Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0091

 

Д.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор Т.Г

Шүүгдэгч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч

Хохирогч М.О

Хохирогчийн өмгөөлөгч Д.О

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.М-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  “Б” овогт Д-н М,

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Калм” пабд М.Огийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт Д-н М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгээс 26.747.600 / хорин зургаан сая долоон зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч М.Од олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ......Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар арын 01-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг гаргахдаа шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохдоо буруу дүгнэсэн, ирээдүйд зайлшгүй гарах зардал мөн эсхийг нарийвчлан тогтоолгүй, гэм хорын зардалд тооцон дүгнэсэн, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлыг гэм хорын хохирол гэж үзэн ялтны бусдад учруулсан хохирол, хор уршгийг бодит байдлаар нөхөн төлөх хууль ёсны эрх, үүргийг зөрчиж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна.

Учир нь хохирогч М.О болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан нийт 913 160 төгрөгийн эмнэлгийн эмчилгээ, оношилгооны төлбөр төлсөн баримт байсан бөгөөд тухайлбал үүнд: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү, нүүрний тасагт эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх, 507 960 төгрөг төлсөн тэмдэглэл /хх59-79/, ялтас, шураг, чиг зэргийн төлбөрт 280 000 төгрөг төлсөн тухай Мюши ХХК-ийн зарлагын баримт /хх110/, шинжилгээний төлбөр 22 000 төгрөг төлсөн баримт, “Тавин ус” эмийн сангийн баримт 5 200, Толгойн КТГ-д 90,000 төгрөг төлсөн баримт, шүүх эмнэлгийн нжилгээний төлбөрт 8,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-111-114/ -ууд байлаа.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч талаас гаргаж өгсөн бусад гэм хорын хохирол гэх баримтууд буюу тухайлбал: өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, Тайланд улсын Бумрунгранд олон улсын эмнэлэгт эрүү нүүрний мэс засал хийлгэхэд шаардлагатай зардал, /энэ зөвхөн тухайн эмнэлгийн гадаад улсын үйлчлүүлэгчдэд хандсан эмчилгээний төлбөрийн үнийн судалгаа, тогтсон тариф бөгөөд энд бодит шинжилгээг тус эмнэлэгт ирж өгсний дараа эмчилгээний зардал буурах боломжтойг мөн дурдсан байсан/, “Айрлинк Монголиа” ХХК-аар үйлчлүүлэн нисэхэд гарах зардлын хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримтууд нь хохирогч М.Од бодитой учирсан хохирол биш байх бөгөөд ирээдүйд дээрх эмчилгээний зардал болон бусад замын зардал зэрэг зардлууд зайлшгүй гарах эсэх нь эргэлзээтэй байхад гэм хорын асуудлыг шийдвэрлэн уг бодит бус зардлыг ялтан Д.Мгээс гаргуулан хохирогчид хуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Түүнчилэн хохирогч М.О нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нүүрний тасагт хэвтэн эмчлүүлсэн, мэс засал хийлгэж тухайн үедээ эрүүнийхээ 2 газар хадуулсан гэх бөгөөд одоо уг мэс заслаас хойш 6 сарын дараа буюу бороолсны дараа нь уг 2 хадаасыг тухайн мэс засал хийсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт ирж авахуулах боломжтой байна.

Хавтаст хэрэгт хохирогч М.Ог Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нь зайлшгүй гадаад улсад тухайлбал Тайландын Бумрунгранд олон улсын эмнэлэгт эрүү нүүрний засалд зайлшгүй орох шаардлагатай болохыг тодорхойлсон дүгнэлт, шийдвэр зэрэг нь огт байхгүй бөгөөд харин уг хохирогч М.Од эрүү нүүрний мэс засал огт хийгээгүй Орхон гийн БОЭТөвийн эмчийн цаашид гадаад улсад хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт хуульд нийцсэн эмнэлгийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. Хохирогчийн нэхэмжилсэн гэм хорын зардлаас “өмгөөлөгчийн хөлс-1.000.000 төгрөг”-ний зардлыг хасч тооцсон нь шүүх үнэн зөв дүгнэсэн байх боловч ажилгүй байсан хугацааны лингийн зардалд 3.77.771 төгрөг нэхэмжлснийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

Хохирогч М.Огийн хувьд эмнэлгийн хуудсаар 2018 оны 6 сарын 23-29-ний хооронд, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-17-ны хооронд нийт 22 хоног эмнэлэгт хэвтсэн байх боловч энэхүү хугацааны цалингийн зардлыг нарийн зөв тооцож гаргах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулсан бодит дундаж цалингийн зардал биш, зөвхөн санхүүгийн тэмдэг дарсан баримт нь нотлох баримтын шаардлага хангасан албан ёсны байгууллагын тамгатай цалингийн тодорхойлолт биш бөгөөд УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн цалингийн цэс, сүлжээ зэрэг нь тушаал шийдвэрээр баталгаажсан байдаг атал хавтаст хэрэгт хохирогч М.Ог ямар нэгэн ажил, албан тушаалаас өвчний учир түр чөлөөлсөн тушаал байхгүй байгаа билээ.

Ийнхүү шүүхээс хэргийг зөв зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан хэдий ч, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бодит бусаар тооцож, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг хөдлөшгүй баримт мэтээр үнэлж бодит байдалтай нийцээгүй хохирлын үнэлгээ гаргасан байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Мгээс 26.747.600 төгрөг гаргуулж хохирогч М.Од олгохоор шийдвэрлэсэн нь шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохдоо бодит хохирол мэт үнэлж дүгнэн энэхүү хохирлын асуудлыг шийдвэрлэсэн илтэд алдаатай шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Д.Мгийн хувьд бусдад учруулсан бодит хохиролд зөв үнэлэлт дүгнэлт хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан гэм хорын хохирлын хэмжээг бодитой тогтоож өгөхийг хүсч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ою шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч С.Ч-н гаргасан гомдолтой танилцлаа. Тэрээр хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Хохирогч М.О ялтан Д.Мд эрүүн тус газраа 2 удаа цохиулсанаас болж эрүү нь 2 газраа хугарч хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан бөгөөд эрүүгээ хадуулж шингэн зүйлээр хооллосоор байгаад уургийн дутагдалд орж улмаар 10 гаруй кг турж одоо хүртэл зовиур шаналгаатай байсаар байна.

Тэрээр 2 сар гаруй хугацаанд ярьж чадахгүй байсан бөгөөд одоо эрүүний урд хэсэг мэдээгүй болсон байна. Зүүн шанааны дээд хэсгээр хугарахдаа үзүүр хэсэг нь сэлтэрсэн тул тэр сэлтэрч хугарсан хэсгийг тайрч дээд хэсэгтэй нь холбож хадсанаас болж нүүрний тэгш хэм алдагдсан байдаг. Тухайн үед яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж эрүүний ясыг холбож хадахдаа мэдрэлийн судас тасарсан эсэхийг шалгах боломжгүй байснаас болж одоо эрүүний урд хэсгийн зөөлөн эд ямар ч мэдрэлгүй болсон байна. Түүнчлэн үүдэн болон баруун зүүн талын шүдний паалан цохилтоос болж ховхорсон тул одоо шүдээ эмчлүүлэх боломжгүй болсон. Учир нь ам бүрэн ангайх боломжгүй болсон. Тийм учраас эрүүний хоёр хадаасыг мэс заслын аргаар авсны дараа шүднүүдээ эмчлүүлж янзлуулах түүний дараа мах идэх боломжтой болох юм байна. Үүнээс болоод хохирогч сэтгэл санаагаар маш их хямарч байгаагаас гадна бие махбодын хувьд асар их зовиур шаналгаатай байна.

Д.М нь өөрийн гэм бурууг хүлээж хохирлыг чинь бүрэн барагдуулна гэж удаа дараа амлаж тайвшруулсаар байсан тул хохирогч М.О түүнд маш их итгэж байсан гэдэг. Гэвч одоо туслахаас татгалзаж байгаа нь өмгөөлөгчийнх нь гомдлоос харагдаж байна. Тиймээс Д.М нь хүний биед гэмтэл учруулж сэтгэл санааны болон бие махбодын шаналал зовиур үүсгэсэн тул хэргийг зөв зүйлчлүүлэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаана уу. Шүүх хуралд хохирогчийн хамт оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтдээ: ......шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Б” овогт Д-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Д.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн гэм хорын хохиролд 26.747.600 төгрөгийг Д.Мгээс гаргуулж хохирогч М.Од олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч эс зөвшөөрч “...бусдад учруулсан бодит хохиролд зөв үнэлэлт дүгнэлт хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм хорын хэмжээг бодитой тогтоож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-н давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл:

Б” овогт Д-н М нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Калм гэх пабд М.Огийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.О, гэрч П.Б, Х.Б, П.Н нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8102 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

Харин ийнхүү шаардах эрх нь “эмчилгээний зайлшгүй зардал” гарах тохиолдолд үүсэх бөгөөд хохирогч М.О нь цаашид эрүү нүүрний мэс засал эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэм хорын хохиролд тооцож гадаад улсад эмчлүүлэх эмчилгээний зардал болон нислэгийн төлбөр зэргийг шүүгдэгч Д.Мгээс урьдчилан гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

Хохирогч М.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эм авахад 280.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ний өдөр шинжилгээний төлбөрт 22.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эм авахад 5.200 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр толгойн компьютер томографф шинжилгээ хийлгэхэд 90.000 төгрөг, мэс засал эмчилгээ хийлгэхэд 507.960 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 8.000 төгрөг, нийт 913.160 төгрөг зарцуулсан баримт хэрэгт нотлох баримтаар цугларчээ.

Мөн хохирогч нь цалин 3.700.771 төгрөг нэхэмжилсэн боловч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 267.165 төгрөгийг ажил олгогчоос, мөн 587.762 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас тус тус авсан нь эмнэлгийн 1024190, 121272 дугаартай хуудасны хуулбарууд /хх 123-124/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн эмчилгээ, эм тарианы үнэ, шинжилгээ, үзлэг хийлгэсэн гэх 913.160 төгрөг, цалин 2.845.844 төгрөг, нийт 3.759.004 төгрөгнөөс хохирогчид өгсөн 2.000.000 төгрөгийг хасч үлдэх 1.759.004 төгрөгийг шүүгдэгч Д.Мгээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Д.Мд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ сар бүр гаргуулах торгуулийн хэмжээг тогтоогоогүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.О нь “...зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байна...” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “...энэ гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед үүсгэгдсэн байхыг ойлгох бөгөөд харин тухайн гэмтэл учирсны дараа дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд дээрх зүйл, хэсэгт хамаарахгүй болохыг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Мд анхааруулсугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Д.Мгээс 26.747.600 /хорин зургаан сая долоон зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг” гэснийг “Д.Мгээс 1.759.004 /нэг сая долоон зуун тавин есөн мянга дөрөв/ төгрөг гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хохирогч М.О нь гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР