Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00560 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02626 дугаар шийдвэрээр Л.Ж-, Л.С-, С.Н- нараас 40 304 073 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 214 835 төгрөгийг гаргуулж, “Ж-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Л.Ж- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах, 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2201030514 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.Н- /ЧА30090168/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031787 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 91 м.кв талбайтай хувийн сууц, Л.С- /УЗ78020816/, С.Н- /ЧА30090168/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201013595 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хөндлөнгийн шинжээч 80 364 000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02626 дугаар шийдвэрээр Л.Ж-, Л.С-, С.Н- нараас 40 304 073 төгрөг гаргуулж “Жи эс би ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669, Г-2201030514 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н-т даалгаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Л.Ж-д төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 4 сарын 23-ны өдөр гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй учир барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Л.Ж-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669, Г-2201030514 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, төлбөр төлөгч С.Н-, Л.С- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220101787, Г-2201013595 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2019 оны 5 сарын 08-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 19270338/8 дугаартай хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 80 364 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Ж-д гардуулсан ба Л.Ж- нь Л.С-, С.Н- нарт дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдох Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууц,  Г-2201030514 дугаарт бүртгэлтэй, 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2201031787 дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201013595 дугаарт бүртгэлтэй 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газраас томилсон хөндлөнгийн шинжээч үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн тул дахин шинжээч томилуулж, үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь дахин хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ... хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, ... энэрэнгүй байх зарчмыг баримтална гэж заасан. “Жи эс би ББСБ” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг төлж байгаа ба хөндлөнгийн шинжээчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа үйлдэл нь дээрх зарчимд харшилсан үйлдэл юм. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан магадлал гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

 

Нэхэмжлэгч Л.Ж- нь Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгионхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02626 дугаар захирамжаар төлбөр төлөгч Л.С-, С.Н-, Л.Ж- нараас 40 304 073 төгрөг гаргуулах тухай “Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, төлбөр төлөгч нар үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201030514 дугаарт бүртгэлтэй, 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031787 дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201013595 дугаарт бүртгэлтэй 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-19-р тал/

 

Төлбөр төлөгч Л.Ж-, Л.С-, С.Н- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Ж-” ХХК хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 04-ний өдөр 1539 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 16-р тал/

 

Хариуцагч Н- нь төлбөр төлөгч Л.Ж-, Л.С-, С.Н- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 4 сарын 23, 5 сарын 08, 7 сарын 30, 9 сарын 07-ны өдөр тус тус хүргүүлж, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043669 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201030514 дугаарт бүртгэлтэй, 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 дугаар гудамж, 1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031787 дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201013595 дугаарт бүртгэлтэй 342 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2019 оны 5 сарын 08-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 сарын 29-ний өдөр хураасан байна. /хх-ийн 22, 23, 25-27, 29, 31-34-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Л.Ж-, Л.С-, С.Н- нараас үнийн санал авахад нэхэмжлэгч Л.Ж- нь өөрийн өмчлөлийн 48 м.кв талбайтай хувийн сууц, 342 м.кв талбайтай газрыг 180 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Л.С-, С.Н- нар нь 343 м.кв талбайтай газрыг 90 000 000 төгрөгөөр, С.Н- нь өөрийн өмчлөлийн 91 м.кв хувийг сууцыг 45 000 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “Ж-” ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 40-43-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг 80 364 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Л.Ж-, Л.С-, С.Н- нарт мэдэгдсэн байна. /хх-ийн 44-77-р тал/

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

           

                        Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх боловч “Виннэр вэй” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Мөн дахин шинжээч томилуулж, үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүйд гомдолтой гэх боловч уг хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

           

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ