Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0156/з |
Дугаар | 388 |
Огноо | 2018-10-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 388
“Ж...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын 9062Х тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бусад тооцуулах, хайгуулын ХҮ-009062 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0317 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0439 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0317 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ж...” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн ”Ж...” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ХҮ-009062 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0439 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийн гомдол: “ ... Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Баруун уурхайт-1 нэртэй 1476 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын 9062Х тоот тусгай зөвшөөрөл нь 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр анх олгогдсон бөгөөд 2006 онд “Ж...” ХХК-д шилжүүлсэн байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байдаг.
5. Өөрөөр хэлбэл “Ж...” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандана гэсэн үг.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Ж...” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан факт болсон боловч дуусахаас өмнө гаргасан нөөц тогтоолгох хүсэлтийг дээрх хуульд заасны дагуу шийдвэрлэж улсын бүртгэлд бүртгэх ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулж байсныг нотолж байна” гэжээ.
7. “Ж...” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 26-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөц батлуулах тайлангаа хүргүүлсэн боловч хэлэлцэгдээгүй байсаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ХХ-03-15 тоот дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн н/53 тоот дээрх талбайд хамаарагдах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тушаал гарсан байна. Нөөцөд бүртгүүлсний дараа “Ж...” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлснийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч Кадастрын өргөдлийн бүртгэлд бүртгэсэн боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байна.
8. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 9 жилд хүрсэн нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох хууль зүйн факт болохын хувьд хэн нэгний хүсэл зоригоос үл хамааран хэрэгжинэ гэсэн үг.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” боловч мөн хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах журмыг зохицуулсан байх бөгөөд өргөдөлд “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргахаар заасан байдаг.
10. Дээрхээс үзвэл “Ж...” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хуулийн хугацаанд гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл авч чадаагүй нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө хандаагүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Нөгөө талаас бол Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” эрхтэй байхаар хуульчилсан нь тухайн талбайд хайгуулын ажил гүйцэтгэж зардал гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар үзүүлж буй давуу байдал юм.
12. “Ж...” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 тоот шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
13. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0439 дүгээр магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй, зөв гэж үзлээ.
15. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт, Баруун Уурхайт-1 нэртэй 1476 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-09062 дугаар тусгай зөвшөөрөл анх олгогдож, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших нийт 9 жилийн хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байсан, уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Ж...” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн, Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-7089 дүгээр албан бичгээр “...мэргэжилтнүүдээр хянагдах хяналтын хуудсаа авсан, ...тайлан хянагдаж дуусаад холбогдох материалуудыг бүрдүүлж өгсний дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэх болох”-ыг “Ж...” ХХК-нд мэдэгдсэн байна.
16. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-т “төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана” (уг заалтуудыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Ж...” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн, энэ тохиолдолд, хариуцагч Ашигт малтмалын газар тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах үүрэгтэй байжээ.
17. Үүнээс үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж...” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын тайланг хуульд заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгснөөр түүний хуулиар хүлээсэн үүрэг биелэгдсэн, харин уг тайланг хэлэлцэн батлах эсэх, түүнтэй холбоотой бусад шийдвэр гаргах үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байх тул захиргааны байгууллагаас шийдвэр гаргах хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд хамаатуулан тоолох үндэслэлгүй, захиргааны байгууллагын шийдвэр хэзээ гарахаас үл хамааран тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хадгалагдахаар байна.
18. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх” хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй тохиолдолд, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болно, харин дээрх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд, цаашид хугацаа тоологдохгүй, захиргааны байгууллагаас шийдвэр гаргаагүй хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг дуусгавар болгох, хуулиар тусгайлан заагаагүй байхад “... тайлангаа боломжит хугацааны өмнө өгөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
19. Анхан шатны шүүх уг маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн талбайд хайгуулын үйл ажиллагааг дуусгавар болгож, хуульд заасан хугацаанд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлснээр үүнтэй холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг дуусгавар болсоныг анхаараагүй, хариуцагч төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргаагүй хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль зүйн үр дагавар үүсгэхээр тайлбарласан нь буруу болжээ.
20. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах”-аар, 25 дугаар зүйлийн 25.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд ... /хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр/ хавсаргах”-аар, 26 дугаар зүйлийн 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн ... 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах...”-аар тус тус зааснаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан “... хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрх” нээгдэхээр байна.
21. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар “Ж...” ХХК-ийн хайгуулын ажлын тайланг хэлэлцэн, ХХ-03-15 дугаар дүгнэлтээр тайланг баталгаажуулж, улмаар Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Н/53 дугаар тушаалаар тус компанийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт орших Баруун Уурхайтын төмрийн хүдрийн ордын Баруун Уурхайт-1 нэртэй XV-09062 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.
22. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр дээрх байдлаар гарснаар, “Ж...” ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж, “...Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ... /ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох/-ыг хүссэн” өргөдөл гаргасан нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-т тус тус заасантай нийцсэн, харин, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь “хууль бус”, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
23. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах”-аар заасан, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт, Баруун Уурхайт-1 нэртэй 1476 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-09062 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын ажил хийж, уг талбайд хамаарагдах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн “Ж...” ХХК тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрч хүсч өргөдөл гаргах эрхтэй, түүнчлэн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “... /ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн/ өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан ... шийдвэр гаргах”-аар заасан, хуулиар хүлээсэн үүргээ захиргааны байгууллага өөрөө биелүүлээгүй атлаа энэ үйл баримтаа “Ж...” ХХК-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болгосон нь хууль бус, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д “... өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах...”-аар заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Ж...” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагыг хангаагүй талаар хариуцагч маргаагүй тул маргаан бүхий захиргааны акт хууль бус, нэхэмжлэгч “Ж...” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзнэ.
24. Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг буруу бичсэн байх тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0439 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрийг” гэснийг “... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0317 дугаар шийдвэрийг” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА