Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/143 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.О-ийн гаргасан эсэргүүцлээр Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын ... -ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оперотор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум 1-р баг, Суваргын 4- ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, УУ......... регистрийн дугаартай, З овогт Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анко” нэртэй цайны газрын сэндэвчин барилгын таамбарт хохирогч Э.Г-ыг “нүүр лүү өшиглөж зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлий, дал орчимд нь хутгалж, хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол, хоёр далны хооронд үүссэн, цээжний хөндий рүү нэвтрээгүй арьсны давхаргыг гэмтээсэн өнгөц шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Б-т холбогдох 1816003050040 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжинд: “...Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй дараах үндэслэл тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШТ/11 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШТ/04 дугаартай тогтоолуудаар яллагдагч Б.Б-ын биед учирсан гэмтлүүд нь дан ганц шүүгдэгч Э.Г-ын үйлдлийн улмаас үүссэн үү? эсвэл бусад хүмүүсийн үйлдэлтэй хамааралтай юу? гэдгийг тогтоох гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Яллагдагч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь дан ганц шүүгдэгч Э.Г-ын үйлдлийн улмаас үүссэн үү? эсвэл бусад хүмүүсийн үйлдэлтэй хамааралтай юу? гэдгийг нарийвчлан шалгаагүй, хангалттай тогтоож чадаагүй, Э.Б-ийг Б.Б-ын биед халдсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулсан баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргаснаас өөр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэх үндэслэл боллоо. Мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШТ/04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” бол хэргийг прокурор хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан, мөн хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд уг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож болох боловч энэ хэргийн тухайд шүүгдэгч, яллагдагч нарын гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа яллагдагч Э.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн боловч дээрх зөрчлийг арилгалгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн нь тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШТ/04 дугаартай тогтоолыг прокурор, мөрдөгч бүрэн биелүүлээгүй алдаа гаргасан байна...” гэжээ. Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй, хэрхэн яаж үгүйсгэгдэж үнэлэгдээгүй талаар дурьдаагүй хууль ёсны гараагүй байна.

1.Б.Б-ын биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрөө багатай далд хугарал, тархины доргилт, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байна. Б.Б-ын биед учирсан дээрх гэмтлийг Э.Г 2-3 удаагийн үйлдлээр өшиглөснөөс үүссэн гэх үйл баримт хэрэг авагдсан гэрч Э.Б, М.Т, Б.Э, Х.Б, Н.Ж, Б.Б, Г.О, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Б.Б-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь бусад хүмүүсийн үйлдэлтэй хамааралтай эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрч Э.Б, М.Т, С.Э, Э.Г, Э.Д, Ц.М нарын мэдүүлгээр Э.Б Б.Б-ын нүүрэн тус газар цохиогүй, биед учирсан хөнгөн хохирлыг учруулаагүй, харин Б.Б-ын биед гэмтэл учруулахгүйгээр халдсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс Э.Б-ийн үйлдлийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харьяалах байгууллагад шилжүүлэн шалгуулсан байна.

2. Эрүүгийн 1816003050040 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Э.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг хуульчилсан байна. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэжээ. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно гээд 1.36-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор зохицуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх зохицуулалтаар эрүүгийн 1816003050040 дугаартай хэргээс Э.Г-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй бол хууль зөрчсөн асуудал болох байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсний дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Б.Б холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 33.1 6.15 дугаар зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Ямар үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг болсон гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаан болсон байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан тогтоол гарсан. Зарим ажиллагаа хийгдээгүй гэж урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. Ямар ажиллагаа хийгдээгүй гэхээр нэгдүгээрт: яллагдагч Б.Б-ыг яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Хэргийн хор холбогдогч байсан Э.Г холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусан учир хэрэгсэхгүй болгож яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Э.Г-д холбогдох хэргийг хэдий хөнгөн хэрэгт холбогдсон хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж байгаа. Гэтэл Э.Г гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан байдаг. Тэгэхээр Э.Г холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлэх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүх дээр ирээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг тооцоод гэм буруутайд тооцох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байсан. Улсын яллагч хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл байгаагүй. Тухайн хэргийн хувьд хэргийн яллагдагч нар харилцан зодоон хийсэн тул яллагдагч нарын хэргийг шүүх рүү шилжүүлэх байсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг зөрчиж Э.Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзсэн. Дараагийн дугаарт 2020 оны 01 сарын 27-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Б-ын биед учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Хавтаст хэрэгт гэрч нарын мэдүүлгээс харахын бол Б.Б-ын биед хохирогч гэх Э.Г ах дүү нар халдсан үйлдлийг гэрч нар мэдүүлдэг. Анхан шатны шүүх прокурорт буцаахад улсын яллагч хэлсэн байдаг зодсон гэх Б-д нь Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан гэдэг тайлбарыг хэлдэг. Энэ нь бодит байдалд нийцээгүй. Б.Б-ын биед олон төрлийн гэмтэл учирсан байдаг. Энэ гэмтэл нь гэрч нарын мэдүүлэг болон хохирогчоор тогтоогдсон Б.Б-ын мэдүүлгээр Э.Г ах дүү нар нь халдсан гэдийг тодорхой хэлээд байдаг. Үүнийг нарийвчлан тогтоогоогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Б.Б-ын биед гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нарийвчлан тогтоогоогүй гэж прокурорт буцаасан. Хэргийг прокурорт буцаагаад дахин ажиллагаа хийгээд шинжээчийн дүгнэлт дахин гарсан байдаг. Тухайн шинжээчийн дүгнэлтээр нүдэнд нь гэмтэл учирсан гэх боловч үзлэг хийсэн шинжээч эмч нь тархиндаа мөн гэмтэлтэй байж магадгүй гэж хэлдэг. Үүний дагуу Б.Б нь тархины томографик хийлгээд тархиндаа гэмтлийн зэрэг тогтоолгож шинжээч эмчид үзүүлмээр байна гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирлыг нарийвчлан тогтоогоогүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулсан. Анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаад хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Нөхөж гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх яллагдагч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь дан ганц шүүгдэгч Э.Г үйлдлийн улмаас үүссэн үү? эсвэл бусад хүмүүсийн үйлдэлтэй хамааралтай юу? гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоох боломжтой.

 

Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд уг үндэслэлээр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож болох боловч энэ хэргийн тухайд шүүгдэгч, яллагдагч нарын гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа яллагдагч Э.Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж дүгнэсэн нь зөрчилтэй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бодитой  тогтоож, хэргийг зөв зүйлчилж үндэслэлтэй шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлөх талаар үндэслэлээ тайлбарлаагүй байна. Э.Г үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийн үйл баримтыг бодитой тогтоон хэргийг зөв зүйлчилж үндэслэлтэй шийдвэрлэхэд саад болохооргүй байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Б.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхийн хэлэлцүүлэгт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Б холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                  

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.Б

                          ШҮҮГЧИД                                  Б.А

                                           Ч.Э