Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 136

 

Б.А-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч М.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох 1709018580128 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.С-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 178 дугаар зүйлийн 178.2, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон О овогт Б-н А.

1. Б.А- нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт “Кэйш стандарт” ХХК-нд зээлийн барьцаанд тавьж тус компанийн өмчлөлд шилжүүлсэн *** УБГ дугаарын “Ландровер” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж бусдыг төөрөгдөлд оруулан “Ди Эй Эм Өү Эй” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, Б.Б-д 20,000,000 төгрөгийн,

2. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Ц.Ү-н “Киа К-5” загварын *** УНМ дугаарын тээврийн хэрэгслийг 15,500,000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаа 1,000,000 төгрөг өгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлийг хууль бусаар үйлдэж, уг тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан Ц.Ү-т  12,000,000 төгрөгийн,

3. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.С-тай 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авч *** УБЯ дугаарын “Мерседес бенз МЛ-350” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан ба тус тээврийн хэрэгслийг бусдад зарчихаад мөнгийг нь буцаан өгнө гэж хуурч, М.С-т 18,000,000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-ын цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 10,000,000 төгрөгийн торгуулийн ялаас 15,000 төгрөгийг хасч тооцон шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.С- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлал гаргахдаа шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. М.С-, Б.А- нар зээлийн гэрээний үүргийн барьцаанд автомашины фидуцын гэрээ байгуулаагүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж иргэд хоорондын иргэний шинжтэй зээлийн харилцааг “эрүүгийн хэрэг” гэж үзэн зүйлчлэлийг буруу хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх “хохирогч М.С-ыг залилсан гэх мэт хэргийн халдлагын зүйл болсон *** УБЯ дугаартай “Mercedez benz ML-350” загварын тээврийн хэрэгслийг Монгол улсын гаалийн хилээр 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орсноос хойш хэд хэдэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд шилжиж байсан бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч Б.А-ын эзэмшил, өмчлөлд огт бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь “Mercedez benz ML-350” автомашин нь Б.А-ын эзэмшлийн компани дээр бүртгэлтэй, Б.А- компанийнхаа гүйцэтгэх захирал нь байсан тул түүний эзэмшил, өмчлөлд байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд надад хамааралтай хэрэг нь эрүүгийн хэрэг биш тул давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

2. Надад учирсан эд хөрөнгийн хохиролд зээлийн гэрээний үүрэг болох 28,440,000 төгрөг, өмгөөллийн хөлс 800,000 төгрөг, нийт 29,240,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 18,000,000 төгрөгийг барагдуулсан үлдэгдэл 11,240,000 төгрөгийг барагдуулаагүй байхад анхан шатны шүүхээс “Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно" гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “хууль зүйн үндэслэлтэй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй" гэж үзэж байгаа нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хохирогч М.С- нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 12, 24-ний өдрүүдэд прокурор Ц.Амгаланбаатартай биечлэн уулзаж амаар 2 удаа тавьсан бөгөөд хүсэлтийг хүлээн авч байна, шүүх хуралдаанд оролцуулна гэж хэлсэн байдаг. Шүүхээс надад болон миний өмгөөлөгчид 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг танилцуулаагүй, мэдэгдээгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Гэтэл энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх “хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй байна гэж үзэв” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн миний өмгөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн материалтай танилцуулаагүй, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор дээрх нөхцөл байдлыг хянаагүй хэргийн материалыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээр хянуулахаар миний бие гомдолдоо дурдсан атал шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч М.С-ын өмгөөлөгч Т.Мөнхсүлд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хуульд заасан хэд хэдэн үндэслэлийг зөрчсөн байна. Тухайлбал, хохирогч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, гэхдээ энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болоогүй гэж үзсэн. Бидний хувьд хохирогч болон түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуулийн зохицуулалтыг тусгасан байгааг шүүх хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулиар гэм буруугаа тогтоолгох болон шүүхийн байгууллагаар гомдлоо хянан хэлэлцүүлэх эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тухайн автомашиныг М.С-ын эзэмшлээс авч явахдаа бичиг хийж өгсөн. Гэхдээ тэр бичиг нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн болохоос гэрээтэй машиныг авч яваагүй. Хэдийгээр хохирогч үүнийг залилах гэмт хэрэг үзэж цагдаад гомдол гаргасан ч машиныг шууд эзэмшлээс нь авч явсан нөхцөл байдаг. Хохирогч болон шүүгдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байгаа. Тийм учраас машины шууд бус эзэмшлийг авч, өөр хүмүүст шилжүүлсэн асуудлыг эрүүгийн хэрэг гэж үзсэн нь буруу.

Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг М.С-ын нэр дээр бүртгэгдээгүй учраас эрүүгийн хэрэг гэж үзэж байна гэсэн. Хавтаст хэрэгт байгаа баримтаар Б.А-ын өөрийнх нь эзэмшлийн компанийн нэр дээр байсан, тухайн компанийн хүрээнд машиныг эзэмшиж байсан үйл баримт байгаа. Бид шүүгдэгчээс 18,000,000 төгрөг авч, холбогдох бичгийг хийж өгөхдөө эвлэрсэн гэж бичиж өгөөгүй байхад хоорондоо тохирсон учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө хэргийг нэгтгэх зорилгоор мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг нэгтгэснээс хойш мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хуульд зааснаар өмгөөлөгч болон хохирогчид танилцуулах үүрэгтэй. Надад энэ талаар танилцуулах гэж мөрдөгч болон прокуророос нэг ч удаа утасдаагүй. Энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаан болсноос хойш 7 хоногийн дараа шүүх хуралдааны зар дээрээс мэдсэн. Эдгээр нөхцөл байдлаас харахад хэргийн оролцогчийн эрх үүргийг ноцтой зөрчсөн асуудал байгаа учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа хохирогчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед Б.А-д холбогдох хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэх гэж байхад М.С- нь Хан-Уул дүүргийн шүүхэд намайг залилсан гэж гомдол гаргасны дагуу шалгаж, хэрэг нь нэгтгэгдсэн байгаа. М.С- хохирол төлбөрөө авсныхаа дараа ямар нэгэн гомдол, санал байхгүй учраас эрүүгийн хэрэг биш, иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурортой уулзсан байдаг.

М.С- хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг биш гэж байсан учраас гомдол саналгүй, хохирол төлбөр төлөгдсөн гэж хэн аль нь үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүхэд очиж хэрэг шийдвэрлэгдсэн. Тухайн үед хэрэг шүүх дээр явж байгааг хохирогч мэдэж байсан. Хохирогчийн өмгөөлөгч тухайн хэргийн оролцогч бол хэргийнхээ араас өөрөө явах хэрэгтэй. Заавал яриулж, дуудуулж хэргийг шийдвэрлүүлэх ёсгүй гэж үзэж байна. Өөрийн эрх, үүргийн дагуу тухайн үед нь прокурорт хэлэхгүй яасан юм бэ. Хохирогчийн хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол нь зөвхөн эрүүгийн журмаар шалгуулж хохирлоо авсан, нэхэмжилж байгаа 29,240,000 төгрөгийг төлөөгүй гэж байгаа. Иргэний журмаар нэхэмжлэх гэж байгаа зорилго нь ямар нэг аргаар хүү, алданги авах гэж байна. Гэхдээ энэ хоёрын хооронд албан ёсны гэрээ байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан тодорхой дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч М.С- нь анх Б.А-д залилуулсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаснаар тухайн хэрэг шалгагдаж явсан.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдээгүйг ноцтой зөрчил гэж үзэж байгаа боловч хавтаст хэрэгт М.С- нь хохирол болох 18,000,000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бичиг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж, хууль зүйн үндэслэлийг нээж өгснөөр прокурор болон шүүхээс хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчөөгүй. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй зөрчил байгаа боловч шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд орохгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М.С-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.А- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогч Б.Бүжинлхам, Ц.Үнэнбаяр, М.С- нарыг хуурч мэхлэн, гурван удаагийн үйлдлээр бусдад нийт 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх, түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч М.С- нь анх Б.А-ын хууль бус үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Б.А- нь гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь гэрээнээс үүссэн иргэний эрх зүйн харилцааны маргаан биш залилах гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв тайлбарлажээ.

Мөн хохирогч М.С- нь шүүх хуралдааны товыг надад болон өмгөөлөгчид мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний ...өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.” гэж заасан бөгөөд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс оролцох хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох ба анхан шатны шүүхээс товыг мэдэгдээгүй зөрчил гаргасан боловч энэ шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг хянуулахаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн хохирогч М.С-ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч М.С-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН