Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2024/00583

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 17 151/ШШ2024/00583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ц-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Г-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эр төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 тооны мал биет байдлаар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 22.320.000 төгрөг, өвс тэжээлийн үнэ 8.000.000 төгрөг, нийт 30.320.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Г-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эр төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 тооны мал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. 2013 онд миний цуглуулсан хэдэн хонь, ямаа Т багшийнд байсан ба Т багш маань Бие дийлэхгүй байна, хонио аваа гэсэн. Тэгэхээр нь миний уяч байсан н.Т-н хүү Т.Г-тэй утсаар ярьж 2 жил маллуулаад, хонь, ямаагаа буцаан авна гээд тохиролцсон. Миний бие биечлэн хонь, ямаагаа тууж аваачиж өгөөгүй бөгөөд энэ хэрэгт гэрчээр оролцсон н.Г, Э.А нар аваачиж өгсөн. Энэ хүмүүс яг хэдэн толгой хонь, ямаа өгч, авалцсан талаараа дандаа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Энэ хугацаанд би Т.Г-т 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, тэгээд өвс тэжээлийн мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн. Үүнийг Т.Г хариу тайлбартаа мөн бичсэн байна. Ингээд 2 жилийн дараа малаа авах гэсэн чинь Т.Г ерөөсөө надад олдож өгөхгүй, очиход гэртээ байхгүй, эсхүл зугатаад 2-3 хоног алга болчихдог байсан ба би түүнтэй хэл амаа ололцох гэж нэлээд юм болсон. Энэ хооронд би Ч.Э-с адуу аваад орон нь Т.Г-т маллуулж байгаа бүх хонь, ямаагаа өгөхөөр болоод Ч.Э-тэй хоёулаа 1-2 удаа, Ч.Э 1 удаа Т.Г-нд очсон боловч мал хүлээлгэн өгөөгүй. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т.Г-тэй гэрт нь Ч.Э-тэй хоёул очиж, уулзаад бичиг хийсэн нь хэрэгт авагдсан байгаа. Тэр бичгийн эх хувь нь надад олдохгүй байгаа ба би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсан дээрээ зураг хэлбэрээр хадгалсан баримтдаа үзлэг хийлгэж байсан. Тухайн бичгийг би өөрөө гараараа бичсэн ба үүнд дурдсан малын нийт тоог 252 гэж буруу бичсэн байна. Нэмээд үзэхээр 232 тооны мал байна. Тэгэхээр энэ баримт нь Т.Г бид хоёрын дунд хийгдсэн албан ёсны тооцоо тул уг баримтыг үндэслээд эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эр төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 тооны малыг Т.Г-с гаргуулахаар нэхэмжилж байна. Ажиллагааны явцад манай итгэмжлэгдсэн төлөөлөгч болон би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан боловч одоо би яг энэ баримтын хүрээнд хэргээ шийдвэрлүүлмээр байна. Нөгөө талаар, Т.Г надаас 30.320.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр энэ бичгийг хийхдээ Т.Г өөрөө надад Та надаас малын төл, ашиг шимийг нэхэхгүй, би таниас хөлс, мөнгө нэхэмжлэхгүй гэж хэлээд ийм бичиг хийж, бид гарын үсэг зурсан. Хэрэв тухайн үедээ Ч.Э-д мал хүлээлгээд өгсөн бол ийм их хэмжээний хөлс мөнгө нэхэмжлэх боломжгүй байсаэ. Мөн 2013-2016 оны үед 500.000 төгрөгийн цалинтай малчин гэж байгаагүй. Би энэ хооронд малаасаа нэг ширхэгийг ч авч хэрэглээгүй, ашиг шим, төлийг нь аваагүй. 10 орчим жилийн хугацаанд энэ 300 орчим мал хангалттай өсөж, үржиж, ашиг шимээ Т.Г-т өгсөн гэж үзэж байна. Т.Г бид хоёрын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй гэжээ.

2. Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Л.Ц нь 2013 оны 7 дугаар сард Багш Т намайг "Малаа ав гээд байна, миний малыг маллах хүн байхгүй байна, танайд түр авчирч маллуулъя, цөөхөн тооны мал байгаа гэхээр нь би За түр бол яах вэ, 9 дүгээр сар хүртэл маллая" гээд малыг нь авсан. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ байхгүй хойгуур манай дүү Т.Г-г таньдаг Э.А гэдэг хүнээр малаа туулгуулж, манайд авчраад явсан байсан. Тэр үед би өөрөө эзэнгүй байсан учраас малыг нь тоолж авсан хүн байхгүй. Тухайн үед манай талийгаач ээж байсан болохоор мал тууж ирсэн Э.А гэдэг хүн нь 120 хонь, 30 ямаа авч ирсэн гэсэн гараар бичсэн бичиг үлдээсэн байсан. Ер нь би Л.Ц гуайтай малыг нь маллах талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, түр хугацаагаар маллаад өгөөч гэж гуйсан учраас л малыг нь тавиулсан. Тууж ирүүлсэн хонь, ямаа нь тарга, тэвээргэ муутай, айлаас авсан учраас бараанк голдуу мал ирсэн. Муу мал байсан учраас ирсэн өдрөөсөө үхэж үрэгдэж эхэлсэн. Тэр үед ээж маань Айлын мал их муу мал ирсэн байна, үхээд байна. Эртхэн эзэнд нь хэлж учрыг нь ол гэж удаа дараа хэлж байсан. Л.Ц гуай 2013 оны 9 дүгээр сард манайд ирэхэд нь "Мал чинь үхээд байна, их тарга тэвээргэ муутай, муу мал ирсэн, үхээд байнаа гэж хэлж, зарим үхсэн малыг өөрт нь үзүүлээд Та ер нь малаа аваарай" гэж хэлсэн боловч аваагүй. Малаас нь үхэж үрэгдэж нэлээн ихээр хорогдсон. 2014 оны хавар мал төллөх үеэр төлийн хорогдол ихтэй, эх, хурганы хорогдолтой байсан ба төл цөөхөн авсан. 2014 оны зун 7 сард 1 удаа мал маллуулсны хөлс гэж 500 000 төгрөг өгсөн. Хөгшин эр хониноос үхээд байна гэж хэлэхэд Эр хонь үхдэггүй юм" гээд өөрөө тоохгүй байсан. "Мал нь үхэж хорогдоод байна" гэж их хэлж байсан боловч өөрөө малаа авахгүй, өвс тэжээл ч ганц ч удаа авчирч өгөөгүй. Тэгээд 2015 онд н.Б гэдэг хүн Би Л.Ц-тэй наймаа хийсэн тул танайд тавьсан хонийг нь авъя" гэж манайд ирсэн. Тухайн үед Л.Ц өөрөө ирээгүй, н.Б гэдэг хүнийг явуулсан байсан болохоор би Л.Ц-тэй уулзаж, хөлс мөнгөө авч тохирсоны дараа өгнө гэж хэлээд өгөөгүй юм. Хойтон намар нь манайхыг нүүж байхад анх Л.Ц нь T.Э, н.Б 2-той хамт манайд ирээд Б-д өгөх ёстой хонийг чи өгөөгүй байна" гэж ирсэн. Тэгэхээр нь би "Та хонио авах гэж байгаа бол би таниас цалин хөлсөө авч байж өгнөө" гэж хэлээд малыг нь өгөөгүй. Тэгээд Л.Ц яваад, ахиж над дээр ирээгүй. 2017 оны өвөл утсаар яриад Мал муудаад, үхэж үрэгдээд байна, өвс тэжээл хэрэгтэй байна гэж хэлэхэд "Чи өөрийнхөө малыг тэжээх гэж байгаа биз" гэж хэлээд ахиж холбоо бариагүй. 2014-2019 онуудад төл малын хорогдол ихтэй байсан. Л.Ц гэдэг хүн ер нь анхнаасаа хөлс мөнгөгүйгээр малаа маллуулах, дараа нь малаа авна гэж ирэхдээ "Чи энэ Болдоог таних уу? Энэ ёстой аймар хүн шүү" гэж намайг айлган сүрдүүлж, мал маллагааны хөлс өгөхгүйгээр малаа авах гэсэн санаатай юм байна гэсэн бодлыг надад төрүүлсэн. Тийм болохоор нь би Хөлс, мөнгөө зөрүүлж авч байж малыг чинь өгнө гэж хэлсэн. Тухайн үед тохиролцсон хөлсөө өгсөн бол би малыг нь хорогдолыг нь тооцоод өгөөд л явуулах байсан. Одоо иргэн Л.Ц-н нэхэмжилж байгаа 280 толгой хонь, 24 толгой ямааг өгөх боломжгүй. Анхнаасаа мал нь ирсэн цагаасаа хойш их үхэж үрэгдсэн, хорогдол ихтэй бараанк мал байсан учраас өвөлжилт хаваржилтын хүндэрсэн цаг үеүүдэд мал ихээр хорогдсон. Мал үхэж үрэгдэж байгаа талаар удаа дараа утсаар өөрт нь хэлэхэд тоохгүй, өвс тэжээл нэг ч удаа авч өгч байгаагүй. Тиймээс би энэ хүний нэхэмжилж байгаа хохирлыг 100 хувь өөрөөсөө нөхөж барагдуулах боломжгүй. ... Бид хоёр сарын хөлс дээрээ маргасан ба би муу мал ирсэн тул сард 500.000 төгрөгийн хөлс нэхэхэд Л.Ц нь 300.000 төгрөг гээд, тэгээд 350.000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд малаа авахдаа 6.000.000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн боловч өдий 8 жил болоход хүн доромжилж байгаа юм шиг 2016 онд нэг удаа 500.000 төгрөг өгөөд үүнээс хойш цалин, хөлс өгөөгүй. Түүнээс гадна би малын өвс тэжээлд 3.000.000-5.000.000 төгрөг зарцуулдаг. Л.Ц нь нэг удаа л 1.000.000 төгрөгийн өвс, тэжээлийн мөнгө өгсөн. Иймд 8 жилийн өвс, тэжээлийн мөнгө 8.000.000 төгрөг, мал маллагааны 22.320.000 төгрөг, нийт 30.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс И.А-т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 447.550 төгрөг төлсөн баримт, Л.Ц-с цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ********** дүгээр захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-н өмгөөлөгч Э.Ж-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний огноо бүхий гар бичмэл баримтын хуулбар /1 хавтас 77-78 дугаар тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анарын өмгөөлөгч Ц.Ж-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас 146-147 дугаар тал/, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 973.100 төгрөг төлсөн баримт /1 хавтас 180-184 дүгээр тал/, Статистик мэдээллийн сангийн хуулбар /1 хавтас 185-190 дүгээр тал/, Л.Ц-с М.С-д олгосон итгэмжлэл /1 хавтас 225 дугаар тал/, Л.Ц-н өмгөөлөгч Д.Г-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас 245-246 дугаар тал/, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодотгох, өөрчлөлт оруулах тухай шаардлага /2 хавтас 8-9 дүгээр тал/, Хөрөнгийн үнэлгээчин Г.А-н шинжээчийн дүгнэлт /2 хавтас 11-26 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас өмгөөлөгч М.М-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл /1 хавтас 116 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж 309.550 төгрөг төлсөн баримт /1 хавтас 117 дугаар тал/, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ** тоот тогтоол, мөн хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот тогтоолын хуулбарууд /1 хавтас 118-119 дүгээр тал/, 2007 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний статистик мэдээ /1 хавтас 120 дугаар тал/, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ** тоот тогтоолын хуулбар /1 хавтас 121 дүгээр тал/, Т.Г-с Д.Б-т олгосон итгэмжлэл /2 хавтас 60 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Т.Э-н шүүхэд өгсөн мэдүүлэг /1 хавтас 65-66 дугаар тал/, Л.Ц-с цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн хуулбар /1 хавтас 68 дугаар тал/, Л.Ц-н гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /1 хавтас 69-70 дугаар тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тогтоолын хуулбар /1 хавтас 71-72 дугаар тал/, Т.Г-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтас 73-75 дугаар тал/, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /1 хавтас 94-96 дугаар тал/, гэрч Ч.Энхболдын шүүхэд өгсөн мэдүүлэг /1 хавтас 115 дугаар тал/, Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ***** дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Т.Г-н 2013-2020 оны мал тооллогын А дансны хуулбар /1 хавтас 163-179 дүгээр тал/, гэрч Э.А-н шүүхэд өгсөн мэдүүлэг /1 хавтас 218-219 дүгээр тал/, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар албан бичиг /1 хавтас 222 дугаар тал/, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Т.Гантөмөрийн 2021, 2022, 2023 оны мал тооллогын А дансны хуулбар /2 хавтас 39-47 дугаар тал/ зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан Төв аймгийн Прокрорын газрын Прокурорын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ****дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Л.Ц-с авсан гэрчийн мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Т.Г-с авсан гэрчийн мэдүүлэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ч.Э, Э.А, Т.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдов.

2013 оны зун 7 дугаар сард н.Т гэх айлд байсан малаа нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Г-т хүргүүлж, маллуулахаар тохиролцсон байх ба талууд анх хүлээн авсан, хүлээлгэн өгсөн малын тоо, толгойн хувьд зөрүүтэй тайлбар гаргажээ.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Ц өгсөн мэдүүлэгтээ 280 тооны хонь, яамаа хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч Т.Г 150 тооны хонь, ямаа авч ирж, миний малд нийлүүлсэн гэж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Э.А 117 тооны мал туусан гэж тус тус мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагадаа 280 толгой хонь, 24 толгой ямаа буюу 304 тооны мал гаргуулахаар нэхэмжилж, харин хариуцагч хариу тайлбартаа 150 толгой мал хүлээлгэн өгсөн хэмээн тус тус тайлбарлажээ.

Гэвч талууд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т.Гантөмөрөөс авах мал гээд эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 тооны малыг иргэн Ч.Э-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бичиг үйлдсэн байх ба үүнийг нэхэмжлэгчийн гар утсанд хадгалагдсан зургаас үзлэг хийж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр баримтжуулсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 94-96 дугаар талд авагдсан тэмдэглэлээр тогтоогдсон.

Ингээд нэхэмжлэгч нь энэхүү баримтыг үндэслэн дээрх 232 тооны малыг биет байдлаар нь хариуцагч Т.Г-с гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Л.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би энэ тэндээс цуглуулсан малаа н.Т багшийнд тавьж, түүний нэр дээр тоолуулдаг байсан гэсэн тул нэхэмжлэгчийн нэр дээрх мал тооллогын А дансны хуулбарыг холбогдох байгууллагаас гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч Т.Г нарын хооронд 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авах, хүлээлгэн өгөх тухай бичиг хийснээр уг гэрээний харилцааг дуусгавар болгосон гэж үзэв.

Уг хугацаанаас хойш хариуцагч Т.Г хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Ц-н малыг хүлээлгэн өгөхөөс татгалзаж, өдий хүртэл хугацаанд тухайн малыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа талаар маргахгүй байх тул 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хариуцагчийг 232 тооны малаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Г.А-н 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлсэн боловч уг тайлангаас үзэхэд малыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх малын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон байх ба энэ нь 2013-2015 оны үеийн малын үнэ цэнийг тодорхойлоогүй, талуудын маргааны үйл баримтад хамаарахгүй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймээс нэхэмжлэгч нь малыг үнэлгээ тогтоолгож, малын үнэлгээг гаргуулахгүй, 232 тооны малыг биет байдлаар нь гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээнд нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Т.Г-с эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-т олгож шийдвэрлэлээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Дээр дурдсанчлан талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан байх боловч талууд гэрээний гол нөхцөл буюу хөлсний хэмжээний талаар маргадаг.

Хэдийгээр хариуцагч талаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 07 тоот тогтоолыг ирүүлсэн, уг баримтаар сарын хөдөлмөрийн хөлс 191.998,8 төгрөг /нэг цагийн хөлс 1142 төгрөг 85 мөнгө гээд үүнийг 168 цагт тооцоход/ хэмээн тогтоосон баримтыг ирүүлсэн боловч хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Сард 350.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж дурдсан ба уг үйл баримтыг баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч Л.Ц 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, тэгээд өвс тэжээлийн мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн гэж тайлбарлах боловч тухайн мөнгийг хүлээлгэн өгсөн, эсхүл шилжүүлсэн тухай нотлох баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1 дүгээр сараас хойш 240.000 төгрөг болж нэмэгдсэн байх ба энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үргэлжилсэн 2013-2015 оны үйл баримтад хамаарахгүй байх тул уг баримтыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Нөгөө талаар, хариуцагч Т.Г 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн 232 тооны малыг хүлээлгэн өгөхөөр тохиролцохдоо тэдний хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон ба тэрээр уг хугацаанаас хойш хэрэв хөлсийг нэхэмжлэгч Л.Ц өгөөгүй гэж үзвэл шүүхэд хандан хөлс нэхэмжлэх эрхтэй байсан.

Гэтэл хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь түүнийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн Иргэний хуулийн 75.2.1-д заасныг хэтрүүлсэн гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан цаг хугацаанаас өмнө хариуцагч нь хөлс шаардсан нэхэмжлэл гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Мөн хариуцагч 8 жилийн хугацаанд малд өгсөн өвс тэжээлийн үнэ 8.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан боловч Л.Ц-н эзэмшлийн 232 тооны малд нэг жилийн хугацаанд 1.000.000 төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээл худалдан авч өгсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Л.Ц Энэ 10 орчим жилийн хугацаанд миний малын бүх ашиг шим, үр төлийг хариуцагч өөртөө авч ашигласан, надад нэг ч мал өгөөгүй, ноос ноолуур өгөөгүй. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн бичгийг хийхдээ Т.Г өөрөө надад Би таниас хөлс нэхэхгүй, та надаас малын ашиг шим, үр төлийг нэхэмжлэхгүй гээд гарын үсэг зурж, тохиролцсон гэх тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Т.Г хөлсөөр ажиллах гэрээний үүрэг болох сарын 350.000 төгрөг, нийт 22.320.000 төгрөгийн хөлс болон гэрээнээс учирсан хохирол 8.000.000 төгрөг болохоо баримтаар нотлоогүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц-с хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 22.320.000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирол 8.000.000 төгрөг, нийт 30.320.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.420.650 төгрөг, хариуцагч Т.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сайт буюу https://www.1212.mn/mn/statistic/statcate/573054/table-view/DT_NSO_1001_042V2 -ээс авсан мэдээллээр нэхэмжлэгч Л.Ц-н шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 дүгээр сарын байдлаар Төв аймгийн Баянцагаан суманд нас гүйцсэн эр хонь 160.000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 90.000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа 120.000 төгрөг, эм ямаа 70.000 төгрөгийн үнэ, ханштай байсан байх ба нэхэмжлэгчийн шаардсан малын дундаж үнэлгээг нэг хонь 125.000 төгрөгөөр, нэг ямааг 95.000 төгрөгөөр тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоов.

Тодруулбал, 216 тооны хонь буюу 27.000.000 төгрөг, 16 тооны ямаа буюу 1.520.000 төгрөг, нийт 28.520.000 төгрөгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцоход 300.550 төгрөг ба үүнийг хариуцагч Т.Гантөмөрөөс гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Т.Г-с эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-т олгосугай.

2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц-с хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 22.320.000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирол 8.000.000 төгрөг, нийт 30.320.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.420.650 төгрөг, хариуцагч Т.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г-с 300.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА