| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00407/И |
| Дугаар | 151/ШШ2024/00563 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00563
2024 06 12 151/ШШ2024/00563
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б,
Нэхэмжлэгч: Б.Ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Х холбогдох,
Гэм хорын хохиролд 1.755.856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Б.Ц, хариуцагч Б.Х, иргэдийн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б, Б.Ц нар хариуцагч Б.Х-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.755.856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Н.Б миний бие 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б.Ц болон худ н.Х нарын хамт Улаанбаатар хот руу явж байгаад 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Цав хангай гэх газарт Б.Х нь урсгал сөрж ирэн миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарч тухайн ослын улмаас манай худ н.Х нь нас барж, Б.Ц болон миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Энэ хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ********* дугаартай магадлалаар Б.Х-г гэм буруутайд тооцож хохирогч нарыг энэ хэрэгтээ холбогдон гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Энэ осол болсноос хойш бидний эрүүл мэнд хэвийн биш болж, өвчин намдаах эмийн тогтмол хэрэглээтэй болсон. Хэрэг шийдэгдсэнээс хойш бид Улаанбаатар хот болон Архангай аймагтаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн зардал, мөн энэ хугацаанд эмнэлгээс гадуур хэрэглэсэн эм тарианы мөнгө зэргийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Х-с эмчилгээний болон бусад зардал нийт 1.755.856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц, Н.Б бидэнд олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Х миний бие Б.Ц, Н.Б нарын гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад 1.755.856 төгрөгийг өнөөдөр төлөх боломжгүй. 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөх боломжтой гэв.
3. Нэхэмжлэгч Б.Ц, Н.Б, хариуцагч Б.Х нарын хооронд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Л сумын 1 дүгээр багийн иргэн Б.Х миний бие Б.Ц, Н.Б нарын нэхэмжилсэн 1.755.856 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хаан банк дахь ******* дугаар дансанд төлөхийг мэдэгдэж баталгаа гаргасныг Б.Ц, Н.Б бид хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь эмчилгээний зардал 1.755.856 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр харилцсан тохиролцож талууд эвлэрэв гэжээ.
5. Нэхэмжлэгчээс Б.Ц, Н.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эм, тарианы болон бусад зардлын баримтууд, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ********* дүгээр магадлалын хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ******** дүгээр магадлалаар Б.Х-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Х-с 6.118.011 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д, 3.800.367 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-т тус тус олгож, мөн хохирогч нар энэ хэрэгт холбогдон гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Ингээд нэхэмжлэгч Б.Ц, Н.Б нар хариуцагч Б.Х-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.755.856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан.
Уг гэрээнд зааснаар Б.Ц, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлага болох 1.755.856 төгрөгийг хариуцагч Б.Х нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Б-н Хаан банк дахь ********** дугаар дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц, Н.Б нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамж 43.044 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулна.
4. Энэхүү шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлага болох 1.755.856 төгрөгийг хариуцагч Б.Х нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Б-н Хаан банк дахь ********** дугаар дансанд шилжүүлэхээр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц, Н.Б нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамж 43.044 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ