байна.
Мөн Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ***** дугаар тогтоолд: ... Хохирогч Л.Ж нь өөрийн өмчлөлийн 22 тооны адуугаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хүрээ уул гэх газраас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр алдсан болох нь хохирогч Л.Ж, гэрч Э.Г, Б.Э нарын мэдүүлэг, хохирогч Л.Ж-н Малчин лавлах 109 мэдээллийн сайтад байршуулсан зар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайн 22 тооны адууг 2017 оны 11 дүгээр сард Э.Г нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутгаас хохирогчийн зөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хүрээ уул гэх газарт очиж, отроор өвөлжиж, улмаар Л.Ж нь 2018 оны хавар очиж адуугаа эргэж тойрч байсан байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр очиход адуу нь бүрэн бүтэн байсныг гэрч, хохирогч нар мэдүүлсэн. Мөрдөгчөөс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, эд зүйлийг эрэн сурвалжлах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн этгээд тогтоогдоогүй байна гэж дүгнээд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэжээ.
Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй боловч хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч Л.Ж-н зөвшөөрөлгүйгээр түүний 36 тооны адууг Төв аймгаас Хэнтий аймаг руу авч явж, улмаар 22 тооны адууг алдсанаас үүдэн нэхэмжлэгч Л.Ж-д эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Л.Ж-н өмчлөлийн 16 тооны адууны зах зээлийн үнэлгээг 15.874.000 төгрөг хэмээн шинжээч Э ХХК тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч Э.Г Гэм хорын хохиролд 15.874.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах боловч тэрээр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ мал малласны хөлс 4.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь агуулгын хувьд зөрчилтэй байх ба уг сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд хариуцагч нь тухайн 36 тооны адууг авч явсан, улмаар уг адууг алдсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хариуцагч Э.Г өөрийгөө гэм буруугүй гэдгээ баримтаар нотлоогүй тул тэрээр нэхэмжлэгч Л.Ж-д учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Г-с гэм хорын хохиролд 15.874.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-д олгож шийдвэрлэлээ.
4. Хариуцагч Э.Г-н нэхэмжлэгч Л.Ж-д холбогдуулан гаргасан Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд
Иргэний хуулийн 359 дүгээр зүлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан үйл баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй буюу уг гэрээний дагуу хариуцагч хөлс шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Учир нь дээрх хуульд зааснаар ажиллуулагч, ажиллагч нар ямар ажил, үйлчилгээ гүйцэтгэх талаар болон хөлсний хэмжээний талаар тус тус харилцан тохиролцсон байхыг шаардах боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан хохирогч, гэрчийг нүүрэлдүүлсэн байцаасан мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар тогтоолд дурдсанаар Л.Ж-н зөвшөөрөлгүйгээр хариуцагч Э.Г нь түүний 36 тооны адууг Төв аймгаас Хэнтий аймаг руу авч явсан үйл баримт тогтоогдсон.
Мөн хариуцагч нь нийт 8 сар хугацаанд малыг нь малласан, нэг сарын хөлс 550.000 төгрөг бөгөөд нийт 4.400.000 төгрөг гаргуулна хэмээн шаардах боловч энэхүү хөлсний хэмжээг тогтоосон, нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь Адууг маань бүрэн бүтэн хүлээлгэн өгвөл нэг адуу өгнө гэж хэлж байсан боловч миний адууг алдсан, олж өгөөгүй гэх ба Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.400.000 төгрөгийг гаргуулж олгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ж-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
5. Иргэдийн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ хариуцагч Э.Г эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд нэхэмжлэгч Л.Ж-н хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаар хүлээн зөвшөөрч байсан байх тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Харин хариуцагч Э.Г-н сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэсэн бөгөөд үүнийг шүүх хүлээн авсан болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.320 төгрөг, хариуцагч Э.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-с 237.320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Г-с гэм хорын хохиролд 15.874.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-д олгосугай.
2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ж-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.320 төгрөг, хариуцагч Э.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-с 237.320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ
Д.МӨНХБҮРЭН