Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0844

 

“М с б х” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Д.Г, гуравдагч этгээд Б.О-ын өмгөөлөгч Л.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М с б х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М с б х” ТББ-ын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05 маягт/ нь хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байх шаардлагатайгаар батлагдсан байна” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. "М с б х" ТББ нь бүх гишүүдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын 4-т “М с б х" ТББ-ын ТТ00164 дугаартай тэмдэг /тамга/ болон 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон 9071027098 улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай, 5-д “М с б х " ТББ-ын тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахыг холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбалд даалгасугай” гэж бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн. Ийнхүү бүх гишүүдийн хурлаар тамга тэмдгийг хүчингүй болгож, бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Мөн дээрх асуудлаар хэргийн оролцогчийн аль аль нь маргаагүй, хэлэлцээгүй байхад шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн. " М с б х " ТББ-ын бүх гишүүдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын 1-т “М с б х " ТББ-ын ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоол, удаа дараа гаргасан өөрийнх нь тайлбар, бүрэн эрхийн хугацаа дууссан зэрэг үндэслэлээр нийт төлөөлөгчдийн 206 төлөөлөгч дэмжиж, 100 хувийн саналаар чөлөөлсөнийг баталсугай.”, 2 дахь хэсэгт “М с б х " ТББ-ын ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбалыг хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 203 төлөөлөгч дэмжиж, 98,5 хувийн саналаар сонгогдсоныг баталсугай”, 3 дахь хэсэгт "Төрийн бус байгууллагын тухай хууль, Холбооны дүрэмд заасны дагуу холбооны үйл ажиллагааг удирдлагаар хангаж, ажиллахыг ерөнхийлөгч Ц.Цэвэрбалд даалгасугай” гэж бүх гишүүдийн хурлын шийдвэрээр “М с б х” ТББ-ын ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбалыг сонгосон байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, " М с б х " ТББ-ын бүх гишүүдийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тогтоолоор батлагдсан дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт тус тус зааснаар Цэвэрбал нь " М с б х " ТББ-ын ерөнхийлөгч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх тул шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн дээрх асуудлаар хэргийн оролцогч нар маргаагүй. Холбооны дүмийн 3.5 дахь заалтад “Холбооны гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж зааснаас үзэхэд тэргүүлэгчдийн шийдвэрээр бус тэргүүлэгчдийн хүсэлтээр зарлан хуралдуулахаар байна. Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад заавал олонхи байхыг шаардахааргүй байна. Харин олонхи байхын тухайд тэргүүлэгчид нь олонхи байх шаардлагыг хангасан Учир нь “М с б х” ТББ-ын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар 13 тэргүүлэгч, 1 ерөнхийлөгчтэй байхаар тогтоолоор батламжилсан. Үүнээс, ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил нь холбооны ерөнхийлөгчийн ажлаас татгалзсан нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоос тодорхой харагдаж болно. Иймд Холбооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай 7 тэргүүлэгчид хүсэлт гаргасан нь олонхи байх шаардлагыг мөн хангасан байна. Маргаан бүхий Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаал нь хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 88 дугаартай дүгнэлтийг үндэслэн гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий А/47 дугаар актын үндэслэл болсон 88 дугаартай дүгнэлттэй маргаж нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл шүүх 88 дугаартай дүгнэлтийг бие даасан акт гэж үзэн тус дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл байхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх маргаан бүхий актын үндэслэлд заавал хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй тул маргаан бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар актын үндэслэл болсон хяналтын улсын ахлах байцаагчийн 88 дугаартай дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Дараах тохиолдолд сонгох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-28.1.6-д заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Гуравдагч этгээд гэх иргэн Б.О-ын ямар ч эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй, түүний эрх ашиг хөндөгдсөн талаар шйидвэрт тодорхой үндэслэл байхгүй болно. Иймд хэн нэгний эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад шүүх яагаад нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. “М с б х” ТББ-ын тэргүүлэгчид нь тус холбооны 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан дүрмийн 3.5-д заасан “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэснийг үндэслэн нэр бүхий 7 тэргүүлэгч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гаргаснаар бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдсан байна. М с б х-ны бүх гишүүдийн хурлын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолоор тэргүүлэгчдийн даргаар Ц.Мөнх-Оргил, нэр бүхий 13 хүнийг тэргүүлэгчээр сонгосон. Харин 14-т хоосон зай орхиод ард нь Лигийн тоглогч, багийн эздийн төлөөлөгч гээд  тодорхой хэн нэгнийг нэр заан сонгоогүйгээр хоосон орхисон байна. Уг 02 тоот тогтоолоор тэргүүлэгч 15 хүн байхаар харагдаж байгаа боловч Тэргүүлэгчдийн дарга Ц.Мөнх-Оргил нь ажлаа хүлээлгэн өгсөн энэ холбоонд хамааралгүй болсон талаараа удаа дараа мэдүүлж улмаар тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчөөр хурлыг зарлан хуралдуулахыг хүссэн Монголын сагсан бөмбөгийн холбооны зарим тэргүүлэгч болон гишүүдээс шүүхэд хандсан хэрэгтэй холбогдуулан гарсан Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 тоот тогтоолд дурьдахдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг үндэслэн заасан байгаа нь тэр хүн Монголын сагсан бөмбөгийн холбоонд хамааралгүй болсныг тогтоосон “үйл баримт” гэж үзэж байна. Ингээд нэгэнт Ц.Мөнх-Оргил нь өөрийгөө тэргүүлэгч гишүүнд хамааралгүй болсон гээд байхад анхан шатны шүүх үйл баримтыг тогтоосон шүүхийн тогтоолын эсрэгээр түүнийг 15 гишүүний тоонд оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны 2005 оны 02 дугаар тогтоолын 14-т хоосон зай орхиод ард нь лигийн тоглогч, багийн эздийн төлөөлөгч байхаар тогтоосон нь олон лигийн тоглогч багуудаас хэнийг нь төлөөлөгч гэж үзэж “тэргүүлэгч” болгон үзэх боломжгүй юм. Энэ талаар хэн нэгнийг нэр заан томилж батламжлаагүй байна. Иймд Монголын сагсан бөмбөгийн холбооны 2005 оны 02 тоот тогтоолын 1-ээс 13-т бичигдсэн тэргүүлэгчээс  7 тэргүүлэгч хурлыг зарласан нь “олонхи” гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2005 оны дүрмийн 3.9-д тэргүүлэгч есөөс доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ гэснийг хангасан 13 тэргүүлэгчээс 7 нь хуралдсаныг “олонхи” гэж үзнэ. М с б х-ны бүх гишүүдийн хурал 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ба энэ хурал, хурлаас гарсан шийдвэрүүд өнөөг хүртэл хүчинтэй байхад улсын бүртгэлийн байцаагч хүчинтэй хурлыг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгохоор “дүгнэлт” гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд буруу байна. Ингээд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байгаа байдал болон дээр дурьдсан байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 741 шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл буруу байх тул давж заалдах шатны шүүх үндэслэлийг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Бүртгэл хүчингүй болгуулах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалаар " М с б х " ТББ-ын мэдээлэлд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон, улсын бүртгэлийн 0000116038 дугаартай гэрчилгээ, тэмдгийн 1116217928 хяналтын дугаарыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Дээрх захиргааны акт нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 88 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн гарсан байх ба энэхүү захиргааны акттай маргаж байгаа тохиолдолд шүүх тухайн актын үндэслэл хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй. 

Маргаан бүхий актын үндэслэл болсон Хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар дүгнэлтэд "2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан “М с б х” ТББ-ын  дүрмийн 3.5 “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно”, 3.13 “Тэргүүлэгчдийн олонхи оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцно. Тэргүүлэгчид өөрийн биеэр оролцож чадахгүй хуралд бичгээр итгэмжлэн төлөөлөгчөө оролцуулж болно” гэж заасныг тус тус зөрчиж гаргасан 7 тэргүүлэгч гишүүний гарын үсэг бүхий тогтоолын дагуу 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тус ТББ-ын үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.5.3 “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг тус тус зөрчсөн" гэсэн нь холбогдох хуулийг болон нэхэмжлэгч ТББ-ын дүрмийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал,

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд "Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ" гэж зааснаас үзвэл улсын бүртгэлд үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй Ц.Мөнх-Оргилийг холбооны ерөнхийлөгчөөр, улсын бүртгэлд бүртгэлтэй “М с б х” ТББ-ын 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Дүрэм, Бүх гишүүдийн хурлын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээрх бүх гишүүдийн хурлын 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолд Тэргүүлэгчдийн дарга, тэргүүлэгч гишүүдээр нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан байх бөгөөд Холбооны дүрмийн 3.13-т зааснаар тэргүүлэгчдийн олонхи оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцох учиртай.

Харин Холбооны дүрмийн 3.5-д “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж зааснаар тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахдаа аль нэг гишүүн хүсэлт гаргаснаар бус дүрмийн 3.13-т заасан олонхи оролцсон хүчин төгөлдөр хуралдаанаар шийдвэрлэнэ гэж ойлгохоор байна.

 Иймд 15 тэргүүлэгчдээс 7 тэргүүлэгч гишүүн оролцон 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсаныг Холбооны дүрэмд нийцсэн гэж үзэхгүй, хяналтын улсын байцаагчийн 88 тоот дүгнэлтийг буруутгах боломжгүй тул маргаан бүхий акт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болоогүй "эрх бүхий этгээд өргөдөл гаргаагүй, өмнө олгогдсон хяналтын дугаар бүхий тэмдэг дарагдаагүй, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэхгүй байхаар мэдэгдсэн шийдвэр хүчинтэй, түүнийг цуцалсан тухай шийдвэр ирээгүй байхад бүртгэл хийсэн" зэрэг дүгнэлт хийсэн нь буруу байх боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул дээрх үндэслэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                         

                                 

                                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР  

                                        ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН       

                                        ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН