Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2024/00619

 

 

 

 

 

2024 06 27 151/ШШ2024/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.П-д холбогдох,

4.775.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ч, хариуцагч Т.Пүрэвцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.П-д холбогдуулан 4.775.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Б.О миний бие Т.П-д яаралтай Канад улсаас Монгол Улсад ирэх онгоцны билетийг Хаан банкны ************* тоот өөрийн данснаас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4.775.300 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Т.П нь өнөөдрийг хүртэл маш олон удаа ярьж, хэлж, нэхсэн боловч төлөхгүй байгаа тул яаралтай төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний утсыг н.З авсан. Миний утас, утасны код бүх зүйлийг н.З мэддэг байсан. Би Канад улсад байхдаа 10 сарын хугацаанд ажил хийж байсан. 7 хоногийн 54 цаг, цагийн 15 долларын цалин авч байсан. Би тэр улсаас өмсөж байгаа хувцастайгаа ирсэн. Цалингаа тэндээ зарцуулдаг байсан. 4.750.000 төгрөгийн ажил хийсэн байлгүй. Би өмссөн хувцастайгаа ирсэн. Өөр юу ч авч ирээгүй бас нэмээд онгоцны билетийн өртэй болчихлоо. Би энэ мөнгийг өгмөөргүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.О-н иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны *********** тоот дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, А ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугаар тодорхойлолт, А ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл, А ХХК-ийн төлбөр төлсөн төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.П-д холбогдуулан онгоцны тийзний үнэ 4.775.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн мөнгөн шилжүүлгийн баримт, А ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ********* дугаар тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн баримтын хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Т.П нь нэхэмжлэгчийн зардлаар Канад Улсаас Монгол Улс руу зорчиж ирсэн болох нь тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

Гагцхүү нэхэмжлэгчийн охин н.З түүний Канад Улсад ажиллаж, хөдөлмөрлөсний хөлсийг авсан гэх үндэслэлээр хариуцагч дээрх төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар, хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Т.П нь онгоцны тийзний үнэ 4.775.300 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талуудын хооронд үүссэн харилцааг гэм хорын хохирол хэмээн тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдав.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.П-с 91.355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Т.П-с үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4.775.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.П-с 91.355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА