| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 1723000840046 |
| Дугаар | 2018/ДШМ/31 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ДШМ/31
Т.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Х.Г
Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нарыг оролцуулан
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдолоор Т.Н-д холбогдох 1723000840046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын ... -ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн харьяа Завхан сургуулийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 3 дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИЖ........... регистрийн дугаартай, А овогт Т.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 3 дугаар гудамжны 01 тоотод байрлах “Д” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж нэг бүр нь 190 төгрөгийн үнэтэй ESSE нэртэй тамхи 10 ширхэг, нэг бүр нь 185 төгрөгийн үнэтэй MEVIUS /mildseven/ нэртэй тамхи 14 ширхэг, 4400 төгрөгийн үнэтэй MAXFUN нэртэй шоколад, бэлнээр 106000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Т.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хохирогч Т.Ө-ын дэлгүүрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А овогт Т.Н-г 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д ногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тухайн өдрөөс эхлэн цагдан хорьж, урьдчилан цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл үстэй хар өнгийн гутал 1 хос, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шоколад 1 ширхэг, “Esse” нэртэй тамхи /хайрцаг дотроо 10 шихэг/, “Mildseven” нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс 380.000 төгрөгийн үнэ бүхий I phone 5s маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл хуульд заасан журмын дагуу гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Т.Н нь гэм буруугаа хүлээж байгаа, хохирлоо төлсөн байдаг хэдий ч мөрдөн байцаалтын явцад өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд нь хоорондоо маш их зөрүүтэй байдлаас харахад хэн нэгний нөлөөлөлд автсан, бие махбод, сэтгэл санааны албадлага, эрхшээлд орсон байж болзошгүй байдал харагддаг. Яагаад гэвэл “Б, П нартай ...Крисстал бааранд ороод шилтэй болон лаазтай шар айраг аваад уусан. Тэгээд тэндээсээ гараад 2 найзтайгаа манайд 19 цаг өнгөрч 20 цаг болж байхад очсон. Үлдэгдэл мөнгөө П-т өгсөн” гэх мэтээр мэдүүлж байснаа “сандарсандаа болоод хоёр найзтайгаа шар айраг уусан мөн мөнгө өгсөн гээд худлаа хэлсэн юм” гэх мэтээр өөрчилсөн. Мөн сүүлд 100.000 төгрөг авсан гэж мэдүүлэг өгсөн боловч авсан мөнгөө хэрхэн зарцуулсан талаар тодорхой эх сурвалжаа зааж чадахгүй байгаа байдлаас харахад бусдыг хамгаалсан үйлдэл харагдаад байдаг. Нөгөө талаар Т.Н-г хэн нэгэн хүч хэрэглэх, бие махбод, сэтгэл санааны албадлага, эрхшээлдээ оруулж энэхүү гэмт үйлдлийг хийлгэсэн байж болзошгүй байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйлд заасан албадлага, эрхшээлд автан энэ үйлдлийг хийсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгчдэгч Т.Н-ийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Н нь 225 хоногийн ялыг биеэр эдэлсэн. Ял эдэлж байх хугацаанд ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй. Энэ хэрэгт 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан ч шүүх хуралдаан нь өнөөдрийг хүртэл хойшилсон байгаа. Шүүх хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял авч 225 хоногийн ял эдэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Миний ялыг хөнгөлж өгнө үү гэв.
Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Н нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалтай тогтоогдож байгаа тул Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Т.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 3 дугаар гудамжны ... тоотод байрлах Д хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж нэг бүр нь 190 төгрөгийн үнэтэй Esse нэртэй тамхи 10 ширхэг, нэг бүр нь 185 төгрөгийн үнэтэй ... нэртэй тамхи 14 ширхэг, 4400 төгрөгийн үнэтэй ... нэртэй шоколад, бэлнээр 106000 төгрөг хулгайлж, хохирогч Т.Ө-т 115250 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Т.Н-ийн хохирогч Т.Ө-ын дэлгүүрч нэвтрэн орохдоо цонхыг нь хагалж, хаалганы цоожийг эвдэлсний улмаас хохирогчиын эд хөрөнгөд 81000 төгрөгийн гэм хор учирсан байна.
Эдгээр үйл баримт нь хохирогч Т.Ө-ын: “Гэртээ ороход нь амралтын өрөөнийх нь цонх хагарсан, гэрээс дэлгүүр рүү ордог хаалга онгорхой, цоож нь эвдэрсэн, дэлгүүрээс нь esse mevius /mild seven/ maxfun шоколад, 100000 орчим төгрөг зэрэг эд зүйл алдагдсан бөгөөд хэмжээг нь тодорхой мэдэхгүй байгаа тухай мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийх явцад хагархай цонхны доод хэсгийн цас болон шороон дээрээс илэрсэн гутлын улны мөр нь тухайн өдөр Т.Н-ийн өмсөж явсан гутлын улны мөртэй хэлбэр, хэмжээ, хээний зураглал, хээ хоорондын хэмжээ, хээний гүний хэмжээ зэрэг шинж тэмдгээрээ тохирч байгаа тухай завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч З.Б-ын дүгнэлт,
Гэрч Д.Н-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд нэрийг нь мэдэхгүй доод сургуулийн хүүхэд орж ирээд хорьт, тавьт, зуутын дэвсгэртүүдийг бүхэл 4, 5 мянган төгрөг болгуулсан тухай мэдүүлэг,
Хохирогчийн гэмт хэргийн улмаас эвдэрсэн, алдагдсан эд зүйлст үнэлгээ тогтоосон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, хоорондоо ноцтой зөрүүгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.
Шүүгдэгч Т.Н-ийн үйлдэл нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Тиймээс шүүгдэгч Т.Н нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь “Шүүгдэгч Т.Н нь хэн нэгний бие махбод, сэтгэл санааны албадлага, эрхшээлд автаж энэ үйлдлийг хийсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах гомдолдоо тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар эдгээр байдлууд тогтоогдоогүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүгдэгч 225 хоног цагдан хоригдсон нь нэг жилийн хорих ялын хоёрны нэгээс доошгүй хугацааг эдэлсэн гэж үзэхээр байгаа тул хорих ялын үлдсэн хугацааг давж заалдах шатны шүүх тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай асуудал нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгжих боломжтой.
Өөрөөр хэлбэл ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхаас гадна зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн байх зэрэг хуульд заасан болзол шаардлага хангасан тохиолдолд прокурорын саналыг харгалзан шүүх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хугацаанаас өмнө ялтныг суллаж, хяналт тогтоох эсэхийг шийдвэрлэдэг тусгай журамтай.
Гэтэл Т.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаагаас гадна прокурор энэ талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу санал гаргаагүй тохиолдолд шүүх санаачлагаараа уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.
Тиймээс шүүгдэгч Т.Н-д оногдуулсан хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тавих талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь шүүгдэгч Т.Н-г цагдан хоригдсон 225 хоногийг хорих ялд оруулан тооцуулах санал гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 221 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Н-ийн цагдан хоригдсон 221 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Ж.Б
Ч.Э