Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц ХХК /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдуулж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгч Ц ХХК-ийн өмгөөлөгч Б.А ,гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ч.Г, Х.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч: Ц ХХК /РД:/ нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор өөрчилсөн, уг өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/511 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд байршуулан орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зориулалтаар 25 га газрыг 10 жилийн хугацаагаар Б ХХК эзэмшсэн байна.

2. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК-ийн газрыг Б ХХК-ийн газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг, Б ХХК-ийн газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг тус тус хууль бусад тооцуулах, Б ХХК-ийн газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг тус тус даалгах агуулга бүхий шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаартай тогтоолыг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж болон Төв аймгийн чиглэлийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрын эзэмшигч Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, Т ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон өөрчилж шийдвэрлэсэн байна.

3. Т ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Б ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа тус компанийн 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын байршлыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолоор баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

4. Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор Б ХХК-ийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тогтоосон,

5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19/М017 дугаар тусгай зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр С******* нэртэй газарт орших 54.07 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын талбайг 2034 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар Ц ХХК-нд олгосон байна.

6. Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/359 дугаар захирамжаар Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлж Б ХХК-ийн 25 га газрын байршлыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

7. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаар захирамжаар Т ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Б ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа тус компанийн 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын байршлыг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0721 дугаар шийдвэрээр Б ХХК-иас гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн газрын байршил тогтоон, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0164 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0721 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

9. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны нутагт орших "С*******" нэртэй 102.89 га бүхий 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Э******* ХХК-д олгосон бөгөөд, Улаанбаатар хотын Байгаль орчны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/65 тоот тушаалаар уг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг бүхэлд нь Ц*******" ХХК шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт 54.07 га талбай бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2034 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатайгаар олгосон.

Манай компани уг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хууль зөрчсөн үйл ажиллагаа огт явуулаагүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж ирсэн бөгөөд газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Гэтэл манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамжаар "Б ХХК-д газар эзэмших эрх олгожээ.

Манай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг бусдад давхцуулж олгосон болохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01-08/186 тоот албан бичигт дурдсан байх бөгөөд уг албан бичгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан болно.

Анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар "Э*******" ХХК-д олгож, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/65 тоот тушаалаар "Ц*******" ХХК-д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар 2034 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүргэл хугацаагаар "түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын" тусгай зөвшөөрөл олгосон манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг манай компанид мэдэгдэлгүйгээр, бусдад давхцуулан олгосон нь хууль бус бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамж нь манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамжийн "Б ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхэнд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байна. Маргаан бүхий акттай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дугаартай захирамжаар Б ХХК-д холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар өөрчилж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эрх олгогдсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

11. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дүгээр захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0721 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгэр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Гуравдагч этгээд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд байршуулан орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зориулалтаар 25 га газрыг 10 жилийн хугацаатай эзэмшсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10-р сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг баталгаажуулсан. "Б*******" ХХК болон "Т*******" ХХК-ийн газрын маргаантай асуудлыг Монгол улсын Дээд шүүх 2016 онд эцэслэн шийдсэн. Дээд шүүхийн тогтоолыг 2018 онд Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлж, А/878 дугаар захирамж гарган Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж Шийдвэр Гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гарсан юм.

Үндсэндээ Нийслэлийн Засаг Даргын 2007 оны 511 тоот захирамж, 2013 оны А/975 дугаар захирамж, 2018 оны А/878 дугаар захирамжуудаар манай газрын байршлыг Хан-Уул дүүргийн 8-р хороо /хуучнаар 10-р хороо/, Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд гэж тодорхой заасан, мөн 2020 оны А/165 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тодорхой заагдсан байдаг.

Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоол зэргийг үл хэрэгсэн "Б*******" ХХК-ийн газрыг хууль бусаар авахаар оролдон, хохироож байгаа хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Манай "Б*******" ХХК нь 2007 оноос эхлэн дээрх газрыг эзэмшиж, төсөл сонгон шалгаруулалтад 100,000,000 төгрөг, газрын дуудлага худалдааны анхны үнэд нийт 3,200,000,000 төгрөг, газрын төлбөрт 66,000,000 сая төгрөгийг тус тус төлсөн боловч Нийслэлийн Засаг дарга нар, Нийслэлийн Газрын албаны албан тушаалтнууд болон "Т" ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалж 10 гаруй жил газар дээрээ бүтээн байгуулалт хийж чадахгүй их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга Д.С******* нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/359 дугаартай захирамж гарган манай компанийн эрх, хууль ёсны ашиг ноцтой хохироосон. Нийслэлийн Засаг дарга Д.С******* Улсын Дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг үндэслэн энэхүү захирамжийг гаргасан гэж сонирхлыг захирамждаа бичсэн нь илэрхий үндэслэлгүй билээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 211/МА2016/0251 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1-д ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай... гэж, 3-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд "Т ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх болохыг дурдсугай гэж тус тус зааж шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээсэн.

Манай Б******* ХХК гурван удаагийн захирамжтай, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, газрын төлбөрөө 100 хувь төлсөн байтал өнөөдрийг хүртэл тухайн газраа ашиглаж чадахгүй хохирсоор байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамж нь манай компанид өмнө нь олгогдсон, 3.3 тэрбум төгрөг төлсөн болон 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэрт заасан байршилд бус, байршлын кадастрын зураг байхгүй газар юм.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгох гол үндэслэл нь Б******* ХХК-д газар эзэмшүүлэх талаар гарсан Улсын Дээд Шүүхийн 216 дугаар тогтоолыг буруу хэрэгжүүлсэнд байгаа гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

13. Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гуравдагч этгээдээс гаргасан тайлбартай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж ойлголоо. Эрх ашиг хөндөгдөж байгаа талаар 2021 онд гарсан захирамж 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болж энэ хоорондох хугацаанд захирамж нь хүчингүй байсан гэдэг утгаар эрх ашиг хөндөгдсөн гэж тайлбарлаж байна гэж ойлголоо. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/359 дугаар захирамжийн Б ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн, уг өөрчилсөн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуул\ийн хүчин төгөлдөр болсон байх тул уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор газраа цаашид ашиглах боломжтой болно гэж тайлбарласныг хариуцагч ...нэгэнт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж, гуравдагч этгээд Б ХХК ...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлүүлнэ үү гэж тайлбарлан мэтгэлцэв.

2. Хэрэгт цугларсан баримтуудаар дараахь үйл баримтууд, тухайлбал Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/511 дугаар захирамжаар Б ХХК-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд байршуулан орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын зориулалтаар 25 га газрыг 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

3. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг биелүүлж гарсан, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж болон Төв аймгийн чиглэлийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрын эзэмшигч Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, Т ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 115 га болгон шийдвэрлэсэн,

4. Ц ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19/М017 дугаар тусгай зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр С******* нэртэй газарт орших 54.07 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг 2034 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон,

5. Б******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ А/359 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа огт хийгээгүй, энэ талаар сүүлд мэдсэн, биелэгдэх боломжгүй шийдвэр... гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0721 дугаар шийдвэрээр ...газар эзэмших эрхийн хугацааг эзэмшил газрын байршилгүйгээр илэрхийлэх боломжгүй, дээр дүгнэсэнчлэн газар эзэмших эрх нь газрын байршил, хэмжээ, эзэмших хугацаа, зориулалт зэрэг хоорондоо салшгүй ойлголтууд бөгөөд байршилгүйгээр эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдэл бодитоор хэрэгжих боломжгүй... гэж дүгнэн, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0164 дүгээр магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

6. Нэхэмжлэгч Ц ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компанийн хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцуулан олгосон нь хууль бус, бид энэ захирамж гарсныг мэдээгүй байсан, Б******* ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч манай компанийн хувьд хууль бус байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэж тодорхойлсон.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Э******* ХХК-д Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны нутагт оршин С******* нэртэй 102.89 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн зориулалттай газрыг олгосон, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/65 дугаар захирамжаар уг газрыг бүхэлд нь "Ц*******" ХХК-д шилжүүлсэн, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар 2034 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, уг хугацаа нь дуусгавар болоогүй үргэлжилж байгаа үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

8. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар эзэмших эрхийг сунгах тухай А/359 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн нэг дэх заалтаар ...Монгол Улсын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Б ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Т ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж шийдвэрлэсний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээ /хуучнаар 10 дугаар / хорооны нутаг дэвсгэрт Б ХХК-ийн газрын кадастрын байршлыг тогтоон 25 га газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунган хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй гэж шийдвэрлэжээ.

9. Дээрхи үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцуулан Б ХХК-д уг газрыг олгож шийдвэрлэсэн нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

10. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар эзэмших эрхийг сунгах тухай А/359 дүгээр захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн, үүний улмаас захиргааны акт нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

11. Нөгөө талаар Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх шаардлагыг зөрчсөнөөс гадна тухайн захирамж нь энэ хэргийн гуравдагч этгээд болох Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон.

12. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар тухайн захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ хэргийн нэхэмжлэгч Ц ХХК-ийн хувьд тухайн захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох эрх, ашиг сонирхол байна гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр шүүх хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар эзэмших эрхийг сунгах тухай захирамжийн улмаас нэхэмжлэгч Ц ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул уг захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/359 дүгээр Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газар эзэмших эрхийг сунгах тухай захирамжийг бүхэлд нь хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ДУЛАМСҮРЭН