Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/30

 

Г.Ө-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Б

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх

ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ХМШЗ/08 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Б-ий давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Г.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын ... -нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ81....... регистрийн дугаартай, Д овогт Г-ын Ө.

 

Анхан шатны шүүх: Ялтан Г.Ө-т 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулснаас 490000 төгрөгийн торгуулийг биелэгдсэнд тооцож, торгох ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл ялтан давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Д овогт Г.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны 12- ... тоот хашааны урд талд Д.У-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байна. Дээрх шийтгэх тогтоол 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болж, шүүгдэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгөхөөр шүүхээс дуудсан боловч хүрэлцэн ирээгүй, Улаанбаатар хотод байна, зардлын мөнгө байхгүй гэх шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/206 дугаартай шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Ө-ыг албадан ирүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос 12 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу ялтан Г.Ө-т 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 97 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн боловч ялтан ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулаагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хяналтын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан бөгөөд энэ хугацаанд мөн төлж барагдуулаагүй, хяналтаас оргон зайлсан тул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1/76 дугаартай албан бичгээр, Аймгийн прокурорын газраас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1/116 дугаартай албан бичгээр тус тус аймгийн Цагдаагийн газарт хандаж ялтан Г.Ө-ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна.

 

Ялтан Г.Ө-ыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг дэвсгэрээс олж илрүүлэн шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.М-аас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр торгох ялыг хорих ялаар солих тухай санал гаргаж ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан санал хууль зүйн үндэслэлтэй тул 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр торгох ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлт үйлдэж, хувийн хэрэг материалыг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ба тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамж нь “Торгох ялыг хорих ялаар солих тухай” гэсэн дэд гарчигтай, тодорхойлох хэсэгт “Прокурорын дүгнэлт үндэслэлтэй" гэсэн дүгнэлт хийсэн атлаа захирамжлах хэсэгт “Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нь ойлгомжгүй, шүүгч хийсэн дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэр гаргасан, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөн уг захирамжинд ялтан Г.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй боловч 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 490.000 төгрөгийг төлсөн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 490.000 төгрөгний торгох ялыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хуульд хорих ялыг хоногоор тооцож оногдуулахаар заасан тул торгуулийн ялаас биелүүлээгүй 10.000 төгрөгийг хорих ялаар солих боломжгүй гэж үзэж прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих энэ хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан, эсхүл торгуулийг төлж барагдуулбал зохих өдрөөс хойш 5 хоногийн дотор хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ” гэж тус тус заасан байна.

Гэтэл ялтан Г.Ө нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд төлбөл зохих торгуулийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас оргон зайлж 6 сар 12 хоногийн дараа эрэн сурвалжлах ажлын үр дүнгээр ялтны оршин суугаа хаягыг тогтоосон байна.

Мөн ялтан Г.Ө-т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ө-т шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай”, тогтоох хэсгийн 4-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ө-т сануулсугай” гэж тус тус заасан байна. Шүүгч дээрх шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүргэж байна.

Ялтан Г.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй болох нь хангалттай нотлогдож байхад хувийн хэрэг материалыг шүүхэд шилжүүлсний дараа ялтан торгуулийн мөнгийг дансанд дутуу тушаасан баримтанд үндэслэн торгох ялыг биелүүлсэнд тооцож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Д овогт Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Шийтгэх тогтоол 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болсон боловч шүүгдэгч хүрэлцэн ирээгүйн улмаас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/206 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Ө-ыг албадан ирүүлж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ялтан Г.Ө-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд ялтан ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд төлж барагдуулаагүй тул, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хяналтын хугацааг 30 хоногоор сунгасан боловч энэ хугацаанд мөн төлж барагдуулаагүй төдийгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй болсны улмаас Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, прокурорын газраас тус тус аймгийн Цагдаагийн газарт хандаж ялтан Г.Ө-ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олж хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч торгох ялыг хорих ялаар солих тухай санал гаргаж хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад торгох ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжид ялтан Г.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй боловч 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 490.000 төгрөгийг төлсөн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 490.000 төгрөгний торгох ялыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Ялтан Г.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд болон сунгасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихыг сануулсаар байхад хүндэтгэх ямар нэг шалтгаангүйгээр торгох ялыг биелүүлээгүй бөгөөд торгох ялыг хорих ялаар солих тухай прокурор дүгнэлт гаргаж холбогдох материалыг шүүхэд шилжүүлсний дараа 490 000 төгрөг тушаасан байхад энэ байдлыг анхаарч үзэлгүй Г.Ө-ыг торгох ялыг биелүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б

 ШҮҮГЧИД Т.Ж

 Ч.Э