| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0183/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 178
2017 оны 12 сарын 11 өдөр 2017/ШЦТ/178 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0183/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан
Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-д холбогдох 1739001830052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1964 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг Дуурлиг булаг 11-03 тоотод оршин суух Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ерөнхий боловсролын сургуульд байрлах өөрийн ажлын өрөөндөө тус сургуулийн 4 дүгээр ангийн сурагч С “тахиа аллаа” гэх шалтгаанаар индүүний залгуураар нүүрэн тус газар нь цохьсоны улаас хамар ясны баруун хажуу хананы дээд хэсгийн цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С: ...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би сургууль дээр ангидаа хичээлд сууж байхад нэг эрэгтэй багш намайг ангиас дуудаж гаргаж ирээд ЕБС-ын сургалтын менежер болох Ц багшийн өрөөнд оруулсан. Тэгэхэд манай ах болох М өөр 2 сурагчийн хамт Цэцэгмаа багшийн өрөөнд байсан бөгөөд Ц багш сүмийн таниануудыг алсан гээд бид нарыг загнаж байгаад индүүний залгуур аваад бид нарыг ороолгоод намайг дээгүүр болон гар луу 2-3 удаа ороолгосон. Тэгээд миний хажуу талд байсан нэг ахыг ороолгох гэх байгаад миний нүүр лүү индүүний залгуурын ишнүүрээр цохьчихсон. Тэгээд миний баруун нүдний тэндээс цус гараад цуг байсан 7 дугаар ангийн ах намайг нойл авч явж миний нүүрнээс гарч байсан цусыг угаалгасан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20хуу/
Гэрч А: ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... манай дүү болох С-ын ангийн багш Н над руу 2-3 удаа утсаар залгаад байхаар нь чи яаралтай сургууль дээр ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би сургууль дээр очоод өөрийн дүү болох С ангид ороход ангийн багш Н манай дүүтэй цуг манай дүүгийн баруун нүдний ухархайгаас цус гараад байж байсан. Тэгээд би багш болох Наранцэцэгээс яасан юу болсон талаар тодруулахад сургалтын менежер болох Ц багш өрөөндөө оруулаад индүүний залгуураар ороолгоцон байна гэж хэлсэн. Тэгээд би сургалтын менежер болох Цбагшийн өрөөнд ороод та сурган хүмүүжүүлэх хүн байж яаж байгаа юм бэ индүүний залгууран дотор төмөр байдаг гэдгийг мэддэггүй юм уу гэж асуухад тэрүүхэн зуур уур хүрээд анзаарч бодсонгүй гэж хэлсэн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24хуу/
Гэрч Ө: ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед сургуулын сургалтын менежер болох Ц багш намайг өрөөндөө дуудсан. Тэгээд би өрөөнд нь ороход манай суманд байдаг Христийн сүмийн хашаанд орж тахиа алсан хүүхдүүд гээд 3 сурагч зогсоогоод загнаад байж байсан. ... хэсэг хугацааны дараа би сургуулийн 2 давхар луу гарч явахад С гэх сурагчийн ах болох А дагуулцан шатаар буугаад явж байсан. Тэгэхэд С гэх сурагч доош тонгойгоод 2 гаран дээрээ цуус барьчихсан цус гоожуулаад явж байсан. ... би С гэх сурагчийг дагуулаад өрөөндөө ороод яасан юу болсон тухай асуухад сургалтын менежер болох Ц багш индүүний залгуураар ороолгосон гэсэн. С гэх сурагчийн баруун нүдний зүүн булангаас цус гараад тогтсон байдалтай байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31хуу/
Гэрч А: ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... С гэх сурагч нэг хүүхдийн хамт коридорт зогсож байсан. Тэгээд Сзогсож байсан хүүхэд багшаа С нүүрнээс цус гараад байх юм аа гэж хэлэхээр нь С дээр очоод нүүрийг нь харахад С-н баруун нүдний зүүн булангаас цус гарч байсан. Тэгээд миний араас нийгмийн ажилтан Өлзийсайхан бууж ирэхээр нь энэ сурагчийг дагуулж яваад яасан байна учрыг нь олоодох гэж хэлээд дагуулаад явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нийгмийн ажилтан Өнөгөө Сайнбаяр гэх сурагчийг дагуулаад миний өрөөнд орж ирээд сургалтын менежер Ц багш ус буцалгагчны залгуураар ороолгосон юм байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34хуу/
Гэрч Н: ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13 цаг 40 минутын орчимд би ангидаа хичээл орж байхад номын санч Аорж ирээд манай ангийн сурагчид болох С, А нарыг аваад гарсан. ... Тэгээд би Цэцэгмаа багшийн өрөөнд ороход Ц багш урдаас чи хүүхдүүдэд амьтан алах хичээл заасан юм уу гэж асуугаад би иргэний боловсролын хичээл зааж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Ц багш танай ангийн хүүхдүүд сүмийн тахиа алсан байна гэж хэлэхэд би яаж байгаа юм бэ сурагчидаа гэж хэлээд хичээлтэй байсан болохоор гараад явсан. Тэгээд дараагийн завсарлагаанаар би 2 сурагчиддаа санаа зовоод сургалтын менежер Ц багшийн өрөөнд ороход Сайнбаяр гэх сурагч уйлчихсан баруун нүдний орчимд цус гарчихсан байсан. Тэгээд би та яаж байгаа юм бэ гэж Ц багшаас асуухад өөр хүүхэд ороолгох гээд индүүний ишнүүд далайхад С урдуур нь ороод нүүр лүүгээ ороолгуулчихлаа гэж хэлсэн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 304 дугаартай дүгнэлт:
Сын биед хамар ясны баруун хажуу хананы дээд хэсгийн цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 60хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ерөнхий боловсролын сургуульд байрлах өөрийн ажлын өрөөндөө тус сургуулийн 4 дүгээр ангийн сурагч С-г “тахиа аллаа” гэх шалтгаанаар индүүний залгуураар нүүрэн тус газар нь цохьсоны улаас хамар ясны баруун хажуу хананы дээд хэсгийн цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 104хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн болон бусдад учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц нь түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц нь оногдуулсан торгох ялыг 02 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан индүүний залгуурийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА