Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00648

 

 

 

 

 

2024 07 08 151/ШШ2024/00648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Б.М миний бие Н ХХК-д Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэвч 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын *** дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (12), 4.9.1 (14) болон Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. Мөн тушаах хэсгийн 1 дэх заалтаар "Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **** аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсугай" гэжээ. 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хамгийн эхний нислэг өглөөний 05 цаг 05 минутад буух хувиартай байсан бөгөөд миний бие ажил үүргийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар ханган хүлээж байсан. **** аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй бөгөөд диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож ** дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй *** дугаар постоор нэвтэрч зогсоол ** дээр очиж агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. Тус онцгой үүргийн нислэгтэй талаарх мэдээллийг надад хэн ч өгөөгүй бөгөөд диспетчерээс ямар нэгэн мэдэгдэл урьдчилж ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн онцгой үүргийн нислэгтэй байсан эсэхийг надад мэдэгдээгүй. Иймд миний бие тус онгоц буусан талаарх мэдээллийг авсан даруйд өөрийн ур чадвараар, цаг алдалгүй гүүрэн хүзүүвчийг холбож ажилласан. Энэ үйлдлийг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй ба миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан албан тушаал болох Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ... Ажилгүй байсан хугацааны цалинд 22.541.280 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Н ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ урьд эрхэлж байсан албан тушаал болох Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хэлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ. Д.М нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний *** дугаартай М компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч, хүзүүвч залгасан зөрчил гаргасан. Ажил олгогчийн хувьд байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гэж үзэж Б.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь Б.Мөнхбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1/13/, 4.9.1 /14/, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Б.М-н гаргасан зөрчлийг дээрх тушаалд ...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** аяллын дугаартай онцгой уургийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан" гэж тодорхойлсон. Н ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд Ноцтой зөрчил гэдгийг 4.9.1/13/-т "...Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээс техник, технологийн зөрчил гаргасан...", 4.9.1/14/-т "... Ажилтан ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байна гэж үзсэн, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн..." гэж тус тус заасан байдаг. Олон улсын нисэх онгоцны буудал нь улсын онцгой объект бөгөөд үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр зорчигч болон авиа компаниудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг бусад байгууллага, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас онцлогтой. Мөн Б.М-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.14 "Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүй, 7.2.15 "Ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар хангалтгүйгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаагүй нь ноцтой зөрчил үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн" бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг 2 тал нэг бүрчлэн харилцан тохиролцсон. Дээрх зөрчил гарсантай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2083 тоот Анхааруулга хүргүүлэх тухай албан тоотдоо "...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад төлөөлөгчдийн зорчиж ирсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн онцгой үүргийн нислэгийн үеэр Чингис Хаан олон улсын нисэх буудлын зорчигчийн хүзүүвчийг агаарын хөлөгт холбох үйл ажиллагаанд асуудал үүссэн тус нисэх буудлын үйлчилгээ, техник технологийн болон үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах болон үзлэг, шалгалтын үйл ажиллагаа доголдолтой байна гэж үзлээ..." хэмээн Н ХХК-ийн гүйцэтгэх захиралд ирүүлсэн. Н ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх тухай концессын гэрээ байгуулагдсан. Үүний дагуу Н ХХК нь Монгол Улсын Засгийн газрын өмнө концессын гэрээний дагуу нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай тасалдалгүй хөгжүүлэх зэрэг үүрэг хүлээсэн. Дээрх онцгой үүргийн нислэгийг саатуулсантай холбоотой концессын гэрээ цаашид хэрэгжих эсэх, цаашлаад гэрээ цуцлагдах хэмжээний эрсдэл үүсэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэж болно. Нислэгийн хуваарь мэдээгүй тухайд: Б.М нь нэхэмжлэлдээ ... 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хамгийн эхний нислэг өглөөний 05 цаг 05 минутад буух байсан бөгөөд миний бие ажил үүргийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар ханган хүлээж байсан. ***** аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй..." гэж дурдсан байна. Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.2-т "... Жолооч-оператор нь ажлын хуваарийн дагуу ажилд гарахын өмнө дараах ажлуудыг хийнэ. Үүнд: Тухайн өдрийн ажлын талаарх мэдээлэлтэй танилцана. /нислэгийн мэдээлэл, нөөц автомашин тоног төхөөрөмжийн, цаг агаарын нөхцөл байдал гэх мэт/..." гэж заасан байдаг. Нислэгийн мэдээллийн тухайд: Шуурхай удирдлага хяналтын төв нь урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ буюу нарядыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас өдөр бүр 16 цагаас 17 цагийн хооронд цахимаар хүлээн авч, Н ХХК болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагад цахимаар болон хэвлэмэл байдлаар тараалт хийж, мэдээллээр хангаж ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нарядыг Газрын үйлчилгээний газрын диспетчерийн *********** цахим хаягт 17 цаг 01 минутад хүргүүлсэн бөгөөд тус нарядад ***** аяллын дугаартай нислэгийн зорилго нь "Онцгой үүргийн нислэг" гэж тусгагдсан. Мөн газрын үйлчилгээний барилгад ирэх, явах нислэгийн цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой байдаг тул Б.М-н хувьд тухайн нислэгийг мэдээгүй байх боломжгүй юм. Мөн Б.М нь тухайн зөрчилтэй холбоотой "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас... хүзүүвчийг онгоцонд хоцорч холбосон..." гэсэн тайлбарыг гаргасан. Үүнээс үзэхэд Б.М-н хувьд тухайн өдрийн нислэгийн хуваарийг мэдэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй юм. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бодит зөрчил буюу фактад тулгуурлан гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар тушаал, Н ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Н ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай тэмдэглэл/шийдвэр, Н ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл/шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ******** дүгээр захирамж, Т.М-г өмгөөлөгчөөр оролцуулах тухай нэхэмжлэгч Б.М-н хүсэлт, Б.М-с Т.М-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч Н ХХК-иас Б.Г-д олгосон итгэмжлэл, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдээний хуулбар, Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын хуулбар, Чингис хаан олон улсын нисэх буудалд онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх журмын хуулбар, Ц.А, Б.М нарын гаргасан тайлбар, Зорчигчийн гүүрэн хүзүүвчтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноо бүхий 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан зөрчлийн тухай гэх баримт, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-операторын ажлын байрны тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаар Анхааруулга хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Сахилгын зөрчлийн тухай тайлан гэх баримт, Н ХХК-ийн ********* дугаартай Талбайн үйлчилгээний заавар-ын хуулбар, Н ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, талбайн үйлчилгээний зааврын хуулбар, ******* дугаартай Талбайн үйлчилгээний аюулгүй ажиллагааны заавар-ын хуулбар, фото зураг 2 хуудас, Н ХХК-иас Д.Н, мөн Б.Г-д олгосон итгэмжлэлүүд зэргийг ирүүлсэн.

5. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н ХХК болон Л.О нарын хооронд байгуулагдсан 2024 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн ******** дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Диспетчерийн ажлын байрны тодорхойлолт, Н ХХК болон Ц.А нарын хооронд байгуулагдсан 2024 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн ********* дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тусгай тоног төхөөрөмжийн ахлах жолооч-операторын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Л.О, Ц.А нарын иргэний үнэмлэхний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ, тухайн мэдээг хүргүүлсэн тухай и-мэйлийн хуулбар зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.М хариуцагч Н ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22.541.280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******** аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй бөгөөд диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож ** дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй *** дугаар постоор нэвтэрч, зогсоол ** дээр очиж, агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. Тус онцгой үүргийн нислэгтэй талаарх мэдээллийг надад хэн ч өгөөгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нэхэмжлэгч Б.М нислэгийн хуваарьтай танилцсан, мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, гарын үсэг зурсан. Тэрээр 05 цаг 05 минутад буух онгоцны мэдээллийг мэдэж байсан мөртлөө 04 цаг 30 минутад буух онцгой үүргийн онгоцны мэдээлэлтэй танилцаагүй, мэдээгүй байх боломжгүй хэмээн тайлбарлав.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Н ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ********** дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-операторын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Гэвч хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ********* дугаар тушаалаар Б.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (13), 4.9.1 (14) дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******** аяллын дугаартай онцгой уургийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын маргаан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 04 цаг 30 минутад буусан онцгой үүргийн ********** дугаар онгоцны мэдээллийг мэдэгдсэн, мэдэгдээгүй тухай байна.

4. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ************ дүгээр захирамжийн дагуу ирсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ болон уг мэдээг холбогдох байгууллага руу хүргүүлсэн тухай и-мэйлээс үзэхэд тухайн өдрийн урьдчилсан нислэгийн мэдээнд ******** аялалын дугаартай агаарын хөлгийн онцгой үүргийн нислэгийн төлөвлөлтийг тусгаж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 54 минутад ********** багц хаягаас Чингис хаан Олон улсын нисэх буудлын *********** цахим хаягт болон холбогдох бусад алба, салбаруудад цахимаар хүргэгдсэн болох нь тогтоогдсон.

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн байдлаар ээлжийн ахлах Ц.А жолооч-оператор болон ээлжийн бусад ажилчиддаа нислэгийн мэдээлэл болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулах үед ****** дугаар онцгой үүргийн нисэлгийн буух мэдээлэл тусгагдаагүй байсан боловч тухайн өдрийн үдээс хойш нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн мэдээнд өөрчлөлт орж, уг өөрчлөлтийг холбогдох газрууд руу цахимаар тараан мэдээлсэн байхад нэхэмжлэгч уг мэдээлэлтэй танилцуулаагүй хэмээн маргасан.

Гэвч энэхүү нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан гэрч Л.О-н: Нислэгийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажил эхлэхийн өмнө нэг танилцуулж, 17 цагаас хойш нэг удаа танилцуулдаг. Тэр хуралд би оролцдоггүй, Ээлжийн ахлах Ц.А жолооч-оператор нартай л харьцдаг гэх мэдүүлэг, гэрч Ц.А-н: Би Б.М-д Шөнө хоолой дээр гарна шүү, нислэгээ мэдэж байгаа юу гэхэд Мэдэж байгаа гэж хэлсэн. Манай ажил дэлгэц дээрээс мэдээллээ хараад л явчихдаг, хүн бүртэй тулж ажиллах боломжгүй. Өнөөдөр ийм, ийм нислэгтэй шүү гэдгээ ерөнхийдөө бүгд харчихдаг гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Б.М-н өөрийн бичгээр гаргасан ... Тус өдөр саатаж холбосон шалтгаан нь тухайн нислэг ирэхийг мэдэлгүй, хувийн зохион байгуулалт алдаж ажилласан. Ц.А болон миний бие хэн хэн нь тус нислэгийг анхаарч хараагүйн улмаас ийм алдаа гаргасан. ... Тухайн өдрийн нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас болсон гэх тайлбараар тус тус няцаагдаж байна гэж үзлээ.

Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаар албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчдийн зорчиж ирсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тусгай үүргийн нислэгийн үеэр Чингис хаан олон улсын нисэх буудлын зорчигчийн хүзүүвчийг агаарын хөлөгт холбох үйл ажиллагаанд асуудал гарсан нь тус нисэх буудлын үйлчилгээ, техник, технологийн болон үйлдвэрлэлийн бэлэн байдал доголдолтой байна гэж үзлээ. Иймд ажил үүргээ хариуцлагатай хийхэд онцгой анхаарч, ажилчдыг чадавхижуулах, хариуцлагажуулах ... арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна гэсэн шаардлага, мэдэгдлийг хариуцагч Н ХХК-д ирүүлсэн байна.

Тэгэхээр Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-операторын үндсэн чиг үүрэг нь ажил үйлчилгээ үзүүлэх автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, тухайн өдрийн ажлын талаарх буюу нислэгийн мэдээлэл, нөөцийн автомашин, тоног төхөөрөмжийн болон цаг агаарын нөхцөл байдлын мэдээлэлтэй бүрэн танилцсан байх, агаарын хөлгийг буухаас 10 минутын өмнө газрын үйлчилгээний тенхик, тоног төхөөрөмжүүдийг хүлээх зогсоолд байрлуулж, бэлэн байдлаа хангах зэрэг үйл ажиллагаа хамаарахыг Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны заавар-ын 3.2.3, 3.2.3.b, 3.3.5-д тус тус тодорхой тусгажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.М тухайн ээлжид ажиллах 24 цагийн хугацаанд өөрийн хариуцсан техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, нислэгийн хуваарийн дагуу агаарын хөлөгт үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн.

Мөн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран тэрээр нислэгийн хуваарийг байнга шалгаж, мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн нээлттэй байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15-д заасан үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмуудыг дагаж мөрдөөгүй, ажилтны хувьд ажлын хариуцлага алдаж, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Техник, технологийн ноцтой зөрчил гаргасан гэдэг нь ямар баримтаар, ямар осол гэмтлээр тогтоогдсон нь тодорхойгүй гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь заавал ноцтой осол, гэмтэл гарсан байх үр дагаврыг шаардахгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар тушаал хуульд нийцсэн, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, сонсох ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5, 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22.541.280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5, 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22.541.280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА