Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2024/00620

 

 

 

 

 

 

2024 07 02 151/ШШ2024/00620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.М-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.С, Ч.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү С.М, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.Б, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.М нарыг эх М.С-н асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.С хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 ханатай Монгол гэрийг хариуцагч Ч.М 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч болон хүүхдүүдийн оршин сууж буй Улаанбаатар хот, Х дүүргийн ** дүгээр хороо, Гавьжийн 1 дүгээр гудамж, ** тоот хаягт хүргэж, барьж өгөх, мөн хариуцагч Ч.М хүүхдүүдийн хоол хүнс, хувцас хэрэглэлийг хангаж, хүссэн үедээ уулзах эрхээр хангуулахаар тус тус тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА