Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2024/0003

 

                             

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “ТОУУ” ХХК /РД:3369978/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ганзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батбаяр,

           Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, Э.Мөнхчимэг нарын хоорондын “Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ... 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-ийн захирал Н.Төмөрчөдөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг, өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, Э.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

        1.1. Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

 

          1.2. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн[2].

 

              Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

           2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт Зүүн өлзийт уул гэх газарт байрших ...26,2 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ТОУУ” ХХК-д олгожээ[3].

            2.2. Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/269 дүгээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” захирамжаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ТОУУ” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна[4].

           2.3. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх тухай” захирамжаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021 оны 02/378 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ”-г үндэслэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-010Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “ТОУУ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 14 сарын хугацаагаар сэргээжээ[5].

         2.4. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай” захирамжаар ...Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн өлзийт уул” гэх газрын 26,2 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-010Х дугаартай “ТОУУ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул тус түгээмэл тархацтай ашигт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байна[6]

            2.5. Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

           Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

           3.1. Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-ийн захирал Н.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2009 онд барилгын элсний уурхай болон чулуу бутлах ангилах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш аймаг орон нутгийн зам, барилгын бүтээн байгуулалт, мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанартай бүтээгдэхүүнийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нийлүүлсээр ирсэн.  Манай компанийн хувьд хууль бусаар олборлолт явуулан байгаль орчинд хохирол учруулж байгаа үйл ажиллагааг багасгах, чанартай бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд нийлүүлэх зорилгоор хуульд заасан холбогдох зөвшөөрлүүдийг авч ажиллагаа явуулж байгаа орон нутгийн анхдагч аж ахуй нэгж юм. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ 544 050 930 төгрөгийн дэмжлэгийг аймаг орон нутагтаа үзүүлснээс гадна орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд шат шатны төрийн байгууллагуудад холбогдох өргөдөл, хүсэлтүүдийг гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Зүүн өлзийт уул гэх газарт ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл авмагцаа хайгуулын ажлыг эхлүүлж, нилээд хэмжээний зардал мөнгийг гаргасан боловч 2019 онд дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал гарсны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Харин 2021 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргаснаар, Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаартай захирамж гарч тус хайгуулын тусгай зөвшөөрлийг 14 сараар сунгаад байсан юм. Дээрх хугацаанд археологи, палентологи, хайгуул судалгаа шинжилгээний ажлыг “Кеестон Ресурс” ХХК-аар гүйцэтгүүлэн, ордын нөөцийг тогтоолгон, хайгуулын ажилд нийтдээ 96 976 460 төгрөгийг зарцуулсан байна. Хайгуулын ажил дуусаж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хайгуулын зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгон өөрчлөх хүсэлт гаргах гэсэн боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1 дэх хэсэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримтын жагсаалтыг хавсаргасан бөгөөд 18.15 дахь хэсэгт “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны шийдвэр” гэжээ. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад хайгуулын ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар батлуулан, холбогдох шийдвэр гаргуулах шаардлага үүссэн тул гүйцэтгэсэн ажлын тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал, Газрын тосны газрын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн боловч цар тахлын улмаас тайлангууд цугларч хурлаар хэлэлцэх дараалал хойшилж, цаг хугацаа алдсан. Эрдэс баялгийн зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар манай хайгуулын ажлын тайланг хэлэлцэн баталж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХХ-05-09 дугаар дүгнэлтийг гаргасан. Үүнийг үндэсний геологийн албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Н/33 дугаар тушаалаар нөөцийг хүлээн авч бүртгэсэн талаарх мэдээлэл, холбогдох тушаал шийдвэрийг манай компани 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад байна. Ингээд дээрх шийдвэрийг хүлээн авмагц 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор хүсэлт хүргүүлсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2384 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад зогссонгүй Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай” захирамж гаргажээ.  Төрийн байгууллагуудын хурлын оочир дараалал, шат шатны байгууллагын тушаал шийдвэрүүдийг хүлээж цаг хугацаа алдсаныг аймгийн Засаг дарга харгалзан үзэлгүйгээр гаргасан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/584 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай” захирамжийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна. Тухайлбал: 1. Захирамжийн захирамжлах хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгожээ. Гэтэл аймгийн засаг даргад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргад тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ л хуулиар олгогдсон байна. 2. Тус захирамжийн 5 дахь хэсэгт “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2016 оны А/247, 2019 оны А/269, 2022 оны А/16 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан захирамжуудыг яг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Энэ талаар захирамжид огт тусгагдаагүй, мөн нэхэмжлэгч компанид энэ талаар огт мэдэгдэж байгаагүй юм. Хэрэв ийм байдлаар өмнө нь олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон тохиолдолд манай “ТОУУ” ХХК нь энэ хугацаанд хайгуулын ажлыг хууль бусаар явуулсан болох, мөн эрдэс баялагийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурал, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХХ-05-09 дугаартай дүгнэлт, үндэсний геологийн албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Н/33 дугаартай нөөцийг хүлээн авч бүртгэсэн талаарх шийдвэрийн эрх зүйн үр дагаварт шууд нөлөөлсөн үйлдэл болжээ. 3. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-д “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заасан боловч дээрх захиргааны актыг гаргаж, өмнөх хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжуудыг хүчингүй болгохдоо манай компанид огт мэдэгдэж, хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. 4. Мөн захирамжийн 1 дэх хэсэгт “ТОУУ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосугай” гэжээ. Энэхүү захиргааны актыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанаас хойш бүтэн 1 жил 4 сарын дараа, засаг даргад хуулиар эрх олгогдоогүй асуудлаар, хайгуулын ажлыг батлуулж, нөөцөд бүртгүүлсний дараа захирамж гаргасан нь Засаг дарга улс төрийн зорилгоор тухайн шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Иймд дээрх үндэслэлээр Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

              3.2. Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-ийн захирал Н.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагатаа: “ТОУУ” ХХК нь ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авсны дараагаар хууль, тогтоомжтой нийцүүлэн хайгуулын ажил, түүний нөөцийг тогтоолгох ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн боловч Ковид 19 цар тахал, түүнтэй холбоотой төрийн байгууллагын ачаалал, хүнд суртлын улмаас хайгуулын ажлын нөөцийг батлуулахад цаг хугацаа алдсан талаар өмнө нь тодорхой дурдсан. Манай компани энэхүү хайгуулын ажилд нэлээд хэмжээний зардал мөнгө, цаг хугацааг зарцуулаад байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авч, түүний нөөцийг тогтоолгон, түүн дээр үндэслэн цаашид хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, гаргасан зардлаа нөхөх, холбогдох татварыг төлөх нь бидний зорилго байсан тул энэ хэмжээний зардал гаргаж, цаг хугацаа зарцуулсан. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд: Өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар, дэлхий нийтийг хамарсан цар тахал болон төрийн байгууллагын шийдвэрийн улмаас хайгуулын ажил удааширсан. Харин “ТОУУ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үүднээс холбогдох материалаа бүрдүүлж төрийн байгууллагад өгсөн. Хайгуулын ажил дуусаж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлөх хүсэлт гаргах гэсэн боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1 дэх хэсэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримтын жагсаалтыг хавсаргасан бөгөөд 18.1.5 дахь хэсэгт “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр гэжээ. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад хайгуулын ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар батлуулан холбогдох шийдвэр гаргуулах шаардлага үүссэн тул гүйцэтгэсэн ажлын тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал, Газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн боловч цар тахалын улмаас тайлангууд цугларч хурлаар хэлэлцэх дараалал хойшилж цаг хугацаа алдсан. Эрдэс баялагийн зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар манай хайгуулын тайланг хэлэлцэн баталж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХХ-05-09 дугаар дүгнэлтийг гаргасан. Үүнийг Үндэсний геологийн албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн H/33 дугаар тушаалаар нөөцийг хүлээн авч бүртгэсэн талаарх мэдээлэл, холбогдох тушаал шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан. Гэтэл холбогдох төрийн байгууллагын шийдвэр удааширсны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Ингээд дээрх шийдвэрийг хүлээн авмагц 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор хүсэлт хүргүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, дахин авах, хугацаа сэргээлгэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зэргээр хүсэлтүүд гаргахаар Дорнод аймгийн Засаг дарга хариу өгдөггүй, шийдвэрлэдэггүй. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тухайн хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг “ТОУУ” ХХК-аас Дорнод аймгийн Засаг даргад гаргасан. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

           3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТОУУ” ХХК нь 2009 онд байгуулагдаж, 2016 оны А/247 тоот захирамжаар маргаан бүхий ДО-010Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авч, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны А/269, 2022 оны А/16 тоот захирамжаар тус тус сунгагдсан. Хайгуулын ажлыг хувийн аж ахуй нэгж хийж гүйцэтгэсэн ба 196 976 460 төгрөгийн төлбөрийг тухайн байгууллагад төлсөн. Мөн үүнээс гадна хайгуулын ажилтай холбоотой нилээдгүй хэмжээний мөнгөн дүнг зарцуулсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хайгуулын ажлыг дуусгавар болгоод ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтийг “ТОУУ” ХХК-аас хандах гэсэн боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардагдах материалуудын талаар дурдсан байдаг ба хайгуулын ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллага хүлээн авсан тухай шийдвэр байхыг шаарддаг. Энэ агуулгаар Засаг даргад хандаад өргөдлөө гаргах боломжгүй байсан. Эрдэс баялгийн газарт хайгуулын хугацаа хүчинтэй байх хугацаанд хүсэлтээ гаргаж өгсөн. Тухайн газраар дүгнэлтээ гаргуулах гэсэн боловч дөнгөж цар тахлын дараах үе тулгарсан учраас маш олон компани хүсэлтээ нэг дор өгсөнөөр хэт их ачаалал үүсч, бидний гаргаж өгсөн хүсэлтийг огт хэлэлцэхгүй байсан. Компанийн хувьд араас нь маш шуурхай хөөцөлдсөн хэдий ч 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дүгнэлтийг гаргаж өгсөн. Ингээд зохих шаардлагыг хангасан учраас улсын тусгай нөөцөд бүртгэж авах, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй байхад хүсэлтийг өгсөн учраас хүлээн авч дүгнэлтээ гаргаж байна гэж дурдсан байдаг. Энэ дүгнэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн, дүгнэлтийг төрийн байгууллагад танилцуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан боловч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэдэг шалтгаанаар А/584 тоот шийдвэрийг гаргасан. Захирамжийг хүлээн аваад танилцахад хуулийн шаардлага, бодит байдалд нийцэхээргүй байсан. Албан бичигт “ТОУУ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж өгсөн хүсэлт нь ач холбогдолгүй байна гэж үзсэн байсан. Мөн бид нар хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд төрийн байгууллагад хүсэлтээ өгсөн ба төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа алдсан гэдгээ тайлбарласаар байтал ингэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “ТОУУ” ХХК-ийн зүгээс бодит байдлыг бүрэн тайлбарласан боловч Засаг даргын зүгээс энэ тайлбарыг авч хэлэлцээгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг дурдсан байдаг ч аймаг, нийслэлийн Засаг дарга дуусгавар болгох эрх хэмжээг зааж өгөөгүй байна. Гэтэл үүнийг зөрчсөн үйлдэл гаргасан юм. Захирамжийн 5 дугаар заалтад урьд гарсан захирамжуудыг хүчингүй болгосонд тооцсугай гэсэн байсан. 2016, 2019, 2022 оны захирамжуудыг хүчингүй болгосон нь үнэхээр гайхширал төрүүлж байна. Хүчингүй болчихсон газар дээр хайгуулын ажил явуулаад байсан юм уу? Эрдэс баялгийн газраас дүгнэлтийг гаргаад үндэсний геологийн газар нь улсын бүртгэлд бүртгэчихсэн байгаа. Энэ асуудал нь яаж шийдэгдэх нь ойлгомжгүй байна. Хууль зөрчсөн үйлдэл болж үлдэх магадлалтай байна. Мөн аймгийн Засаг даргаас захирамжийг хүчингүй болгож байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаар нэг ч баримт байхгүй байна. 2023 оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн хүсэлтэд холбогдох баримтуудыг хавсаргаагүй байна гэж үзсэн байсан. Гэтэл “ТОУУ” ХХК-аас холбогдох баримтуудыг бүрэн хавсаргаж, тэмдэгтийн хураамжийг хүртэл бүрэн төлсөн байдаг. Хуульд зааснаар 1 сарын хугацаанд хариуг өгөх ёстой байдаг боловч 4 сарын хугацаанд Засаг даргаас ямар нэгэн хариу өгөөгүй, эс үйлдэхүй гаргаж байна. Хэрэв үнэхээр хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа бол хугацааг сэргээж өгөөч гэж хүссэн. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа алдсан асуудал үүссэн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээр 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасан үндэслэлийг бүрэн хангаад хүсэлтээ өгчихөөд байхад хариуг ирүүлээгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТОУУ” ХХК нь 2009 оноос хойш энэ аймагт бизнес эрхэлж, ажлын байр бий болгож ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж байх хугацаандаа  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь өөрөө капитал юм. Үүгээрээ үнэ цэнэ нь тодорхойлогддог ба нэг талаараа хүний өмч хөрөнгө бөгөөд нөөцийг баталгаажуулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө шаарддаг. Үүний дагуу туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж хөрөнгө төлж ажиллуулсан. Гэхдээ тусгай зөвшөөрөл нь “ТОУУ” ХХК дээр байсан. Хариу тайлбарын үндэслэл болгоод байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж байгаа. Энэ үед төрийн байгууллагад баримтаа бүгдийг нь өгсөн байсан. Компанийн хувьд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг бүрэн хийсэн. Төрийн байгууллагад гомдол хүсэлтээ гаргасан боловч “хугацаа дуусгавар болсон” гэж үзээд байна. Энэ нь компанийн буруутай үйлдэл биш гэдэг нь бүрэн харагдаж байна. Хайгуулын ажлын зардал гарсан. Татвар, төлбөр бүрэн төлөгдсөн. Төрийн байгууллагын ажлаас болж хугацаа алдагдсан. Улсад өөрийн хөрөнгөөр хайгуул хийж өгсөн мэт зүйл ард нь үлдэж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн, аж ахуй нэгж нь төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй талаар зааж өгсөн. 30 хоногийн дотор төрийн байгууллагаас өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариуг өгөх үүрэгтэй юм. Засаг дарга нь эрх олгохгүй байх эрх нь байгаа. Гэхдээ ямар ч шийдвэр гаргахгүйгээр, гомдлын хариуг өгөхгүй байгаа нь эс үйлдэхүй болж, хуулийг зөрчиж байна. Дараагийн дугаарт захиргааны актууд нь хэрэгжээд, хэрэгжсэний улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглаж, төлбөрийг төлж, туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулж нөөцийг илрүүлж байгаа юм. Үйлчилсэн захиргааны актыг хүчингүй болгож болохгүй. Үйлчлээд дуусгавар болоод үр дагавар нь гарчихсан байхад хүчингүй болгож байгааг гайхаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар Засаг даргад хэд хэдэн эрхийг олгосон. Гэтэл дуусгавар болгох гэдэг хэсгийг буруугаар ашиглаад байх юм. Эрхийг цуцалж болно. Гэхдээ энэ тохиолдолд асуудал арай өөрөөр яригдах ёстой байсан. Компанийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг 12-ны өдөр хүлээн авсан байгаа. Энэ бол хоёр хүсэлт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Аймгийн Засаг дарга хугацаа нь дуусгавар болоод 1 жил 1 сарын хугацаа өнгөрсөөр байтал нэхэмжлэгч талаас ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаад байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн нөөц батлагдаж байхад Засаг дарга хүлээгээд л байж байдаг юм уу?. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг харуулж байна. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан гэдэгтэй маргахгүй. Бүрдүүлбэр хангуулахаар буцаасныг бүрдүүлэн тэмдэгтийн хураамжийг төлөөд хүсэлтээ өгсөөр байтал хариу өгөхгүй байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Дуусгавар болох гэдэг ойлголт хуульд зааж өгөөгүй байхад өөрсдөө логикоор ойлгоод хэрэгжүүлдэг гэдэг тайлбар яриад байх юм. Хариу өгөөгүй нь хангах боломжгүй байсан учраас гэж тайлбарлаж байгаа бол хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж харж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.  

            3.5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Дорнод аймгийн Засаг дарга А/584 дүгээр захирамжийг гаргахдаа өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, гомдлын хариуг шийдвэрлэхгүй байна гэдэг гомдлыг гаргаж байна. “ТОУУ” ХХК нь маргаан бүхий захиргааны актын хугацааны асуудлыг нилээн дурдаж ярьж байна. Аймгийн Засаг даргын зүгээс өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2016 оны А/247 захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар нутагт Зүүн өлзийт уул гэх газарт байрших 26,2 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ТОУУ” ХХК-д олгож, 2019 оны А/269 дүгээр захирамжаар 2 жилээр, мөн “ТОУУ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2022 оны А/16 дугаар захирамжаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021 оны 02/378 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 14 сарын хугацаагаар сэргээж, сунгасан.

            Ингэхдээ энэ үед хүсэлтээ гаргахдаа мөн хугацаа алдаж өгч байсан. 1 сараас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ өгөх ёстой байсан ч 20 орчим хоногоор хэтэрч гомдлыг гаргасан. Гэвч аймгийн Засаг даргаас эерэгээр шийдвэрлэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд тухайн компани нь эрх бүхий төрийн байгууллагад хүсэлтээ хэзээ хүргүүлсэн нь тодорхой бус байна. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл байсан гэж үзэж байгаа бол энэ байдлаа нотлох ёстой байсан. 6 дугаар сард гарсан шийдвэрийг 9 дүгээр сард бүртгэлд бүртгэсэн байх боломжгүй юм. Аймгийн Засаг дарга хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан. Давагдашгүй нөхцөл байдал үүссэн учраас дахин нэг удаа сунгаж өгсөн. Ингээд хуулийн боломжит бүх хугацаа дуусчихаад байхад дахин 1 жил 1 сарын хугацаанд аймгийн Засаг даргаас дуусгах талаар мэдэгдэл өгөөгүй. Энэ хугацааг бүрэн ашиглах боломжтой байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцлүүдийг дурдаж хариуг хүргүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлтийг өгсөн. Ингэхдээ бүрдүүлсэн гэж сая тайлбарлаж байна. 2023 оны 10 дугаар сард гаргаж өгсөн хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй, хайгуулын ажлыг бүрэн хийсэн талаар баримтыг ирүүлээгүй учраас хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. “ТОУУ” ХХК-ийн ДО-010Х түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 дүгээр, мөн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2325 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Аймаг, нийслэлийн Засаг даргад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг олгосон байдаг. Мөн цуцлах, хугацааг сунгах эрхийг давхар олгосон байдаг боловч дуусгавар болгох эрхийг олгоогүй гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ дуусгавар болгох эрхийг хэнд олгодог юм бэ? Энгийн логикийн хэмжээнд ойлгох ёстой асуудал юм. Мөн дараагийн дугаарт өмнө гаргасан захирамжуудыг яагаад хүчингүй болгож байгаа нь тодорхой бус, сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн захирамжууд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, хугацааг сунгаж байгаа захирамжууд юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болж байгаа учраас дагаад өмнө гаргаж байсан захирамжууд дуусгавар болох ёстой. А/584 дүгээр захирамж нь анхнаасаа хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт юм. Дуусгавар болгосон захирамжийг гаргаснаас хойш “ТОУУ” ХХК нь хүсэлтээ аймгийн Засаг даргад өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 01 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлт өгсөн гэж тайлбарладаг боловч 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтийг бүртгэж хүлээн авсан ба дараагийн хүсэлт нь бүртгэгдсэн зүйл байхгүй байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтийг шийдвэрлэх тусгай зохицуулалт байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос тодорхой хугацааны өмнө хүсэлтээ гаргаж өгөх ёстой байсан боловч тусгай зөвшөөрөл дууссанаас 3 сар гаруйн дараа буюу 100 орчим хоногийн дараа хүсэлтээ гаргасан байдаг. Үүнийг нь аймгийн Засаг дарга хариу өгөх, эсвэл хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. Мөн аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын газраас ирүүлсэн албан бичигт ...хууль зөрчиж олборлолт явуулсан, байгаль орчин менежментийн төлөвлөгөөг дүгнүүлж ажиллаагүй талаар дурдсан байсан. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга мөн гарсан байгаа. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан хүсэлтийг шийдвэрлэрлэж хариу өгөх боломжгүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             3.6. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТОУУ” ХХК-ийн зүгээс 2023 оны 09 дүгээр сард хүсэлтийг ирүүлсэн гэж ярьдаг. Бид 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуг хүргүүлэхдээ зөвхөн улсын тэмдэгтийн хураамжийг дурдаагүй юм. Бусад хуулийн заалтын дагуу шаардагдах баримтуудыг давхар дурдсан. Энэ нь аймгийн Засаг даргын 2020 оны А/500 дугаар захирамжид дурдсан. Ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Нотлох баримтын бүрдлийг хангаагүй гэж үзсэн юм. “ТОУУ” ХХК-ийн ирүүлсэн материалаас үзэхэд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий ажилтны компьютер дээрээс зураг дарж авсан байдаг. Үүнийг л хавсаргасан байсан. Техникийн болон менежментийн дүгнэлтийг нэмэлт нотлох баримт болгож хүргүүлсэн байгаа. 2015-2023 онд А/500 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэж өгөөгүй талаар дурдсан, өмнөх оны баримтыг бид хавсаргаагүй. Хайгуулын талбайд 6.1 га газарт олборлолт хийсэн. Энэ талаар дүгнэлтийг бидэнд ирүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2384 дугаар албан бичигт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 буюу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг шалтгааныг дурдсан. Энэ нь нотлох баримтын бүрдэл хангаж байгаа боловч мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 буюу хайгуулын ашиглалтын явцад хүлээх ёстой үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн юм. Дуусгавар болсонтой холбогдуулан 2023 оны 1/90, 1/2325 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. 2019 оны төлбөр 24 сая төгрөг, 2017 оны төлбөр 19 сая төгрөг зэргийг дурдсан. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын баримтыг хүргүүлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            2.  Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/247 захирамжаар[7] Хэрлэн сумын 5 дугаар нутагт “Зүүн өлзийт уул” гэх газарт байрших 26,2 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ТОУУ” ХХК-д олгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-010Х дугаартай гэрчилгээг[8] 3 жилийн хугацаагаар олгожээ.

           2.1  Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар[9] “ТОУУ” ХХК-ийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар[10] Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021 оны 02/378 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г[11] үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 14 сарын хугацаагаар сэргээж сунгасан.

          3. Дорнод аймгийн Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 дугаартай “...танай компанийн ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Иймд ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3 дахь заалтын дагуу танай компанийн MV-017191 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гаргах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулгатай албан бичгийг “ТОУУ” ХХК-ийн захиралд хүргүүлсэн.[12]

           4. Дорнод аймгийн Засаг даргаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2325 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ...танай компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ДО-010Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөц баялаг, түүнийг ашиглах боломжийг судлан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөл хүсч өргөдөл ирүүлээгүй ба түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноос хойш даруй 13 сарын хугацаа өнгөрсөн байна. ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтын дагуу Танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон гаргах болсныг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх өөрийн тайлбар, саналыг бичгээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны дотор аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлнэ үү гэсэн мэдэгдлийг[13] “ТОУУ” ХХК-ийн захиралд хүргүүлсэн байна.

           5. “ТОУУ” ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” “... Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2325 дугаартай мэдэгдлийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч дараах хүсэлтийг хүргүүлж байна... манай компани 2021 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимд давагдашгүй хүчин зүйл нөхцлөөр хүсэлт гарган гэрчилгээ авч аймгийн Засаг даргад уламжилснаар А/16 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сэргээн олгосон. Уг хугацаанд архелоги, палентлогийн хайгуул судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгүүлэн тайланг гаргуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.Тус эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн хурал нь очер дугаарын дагуу 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Зүүн өлзийн уул” уулын чулууны хайрганы хайгуул судалгааны ажил хуралдан батлагдаж, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хурлын дүгнэлт гарч, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Н/33 дугаартай Үндэсний геологийн албаны даргын тушаал гарснаар “Зүүн өлзийт уул” төслийн дайрганы нөөц улсын нөөцийн санд бүртгэгдсэн, энэ тушаал 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манайд ирсэн. 2023 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Дорнодын шинэ сэргэлт хөрөнгө оруулалтын чуулган, 2023 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалт зэрэг арга хэмжээнүүд давхацсан учраас түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл хүргүүлж амжаагүй байсан ... дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн утга агуулга бүхий албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлжээ.[14]

          6. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2384 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”, “Таны 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж гаргасан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож өгнө үү” гэх утга бүхий хүсэлтэд дараах хариуг хүргүүлж байна. Аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн Өлзийт Уул гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ТОУУ” ХХК-ийн ДО-010Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021 оны 02/378 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 14 сарын хугацаагаар сэргээж сунгасан. Энэхүү түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 албан бичгээр “ТОУУ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тухай, аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2325 дугаар албан бичгээр “ТОУУ” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалт болгох тухай хүсэлт гаргаагүй, уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш 13 сарын хугацаа өнгөрсөн байх тул тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-010Х дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргах болсон талаар дахин мэдэгдсэн ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан. Гэтэл танай компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хүсэлт гаргаагүй, аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 дүгээр албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллаагүй байна. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт дуусгавар болсон тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болно. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хавсралт баримт бичгүүд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт” 18.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” зэрэг хуулиар тогтоосон баримт бичгийн бүрдлийг хангаагүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт явуулж байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй” гэсэн утга бүхий албан бичгийг “ТОУУ” ХХК-ийн захиралд хүргүүлсэн байна.[15]

       7. Маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжийн тухайд: Дээрх захирамжаар[16] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн өлзийт уул” гэх газрын 26,2 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-010Х дугаартай “ТОУУ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

           7.1 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан. Дорнод аймгийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр  захирамжийг гаргахдаа захирамжийн 2 дахь заалтанд “ТОУУ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 /захирамжид 2310/07 гэж зөрүүтэй бичигдсэн/ дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар нь шийдвэр гаргахад ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөэхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл “ТОУУ” ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад хандахдаа ... манай компани 2021 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимд давагдашгүй хүчин зүйл нөхцлөөр хүсэлт гарган гэрчилгээ авч аймгийн Засаг даргад уламжилснаар А/16 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сэргээн олгосон. Уг хугацаанд архелоги, палентлогийн хайгуул судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгүүлэн тайланг гаргуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Тус эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн хурал нь очер дугаарын дагуу 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Зүүн өлзийт уул” уулын чулууны хайрганы хайгуул судалгааны ажил хуралдан батлагдаж, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хурлын дүгнэлт гарч, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Н/33 дугаартай Үндэсний геологийн албаны даргын тушаал гарснаар “Зүүн өлзийт уул” төслийн дайрганы нөөц улсын нөөцийн санд бүртгэгдсэн, энэ тушаал 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манайд ирсэн. 2023 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Дорнодын шинэ сэргэлт хөрөнгө оруулалтын чуулган, 2023 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалт зэрэг арга хэмжээнүүд давхацсан учраас түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл хүргүүлж амжаагүй байсан ...дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн бодит нөхцөл байдлыг дурдаад байхад энэхүү хүсэлтэд дурдсан асуудлыг урьдчилан шалгаж тогтоохгүйгээр, шийдвэр гаргахад ач холбогдолгүй гэж үзсэн нь захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Захиргааны байгууллагаас тухайн шийдвэрийг гаргахдаа ямар бодит нөхцөл байдлыг тогтоогоод шийдвэр гаргахад ач холбогдолгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан заалтаар шийдвэр гаргах явцад бодит үнэнийг тогтоох үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн, энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.

            7.2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ашигт малтмал, газрын тосны газар эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХХ-05-09 тоот дүгнэлт[17], Үндэсний геологийн албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Н/33 тоот тушаал[18] зэрэг нь Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжийг гарахаас өмнө гарсан бөгөөд дээрхи шийдвэрүүдийг “ТОУУ” ХХК 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл энэхүү нөхцөл байдлыг хүсэлтдээ дурдаад байхад захиргааны байгууллага ач холбогдолгүй гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

           7.3 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болно гэж хуульчилсан бөгөөд хуульд тусгай зөвшөөрлийг ямар субъект дуусгавар болгохыг нарийвчлан тодорхой тусгаагүй, харин тус хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий албан тушаалтныг тодорхой нэрлэн заасан байна.    

        7.4  Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 дугаартай “...танай компанийн ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Иймд ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3 дахь заалтын дагуу танай компанийн MV-017191 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гаргах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулгатай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл өгсөн боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр байна гэж үзлээ.

        8. “ТОУУ” ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2401/01, 2401/03 дугаартай Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлүүлэхээр аймгийн Засаг даргад хандсан мөн энэхүү албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тушаасан болохыг дурдах нь зүйтэй.[19]

           9. Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжийн 5 дахь хэсэгт “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2016 оны А/247, 2019 оны А/269, 2022 оны А/16 дугаар захирамж”-уудыг тус тус хүчингүй болгосон. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжаар “ТОУУ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2016 оны А/247, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан 2019 оны А/269, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн А/16 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон шийдвэр тул энэхүү захирамжуудыг хүчингүй болгоход  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Иймд “ТОУУ” ХХК-ийн “Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар “ТОУУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгнөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-д олгосугай. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 68-69-р хуудас

[3] Хавтаст хэргийн 28-р хуудас

[4] Хавтаст хэргийн 29-р хуудас

[5] Хавтаст хэргийн 30-р хуудас

[6] Хавтаст хэргийн 10-р хуудас

[7] Хавтаст хэргийн 28-р хуудас

[8] Хавтаст хэргийн 44-46-р хуудас

[9] Хавтаст хэргийн 29-р хуудас

[10] Хавтаст хэргийн 30, 44, 89-р хуудас

[11] Хавтаст хэргийн 129-р хуудас

[12] Хавтас хэргийн 26-р хуудас

[13] Хавтаст хэргийн 31, 87-р хуудас

[14] Хавтаст хэргийн 33-34-р хуудас

[15] Хавтаст хэргийн 35-36-р хуудас

[16] Хавтаст хэргийн 10-р хуудас

[17] Хавтаст хэргийн 11-13-р хуудас

[18] Хавтаст хэргийн 14-р хуудас

[19] Хавтас хэргийн 116-121-р хуудас