Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Т.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК нь тус шүүхэд хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газар 1.0 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2016/ дугаар гэрчилгээг Г ХХК-д олгожээ.

3. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2016/******* дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Г ХХК нар нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.

4. Г ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/04 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад хандан Гэрээ шинэчлэн байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

5. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/******* дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гуравласан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Г ХХК нар нь шинэчлэн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.

6. Г ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандан хугацаа сунгуулах тухай хүсэлтийг өгсөн байна.

7. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлт гаргасан байна.

8. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1112 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт Г ХХК-ийн 2016/ дугаар гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг хүргүүлсэн.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр Г ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж, материалыг эх хувиар нь буцаасан байна.

10. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр Г ХХК-нд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байна.

11. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг хүргүүлсэн байна.

12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар захирамжаар Г ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

13. Г ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.

14. Г ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 010 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан ... 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009 дугаар албан бичгийн хариуг авах тухай хүсэлтийг гаргасан.

15. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/6213 дугаар албан бичгээр Г ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн байна.

2.1 Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэвсгэрт газар ашиглах гуравласан гэрээний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газар 1.0 га талбай бүхий газрыг ашиглаж байсан. Тус компанийн үүсгэн байгуулагч Г*******ын Х******* гэдэг хүнээс манайх 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хууль ёсны дагуу Г ХХК-ийг худалдаж авсан.

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар ашиглах гэрээг эрх бүхий байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу шинэчлэн байгуулж гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулах зорилгоор барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж ажиллаж байсан. Харин 2020 оны 12 дугаар сараас эхлэн Ковид-19 цар тахалтай холбогдолтой өндөржүүлсэн бэлэн байдал зарласны дагуу 11 дүгээр сарын 05-ны өдөр билүү тэр хугацаанаас хойш 2021 оны 05 дугаар сар хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан тул манайх хугацаандаа сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй бөгөөд хүсэлт гаргасан ч тухайн үед Аялал аялал жуулчлалын яамны холбогдох ажилтнууд эзгүй байх ч юм уу? тиймэрхүү шалтгаанаар байхгүй байсан.

Хамгийн анх 2021 оны 06 дугаар сарын 10-нд сунгуулах хүсэлтээ гаргасан. Харин 06 дугаар сарын 10-нд гаргасан сунгуулах хүсэлтийн хариуг манайх огт хүлээж аваагүй. Хүлээж аваагүй учраас 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахиж сунгуулах хүсэлт гаргасан. Хариуг мөн ирүүлээгүй байж байгаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэсэн шалтгаанаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул тусгай хамгаалалттай газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албан тоотыг хүргүүлсэн.

Тус тоотыг хүргүүлснийг Г ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж авсан. Энэ хүртэл манайх сунгуулахыг татгалзан талаар мэдээгүй байсан. Тус албан тоотыг ирүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хавсаргаж ирүүлсэн.

Тус тушаалыг мөн хуулийн хугацаанд бидэнд ирүүлээгүй байсан. Тус бичгийг хүлээж авах хүртэл газар ашиглах эрх дуусгавар болсныг манайх мэдээгүй байсан учраас газрын төлбөрөө 2023 оныг дуустал нь төлсөн байсан. Тиймээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9 дугаартай албан тоотоор Тусгай хамгаалалтын газар нутгийн бодлого зохицуулалтын газар гомдол гаргасан боловч мөн хариу хугацаанд нь ирүүлээгүй ба удаа дараа утсаар холбогдож шаардсаны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/6213 дугаартай албан тоотоор хариу ирүүлэхдээ манай сунгуулах хүсэлтийг хүлээж авч судалж үзсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сард хариу хүргүүлсэн тухай дурдаж хариу болох сунгахаас татгалзсан албан тоотын хуулбарыг хавсаргаж ирүүлсэн. Бид газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ 2 ч удаа гаргасан байдаг. Газар ашиглах эрхийг нь буцааж сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн шалтгаанаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох ёстой. Иймд үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/******* дугаартай албан тооттой гэрээг дүгнүүлээгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх хэсэгт заасны дагуу газрын төлөв байдал, чанарын улсын хяна, хяналтын баталгаа хийлгээгүй гэж дурдсан байх боловч гуравласан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасныг тус тус заасан сараар гэрээг дүгнэх үүрэг нь дүүргийн Засаг Дарга болон хамгаалалтын захиргаанд байсан. Гэтэл гэрээг дүгнүүлээгүй гэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээний хэрэгжилтийг талууд жил бүр дүгнэнэ гэж байхад зөвхөн Г ХХК үүрэг хариуцлагаа биелүүлээгүй мэтээр нэг талыг баримталсан. Мөн Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгааг эрх бүхий байгууллага хийнэ гэсэн байх бөгөөд эрх бүхий байгууллагаас гэрээний хугацаанд газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгаа хийж байгаагүй, Г ХХК нь хийлгэхээс татгалзсан зүйл байхгүй тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4 дэхь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрийн хуульд нийцээгүй, хэт нэг талыг барьсан бөгөөд Г ХХК-ийн эрх, компанийн эрх ашгийг үндсэн эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироож мөн цар тахлын зайлшгүй нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй шийдвэр байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/382 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, газар ашиглах эрхийг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн хоёр шаардлага гаргаж байна гэв.

2.2. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим гэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим нь бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс яагаад ингэж үзэж байна вэ? гэхээр захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын дараах тусгай зарчим баримтална гэж заасан.

Хуульд үндэслэсэн гэдэг нь хуулийн үндэслэл нь тодорхойгүй, шуурхай, тасралтгүй, мэдэгдсэн зүйл байхгүй. Хуульд заасан нууцад хамаарахаас бусад ажиллагаа ил тод нээлттэй байх гэсэн зарчим байхгүй. Хамгийн гол нь зорилготой нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр, үндэслэл бүхий байх гэсэн зарчмууд байхгүй байна. Эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг захиргааны шийдвэр гаргаж зөрчих гэж байгаа тохиолдолд урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах ёстой.

Гэтэл урьдчилан мэдэгдсэн ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, оролцоог нь огт хангаагүй. Үүнээс харахад захиргааны гэрээг дангаар цуцлах үндэслэл мөн хүчингүй болгох үндэслэл нь тухайн байгууллагад байхгүй гэж үзэж байна. Захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тухай, тусгай тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасан гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тухай тусгай тохиолдол үүсээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ингэж үзэж мөн гэрээг хүчин төгөлдөр. 2023 оныг дуустал төлбөрөө төлөөд тухайн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байсан тухайн үйл ажиллагааг хариуцсан Байгаль орчны байцаагч нар удаа дараа ирж мөн харуул хамгаалалттай хязгаарлалттай бүсэд үйл ажиллагаа явуулж байхад ирж шалгаж байсан. Протокол үйлдэх юм уу? гэхээр үйлдээд хэрэггүй. Угаасаа протокол үйлдэхээр бол зөрчлийн хэрэг дээр протокол үйлддэг гэж хэлэн зөрчлийн хэрэг ч үүсгээгүй. Шүүхээс үзлэг хийсэн байгаа. Ихээхэн ажиллагаа явуулсан Архитектур төлөвлөлтийн төлөвлөлтөө өгч явуулсан. Манай байгууллагад санхүүгийн хохирол учирч мөн нөгөө талаас ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна гэв.

3.1 Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яам, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх Г ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаартай тушаалаар Богдхан уулын хамгаалалтын бүсэд Зайсангийн аманд 1.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Газар ашиглах эрхийг нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/382 дугаартай тушаалаар дуусгавар болгосон. Дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл нь юу бэ? гэвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэдгийг үндэслэсэн байгаа. Г ХХК нь анх газар ашиглах эрхийг 2016 оны 04 дүгээр сард авч үүнээс хойш газар ашиглагчийн хугацаа 2021 оны 04 дүгээр сард дуусгавар болсон. Тэгтэл энэ хугацаанаас 30 хоногийн өмнө эрх нь сунгагдах холбогдолтой хүсэлтээ яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаагүй байдаг.

Энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Дуусгавар болгохдоо мөн тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл болон 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнөөс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр албан бичгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Газар ашиглах эрхийн хугацаа дууссаны 04 сарын дараагаар төрийн захиргааны төв байгууллагаас хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг яам хянан баталгааны дүгнэлт гаргуулаагүй мөн гэрээгээ дүгнүүлээгүй, баримт бичгийн бүрдэл дутуу, баримт бичгийн бүрдүүлбэр хангуулахаар албан бичгээ буцаасан.

Үүнээс хойш Г ХХК-иас яаманд нэг ч хандаагүй талаар бүртгэлээс тодорхой харагдаж байгаа. Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. 2 дахь нэхэмжлэлийн хувьд бол газар ашиглах хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Даалгах нэхэмжлэлийн хувьд бол шүүхээс даалгах ямар ч боломж байхгүй. Сайдын хувьд өөрийнхөө бүрэн эрхийн бүрэн хүрээнд газар ашиглах эрхийг сунгах уу? цуцлах уу? гэдэг асуудлыг шийдвэрлэдэг. Түүнээс шүүх энэ асуудал руу шууд эрх мэдэлд нь халдаж даалгуулж шийдвэрлэх боломжгүй гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Нэхэмжлэгчээс гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Маргаан бүхий захиргааны актаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд байрлах Г ХХК газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/382 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

1.2 Түүнчлэн уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрүүдийг тус тус үндэслэсэн гэж дурдсан байна.

1.3 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 40.1.1-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж тус тус заасан.

1.4 Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... маргаан бүхий актыг хугацаанд нь мэдэгдээгүй, газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаж байсан, гэрээг дүгнэх, газрын төлөв байдал, чанарын улсын баталгааг хийлгэх нь зөвхөн манай байгууллагын үүрэг бус төрийн захиргааны байгууллагын ч үүрэг байсан гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ...газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй, гэрээг дүгнүүлээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгаа хийлгээгүй гэж тайлбарлан маргав.

1.5 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Г ХХК нь Ула******* хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газар 1.0 га хэмжээтэй газрыг ашиглах эрхтэй болсноор 2016/ дугаар гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгож, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2016/******* дугаар гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 14-нийг хүртэлх хугацаатайгаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Г ХХК нар нь байгуулсан,

1.6 Мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Э*******оос 01/04 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан...газар ашиглах гэрээний төлбөр өөрчлөгдсөн...тул газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах тухай хүсэлт гаргасан,

Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/******* дугаар гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай мөн өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус байгуулсан болох нь тогтоогдов.

1.7 Түүнчлэн нэхэмжлэгч компанийг төлөөлж Г ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Б******* 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж ...хатуу хөл хорионы улмаас гэрчилгээг сунгуулж чадаагүй тул гэрчилгээний хугацаа сунгаж өгнө үү гэх хүсэлт гаргаж, түүндээ холбогдох баримтуудыг хавсарган өгсөн, уг хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1112 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж ...гэрчилгээний хугацааг сунгуулахыг дэмжиж уламжилсан,

Мөн нэхэмжлэгч компанийн Гүйцэтгэх захирал Э.Б******* нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж ...Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас гэрчилгээний хугацаа сунгалтыг хугацаанд нь хийлгэж чадаагүй тул сунгалт хийж өгнө үү гэх хүсэлт гаргасны хариуд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н. У*******гаас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр ...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх заалтын дагуу газар ашиглах гурвалсан гэрээг дүгнүүлээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй байх тул газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн үйл баримтууд тогтоогдож байх боловч уг 01/******* дугаар албан бичгийг нэхэмжлэгчид гардуулж өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.

1.8 Эдгээр үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ болон гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх шалтгаанаа Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы байдалтай уялдуулж тайлбарлан хүсэлтээ зохих эрх бүхий байгууллагаар дамжуулан гаргасан, Хамгаалалтын захиргаанаас дэмжсэн санал хүргүүлсэн байхад хариуцагч нь газар ашиглах гурвалсан гэрээг дүгнүүлээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлээгүй үлдээсэн нь буруу, энэ тохиолдолд захиргаа нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаан-тай байсан эсэхийг зайлшгүй шалган тогтоох үүрэгтэй байсан гэж шүүх дүгнэв.

Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж, нэхэмжлэгч болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нарын байгуулсан Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 4-д Хамгаалалтын захиргааны эрх, үүрэг, 4.6-д Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, газар ашиглах гэрээг жил бүр засаг даргатай хамтран дүгнэх гэж тус тус зааснаас үзвэл гэрээг дүгнэх асуудал нь Хамгаалалтын захиргаа болон хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлэх хамтын үүрэг болох нь тогтоогдсон, энэ үндэслэлээр зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж, түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн боломжгүй, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг хариуцагч зөрчсөн байна.

1.9 Нөгөө талаар Газрын тухай хуулийн 35.3-д газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэж зааснаас үзвэл уг дүгнэлт нь гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн, гэрээний хавсралт баримт бичиг бөгөөд газрын төлөв байдлын хянан баталгаа хийлгээгүй гэх үндэслэл нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл биш гэж үзнэ.

1.10 Түүнчлэн талуудын хооронд байгуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/******* дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болохоор тогтоосон, энэ цаг хугацаанд Монгол Улсад Ковид-19 цар тахал эхэлж улсын хэмжээгээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар үүнийг шүүх нотлох шаардлагагүй.

Эдгээрээс дүгнэвэл, маргаан бүхий захиргааны акт гарах үе буюу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нэхэмжлэгч Г ХХК нь хугацаа сунгуулах хүсэлтээ өгөөд 2 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байхад энэ асуудалд дүгнэлт өгөлгүйгээр, дээрхи хугацааны дараа хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

1.11 Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан боловч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй байна.

Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар мэдэгдлийн хавсралт 34-т Г ХХК-ийг дурдаж, ...Газрын тухай хуулийг 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 (эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 7 жил дараалан ашиглаагүй) гэж үзсэн, харин 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр Байгаль орчин аялал, жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт 84 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг уламжилсан гэх боловч Г ХХК-ийн талаар уг албан бичигт тайлбар ирүүлээгүй гэж дурдсан, харин ямар шалтгаанаар цуцлах талаар тодорхой санал хүргүүлээгүй байх ба энэ тохиолдолд хариуцагчийг захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхгүй.

Хоёр: Нэхэмжлэгчээс гаргасан Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн дээрхи заалтуудаас үзвэл газар ашиглагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээний хугацааг сунгах эсэх нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал, тухайлбал хариуцагч нь хүсэлт гаргаж буй этгээд гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, хангасан тохиолдолд сунгах шийдвэр гаргахаар байх тул шүүхээс газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч захиргааны байгууллагад шууд даалгах боломжгүй.

2.2 Иймд нэхэмжлэгч Г******* ХХК-иас гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН