| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0188/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184
2017 оны 12 сарын 13 өдөр 2017/ШЦТ/184 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0188/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Ц нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-д холбогдох 1739002190069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1975 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багт оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 02 сарын хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаар захирамжаар ялаас чөлөөлж суллагдсан Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтйи аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-15 тоотод оршин суух Б.Ө-н гэрээс 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлан хохирогч Ө-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Ө-н: ... манай гэрт өөрийн төрсөн хүү Ө.Ж байж байсан. Би гэртээ орж ирээд манайд ямар хүн ирсэн бэ гэхэд шар царайтай, согтуу намхан биетэй хүн орж ирээд аавынхаа утасны дугаарыг өгөөч гэхэд нь миний утасны дугаарыг өгсөн байсан. Миний утасны дугаарыг манай хүү Ө.Ж-с цаасан дээр бичүүлж, авсан байсан. Тухайн үед би өөрийн хүүгээс ширээн дээр байсан мөнгөн аяга яасан талаар асуухад мэдэхгүй гэсэн. Би манайд орж ирээд манай хүүгээс утасны дугаар авсан Батаа гэдэг хүнийг авсан гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25хуу/
Насанд хүрээгүй гэрч Ө.Ж-н: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим гэртээ ганцаараа байж байхад гаднаас нэг шар царайтай, намхан согтуу хүн орж ирээд Ө гэх айлынх мөн үү гэхээр нь би мөн гэсэн. Аавыгаа ирэхээр нь намайг ирсэн гэж хэлээрээ, Батширээт суманд аавтай чинь хамар хашаа байсан юм гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удаагүй аав, ээж хоёр гэрт орж ирсэн. Надаас манайд гаднаас хүн ирсэн үү гэж асуухаар нь би нэг ах ирээд аавын дугаарыг цаасан дээр бичүүлээд аваад явсан талаар хэлсэн. Тэгсэн аав ширээн дээр байсан мөнгөн аяга хаана байгаа талаар асуухад би хараагүй, мэдэхгүй гэсэн. Уг нь ширээн дээр мөнгөн аяга байж байсан. Тэр ахыг явсанаас хойш мөнгөн аяга харагдаагүй. Тэр ах авсан байж магадгүй ... гэх мэдүүлэг. /хх-ийн 29хуу/
Гэрч Т.Ч: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим өөрийнхөө 24-27 УБГ улсын дугаартай цагаан өнгийн Приус маркийн автомашинтай таксинд явсан юм. Тэгээд урагшаа эргээд төв замаар явж байтал хүн гараа өргөхөөр нь зогсож авсан. Тэр хүн миний машинд суугаад хөгшөөн утас нэгжгүй болчихоод байна утсаараа нэг яриулаач гээд миний утсыг аваад 98164120 дугаар луу ярьж байснаа би Б байна танихгүй байна уу? Ахын чинь ангийн хүн байна гэж ярьж байсан. Б гэх хүн хэлтсийн тохиролцооны байранд очоод орсон. Намайг гадаа хүлээлгээд машиндаа сууж байтал нэг танихгүй залуутай хамт гарч ирээд сангийн аж ахуйн тийшээ хөдөлсөн. Тэр хооронд Б нөгөө залуутай танилцъя гээд өөрийгөө танилцуулж, нөгөө залуу нь А гэж танилцуулж байсан. Тухайн үед Б нь мөнгөн аяганы модон тагш барьчихсан аав, ээжийн буян байгаа юм гэтэл А 120.000 төгрөг болно гэж ярьж байсан. Тэгээд тэндээсээ Хаан банк руу явж тэндээ очоод бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад гарч ирээд энэ залууг ажил дээр нь хүргээд өгчих гэсэн ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Гэрч А: ...Намайг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах хуучнаар хэлтсийн тохиролцоо гэж нэрлэдэг “Оч манлай” худалдааны төвд байрладаг алт, мөнгөний дарханы газартаа байж байхад 40 гаран насны хүнхэрдүү, шар царайтай, дугуй хар малгайтай, хар куртиктэй эрэгтэй хүн сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга барьж орж ирээд энэ мөнгөн аягыг авах уу би машин тэргээ гражид хиймээр байна мах ачиж ирээд махаа борлуулж амжаагүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас мөнгө хэдээр авч байгаа вэ гэхээр нь би 1 лан буюу 37.5 граммыг 30.000 төгрөгөөр авч байгаа, надад бэлэн мөнгө алга түрийвчээ гэртээ орхичихсон гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу би машинтай явж байгаа очоод авъя гэхээр нь би аягыг нь харахад сэтэрхий эмтэрчихсэн аяга байхаар нь шууд хуулаад мөнгийг нь жинэлж үзэхэд 150 грамм буюу 4 лан мөнгө болж байсан. Тэгээд гарсан чинь гадаа приус 20 маркийн цагаан өнгийн автомашин байсан. Манайх руу очиж би түрийвчээ аваад төв Хаан банкны АТМ ороод би 120.000 төгрөг авч өгсөн. Надад өөрийгөө танилцуулахдаа Батширээтийн гаралтай махны ченж Б гэж танилцуулсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 33хуу/
Хөрөнгийн үнэлгээний Вендо компаны хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хх-ийн 15хуу/
Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ө гэдэг залууг сураглаад гэрийг нь олж очсон юм. Өлзийтөмөр нь манай Батширээт сумын залуу байгаа юм. Гэрт нь очиход хүүхэд нь ганцаараа байсан. Тэгээд аавыг нь асуучихаад гар утасных нь дугаарыг авчихаад гарахдаа ширээн дээр нь байсан мөнгөн аягыг нь аваад гарсан. Гараад таксинд суугаад Ө-тэй таксины жолоочийн утсаар нь ярьж уулзсан. Уулзахад намайг танихгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтйи аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-15 тоотод оршин суух Ө-н гэрээс 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлан хохирогч Ө 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Вендо компаны хөрөнгийн үнийн тодорхойлолт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ө нь мөнгөн аяганыхаа мөнгийг буцааж авсан бөгөөд шүүгдэгчээс мөнгөн аяга болон түүний үнийг нэхэмжлэхгүй гэсэн болно. Харин иргэний нэхэмжлэгчид учруулсан 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, хорих ангиас суллагдаад удаагүй атлаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт зан үйл бүхий хувийн байдал, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч мөнгөн аяганы үнэлгээ эргэлзээтэй, өндөр үнээр тогтоогдсон гэж мэтгэлцэж байх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч, нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Вендо” компаны үнэлгээ зэргийг шүүх харьцуулан үзээд бодитой зөв гэж дүгнэсэн болно.
Учир нь алт, мөнгө зэрэг үнэт металын ханш буурах, элэгдэл хорогдлын улмаас үнэ цэнээ алдах байдал үгүй, харин ур хийц, шинж чанар зэргээрээ үнэ цэнэ нь өсөх магадлалтай байдаг байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 06 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б-с 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА