Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Насанд хүрээгүй хохирогч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Б, хохирогч Э.М, насанд хүрээгүй хохирогч Б.Э-н хууль ёсны төлөөлөгч Д.Б, хохирогч Т.А-н хууль ёсны төлөөлөгч Т.Т,

Шүүгдэгч О.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Л-д холбогдох эрүүгийн 1738002290076 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Л.

Шүүгдэгч О.Л нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт байрлах “Жавхлан” нэртэй дэлгүүрийг санаатайгаар гал тавьж шатаасан буюу бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Л нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт байрлах “Жавхлан” нэртэй дэлгүүрийг санаатайгаар гал тавьж шатаасан буюу бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн болох нь:

Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн “Жавхлан” нэртэй дэлгүүрийг очиж шалгасан. Тухайн үед манай худалдагч М дэлгүүртээ наймаагаа хийгээд зогсож байсан. Харин найз залуу болох Л нь дэлгүүрийн амралтын өрөөнд унтаж байсан. Тэгээд би нэг их удалгүй 10-аад минут болоод тайван байхаар нь эгч нь орой дэлгүүрээ хаахаар чинь ирье гэж хэлээд явсан. Ингээд тус өдрийн 23 цаг болж байхад М над руу утсаар яриад хүн бага байна гэсэн ба би за тэгвэл хаачих хаачих гэсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цаг 22 минутын орчим ... дугаарын утаснаас миний утсанд дуудлага орж ирсэн. Тэгээд би байна уу гэсэн чинь юу ч дуугараагүй салчихсан. Тэгээд 00 цаг 23 минутын орчимд аниа хурдан хүрээд ир гэсэн утгатай мессеж ирсэн. Тэгээд би ойролцоо явж байсан болохоор нэг их удалгүй 5 минутын дотор дэлгүүр дээрээ очсон. Намайг дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн урд гадна М, түүний дүү Д, найз М, найз залуу болох Л нар гараад ирчихсэн Л нь дэлгүүрийн үүдний орчим сууж байсан. Харин дэлгүүрийн ар талын дээврээс нэлээн их гал гарсан байдалтай байсан. Тэгээд би Онцгой байдлын албанд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-95 дугаар хуудас/,

Гэрч, хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн “Жавхлан” дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Ингээд өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 00 цаг 30 минутын орчимд манай найз залуу Л нь “Жавхлан” дэлгүүрийн хойд хаалган дээр ирж хаалга тогшсон. Тухайн үед би өөрийн дүү Д, найз М нарын хамт “Жавхлан” дэлгүүрийн хойд талын амрах өрөөнд унтах гээд хэвтэж байсан юм. Ингээд манай найз залуу Л дэлгүүрийн хойд талын хаалгыг нэлээд тогшиж байснаа “үүдээ онгойлгооч, онгойлгохгүй бол шатаалаа шүү” гэсэн. Тухайн үед манай найз М бид хоёр юу ч дуугаралгүй чимээгүй хэвтэж байсан. Ингээд Л-г шатаалаа шүү гэж хэлснээс хойш барагцаагаар 1-2 минутын дараа манай найз М цаас үнэртээд байна гэж хэлсэн. Л ч ямар нэг чимээ гаргахгүй болчихсон. Ингээд би өөрийн найзын хамт босоод гэрлээ асаагаад дэлгүүрийн хойд талын хаалгыг онгойлгосон чинь маш их утаа дэлгүүр рүү орж ирсэн. Ингээд манай дүү Д нь тампор руу ус барьж ороод өөрийнхөө нүүрийг түлчихээд дэлгүүр рүү орж ирсэн. Дэлгүүр маш их утаатай болчихоор нь бид нар дэлгүүрийн урд хаалгыг онгойлгож гарсан. Би дэлгүүр дотор байхдаа дэлгүүрийн эзэн А эгч рүү утсаар залгаж дэлгүүр шатчихлаа гэж хальт хэлээд утсаа салгасан. Тухайн үед маш их сандарч байсан болохоор сайн ярьж чадаагүй. Ингээд дэлгүүрээс гараад А эгч рүү дахин залгаж дэлгүүр шатсан талаар хэлсэн. Ингээд бид нарыг дэлгүүрээс гүйж гараад нэг их удаагүй байхад А эгч ирсэн. ...Миний хувцас тэнд байгаад шатсан. Нэхэмлэх зүйл, гомдол саналгүй..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-102, 106-112 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Насанд хүрээгүй гэрч, хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... намайг сэрсэн чинь М эгч М эгч хоёр хоорондоо цаас шатаад байгаа юм биш үү гэж ярьж байсан. Тэгээд эгч босоод гэрэл асаагаад М эгчийн хамт дэлгүүрийн бараа байдаг өрөө рүү орсон. Харин би дэлгүүрийн хойд амрах өрөөний гадагшаа гардаг хаалгыг онгойлгосон. Намайг хаалга онгойлгоод гарсан чинь тампорт гал гарч байсан бөгөөд Л ах тамбарын үүдэнд зогсож байсан ба галын нөгөө талаар нь гараад дэлгүүрийн амрах өрөөнд ороод ирсэн. Тэгээд би үүдэнд байсан шалны алчуур нойтон байхаар нь гал гарч байсан тамбор руу шидээд М эгч, М эгч хоёрыг дэлгүүрээс гарах гэж байхаар нь араас нь гарахаар дэлгүүрийн хаалга руу гүйсэн. Энэ үед Л ах дэлгүүрийн лангуун дээрээс хоёр ширхэг цэвэр ус авчихсан явж байсан. Тэгэхээр нь би наадахаараа яах гэж байгаа юм бэ шар савтай том ус аваад ир гэсэн чинь Л ах шар савтай ус барьж очоод гал гарч байгаа газар руу цацсан ба тухайн үед писхийх чимээ гараад дэлгүүр тоггүй болсон. Тухайн үед юунаас тийм чимээ гарсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд би дэлгүүрийн урд хаалгаар гарсан. Намайг гараад нэг их удаагүй байхад Л ах араас гарч ирсэн. ... Нэгэнт шатсан хувцас учир би хохирлоо авахгүй. Хохирол нэхэмжлэхгүй. Ангийнхаа хүүхдийн дугуйг төлүүлж авах саналтай байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-118 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Гэрч, хохирогч П.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад гэр хол байдаг, дээр нь оройтчихсон болохоор найзтайгаа хамт хонохоор “Жавхлан” дэлгүүр дээр очсон. Намайг “Жавхлан” дэлгүүр дээр очиход манай найз дэлгүүрээ хааж байсан бөгөөд дэлгүүр рүү ороход дэлгүүрийн хойд талын амрах өрөөнд М-н дүү Д унтаж байсан. Ингээд М бид хоёр “Жавхлан” дэлгүүрээ хаачихаад унтах гээд орондоо ороод юм яриад хэвтэж байхад М-н найз залуу болох Л нь “Жавхлан” дэлгүүрийн хойд талын хаалгыг нүдээд хаалгаа онгойлго гэсэн. Тэгээд бид хоёр чимээгүй болоод хэвтэж байсан чинь Л “хаалгаа онгойлгохгүй бол гал тавилаа шүү” гэсэн. Л-г гал тавилаа гэж хэлснээс хойш нэг их удаагүй цаас үнэртэж эхэлсэн. Тэгээд би өөрийн найз М-д хэлээд бид хоёр босоод дэлгүүрийн хойд хаалгыг онгойлгоход урдаас маш их утаа орж ирсэн. ...Дэлгүүрийн хойд талын амрах өрөөнөөс тамбор руу ордог хаалгыг М-н төрсөн дүү Д онгойлгосон. Энэ үед Л тамборны хаалганы дотор талд хаалганы хажууд зогсож байгаад хаалга онгойлгосон чинь шууд дэлгүүрийн амрах өрөө рүү ороод ирсэн. Тухайн үед Л юу ч хэлээгүй. Харин М бид хоёр дэлгүүрийн бараа байдаг өрөө рүү орсон. ...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 120-125 дугаар хуудас/,

Гэрч П.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд Мөрөн суманд байрлах “Жавхлан” дэлгүүр шатсан байна. Гал тавьсан хүн нь дэлгүүрийн тэнд байна гэсэн дуудлага ирээд би дуудлагын дагуу Мөрөн сумын .. тоотод очсон. Намайг дуудлагаар очиход Л гэгчийг ахлах дэслэгч М өөрийнхөө машинд суулгачихсан байж байсан ба Л-г би өөрийн машинд суулгаж Цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүр эмч, ахмад М, цагдаагийн дэд ахлагч Э нарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/, 

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Мөрөн сумын 14 дүгээр багт айлд оччихоод гэртээ харихаар явж байтал Мөрөн сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлан” дэлгүүр шатаж байсан. Тэгээд намайг гал гарч байсан газар очоод юу болсон яасан талаар асуухад үл таних хоёр эмэгтэй хүн Л шатаачихлаа гэж байсан. Энэ үед Л гэх залуу дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн хүнийг барьж аваад машиндаа суулгаад цагдаагийн албан хаагч нар ирэхийг хүлээгээд сууж байсан. Тэгээд нэг их удалгүй дуудлага хүлээн авч цагдаагийн сургагч ахлагч Х-г ирэхэд нь хүлээлгэж өгөөд гэр рүүгээ явсан. ...Ямар ч байсан О.Л-с нэлээн их архи үнэртэж байсан. Намайг Л-с яасан, юу болсон юм бэ гэж асуухад “манай найз охин дэлгүүр дотор ороод хаалгаа цоожилчихоод онгойлгож өгөхгүй байхаар нь айлгах гэж кардонон цаас шатаагаад гал алдчихлаа” гэсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч О.Л-н согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 48 дугаартай акт /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гал түймэр унтраасан тухай нотломж /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-82 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, Шинжилгээний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/251 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 146-148 дугаар хуудас/,

Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 159-160 дугаар хуудас/,

Шатсан эд зүйл үнэлсэн тайлан, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 185-195 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Л нь хохирогч Т.А-д 34.823.700 төгрөгийн хохирол, П.М-д 50.000  төгрөгийн, Э.Д-д 299.550 төгрөгийн, Э.М-д 567.000 төгрөгийн, Б.Э-т 250.000 төгрөгийн хохирол учруулснаа тус тус нөхөн төлөөгүй байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Э.Д нь өөрт учруулсан 299.550 төгрөгийн, Э.М нь өөрт учруулсан 567.000 төгрөгийн хохирлыг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.М нь өөрт учирсан 50.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч О.Л-с 34.823.700 /гучин дөрвөн сая найман зуун хорин гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т нарт, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Б.Э-д тус тус олгох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч О.Л нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 839 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 216 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 217-233, 234-237 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1738002290076 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан задгай энгэртэй, босоо захтай, урд энгэртээ хоёр халаастай, урд хэсгээрээ цэнхэр оруулгатай, хоёр ханцуй хэсгээрээ цэнхэр өнгийн канттай цагаан өнгийн цамц 1 ширхэг, хоёр хажуудаа улаан өнгийн оруулга бүхий канттай, хажуу дээд хэсэгтээ хоёр ширхэг халаастай, цагаан өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, дөрвөлжин шоо бүхий хар, цагаан өнгийн хээтэй малгай 1 ширхэг, урдаа үдээстэй цэнхэр өнгийн 1 хос пүүзэн гутлыг шүүгдэгч О.Л-д буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Л-г эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-г 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-д оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1738002290076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.М, Э.Д, Э.М нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Л-с 34.823.700 /гучин дөрвөн сая найман зуун хорин гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т нарт, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Б.Э-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1738002290076 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан задгай энгэртэй, босоо захтай, урд энгэртээ хоёр халаастай, урд хэсгээрээ цэнхэр оруулгатай, хоёр ханцуй хэсгээрээ цэнхэр өнгийн канттай цагаан өнгийн цамц 1 ширхэг, хоёр хажуудаа улаан өнгийн оруулга бүхий канттай, хажуу дээд хэсэгтээ хоёр ширхэг халаастай, цагаан өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, дөрвөлжин шоо бүхий хар, цагаан өнгийн хээтэй малгай 1 ширхэг, урдаа үдээстэй цэнхэр өнгийн 1 хос пүүзэн гутлыг шүүгдэгч О.Л-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН