Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00559

 

 

 

 

 

2024 06 10 151/ШШ2024/00559

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.М-д холбогдох,

Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох, М.С-ын эцэг биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч И.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.М-д холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох, М.С-н эцэг биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. С.Б нь Н.М-тай 2007 онд танилцаж, хамт амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр том хүү Б.И төрсөн. 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б.Э төрсөн. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.М төрсөн. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бага охин М.С төрсөн. С.Б би хүүхдүүд болох Б.И, Б.Э, Б.М нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй. Мөн бага охин М.С нь миний хүүхэд биш юм. Шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гаргахдаа С.Б-н хүүхэд гэж тайлбар баримтгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. М.С нь ээж Н.М-р овоглодог. Хүүхдүүдтэй огт уулзуулахгүй байна. Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдүүдтэйгээ уулзаж хамт байх эрхээр хангуулах хүсэлтэй байна. Иймд Б.И, Б.Э, Б.Мөнхсэргэлэн нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн бага охин М.С миний хүүхэд биш болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нарангэрэлийн Мөнхзул миний бие Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Цэргийн байрны ** тоотод өөрийн төрсөн хүүхдүүд болох Б.И, Б.Э, Б.М, М.С нарын хамтаар амьдардаг. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн *********** дугаартай шийдвэрээр Б.И, Б.Э, Б.М, М.С нарыг миний асрамжид тогтоон шийдвэрлэсэн. М.С нь С.Б-н төрсөн охин нь бөгөөд 2022 онд шүүх хуралдааны үеэр миний бие эцэг тогтоолгоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Миний бие С.Б-г хүүхдүүдтэй нь уулзахыг хориглосон зүйл огт байхгүй, утсаар холбогдож ярихыг хязгаарласан зүйлгүй болно. С.Б бага охин М.С нь миний охин биш гэж тогтоож өгнө үү гэж нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Бид хоёр нь 2017 онд тус тусдаа амьдарч байхад ирж, очиж байхад хүүхэд олсон байсан. Тэгээд охин М.С төрсөн юм. Тусдаа амьдарч байсан учир би охиноо өөрөө овоглодог юм. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ********* дугаартай шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, С.Б-н байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Б.И, Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар, С.Б, Н.М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.И, Б.Э, Б.М нарын сургуулийн тодорхойлолт, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, М.С-н төрсний гэрчилгээний хуулбар, Б.М-н төрсний гэрчилгээний хуулбар, Б.И, Б.Э, Б.М, М.С нарын эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт, Н.М-н иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ********** дугаартай тэмдэглэл, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн *********** дугаар шийдвэрийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ************* дугаар захирамж зэргийг ирүүлсэн.

4. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ********* дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.М-д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох, М.С-н эцэг биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ********* дүгээр шийдвэрээр иргэн Н.М, С.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.И, охин Б.Э, хүү Б.М, охин М.С нарыг эх Н.М-ын асрамжид үлдээж, дээрх 4 хүүхдийг тус бүр эцэг С.Б-р сар бүр тэжээн тэтгүүлж, хүүхдүүдийг эцэгтэй нь хүссэн үед нь саадгүй уулзуулж байхыг нэхэмжлэгч Н.М-д үүрэг болгож тус тус шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд талуудын тайлбарласнаар уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа нь тогтоогдов.

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа үндэслэлээ Надтай хүүхдүүдийг маань уулзуулахгүй, эмээ дээр нь аваачиж өгөөд орхисон байна. Мөн оршин суух хаягийг нь байнга өөрчилж, холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдлыг хариуцагч Н.М бий болгож байна гэх боловч үүнийг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэрэв хүүхдүүдтэй уулзах боломжийг хариуцагч хязгаарлаж, хориглож байгаа тохиолдолд энэ нь ямар бичгийн баримтаар тогтоогдсон, уг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, мөн хүүхдүүдийг эцэгтэй нь чөлөөтэй, хүссэн үед нь уулзуулахгүй байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн эсэхийг, цаашлаад нэхэмжлэгч нь 3 хүүхдийг өөрийн асрамжид авсан тохиолдолд тэдэнд биечлэн анхаарал, халамж тавьж чадах эсэх, хүүхдүүдийг ямар орчин нөхцөлд амьдруулах гэж байгаа тухайгаа тус тус нэхэмжлэгч нотлох шаардлагатай ба шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийх ёстой.

Иймд эдгээр үйл баримтыг нотлох баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй тул өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 3 хүүхдийн асрамжийг өөрчилж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

3. Нэхэмжлэгчийн М.С-н эцэг биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд

Охин М.С нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн ба түүний асрамжийг эхэд үлдээж, эцэг С.Б-р тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч С.Б, М.С-н эцэг биш болох нь тогтоогдсон ба үүнийг шүүхийн шийдвэрээр дахин тогтоох шаардлагагүй байна.

4. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхзулд холбогдох Хүү Б.И, охин Б.Э, хүү Б.М нарын асрамжийг өөрчлөн тогтоолгох, мөн охин М.С-н эцэг биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М-д холбогдох Хүү Б.И, охин Б.Э, хүү Б.М нарын асрамжийг өөрчлөн тогтоолгох, мөн охин М.С-н эцэг биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА