| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2020/00286/И |
| Дугаар | 151/ШШ2024/00640 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00640
| 2024 07 04 | 151/ШШ2024/00640
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б,
Хариуцагч: П.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 21.486.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч В.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Б, П.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 21.486.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Б ХХК нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг "Д" гэх газар 2012 оноос эхлэн хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр үр тариа, ногоон тэжээл тариалж байгаа бөгөөд уг газар нь 2018 онд Ш ХХК-д шилжсэн хэдий ч манай компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу дээрх газарт үр тариа, ногоон тэжээл тариалсаар байгаа болно. Бидний зүгээс компанийн эзэмшлийн тариалангийн талбайд мал амьтан нэвтрэн орохоос сэргийлж, торон хашаа барьж, манаач хөлсөлж байнгын хамгаалалтад байлгаж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сард тус сумын иргэн П.Б, О.Б нар манай компанийн өмчлөл, эзэмшлийн тариалангийн талбайд нэвтэрч, торыг эвдэн өөрийнхөө хонь, малыг хашаа руу мотоциклоор туун оруулсан. Миний зүгээс хашаанаас малыг хөөн гаргаж, хариуцагч нарт учир байдлыг хэлсэн боловч Хашаанаас мал туулаа гэж уурлаж, намайг хэл амаар доромжилж, хашаагаа буулган зайлахыг шаардаж, миний биед мөн халдсан. Ингээд ч зогсохгүй П.Б, О.Б нар нутгийн иргэдийг турхирч 540 га хашсан тариан талбайн торыг тасалж, шонгийн модыг нь сугалан хаяж, олон тооны адуу, үхэр, хонийг тариалангийн талбайд хөөж оруулсан. Энэ байдал олон удаа давтагдсан. Үүнээс болж бидэнд маш их хэмжээний хохирол учирсан бөгөөд тухайн үед тэдгээр малыг хөөж гаргах, талбайг хамгаалах, манаа хийх, хашаа янзлах хүн хүч маш их хэрэгтэй байсан тул ажилчид авч хөлсөөр ажиллуулсан. Эдгээр хүмүүс болсон асуудлыг болон учирсан хохирлын гэрч болно. П.Б, О.Б нар тухайн үед тариалангийн талбайг тусгаарлаж хашсан байсан 2000 метр хашаан торыг тасалж, чирч, дахин ашиглах боломжгүй болгосон, 100 орчим ширхэг модон шонг сугалж, хугалж хулгайлсан. Мөн 22 га улаан буудай гарах байсан, ойролцоогоор 12 тонн /болц нь гүйцсэн байсан/ хурааж чадаагүй, 40 га ногоон тэжээл ойролцоогоор 1200 боодол өвс гарах байсныг мал тууж оруулан сүйтгэж идүүлсэн. Дээрх үйлдлээс болж компанийн зүгээс эвдэлсэн хашааг засаж янзлах хооронд 10 гаруй хоногт нэмж манаач ажилчдыг өдрийн 30.000 төгрөгөөр авч ажиллуулан цалинжуулсан. Иймд учирсан хохирол болох 2000 метр хашааны тор /1м=1.500 төгрөг/-ийн төлбөр 3.000.000 төгрөг, 100 ширхэг хашааны шон /1ш=8.000 төгрөг/-ийн төлбөр 800.000 төгрөг, 1000 боодол өвс /1 боодол нь 8.000 төгрөг/-ийн үнэ 8.000.000 төгрөг, 12 тонн улаан буудай /1 тонн 550.000 төгрөг/-ийн үнэ 6.600.000 төгрөг, ажилчдын ажлын хөлс нийт 1.400.000 төгрөг, 3 машинаар хашаанаас мал тууж гаргах, 24 цаг манаа хийхэд зарцуулсан шатахууны үнэ 1.686.000 төгрөг, нийт 21.486.000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.Б, О.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал П.Ш нь биднийг ор үндэслэлгүй зүйлээр худал гүтгэж, их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа далд санааг сайн мэдэхгүй байна. Эгэл жирийн малчин ард намайг П.Ш нь анх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний пүрэв гаригт өглөөний 8 цагийн үед цасан болон шороон шуурганаар адуундаа явж байхад бусдын 200 гаран тооны үхрийг Ланд 200 маркийн машинаар туулгаж, шуурганд уруудуулан хөөж байхад нь О.Б миний бие очиж хэлж болиулсан. Энэ үед миний хэлсэн үг Чи болиоч, хүний малыг өвөл болчихоод байхад шуурган дундуур хөөгөөд алга болбол чи өөрөө хариуцна шүү гэж хэлэхэд над руу уурлан дайрч заамдан авсан. Мөн хэл амаар доромжлон Энэ хавийн бүх малыг алхыг нь алж, идэхийг нь иднэ гэж хүртэл хэлж байсан. Энэ үед бидний хажууд гэрчлэх хүмүүс байсан. Шуурга шуурч байсан болохоор би тэгээд яаран малдаа явсан. Энэ үеэс хойш болон өмнө нь П.Ш-тэй тааралдаагүй атал энэ тухай өргөдөл гаргаж, Эрдэнэсант сумын Цагдаад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О.Б намайг зодсон гэж худлаа өргөдөл өгсөн байсан. Цагдаа үүнийг шалган үзээд худал болохоор хэрэгсээгүй. Гэтэл энэ удаа шал өөр утгатай зүйл бичиж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. П.Б миний бие Эрдэнэсант сумын 4 дүгээр багт манай өвөлжөө энэ хүний тариан талбайн ойролцоо орших, арав гаран айлын өвөлжөөний нэг хэдий ч манайх хорио цээр тавигдсанаас 20 гаран хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр өвөлжөөндөө буусан. Тэр үед айл саахалтын хүмүүс ирж, гэр барилцсан, гэрч хүртэл байна. Гэтэл оргүй зүйлээр гүтгэн, хулгайд хүртэл хардсан байна. П.Ш нь 11 дүгээр сарын 10-ны өдөр П.Б-н эхнэрийг хонио усалчхаад явган туугаад явж байхад машинтай давхин ирж хонин дундуур давхин Хонио тарианаас холуур туу, пизда минь, малтай юутай хийтэй чинь дайраад алчихна шүү гэж хүртэл айлгаж байсан. Бидний мал энэ хүний тариан талбай руу орж байгаагүй билээ. П.Ш нь тариалангаа оройтуулж тарьж, орой хураачихаад, энэ алдагдлаа биднээс гаргуулах гэж худал гүтгэж байна. Малчдыг өвөлжөөндөө буух болчихоод байхад малыг нь хөөж сарьнуулан тэр ч байтугай намрын тарган малыг байнга ланд 200 маркийн машинаар хөөн унага, даага бахардуулан маш олон айлын гүү хээл хаяулсан. Энэ үеэр мөн манай болон бусдын адуу, үхэр нийлсэн 10 гаран бод хулгайд алдагдсан. Бид энэ хүнийг холбоотой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл П.Ш нь тариан талбай руу нь ороогүй байхад хүний есөн тооны гахайг хүртэл хулгайлан идсэн нь тогтоогдсон. Мөн биднийг огт үндэслэлгүй, баримтгүй зүйлд гүтгэж байгаа нь юу ч хийхээс буцахгүй хүн байна. Ядарсан малчин ард биднийг худлаа хий юм зохион бичиж сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохиролд оруулж байна. Энэ хүний үнэн зөвийг шүүн үзэж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Бид маш гомдолтой байна. Биднийг гэрчлэх нутгийн иргэд байгаа, нотлох баримт нягтлан үзэж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 265.380 төгрөг төлсөн баримт, Ш ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар Түрээсийн гэрээ, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш ХХК-ийн ********** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ш ХХК-ийн ******дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Аж ахуйн нэгж Б ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн кассын зарлагын ордерын баримт, Б ХХК болон М.Е нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн кассын зарлагын ордерын баримт, Б ХХК болон Б.О нарын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ** дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, Б ХХК болон Б.О нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай Хөлсөөр ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн кассын зарлагын ордерын баримт, Б ХХК болон Г.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн кассын зарлагын ордерын баримт, Б ХХК болон Б.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ, П.Ш-н Хаан банкны ********* дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн кассын зарлагын ордерын баримт, НӨАТ-ын баримтууд, Б ХХК-иас Б.Болоржаргалд олгосон итгэмжлэл, М ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, Б ХХК-иас Д.Д-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Ш.Б-г оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас П.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, О.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ө-н Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/130 дугаар захирамж, хавсралтын хамт, П.Б, О.Б нараас А.М-д олгосон итгэмжлэл, О.Б-с А.М-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
5. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.О-с авсан гэрчийн мэдүүлэг, Б.Г-с авсан гэрчийн мэдүүлэг, Б.О, Б.Г нараас авсан гэрчийн мэдүүлэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаар шинжээчийн дүгнэлт, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаар албан бичиг зэрэг баримт бүрдсэн.
6. Иргэдийн төлөөлөгч В.П шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төв аймгийн Эрдэнэсант сумын Б ХХК-ийн тариан талбайд малчин О.Б нар мал оруулж, 21.000.000 гаран төгрөгийн хохирол учруулсан маргааныг миний бие дүгнэж үзвэл нэгт, тариаланч 11 дүгээр сар гарсан байхад тариагаа хураагаагүй байсан малчид өвөлжөөндөө буух хугацаа болсон байсан учир миний хувьд аль аль тал нь 50 хувьтай гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч П.Ш дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
П.Б, О.Б нар тухайн үед тариалангийн талбайг тусгаарлаж хашсан байсан 2000 метр хашаан торыг тасалж, чирч, дахин ашиглах боломжгүй болгосон, 100 орчим ширхэг модон шонг сугалж, хугалж хулгайлсан. Мөн 22 га улаан буудай гарах байсан, ойролцоогоор 12 тонн /болц нь гүйцсэн байсан/ хурааж чадаагүй, 40 га ногоон тэжээл ойролцоогоор 1200 боодол өвс гарах байсныг мал тууж оруулан сүйтгэж идүүлсэн. Дээрх үйлдлээс болж компанийн зүгээс эвдэлсэн хашааг засаж янзлах хооронд 10 гаруй хоногт нэмж манаач ажилчдыг өдрийн 30.000 төгрөгөөр авч ажиллуулан цалинжуулсан. Иймд учирсан хохирол болох 2000 метр хашааны тор /1м=1.500 төгрөг/-ийн төлбөр 3.000.000 төгрөг, 100 ширхэг хашааны шон /1ш=8.000 төгрөг/-ийн төлбөр 800.000 төгрөг, 1000 боодол өвс /1 боодол нь 8.000 төгрөг/-ийн үнэ 8.000.000 төгрөг, 12 тонн улаан буудай /1 тонн 550.000 төгрөг/-ийн үнэ 6.600.000 төгрөг, ажилчдын ажлын хөлс нийт 1.400.000 төгрөг, 3 машинаар хашаанаас мал тууж гаргах, 24 цаг манаа хийхэд зарцуулсан шатахууны үнэ 1.686.000 төгрөг, нийт 21.486.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч П.Б, О.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...П.Ш нь тариагаа оройтуулж тарьж, орой хураачихаад, энэ алдагдлаа биднээс гаргуулах гэж худал гүтгэж байна. П.Ш тариан талбай руу нь ороогүй байхад огт үндэслэлгүй, баримтгүй зүйлд гүтгэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаар тайлан зэрэг гэм хорын хохирлын хэмжээг нотолсон баримт бүрдсэн.
Гэвч хэрэгт хариуцагч нарын гэм бурууг нотолсон, тогтоосон нотлох баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч Б ХХК-ийн тариалалт хийгдсэн гэх Т аймгийн Э сумын 4 дүгээр баг, Д гэх газар байрлах, нийт 547 га талбайд хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, хэний эзэмшлийн, хэдэн тооны, ямар мал орж, ургацыг идэж сүйтгэсэн, тухайн тариалангийн талбайд орсон мал хариуцагч нарын эзэмшлийн мал мөн эсэх, түүнчлэн хашааг эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон этгээд нь хариуцагч нь мөн эсэх зэрэг үйл баримтыг нотлох баримт авагдаагүй байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал-ыг баталжээ.
Уг аргачлалыг тариалангийн үйлдвэрлэлийн хугацаанд газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тогтооход ашиглана гээд хохирол тооцох аргачлал болон хохирол тооцох ажиллагааг нэг бүрчлэн журмалсан байна.
Дээрх аргачлалын 3 дахь хэсэгт заасан Хохирол тооцох ажиллагаа-аас үзэхэд тухайн ажиллагааг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан орон тооны бус ажлын хэсэг буюу сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж, хохирол учирсан талбайн хэмжээ, талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо, ургац, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж, баримтжуулалт хийх үүрэг бүхий этгээд байх ба уг дүгнэлтээ холбогдох нотлох баримтыг хавсаргахаар заасан байна.
Түүнчлэн тариалан эрхлэгч, хохирол тогтоолгохыг хүссэн этгээдийн хүсэлтийг үндэслэн дээрх ажлын хэсгийг байгуулж, холбогдох дүгнэлтийг гаргах, уг дүгнэлтийг талууд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрхтэй болохыг дурджээ.
Өөрөөр хэлбэл, дээрх ажлын хэсэг нь гэм буруутай этгээдийг олж тогтоох, хохирлын хэмжээг тооцох, хохирол учирсныг баримтжуулах зэрэг тариалан эрхлэгч болон малчдын хооронд үүссэн аливаа маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь тус Эрдэнэсант сумын Засаг дарга, эсхүл цагдаагийн байгууллагад хандаж, гэм буруутай этгээдийг тогтоолгох хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримт авагдаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2000 метр хашаан торыг тасалж, чирч, дахин ашиглах боломжгүй болгосон, 100 орчим ширхэг модон шонг сугалж, хугалж хулгайлсан гэх үйлдлийг хийсэн гэм буруутай этгээд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч П.Б, О.Б нарыг тухайн хашааг эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг боловч хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой.
Иймд гэм хор учруулсан этгээд нь тодорхойгүй, уг этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б, О.Б нарт холбогдох гэм хорын хохирол 21.486.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Иргэдийн төлөөлөгч В.П шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тариаланч 11 дүгээр сар гарсан байхад тариагаа хураагаагүй байсан малчид өвөлжөөндөө буух хугацаа болсон байсан учир миний хувьд аль аль тал нь 50 хувьтай гэж үзэж байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь зөвхөн хохиролтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргасан ба дээр дурдсаны дагуу гэм хор учруулсан гэх этгээд тодорхойгүй, үйлдэл болон хохирлын хоорондох шалтгаант холбоо тогтоогдоогүй тул иргэдийн төлөөлөгчийн санал болгосны дагуу хохирлын 50 хувийг тооцон нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ********* дугаар тогтоолоор шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар дүгнэлт иржээ.
Тухайн дүгнэлтийг шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 300.000 төгрөгөөр гаргаж, ирүүлсэн байх ба уг шинжээчийн зардлыг нэхэмжлэгч Б ХХК-иас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 дугаар дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б, О.Б нарт холбогдох гэм хорын хохирол 21.486.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ХХК-иас хөрөнгийн үнэлгээний зардал 300.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 дугаар дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ
Б.ТҮВШИНЖАРГАЛ