| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00107/И |
| Дугаар | 151/ШШ2024/00652 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00652
2024 07 22 151/ШШ2024/00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Г-д холбогдох,
Эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Н.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н.Г-д холбогдуулан эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.Г 2019 оны 4 сард 1221 маркийн тракторыг Н.Г-с худалдан авсны дараа Засаж, сайжруулж өгнө гэж тохиролцсон. Гэтэл Н.Г нь тракторыг засан, сайжруулж өгөөгүй тул Д.Г-н хувьд трактороор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тариалалтын ажил нь улирлын чанартай байдаг тул тракторыг түргэн хугацаанд засан сайжруулж, түүгээр үйл ажиллаагаа эрхлэхийн тулд нэхэмжлэгчийн зүгээс тус тракторыг засахын тулд засварчин хөлсөлсөн. Ингээд засварчны хөлс болон трактор байсан хашааны түрээсийн хөлс зэргийг Н.Г-с гаргуулахаар шүүхэд хандахад Н.Г-н зүгээс Эвдрэлийн засаж өгье, тракторыг ажилладаг болгож өгнө гээд тэр ч байтугай юу, юу засаж өгөх талаараа тодорхой заасан тул шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анх тракторыг худалдан авахдаа трактор асуудалтай гэдгийг хэн, хэн нь мэдэж байсан. Үүнийгээ ч хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байдаг. Өнөөдөр нэхэмжлэгч тал тракторыг ажилладаг, явдаг болгоход өөрөөсөө гаргасан зардлаа нэхэмжилж байгаа. Д.Г-н хувьд газар тариалангийн ажил эрхэлдэг бөгөөд дээрх трактор нь ажиллахгүй, үйл ажиллагаанд ашиглах боломжгүй байсан тул цаг алдалгүй өөр трактор хөлсөлж үйл ажиллагаагаа эрхэлсэн. Гэхдээ энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, баримтын хүрээнд өөрөөсөө гаргасан зардал буюу 9.060.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа. Энэхүү зардалд 2.300.000 төгрөгийг сэлбэг авсан төлбөр, 4.000.000 төгрөгийг ажлын хөлсөд засварчин Д.Т-д өгсөн төлбөр, 460.000 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал, 2.300.000 төгрөгийг тракторыг Архангайгаас Улаанбаатар хотын Д ХХК-ийн хашаанд тээвэрлэж ирсэн, жолооч М.З-т өгсөн төлбөр зэрэг багтсан гэжээ.
2. Хариуцагч Н.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Г тракторыг 2019 оны 4 дүгээр сард авч явсан. Миний хувьд Тракторын эвдрэл, доголдлыг засаж өгнө гэж тохироогүй. Нэхэмжлэгч надаас 2019 оны 5 болон 7 дугаар сард нэмэлт сэлбэг аваад явсан. 7 дугаар сард ирэхдээ Манайх уриншаа бэлдэж байна гэж хэлээд 2 хөл аваад явсан. Ингээд намар нь намайг шүүхэд өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, тариалалтын ажил дууссан байсан. Энэ хугацаанд трактор ажилласан гэж бодож байгаа. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч уйлж, унжаад байхаар нь би Тракторыг засаад өгье гэж хэлсэн. Ингээд шүүхийн шийдвэр гарч, миний бие 2 жолоочийн хамт Д ХХК-ийн байранд очиж, тракторыг задалсан. Түүний дараа сэлбэгийг буцааж угсрах гэж байтал Д.Г Шинэ сэлбэг авч өг, шинэ хроп авч өг гэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд өөрөө саад болсон. Тэр бүү хэл намайг үг хэлээр доромжилсон. Тракторыг задална гэдэг бол ажлынхаа 50 хувийг хийсэн гэсэн үг шүү дээ. Хэрэв Д.Г татгалзаагүй байсан бол би тракторыг янзлаад болчих байсан. Бусад завсар буюу цахилгааныг нь чи янзалчихсан байсан. Тухайн тракторыг 4.000.000 төгрөгөөр бус 500.000 төгрөгийн ажлын хөлс аваад л засчих гэмтэл байсан. 460.000 төгрөгөөр хэзээ, ямар үнэлгээ хийлгэсэн болохыг би мэдэхгүй. 2.300.000 төгрөгийн сэлбэг авч, 2.300.000 төгрөгөөр ачиж ирсэн гэдэг нь худлаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр очиход трактор Д ХХК-ийн хашаанд байсан, түүнийг Архангай руу авч яваад, дахиад тээвэрлэн ирсэн гэж нэхэмжлээд байгаа юм уу, ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Г-с Т.Б-т олгосон итгэмжлэл, И ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, А ХХК-ийн зарлагын баримтын хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Д.Т-н бичгээр гаргасан баталгааны хуулбар, М.З-н бичгээр гаргасан тодорхойлолтын хуулбар, Н.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ************* дугаар шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ************** дугаар захирамжийг ирүүлсэн.
5. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ********* дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28 өдрийн ****** дугаартай албан бичиг зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н.Г-с тракторын доголдол арилгасан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
Хэрэгт авагдсан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр болон талуудын гаргасан тайлбараас үзэхэд тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчаас 1221 маркийн трактор болон түүний дагалдах хэрэгсэл болох үрлэгч, сийрүүлэгчийг нийт 29.500.000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдов.
Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ бичгээр хийгдээгүй боловч нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилгаа 1.000.000 төгрөг өгсөн гэж, харин хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаа 1.000.000 төгрөг хүлээн авсан талаараа тухайн үедээ шүүхэд тайлбарлаж байсан байх тул тэдний хооронд 2019 оны 4 дүгээр сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч тракторыг 29.500.000 төгрөгөөр худалдан авсан, хариуцагч уг тракторыг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Гагцхүү нэхэмжлэгчийн худалдан авсан трактор чанарын хувьд доголдолтой буюу тариалалтын үйл ажиллагаанд ашиглах боломжгүй байсан тул түүнийг засварлуулахад гарсан гэх 9.060.000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлох нь зүйтэй байна.
Гэвч хэрэгт авагдсан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн *********** дугаар шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ************ дугаар захирамжаас үзэхэд нэхэмжлэгч худалдан авсан тракторын үнэ 29.500.000 төгрөг, тээврийн зардал 1.500.000 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 1.189.000 төгрөг, нийт 32.189.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргаж, шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан захирамж гарах хүртэл хугацаанд үргэлжилжээ.
Уг нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид талууд буюу нэхэмжлэгч Д.Г гомдол гаргаагүй байх ба дахин тракторын доголдлыг арилгахад гаргасан зардалд 9.060.000 төгрөг гаргуулахаар 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд мөн зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдлын шаардлагаа эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гаргах эрхтэй.
Д.Г шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 4 дүгээр сард хүлээн авсан тракторын доголдлын талаарх гомдлоо 6 сарын дотор буюу 2019 оны 9 дүгээр сард гаргасан байх боловч тэрээр уг нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буцааснаас хойш дахин 6 сарын дотор гомдлоо гаргаагүй байна.
Тодруулбал, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор энэхүү гомдлын шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байсан боловч уг хугацааг хэтрүүлэн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба уг хугацааг хэтрүүлсэн үйл баримт нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, ийм шалтгаантай гэдгээ баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч Д.Г гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байгааг дурдаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Ганболдод холбогдох Эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Г-д холбогдох эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА