| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00281/И |
| Дугаар | 151/ШШ2024/00550 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00550
2024 06 10 151/ШШ2024/00550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-н,
Ажиллаж байсан байдал тогтоолгох болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Б.М, Б.М гэх нэртэй ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ******** дугаартай цэргийн батлах, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ***** дүгээр лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ********* дугаар лавлагаа, Төв аймгийн Б сумын Сангийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаар Ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаар Ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн даргын 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын тус тус жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаар ********, Б.Б мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-н 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Б сумын Сангийн аж ахуйд гачигар /галч/, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Т аймгийн Б сумын Сангийн аж ахуйд үхэрчин, 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Т аймгийн Б сумын Э фермийн аж ахуй болон Э ХК-д үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА