Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0338

 

    2024          04           15                                   128/ШШ2024/0338

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                                          Нэхэмжлэгч: Ч.Ө*******,

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар, тус газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д*******, Э.О нарын хоорондын төрийн албаны хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, Д.Б, хариуцагч Х.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Ө*******ыг урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ч.Ө*******ыг Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилох болсон захиргааны байгууллагын үргэлжилсэн шинжтэй шийдвэр үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Ч.Ө*******ын 1 дүгээр улирлын ажлыг үнэлсэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны УХ01-05/48 дугаартай илтгэх хуудсыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч Ч.Ө******* нь Төрийн албаны зөвлөлд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргаж, хариуг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/2299 дугаар албан бичгээр авч, шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллах болсныг мэдэгдсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд ажиллах хөдөлмөрийн хөлс авах зэрэг үндсэн эрхийг хөндөж байгаа,

3.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг болон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг журам, 26 дугаар зүйлд заасан томилох үндсэн шалгуур, 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулах, томилох заалтуудыг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар томилохоор шийдвэрлэсэн,

3.3. Хуульд түр орлон гүйцэтгэхээр шилжүүлэн ажиллуулах хугацаа зааж шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Түр орлон гүйцэтгэж байгаа бол орлон гүйцэтгэх нэгжийн албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулдаг хуулийн зохицуулалттай. Гэтэл тодорхой хугацаа заахгүйгээр ажлын байр судлагдах үйл явц буюу ийм явц, харин сэлгэн ажиллуулах тохиолдолд тодорхой хугацаа зааж, ингэхдээ төрийн албаны албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр баримтжуулаад 2 жил хүртэл байхаар хуульд заасныг зөрчсөн,

3.4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21.2, 23.1, Иргэний болон улс төрийн хүний эрхийн фактын 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн А, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн С дэх хэсэгт заасан гагцхүү ажилласан хугацаанд мэргэжилд нь үндэслэн зохих дээд шатны ажилд дэвших, адил боломжийг хүн бүрд олгох гэснийг, Иргэний эрхийн фактын 25 дугаар зүйлийн С хэсгийг зөрчсөн. Шударгаар тэгш үүрэг гүйцэтгэж, бусдын боломжийг хаасан хууль бус томилгоо хийх гэсэн үйлдэл гэж ойлгосон гэжээ.

4. Нэхэмжлэгч Ч.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө******* миний бие 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/700 тушаалаар анх Гадаадын иргэн, харьяатын газарт мэргэжилтнээс нь эхлээд чөлөөлөгдөх хүртлээ тус байгууллагад ажиллаж байсан. Мэргэжилтэн, улсын байцаагч, байцаагчаар ажиллаж байсан. Ингээд ажиллаж байх явцад 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгууллагын даргын Б/113 дугаар тушаалыг гаргасан. Энэ тушаал гарах болсон шалтгаан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн байгууллагын нэгжийн дарга болох удирдлагын зүгээс удаа дараа үзүүлсэн шахалтын улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Тодруулах юм бол тус байгууллагын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Б******* 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өрөөндөө дуудаад чиний ажилласан жил туршлагыг чинь харгалзаад байгууллагын дарга санал болгосон, Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргаар шилжүүлэн томилохоор болсон, хүний өмнөөс дуугарч чаддаг хүн явуулах хэрэгтэй гэх зэргээр тулгах, ятгах оролдлого хийгээд гэр бүлтэйгээ ярилцаад хариугаа хэлээрэй гэсэн. Тухайн өдөр хариугаа хэлээрэй гэсэн атлаа ахлах түшмэлийн багц сургалтад нэр өгсөн байсныг маргааш өглөө нь ажилдаа ирээд мэдсэн. Сургалт хариуцсан мэргэжилтнээс энэ талаар олж мэдсэн. Энэ талаар тодруулаад асуухад тухайн ажилтан би мэдэхгүй, өчигдөр л энэ дарга нар чиний нэрийг явуул гээд явуулчихсан. Чиний и-мэйлээр удахгүй хичээлийн хуваарь очно. Ингээд ахлах түшмэлийн сургалтдаа сураарай гэдэг зүйлийг хэлсэн. Би гайхаад нэгжийн даргатай утсаар холбогдоход нэгжийн дарга тухайн үед шүүх хуралтай байсан. Тэгээд утсаар холбогдоод “дарга аа хөдөө явна гэж хэлээгүй байхад миний нэрийг ингээд сургалтад өгчихсөн байна гээд тодруулахад Х.Б******* дарга ихэд дургүй байсан. Тэр даруйд байгууллагын даргатай уулзах гээд орсон боловч намайг хүлээж аваагүй. Тэгэхээр нь Захиргаа удирдлагын газрын Д.Д******* дарга дээр орж уулзсан. Яагаад миний нэрийг ингээд сургалтад өгсөн юм бэ гээд, Баян-Өлгий явна гэж би хэлээгүй байхад удирдлагууд ийм байдлаар миний нэрийг ахлах түшмэлийн багц сургалтад өгчихсөн байна шүү дээ гэсэн. Тэгэхэд Д.Д******* дарга юу гэж хэлсэн гэхээр “сургалтад нэр явуулсан нь одоохондоо томилчхоогүй байна, одоохондоо томилсон шийдвэр гараагүй байна, сургалтдаа сууж бай” гэдэг байдлаар л хэлсэн. Ингээд сургалтдаа суугаад явж байсан. Гэтэл 1 сарын дараа буюу 3 дугаар сарын 16-ны өдөр Захиргаа удирдлагын газрын даргаас намайг дуудсан. Д.Д******* дарга, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн н.Ш нар дуудаад 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай мэдэгдлийг өгсөн. Энэ мэдэгдлийг өгөхдөө мөн тэмдэглэл бичсэн. Энэ мэдэгдлийнхээ үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 44.5-д заасныг бариад Ч.Ө******* нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан ахлах түшмэлийн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа гэж мэдэгдэлд дурдсан. 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллах болсныг мэдэгдэж байна гэдэг. Зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд ажиллах хөдөлмөрийн хөлс авах зэрэг үндсэн эрхийг хөндөж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг болон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг журам, 26 дугаар зүйлд заасан томилох үндсэн шалгуур, 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулах, томилох заалтуудыг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар томилохоор шийдвэрлэсэн.

Төрийн албаны зөвлөл нь Хүний эрхийн комиссоос хариу ирүүлээгүй байна, манайхаас 2 удаа албан бичиг хүргүүлсэн, ямар нэг байдлаар хариу өгнө гэсээр байгаад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/2299 дугаар албан бичгээр дээрх гомдлыг судалсан талаарх хариугаа надад өгсөн. Тус зөвлөл нь тухайн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмаа умартаж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын дагуу явуулаагүй. Гомдолд орсон асуудал дээр хяналт шалгалтын ямар ч ажиллагаа хийгээгүй, гомдлыг нь судалсан нэр төдий байдлаар хариу өгч байгаа нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг харах бүү хэл, хууль баримталж ажилладаггүй болохоо илэрхийлсэн.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 75.1-д зааснаар томилох этгээд болон төрийн албан хаагч уг албан тушаалд нэр дэвшигчийн оронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмын дагуу ажиллагаа бол огт хийлгүйгээр гомдлын хариуг өгч байгаа нь бол хуульд нийцээгүй. Мөн Төрийн албаны зөвлөл миний гаргасан гомдолд дурдсан үнэлгээ буруулсан асуудлын талаар огт дурдаагүй. Бусад төрийн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гомдол дууссан асуудал хязгаарлагдахгүйгээр тус байгууллагын төрийн албанд хөдөлмөрийн харилцаанд мөрдөх хууль тогтоомжийг сахин биелүүлж мөрддөг эсэх, томилох үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгаа хангагдаж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаач гэдэг мэдээллийг би гомдолдоо хамт дурдсан. Гэвч энэ талаар Төрийн албаны зөвлөл ямар ч ажиллагаа хийгээгүй. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын Баян-Өлгий аймагт түр орлон гүйцэтгэж, шилжүүлэн томилох гэсэн захиргааны байгууллага үргэлжилсэн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаа нь төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус байсан болохыг тогтоож, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын УХ01-05/48 дугаар илтгэх хуудсыг хүчингүй болгож, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэдэг нэхэмжлэлээ гаргаж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрийн санаачилга биш байсан нь харагдаж байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа биш гээд байна. Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолыг заачихсан юм. 33 дугаар тогтоолд ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр гаргасан хүсэлтийг өөрийн хүсэлтээр гэж ойлгоно гэсэн. Гэтэл Ч.Ө*******ын зүгээс өөрийн хүсэлт огт байгаагүй, зөвхөн Баян-Өлгий аймагт шилжин ажиллах боломжгүй тухай хүсэлтээ гаргаж байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 61.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах төрийн албан хаагчийн баталгаа, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэсэн заалтуудыг мөн зөрчиж байгаа юм.

Нөгөөтээгүүр өөрийн хүсэлт байхгүй байхад ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд эрх зүйн зөрчилтэй гэдэгт хамаарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хамаарч байгаа гэж үзэж байгаа. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн тайлбараас өөр байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийх шаардлагатай байсан гэдэг үндэслэлээр гаргаж тавьсан. Энэ дээр бол зайлшгүй шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд гэдэгт хамаарч байгаа. Өөрийн хүсэлт биш гэдгийг нь тодорхой мэдэж байгаа. 2 дахь удаагийн уулзалтын тэмдэглэл дээр нэлээн мушгидаг, нөгөөтээгүүр ач холбогдолтой байдлаар тэмдэглэлээ өгсөн гэж харж байгаа. Хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ яг тухайн үеийн нөхцөл байдлыг бас сайн бодоод үзэх хэрэгтэй. Олон удаагийн дуудсан уулзалт дээр яг ингээд суугаад уулзаж байгаа, тулгаж байгаа үйл явдлуудыг сайн анхаарч үзэх хэрэгтэй. Үндсэндээ бичгээр цаасаар үйлдэгдсэн байгаа боловч үндсэндээ хүний амьдрал, хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл, бүх зүйлүүд яригдаж, түүн дээр илэрч байгаа гэж харж байгаа. Тэгэхээр тухайн үеийн яг дарамт шахалттай нөхцөл байдлууд сүүлийн хүсэлт дээрээ ч гэдэг юм уу, ийм тоймтой хариу өгөх боломжгүй, хоёр хүсэлтээ хоёуланг нь гаргаад өгчихсөн. Эхний хүсэлтэд нь захиргаа хариугаа хэлнэ гэж ойлгож байсан. Гэтэл 3 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтийг нь хаачхаад 4 дүгээр сарын 13-ны өдөр уулзахдаа өмнөх хүсэлтийг чинь шийдвэрлэсэн, хаасан, чамайг явуулахаа больсон гэдэг зүйлийг хэлдэг. Түрүүнд хариуцагчаас асуулт асуухдаа танай байгууллагад гомдол хянан шийдвэрлэхтэй холбоотой журам байгаа юу гэхэд байхгүй гэдэг тайлбар өгсөн. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, түүнийг шийдвэрлүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсвэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах, утсаар эсвэл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гээд 5 дугаар хэсэг дээр нь хариуг амаар харилцах, утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ гээд даруй хариу хэлэх тухай заасан байгаа юм. 3 дугаар сарын 31-ний өдрийн энэ хаасан байдалтай, эхний өргөдлийг нь шийдвэрлээгүй байдлаа 4 дүгээр сарын 13-ны өдрийн уулзалтаар хэлж байгаа нь үндэслэлгүй. Цэвэр дарамт шахалттай холбоотой зүйл байсан гэж харж байгаа.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд сонгон шалгаруулалт явуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан журмыг баримтлах ёстой байсан. Мэдэгдэл дээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан шаардлагыг хангасан гээд байгаа. Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлага тавьж байсан. Мэдэгдэл анхнаасаа хууль бус явсан буюу мэдэгдэл худал байсан. Төрийн албаны тухай хуулийн 23.2.3-д заасан шаардлагыг хангаагүй байсан. Үүнийг албан тушаалтан Ч.Ө*******ын зүгээс мэдэж байсан. Би шаардлага хангахгүй гэдгээ хэлсэн, чи сургалтдаа суу гэсэн, үндсэндээ бол яв гэсэн ийм зүйл байгаа.

Иймд шаардлага хангахгүй байгаа албан тушаалтныг шахаад шаардлага хангуулж, үндэслэлгүй томилолт хийх гэж байсан, хийлгэх гэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах зохицуулалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэх тохиолдол үүсээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 28.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй гэж зааснаар Ч.Ө******* төрийн албанд хугацаагүй томилогдсон. Түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа тохиолдолд энэ эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэсэн үг. Түр орлон гүйцэтгэгчийг хугацаатай томилно. Жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй гэсэн үг. Шилжүүлэх, сэлгэх, түр орлон гүйцэтгэгч гэдгийн яг аль нь болох нь мэдэгдэхгүй байгаа юм. Өмнө томилогдсон албан тушаалтнуудын тухайд сэлгэнээр явсан байдаг. Ч.Ө*******ын тухайд түр орлон гүйцэтгэгч гэдэг зүйл ярьдаг. Шилжүүлэхийг нь цуг аваад явна гэсэн зүйл ярьдаг. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д энэ хуульд заасан журмыг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гээд заачихсан. Тухайн түр орлох тохиолдол нь үүсээгүй, нөгөөтээгүүр төрийн жинхэнэ албан хаагч байдаг, хугацаагүй томилогдсон байгаа ийм албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр тогтоогоод эрх зүйн байдлыг нь догдлуулах гээд ийм үйл ажиллагаа явсан гэж харж байгаа.

Үнэлгээний дүнгийн тухайд өмгөөлөгчийн дурдсанаар 2010 оны 8 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа. Энэ тогтоолд хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь захиргааны актад хамаарч байгаа талаар бол дурдагдсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан 6 шинжээр хангаж байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 24-36 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн 2020-2022 оны үнэлгээ, түүний хувийн хэргээс үзвэл хангалттай маш сайн үнэлэгдэж ирсэн гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн илтгэх хуудсаар үнэлэхдээ 62,86 оноогоор үнэлсэн нь үндэслэлгүй байна.

2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа н.Гтэй холбоотой зүйлийг ярьдаг ч энэ бол нотлогддоггүй. Хэзээ ийм зүйл болсон нь тогтоогддоггүй ийм зүйл байгаад байгаа. Ёс зүйн хандлагаараа хангалтгүй гээд үнэлгээг нь бууруулж байсан хэрнээ яг тухайн цаг хугацааныхаа өмнөхөн шилжүүлэн томилъё, тушаал дэвшүүлье, Баян-Өлгий аймгийг очоод цэгцэл ч гэдэг юм уу, ингээд албан тушаалтныг сайшаасан мэтээр ингэж яриад байгаа юм. Эсвэл яг сайшаагаад байгаа юм уу, өмнө нь зөрчил гаргасан юм уу гэдэг нь тодорхойгүй зөрчилтэй зүйлүүд яриад байгаа гэсэн үг.

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан үнэлгээтэй холбоотой журмын зохицуулалтуудыг ярьдаг. Эдгээрийг дэмжиж байна. Үнэлгээ хийхдээ зайлшгүй ярилцлага хийж, түүнийгээ баталгаажуулах, тэмдэглэл үйлдэх зохицуулалтуудтай. Хөдөлмөрийн дотоод журмаар нь A, B, C үнэлэх боломжтой. D үнэлэх боломжгүй байгаад байгаа. Үүнийг л яг эрх зүйн зөрчил гээд байгаа юм. Үнэлгээтэй холбоотой Засгийн газрын журмыг баримтлаагүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмаа баримтлаагүй байгаа юм. Эрх зүйн зөрчилтэй үнэлгээ гарсан байна гэж үзэж байгаа. Гэрчийн мэдүүлгүүд дээр яг энэ нөхцөл байдлууд нь тогтоогдож байгаа. Үнэлгээ хийсэн н.Д******* нь өөрөө 62,86 оноогоор үнэлэх хүн биш гээд 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээр үлдсэн. Байн байн дуудаад яв гээд байгааг дарамт шахалт гэж үзсэн гэдэг байдлаар дарамт шахалттай холбоотой зүйл байсныг хэлж байгаа. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох хэсгийг үндэслээд энэ бол хариуцлага хүлээлгэдэг заалт гэдэг зүйл ярьдаг.

Ажлаас чөлөөлсөн тушаал, түр орлон гүйцэтгэгчийг шилжүүлэн томилохтой холбоотой захиргааны үйл ажиллагаа, үнэлгээний дүн зэрэг нь эрх зүйн зөрчилтэй байна. Аль аль талаасаа харахад шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, материаллаг зохицуулалтуудыг зөрчсөн зөрчилтэй захиргааны актууд учраас хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох эсэх дээр хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө*******ыг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халсантай холбоотой маргааны тухайд бол байгууллагын үргэлжилсэн үйлдэлтэй үйл ажиллагаа энд явсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. За яагаад вэ гэхлээр анх 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Б******* өрөөндөө дуудаж, Баян-Өлгий аймгийн хэлтсийн даргаар томилогдох буюу сэлгэн ажиллуулах гэдэг зүйлийг ярьсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар сэлгэн ажиллуулах асуудал яригдаж байгаа. Үүний дараа маргааш нь буюу 2023 оны 02 сарын 17-ны өдөр Удирдлагын академийн ахлах түшмэлийн сургалтад нэр явуулсан тухай мэдэгддэг. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай мэдэгдэл ирдэг. Тухайн мэдэгдлийн агуулгад Төрийн албаны тухай хуулийн 44.5-д зааснаар шилжүүлэн ажиллуулах гэдэг агуулга бичигдсэн байгаа боловч, яг энэ агуулга дээрээ Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэгч гэдэг маань Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан асуудал юм. Сая хариуцагч нар ярихдаа Ч.Ө*******ыг албан тушаал дээшлүүлээд буюу эрх зүйн байдлыг дээрдүүлээд явж байна гэдэг зүйлийг хэллээ. Гэтэл мэдэгдлийн агуулгаас миний үйлчлүүлэгч Ч.Ө******* ярихдаа энэ мэдэгдлийг аваад Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга нь сэлгэн ажиллуулах 44.2, 44.5 буюу шилжүүлэн ажиллуулах, 42.1 буюу түр орлон гүйцэтгэгч гэдэг Төрийн албаны тухай хуулийн 3 өөр агуулга энд яригдаж байгаа. Энэ байдлаасаа харах юм бол түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаа тохиолдолд хэлтсийн даргын албан үүргийн тусгай шалгалтад тэнцэхгүй тохиолдолд тухайн хүн маань өөрөө ажилгүй болох эрсдэлтэй. Түр орлон гүйцэтгэгч. Тэгэхээр үйлчлүүлэгч маань үндсэндээ Улаанбаатар хотод байгаа Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраа хяналтын улсын байцаагчаасаа чөлөөлөгдөөд Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албаны түр орлон гүйцэтгэгчээр очоод тусгайлсан шалгалтад тэнцэхгүй тохиолдолд энэ хүн ажилгүй болох байсан.

Дараагийнх нь нэг агуулга нь үнэлгээний асуудал яригдана. Үнэлгээний асуудал 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүсэлтээ өгсөн юм чинь 4 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээ цаг хугацааны хувьд хамааралгүй гээд тайлбарлаад байгаа юм. Энэ чинь ердөө л 4 дүгээр сарын 17-ны өдөр 1 дэх өдөр байсан. 4 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш тушаал чинь гарчихсан шүү, ирж аваарай гэдэг зүйлийг ярьдаг. 4 дүгээр сарын 17-ны 1 дэх өдөр очоод аль тушаал нь гарсан юм бол гэтэл 3 дугаар сарын 29-ний өдрийн чөлөөлж өгөөч гэдэг тушаалыг гаргасан байдаг. Гэхдээ 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тасралтгүйгээр яг ийм үргэлжилсэн байдлаар Баян-Өлгий рүү явуулах энэ асуудлыг үргэлжилсэн үйлдлээ л хийж байсан. Тэрний нэг нь 4 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээ. Ёс зүйн харилцаа, хандлага муу гэдэг дээр үнэлгээг бууруулсан гэдэг.  Хандлага, ёс зүйн харилцааг бууруулсан бол Засгийн газрын 218 дугаар тогтоолын 3, 4-өөр ярилцлага хийн гарын үсэг зуруулан баталгаажуулна. 4.9.3-аар хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг багаар ажиллах чадвар 15 оноогоор үнэлнэ 4.11-д энэ журмын 4.9.3-д заасан албан хаагчийн ёс зүйн хандлага, ур чадварын үнэлгээний багаар ажиллах чадварыг нэгжийн хамт олноор үнэлүүлэх ажлыг нэгжийн дарга зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцаар нэгтгэн үнэлгээнд тооцуулна. Гэтэл Х.Б******* даргын 4 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээ дээр өөрөө Монгол Улсад байгаагүй юм байна, өөрөө ярилцлага хийгээгүй юм байна, бусад албан хаагч нараас нь тухайн саналыг нь аваагүй юм байна. Аваагүй байж өөрөө субьектив байдлаараа шууд ёс зүйн харилцаа, хандлага дээр нь 50%-ийг нь бууруулж 5 оноо өгсөн байгаа юм. Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод журам хэрэгт авагдчихсан байгаа. Хэрэгт авагдсан дотоод журмын 10.17-д яг энэ агуулгаар гэхдээ хариуцагч нар хагас жилээр дүгнэдэг гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл дотоод журмын 10.17 дээр улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнг нь үнэлж гэж байгаа. Дотоод журам дээрээ өөрсдөө улирлаар нь дүгнэж болно гэчихсэн. Мөн  энэ дээрээ ярилцлага хийгээд удирдлагын асуудал хариуцсан, үнэлгээний хуудас тэмдэглэн захиргаа удирдлагын асуудал эрхэлсэн нэгжийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид хүлээлгэн өгнө гээд тэмдэглэл үйлдэгддэг. 10.21-д  урамшуулал хамгийн сайн үнэлэгдэх юм бол урамшуулал олгох энэ зохицуулалтыг хөдөлмөрийн дотоод журмаараа тусгаад тогтоогоод өгчихсөн. Гэтэл өнөөдөр ямар ч үндэслэлгүйгээр энэ төрийн албан хаагчийн үнэлгээг 62 оноо тавьчхаад тэр нь үндэслэл байхгүй. 62 оноогоор үнэлэх үндэслэл нь өөрөө юу юм бэ гэхлээр бусдаас гомдол мэдээлэл ирсэн гэдэг юм ярьдаг. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй, нотолгоогүй зүйлээр үндэслэл болгож ярьж байгаа юм. Тэгэхээр эдгээр үндэслэлээр буюу захиргааны энэ үргэлжилсэн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн. Дараагийн төрийн байгууллагад орсон ч энэ төрийн байгууллагын үнэлгээ хэвээр үлддэг. Төрийн албаны тухай хууль, журмуудаараа энэ үнэлгээ дахин өөрчлөгдөх боломжгүй байдаг учраас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Энэ үнэлгээтэй холбоотой анх Төрийн төрийн албаны зөвлөлд гомдол гаргахдаа энэ агуулгаар дурдсан боловч Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт хийгээгүй. Тийм учраас шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагатай хамт оруулж ирсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэв.

7. Хариуцагч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэгжийн дарга намайг шахаад янз бүрээр байгууллагын удирдлагууд нэгжийн даргаас шахалтаа үзүүлсээр байгаад би энэ байгууллагад ажиллах боломжгүй болоод арга буюу өргөдлөө өгөөд гаргасан гэж ингэж тайлбарлаж байна. Миний зүгээс шахаж байгаа асуудал нь болохоор үнэлгээг бууруулсан, үнэлгээг бууруулахдаа Баян-Өлгий аймагт очиж ажиллахгүй гэсэн болохоор шахаж байна. Ингээд би өргөдлөө өгөөд гарахаас өөр аргагүй боллоо гэдэг. Гэтэл Ч.Ө******* маань өөрөө 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өргөдлөө гаргасан. Төрийн албанаас чөлөөлж өгөөч гэдэг хүсэлт. Үнэлгээ нь 4 дүгээр сарын 05-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанаас чөлөөлөхөд энэ дараагийн 7 хоногт нь гарсан үнэлгээ яаж нөлөөлөх вэ. Үүнийг дааж давшгүй дарамтад ороод төрийн байгууллагаас гарчихсан гэх ийм хохирогчийн зүгээс яриад байна. Ч.Ө******* бол муу биш, сайн албан хаагч. Үнэлгээг бууруулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Тухайн албан тушаалтанд мэдэгдээд өөр албан тушаалд сэлгэн ажиллуулж болно гэсэн заалтын дагуу Ч.Ө*******ыг дуудаад Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлыг чи өөрөө мэднэ. Өнгөрсөн жилүүдэд манайхаас 6 хүн тухайн аймагт очиж, 3, 3 сарын хугацаатай ажилласан. Ингээд байгууллагын удирдлагуудтай ярьж байгаад чамайг санал болголоо, ар гэртэйгээ тохироод ир. Байгууллагын даргын зүгээс машин тэргээр хангаад өгнө. Хүүхдүүд чинь сургуульд явдаг гэдгийг ойлгож байгаа. Тийм учраас шаардлагатай тохиолдолд чи өөрөө ажил төрлөө амжуулаад явж байгаарай гэсэн. За гээд гараад явсан. Баян-Өлгий аймагт тулгамдаад байгаа асуудлыг цэгцэлчих болов уу гэж найдаж явуулж байгаа шүү гэдгээ бас тайлбарласан.  Хэд хоногийн дараа манай эхнэр зөвшөөрөөгүй гэж Д.Д******* даргад хэлсэн байсан. Надад бол тийм юм хэлээгүй. Ингээд би Ч.Ө*******т чи Захиргааны удирдлагын газарт өргөдөл өгчхөөд байгаа юм уу, юун ажлаас гарах болоод явчхав. Чи хэдэн жил ажиллаж байгаа билээ. Одоо бүх юм оройтоогүй байна. Буцаж ороод уулз гээд, би өөрөө даргыг гуйсан. Гарах талаар энэ асуудал яригдаад байгаа учраас больчихъё. Үнэхээр хэцүү юм шиг байна гэж хэлсэн. Д.Д******* даргатай н.У******* дарга уулзсан байсан. Би Ч.Ө*******ыг дуудаж уулзаад, чиний эхнэр манай байгууллагын аливаа томилгоог зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг асуудал байхгүй. Чи өөрөө хуульч хүн. Энэ байгууллагад бүх хүмүүс хуульч мэргэжилтэй. Баян-Өлгий аймагт чамаас өөр хүн сонгохоор болчихлоо. Дарга удирдлагууд өөрөө тохирчихлоо, одоо чи зүгээр ажлаа хий, ийм амархан төрийн албанаас гарах хэцүү, гарч болно, буцаад ороход хэцүү, ийм хурдан шаламгай битгий шийдвэр гарга гэсэн. Ч.Ө******* нь эхнэртэйгээ ярьсан юм байгаад байгаа. Ер нь бол манай эхнэр намайг ажлаасаа гар гэдэг.  Өөрсдийнхөө хувийн юмнуудаа хийе, үгүй бол өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулъя, надад бодсон юм байгаа. Надад тэгэхээр санаа зоволтгүй гэхээр буцаад орох боломжтойгоор төрийн албанаас хагас жилийн ч юм уу авчиж болохгүй юу, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөх гээд байна шүү дээ гэж яриа болсон. Гэтэл энийг Ч.Ө******* тайлбарлахдаа тушаал чинь гарлаа, харж байгаа биз, гарлаа гэсэн маягаар л ярилаа.

Миний хувьд Ч.Ө*******тай хамт ажиллаж байсан нэгжийн даргын хувьд байгууллагын удирдлагууд Ч.Ө*******ыг сайшаасан маягтай ярьдаг. Тэр ч утгаараа Ч.Ө******* 2-3 удаагийн гадаад улс руу сургалт болон Америк улс руу хүртэл явж байсан.  Хууль зүйн яамны ажлын хэсгүүдэд оруулдаг байсан. Ер нь бол итгэл байгаа үүднээс л ингэдэг байсан болохоос Ч.Ө*******т дургүй болохоор ингээд энд тэндхийн ажлын хэсэг, сургалтад явуулаад, хэлтсийн даргаар томилуулах гээд хяналтын улсын байцаагчийг дэвшүүлэн явуулах нь логикгүй, гомдмоор байна. Үнэлгээний тухайд нэгжийн алба хаагчид байгууллагын алба хаагчидтай тухайн цалин дээр нь жоохон урамшуулал өгөх зорилгоор өгч байгаа юм. Тэрнээс энэ хүн сар болгон энэ урамшууллыг авах ёстой хүн бол биш. Энэ урамшууллыг өгөхийн тулд л бүгдийг нь автоматаар ямар ч л байсан урамшуулалд оруулахаар дүгнэнэ шүү гээд дүгнэдэг. Хяналтын улсын ахлах байцаагч н.Д******* гэрчээр оролцож байсан. Өмнө нь ирж ярьсан. Энэ хүн бол өдөр дутам байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. 1 өрөөнд суудаг. Хэн хэрхэн ажлаа явуулж байгааг хардаг учраас хамгийн бодитой үр дүнг тавьж орж ирдэг. Ингээд ахлах байцаагч бид 2 хамтраад оноогоо тавьсны дараа нэгжийн албан хаагчид танилцуулж гарын үсэг зуруулдаг. Зурахгүй байж болно гэж хэлдэг учраас энэ үнэлгээ дээр Ч.Ө******* гарын үсгээ зураагүй. Ч.Ө*******ыг хөдөө явахгүй гэхээр нь муу үнэлээд ингэчихсэн хэрэг биш. Энэ хүн бүр ажлаас гаръя гэдэг хүсэлтээ 3 дугаар сарын 29-ний өдөр гаргачихсан байхад би үнэлгээг 4 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн. Тэгэхээр үнэлгээ бол энэ хүний ажлаас гарах шалтгаан болоогүй гэж хариуцагчийн хувьд үзэж байгаа юм.

Дараа нь өрөөндөө дарамталсан, ажлын бус, ажлын үүрэгтэй холбогдолгүйгээр намайг ингэж ярьсан гэж байна. Тухайн үедээ энэ хүнтэй холбоотой тушаал шийдвэр ярьж байсан. Төрийн албанаас гарах уу, үгүй юу, гарахаар шийдсэн бол ямар өргөдөл гомдол, хүсэлт дээр гарах вэ, буцаад ороход нээлттэй байдлаар үлдээчих байдлаар бид хоёр ярьсан. Чи өргөдлөө ядаж өөрчилчих, эсвэл би байгууллагын дарга руу тохирчихлоо. Ерөөсөө чамайг хөдөө явуулах юм байхгүй болчихсон, шинэ хүн оронд чинь томилохоор больчихлоо, чи ажлаа зүгээр үргэлжлүүлээд хий гэж хэлсэн. Ч.Ө******* шүүхэд хандана гэсэн. Тухайн үед надад маш сонин санагдсан.  Өөрөө төрийн албанаас чөлөөлье гэдэг хүсэлт бичээд түүнийх нь дагуу тушаал гарах гэтэл шүүхэд хандана гээд байгаа юм. Би Ч.Ө*******т шүүхдээд явахад буцаад энэ хамт олон дундаа эвгүй гэж хэлсэн. Би хүний үүднээс л хэлсэн. Тэрнээс Ч.Ө******* дургүй гэсэн зүйл огт байхгүй. Ч.Ө******* бид хоёрын хооронд ямар нэгэн нэгэндээ муу санах шалтгаан байхгүй гэж боддог. Би Ч.Ө*******ын хүүхдийг эмнэлэгт хүртэл зуучлаад л явж байсан. Тийм биз дээ, Ч.Ө*******аа. Одоо чи тэр юмнуудыг мартах болоогүй. Үнэлгээ тавихад Монгол Улсад байсан, байгаагүй гэдэг дээр маргахгүй. Гэхдээ яг журмаараа үнэлгээг хийсэн. Ярилцлагын тэмдэглэл огт хийж байгаагүй, манай нэгж дээр ч байхгүй, бусад нэгж дээр ч ер нь байхгүй байгаа. Ярилцана гэдэг маань чамайг ингэж үнэлсэн шүү гэдгийг л ярилцлага гэж ойлгож байгаа гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос эхэлж энэ байгууллагад Дорнод аймаг дахь салбарын операторын албан тушаалаас эхлээд Захиргаа удирдлагын газар Тамгын газрын дарга хүртэл албан тушаалуудыг хашиж ирсэн. Өөрийгөө төрийн албаны мерит зарчмаар дэвшин ажиллаж байгаа албан хаагч гэж боддог.

Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргыг өөр газар нэгжээс гаднаас томилох болсон шалтгааныг нь тайлбарлая. Манай байгууллага хилийн боомтыг орон нутагт хариуцсан 7 хэлтэс бий. Үүнээс ганц шуурхай, бүрэн зохицуулалтыг хангасан нь Баян-Өлгий аймаг. Тус аймгийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт 2020 оны 3 сард хийгдээд, тухайн аймаг нь үндэсний цөөнхтэй, хоёрдмол харьяалал ихтэй, иргэний харьяаллын асуудал хурцаар тавигддаг ийм аймаг учраас Ховд аймгаас тухайн хэлтсийн төсөв санхүүг зохицуулах нь өөрөө алдаа дутагдалтай байна гэдэг шинжилгээ хийгээд, Баян-Өлгий аймгийн хэлтсийн төсвийн шууд захирагчтай уулзсан. Ковидын дараа буюу 2022 онд байгууллагын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн хоёрдмол харьяаллын асуудал шийдэгдэхгүй, он дамжиж байгаа асуудалд хяналт шалгалт хийсэн. Хэлтэс удирдаж байгаа хэлтсийн даргын үйл ажиллагаатай шууд холбоотой гэдэг дүгнэлтийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргад хяналтын ахлах мэргэжилтэн Г.Б******* гэж яригдаад байгаа энэ хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох боломжгүй. Хяналт шалгалтын явцад Г.Б******* албан хаагчдыг ялгаварлан гадуурхдаг, бүх зүйлийг өөрсдөө хийдэг, бидэнд мэдэгдэхгүй гэдэг ийм өргөдөл, гомдлууд нэлээд авагдсан байдаг учраас Г.Б*******ийг нэг хэсэг хугацаандаа томилохгүй, төвөөсөө хүн томилж ажлыг нь сайжруулах тухай шийдвэр гарсан. Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн н.Б*******г сэлгэн томилон ажиллуулсан. Н.Б*******г томилохдоо Төрийн албаны тухай хуульд зааснаар бол хяналтын улсын байцаагчаар томилоод ажил үүрэг хавсран гүйцэтгэх тушаалыг дүрэм журмын дагуу гаргаж хийсэн байгаа.

Энэ байгууллагын албан хаагчдын томилгоо, сонгон шалгаруулалттай асуудал байгаа бол энийг хянадаг байгууллага нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар байна. Төрийн албаны зөвлөл байна. Өнөөдөр ямар нэг акт шийдвэр тавигдаагүй явж байгаа учраас хууль тогтоомжийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж байна гэж хардаг. Явцын үнэлгээний талаар Ч.Ө******* гарах өргөдлөө өгөөд 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцсан нэгжийн дарга нь ажил үүргийнхээ дагуу эхэлсэн ажлыг нь үнэлсэн. 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө бараг 7 хоногийн өмнө өргөдлөө өгсний дараа үндсэн үнэлгээг яагаад Ч.Ө*******ыг дарамталж шахсан өргөдөл өгөх байдалд хүргэсэн гээд байна вэ. 7 хоногийн дараах юмаа урьдчилж хараад дарамталж шахсан гэж үзэж байгаа нь логикийн хувьд ч тайлбарлах боломжгүй зүйл байна гэж үзэж байгаа.

Улирлын ажлын үнэлгээ гэдэг нь явцын үнэлгээ байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг тогтоолоор. Явцын үнэлгээг улирлын ажлын үнэлгээ гэж явцын гэдэг нь энэ тогтоол дээр бичээтэй байна. Хагас, бүтэн жилийн ажлын үнэлгээ гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт гэдгээр байгаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинд үнэлэх аргачлал” батлагдсан. Нэгжийн дарга албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн мэргэжлийн түвшнийг үнэлсэн үнэлгээг үндэслэн үнэлгээний баг 6, 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан үнэлгээний мөрөөр авах хэмжээний саналыг гаргана. Нэгжийн даргын харьяалах нэгжийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшний үнэлэх түвшнийг хагас жилийн үнэлгээг 6 дугаар сарын 17-ны дотор, жилийн эцсийн үнэлгээг 12 дугаар сарын 17-ны дотор тус тус хийж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудсыг нэгтгэн үнэлгээний багт хүргүүлнэ.  Үнэлгээний баг үнэлгээний талаар албан ёсоор Ч.Ө*******т тавиагүй. Баян-Өлгий аймаг дахь албан тушаалд Г.Б*******ийг томилох болсон өргөдлөө эргэж харна уу гэдэг уулзалтын үеэр дараа би зүгээр хэлж байгаа юм шүү гэж хэлсэн. Тэр үед нь хэлж байсан үнэлгээний баг бол Засгийн газрын тогтоолоороо хагас, бүтэн жилийн үнэлгээг авч хэлэлцэх ийм заалттай. Би 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын буудал дахь агаарын замын боомт хариуцсан газрын даргаас миний сэлгэн ажиллах хугацаа дуусаад Захиргаа удирдлагын газрын даргаар томилогдож ирсэн учраас үнэлгээний багт томилогдож амжаагүй байсан. Улирлын ажлын явцыг нь үнэлээд албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж хууль тогтоомжийнх нь дагуу урамшууллыг нь бодож олгосон нь ингээд нэхэмжлэгчийн шаардлагаар буруутгах үндэслэл болоод хариуцагч болоод сууж байна. Хагас жилээр зөвхөн өвлийн урамшууллыг нь өгөх байсан юм уу, улирал болгон хийсэн ажил явцыг нь хүлээж гүйцэтгүүлэх байсан уу. Эрх зүйн байдлыг албан хаагчдын нийт албан хаагчдын эрх ашиг, эрх зүйн байдлыг бодож гаргасан шийдвэр. Ярилцлагын тэмдэглэл хийх тухай дурдаагүй. Ярилцлага хийж баталгаажуулж ирүүлнэ үү л гэсэн ийм нэг өгүүлбэр байгаа юм гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаад иргэн, харьяатын газрын даргын 2023 оны Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байгаа. Б/113 дугаар тушаал нь захиргааны байгууллагаас гаргаж байгаа захиргааны акт. Энэхүү захиргааны актад хууль зүйн үндэслэл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гарсан захиргааны актаа гэж үзэж байгаа. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-д зааснаар агентлагийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд албан тушаалаас чөлөөлөх, томилох бүрэн эрх олгосон. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн тушаал гарсан. Тус хуулийн 46.2.4-д зааснаар өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын газрын байцаагч Ч*******ын Ө*******ыг чөлөөлөгдөх хүсэлтийг харгалзан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлсүгэй, ажлыг зохих журмын дагуу хүлээлцэхийг даалгасугай гэсэн  захиргааны акт буюу байгууллагын даргын Б/113 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан. Мөн захиргааны акт гаргах процессын дагуу явагдсан. Хүчин төгөлдөр хуулийг үндэслэн гарсан тушаал учраас хууль зүйн хувьд хүчингүй болгох боломжгүй. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд мөн хүлээн авах боломжгүй. Энэхүү тушаал нь нэхэмжлэгч Ч.Ө*******ын өөрийн гараар бичсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн гарсан тушаал байгаа учраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжгүй.

Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргаар шилжүүлэн томилох гээд байна гэж маргадаг. Тэгэхээр одоогийн байдлаар Ч.Ө*******ыг 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон, Төрийн албаны тухай хуулийн 44.5-д заасныг үндэслээд шилжүүлэн томилсон шийдвэр бол ерөөсөө гараагүй байгаа. Тэгэхлээр энэ хүнийг шилжүүлэн томилсон гэж үзэх бүрэн үндэслэл байхгүй. Харин ч процессын явцад бол тухай бүр хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байсан. Хүний эрхийн зөрчил гарах байтугай хүний эрхийг нь байнга процессын явцад хангасан гэж хэлмээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 38.1.8-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлж өгнө үү гэж өргөдлөө бичсэн байгаа. Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах төрийн албан хаагчийн бүрэн эрхийн асуудал байна. Ажлаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгч Ч.Ө******* тухайн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс болон Төрийн албаны зөвлөлд хүний эрхийн зөрчил гарлаа гэдэг асуудлаар гомдол мэдээлэл өгч шалгуулж байсан материалууд байгаа. Хүний эрхийн үндэсний комисст 2 ч удаа, Төрийн албаны зөвлөлд 2 ч удаа өргөдөл гомдол шийдвэрлэгдэж байснаас хамгийн сүүлд өгсөн хариу буюу Хүний эрхийн үндэсний комиссын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 03/1022 дугаартай албан бичгээр “таныг Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргаар томилсон шийдвэр бол гараагүй байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Таны өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/2299 дугаартай албан бичгээр “таныг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Та гомдлоо шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй” гэдэг байдлаар ийм хариу өгсөн байна. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын Б/113 дугаар тушаал буюу Ч.Ө*******ыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тушаал гаргах хугацаанд явагдаж байсан процесс бол хүний эрхийн зөрчил дутагдал гарсан гэж үзэх үндэслэлгүй. Тухай бүр хүсэл зоригийг нь хангасан шийдвэр гарч байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохоор байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Ө*******ыг урьд эрхэлж байсан Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/700 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ч.Ө*******ыг тус газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр томилж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч.Ө*******ыг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/113 дугаар тушаалаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг харгалзан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Ө*******аас уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...албан үүргээ хангалттай биелүүлж ирсэн, өөр албан тушаалд шилжин ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж маргасан бол, хариуцагчаас “...өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлсөн...” гэж тайлбарлан маргасан.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай мэдэгдэлд “...Ч.Ө*******ыг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах болсныг мэдэгдэж,

5. Гадаадын иргэн, харьяатын газар, захиргаа удирдлагын газрын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд:

-Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д******* “...байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу албан тушаалын шаардлага хангаж байгаа бас өөрөө явахыг зөвшөөрсөн, тодорхой хугацаа  ч тохирсон гэж би ойлгосон, тэгэхээр Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  шилжүүлэн ажиллуулна. ХАСУМ буюу урьдчилсан мэдүүлгээ хийгээд баталгаажуулаарай..”,

-Хяналтын улсын байцаагч  Ч.Ө******* “... надаас зөвшөөрөл аваагүй, дарга нартай тохирсон зүйл байхгүй, надаас зөвшөөрөл авахгүйгээр шилжүүлж болохгүй шүү дээ, миний хувьд явах боломжгүй. ХАСУМ бөглөх юм бол би хүлээн зөвшөөрсөн болно шүү дээ, намайг өөрөө хүсээгүй байхад шууд ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад оруулсан...”,

6. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлд:

-Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д******* “...Баян-Өлгий аймагт өөр хүнийг ажиллуулахаар Авлигатай тэмцэх газарт бичиг явуулсан эхний нөхцөл байдал өөрчлөгдсөн болохоор сүүлд өгсөн чөлөөлөгдөх хүсэлтээ эргэж харах уу...”,

-Хяналтын улсын байцаагч Ч.Ө******* “...миний хувьд өргөдлөө өгсөн болохоор  эхний өргөдөлтэй хамтатгаж өргөдлийн хариугаа авмаар байна...” гэж,

7. Нэхэмжлэгчээс Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.У*******т 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргаж, “...албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэрийг хүлээн авах, гэр бүлээ орхин орон нутагт ажиллах боломжгүй тул одоогийн эрхэлж буй албан тушаалд хэвээр үлдээж өгөх”-ийг хүсэж, уг өргөдлийг өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалтанд өгснийг тэмдэглэсэн,

8. Нэхэмжлэгч Ч.Ө******* нь Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн тул Удирдлагын академийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А354 тоот тушаалаар сертификат олгосон,

9. Ч.Ө*******аас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “... Баян-Өлгий аймагт шилжин ажиллах боломжгүй тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт”-ийг гаргасан үйл баримтууд нотлогджээ.

10. Дээрх баримтуудаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай мэдэгдлээр Ч.Ө*******ыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаар Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах талаар мэдэгдэж, тус газрын Захиргаа, удирдлагын газраас Ч.Ө*******тай хийсэн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн болон 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн уулзалтын тэмдэглэлүүд, мөн түүний 2023 оны 3 дугаар  сарын 16-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын даргад хандан гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ч.Ө******* нь Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг хүлээн авах боломжгүй талаар удаа дараа мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хувийн шалтгааны улмаас Баян-Өлгий аймагт шилжин ажиллах боломжгүй тул төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад гаргаж, түүнийг үндэслэн тус газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ч.Ө*******ыг төрийн албанаас чөлөөлөх тухай Б/113 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасныг үндэслэн түүнийг төрийн албанаас чөлөөлсөн байна.

11. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч.Ө*******ыг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/113 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 д-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасныг удирдлага болгон Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Ч.Ө*******ын чөлөөлөгдөх хүсэлтийг харгалзан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын Гурвын 3.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна”, 3.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж зааснаас тусад нь тайлбарлан хэрэглэх боломжгүй юм.

12. Өөрөөр хэлбэл, сэлгэн ажиллуулах талаар төрийн албан хаагчтай урьдчилан тохиролцож өөрийнх нь зөвшөөрлийг авах, ингэхдээ  зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах талаар хууль тогтоогч болон хэм хэмжээний актад нарийвчлан журамласан бөгөөд тухайн тохиолдолд Ч.Ө*******ыг Баян-Өлгий аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын хэлтсийн даргаар сэлгэн ажиллуулах тушаал гаргаагүй хэдий ч томилох шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

13. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ө*******ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээс үзвэл Баян-Өлгий аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын хэлтсийн даргаар шилжин ажиллах боломжгүйн улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичгээр гаргасныг зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэхээргүй байна.

14. Учир нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.19-д “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж заасан хэдий ч мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн”, 41.2-т “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна” гэж зааснаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй юм.

15. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлээр зохицуулсан байх бөгөөд 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллах нөхцөлийг, харин 44.5-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно” гэж байгууллагын дотоодод өөр нэгж, албан тушаалд шилжүүлэх нөхцөлийг ялгамжтай байдлаар зохицуулжээ.

16. Тодруулбал, захиргааны байгууллагаас хүний нөөцийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах үйл ажиллагаа (шилжүүлэн томилох шийдвэр) нь “хуульд үндэслэсэн”, “зорилгодоо нийцсэн” байх бөгөөд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд, тухайлбал хүний нөөцийн дутагдлыг зохицуулах, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, эсхүл түүнд тохирсон ажлыг хийлгэх зэрэг объектив шалтгаан нөхцөл үүсэх тохиолдолд захиргаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах эрх олгосон зохицуулалт юм.

17. Дээрх зохицуулалтыг энэ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч Ч.Ө*******ын  хувьд төрийн жинхэнэ албан хаагч өөрөө зөвшөөрсөн гэх нөхцөл хангагдах ёстой, түүнийг Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэх боломжгүй байх тул Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/113 дугаартай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

18. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.18-д “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно” гэж зааснаар  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/251 дүгээр тушаалаар Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр болон ахиулан олгосон байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Ө*******ын эрхэлж буй албан тушаалын зэрэг дэвийг “дэс түшмэл, гутгаар зэрэг”-ээр тогтоож, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувиар тогтоож, үндсэн цалин 1,320,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 11% буюу 145,200 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 22% буюу 290,400 төгрөг, нийт цалин 2,096,600 төгрөг болох нь хавтаст хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

19. Нэхэмжлэгч Ч.Ө*******ыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актыг шүүхээс хууль бус гэж үзэж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар түүний ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны үндсэн цалин 14,851,140 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 1,633,625 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 3,267,251 төгрөг, нийт 19,752,016 төгрөгийн олговроос холбогдох албан суутгалуудыг хасаж тооцон нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

20. “Ч.Ө*******ыг Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилох болсон захиргааны байгууллагын үргэлжилсэн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “ томилох эрх бүхий этгээд төрийн  жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ө*******ыг Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах тухай тус газрын даргын 001 дугаар мэдэгдлийг  түүнд 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлж, нэхэмжлэгч Ч.Ө*******аас уг мэдэгдлийг эс зөвшөөрч, тус албан тушаалд томилогдох боломжгүй талаарх өргөдлөө 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр газрын даргад гаргасан байна.

21. Үүний өмнө Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэхэмжлэгчийг шилжин ажиллах эсэх асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ө*******тай  биечлэн уулзаж, саналыг хүлээн авсан талаар газрын дарга Н.У*******т мэдэгдсэний дагуу  газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай мэдэгдлийг танилцуулж, Захиргаа, удирдлагын газрын дарга, ахлах мэргэжилтэн нартай биечлэн уулзаж, саналыг сонсож баримтжуулсныг зүй бус дарамт шахалт үзүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

22. Учир нь нэхэмжлэгч дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч, тус албан тушаалд томилогдох боломжгүй талаар дурдан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр газрын даргад гаргасан тул 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн өргөдлийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Ө*******ыг Баян-Өлгий аймаг руу шилжин ажиллах боломжгүй байдлыг харгалзан үзэж, тус хэлтсийн ахлах мэргэжилтнийг томилох болсон талаар Захиргаа, удирдлагын газрын дарга уулзаж мэдэгдсэнээс үзвэл, нэхэмжлэгчийн хүсэлтийг үл харгалзан өөр ажил албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй байх тул захиргааны байгууллагыг хууль бус үйл ажиллагаа үргэлжлүүлэн үйлдэж, шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдахааргүй байна.

23. “Ч.Ө*******ын нэгдүгээр улирлын ажлыг үнэлсэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны УБ01-05/48 дугаарын илтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн  “Албан хаагчдын ажлыг үнэлсэн тухай” УБ01-05/48 дугаартай илтгэх хуудсаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын албан хаагчдын 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний дүнгийн хүснэгтийн 6 дахь хэсэгт хяналтын улсын байцаагч Ч.Ө*******ын 2023 оны 01-03 дугаар сарын ажлын гүйцэтгэлд 70-аас 50 оноо, шуурхай үүрэг даалгаврын биелэлт 10-аас 6 оноо, ажлын цаг ашиглалт 10-аас 7 оноо, хандлага ёс зүй 10-аас 5 оноо, ерөнхий үнэлгээ 62.86 оноо гэж үнэлсэн байна.

24. Нэхэмжлэгч Ч.Ө*******ын 2020 оны гүйцэтгэлийн жилийн эцсийн үнэлгээ 83.7, жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний  хуудсаар 83.7, 2022 онд  эхний хагас жилд 95 буюу маш сайн, сүүлийн хагас жилд 91.5 оноогоор үнэлэгдэж байжээ.

25. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно” гэж зааснаар хариуцагчаас “...Ч.Ө*******ыг бусдын шийдвэрлэж буй асуудалд хөндлөнгөөс оролцож, төрийн байгууллагад хандах иргэдийн сэтгэл ханамжийг бууруулсан, буруу ойлголт төрүүлсэн ёс зүйн үйлдэлтэй нь холбогдуулан 2023 оны эхний  улирлын үнэлгээг 70 онооноос багаар буюу D  буюу сайжруулах шаардлагатай…” гэж үнэлснийг шууд буруутгах боломжгүй.

26. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална” гэж заасан ба энэ зохицуулалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баталсан.

27. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал”-ын гуравт: “Журмын 4.3-т заасны дагуу нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж, А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу Хангалттай D буюу Сайжруулах шаардлагатай F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол:

- 90-100 оноотой бол А буюу Маш сайн гэсэн үнэлгээ

- 80-90 оноотой бол В буюу Сайн гэсэн үнэлгээ

- 70-79 оноотой бол С буюу Хангалттай гэсэн үнэлгээ

- 60-69 оноотой бол D буюу Сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ

- 59 онооноос доош бол F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээгээр үнэлнэ” гэж заажээ.

28. Мөн дээрх аргачлалын Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх хэсэгт: Төсвийн шууд захирагч 6, 12 дугаар сарын 20-ны дотор нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу Хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээний аль нэгийг өгнө гэжээ.

29. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл  гэрээний биелэлтийг дүгнэх үүргээ хариуцагч нь биелүүлсэн гэж үзэхээр байна.

30. Дээрхээс үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Ө*******ын үр дүнгийн гэрээний биелэлтийг дээрх журамд зааснаар нэгэнт дүгнэсэн, улмаар үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд ямар үнэлгээ өгөх нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал байх тул шүүхээс хариуцагчийн өгсөн үнэлгээг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахааргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 46 дугаар зүйлийн 46.2.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Ө*******ыг урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчаар ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны 19,752,016 төгрөгийн олговроос холбогдох албан суутгалуудыг хасаж тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Ч.Ө*******ыг Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилох болсон захиргааны байгууллагын үргэлжилсэн шинжтэй шийдвэр үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Ч.Ө*******ын 1 дүгээр улирлын ажлыг үнэлсэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны УХ01-05/48 дугаартай илтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газраас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ