| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/04321/И |
| Дугаар | 151/ШШ2024/00741 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00741
2024 08 14 151/ШШ2024/00741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Х,
Хариуцагч: Н.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 34.103.211,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагч Н.Х, Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Н.Х, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34.103.211,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Иргэн Н.Х, Н.Д нар Х банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 1. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *********** тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ************* тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, 15.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. 2. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ************* тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ************** тоот гэрээг тус тус байгуулж, 4.500.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 2.813.013,70 төгрөг, зээлийн хүүнээс төгрөг 2.338.886 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 5.151.900 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт дахь "Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар хуулийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Н.Х, Н.Д нарт холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16.686.986,30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16.115.259,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.300.966,18 төгрөг, нийт 34.103.211,64 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Н.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндсэн төлбөр 16.686.986,30 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.
3. Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн ах болох Н.Х-н Х банкны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ийм байдлаасаа болж хариуцагчаар татагдсан. Миний хувьд энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй. Иймд надад төлөх боломж байхгүй, ажил хийдэггүй, гэртээ хоёр хүүхдээ харж байдаг, амьдралын түвшин тааруухан. Иймд Н.Х-р өөрөөр нь төлүүлнэ үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х банк ХК-иас М.З-д олгосон итгэмжлэл, Х банк ХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Н.Х-н Хаан банкны *********** тоот дансанд 15.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Х банк ХК болон Н.Х, Н.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ************* дугаартай Барьцааны гэрээ, Х банк ХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Н.Х-н Х банкны ********* тоот дансанд 4.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Х банк ХК болон Н.Х, Н.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ************* дугаартай Барьцааны гэрээ, Н.Х, Н.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Х, Н.Д нарын Хаан банкны ********** дугаар Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн картын хуулга, Х банк ХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ********* дугаартай Зээл төлөх мэдэгдэл, Х банк ХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн *********** дугаартай Зээл төлөх мэдэгдэл, Х банк ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ********** дугаар Зээл төлөх мэдэгдэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Х банк ХК болон хариуцагч Н.Х, Н.Д нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *********** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ************** дугаартай Барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нар 15.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан.
Мөн Х банк ХК болон Н.Х, Н.Д нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ***************** дугаартай Барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нар 4.500.000 төгрөгийг нэмж, нийт 18.211.581 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар тус тус авсан байна.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр *************** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэг шаардах эрхтэй.
4. Хэдийгээр хариуцагч Н.Д зээлийн гэрээнүүдийг хариуцагч Н.Х-т хамааралтай, тухайн зээлийн гэрээнүүдээр олгогдсон мөнгөнөөс аваагүй тул Н.Х-р зээлийн үлдэгдлийг төлүүлэх ёстой хэмээх боловч хариуцагч Н.Х, Н.Д нар хамтран үүрэг хүлээсэн, тухайн үүрэг дуусгавар болоогүй байх тул хариуцагч Н.Д-г тухайн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд Н.Х зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлснээр Н.Д уг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөнө.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба хариуцагч нарыг зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагч Н.Х-н татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Х, Н.Д нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 16.686.986,30 төгрөг, хүү 16.115.259,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.300.966,18 төгрөг, нийт 34.103.211,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х, Н.Д нараас 328.467 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Х, Н.Д нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 16.686.986,30 төгрөг, хүү 16.115.259,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.300.966,18 төгрөг, нийт 34.103.211,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х, Н.Д нараас 328.467 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА