| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0351/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/326 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Н.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.П-д холбогдох эрүүгийн 1738003640156 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.П.
Шүүгдэгч Н.П нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах “Петровис” шатахуун түгээх станц дээр иргэн С.Н-ийн уруул руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.П нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах “Петровис” шатахуун түгээх станц дээр иргэн С.Н-ийн уруул руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б бид хоёрыг П ажил хийлгэхгүй байсан. Тэгээд бид хоёрыг гараараа барьж байгаад 2-3 удаа мөргөлдүүлсэн. ...намайг П нэг удаа цохиж нэг удаа мөргөсөн. Миний уруулыг цохисноос болж сэтэрсэн байсан. Би урууландаа 5 оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н “П намайг зодлоо” гээд зогсож байсан. Н-ийн уруулнаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П ах намайг бензин өгч байхад дотор Н ахтай зодолдсон байсан. ...Тухайн үед Н ахын уруул нь сэтэрсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаартай
1. С.Н-н биед гэмтэл тогтоогдлоо.
2. С.Н-н биед дээд уруулд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Н.П нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.П-с хохиролд 250.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 12 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738003640156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.П-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1738003640156 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН