| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2023/01217/И |
| Дугаар | 151/ШШ2024/00819 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00819
2024 10 02 151/ШШ2024/00819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д ХХК-д холбогдох,
Нийлүүлэгдээгүй бетон блокийн үнэ 89.873.644 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан Нийлүүлэгдээгүй бетон блокийн үнэ 89.873.644 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ-г байгуулж, 920.371.900 төгрөгийн үнэ бүхий бетон блок худалдан авахаар болсон. Гэрээ хэрэгжих явцад авах бетон блокны хэмжээнд өөрчлөлт орж нийт 742.737.927 төгрөгийн бетон блок авахаар тохиролцсон. Захиалагч М ХХК нь бетон блокны үнэ болон хохиролд нийт 744.011.086 төгрөгийг Д ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлсэн. Харин Д ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй **, **, ** маркийн бетон блокийг М ХХК-д бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 89.873.644 төгрөгийн үнэ бүхий 22151 ширхэг бетон блокийг өнөөдрийг хүртэл хугацаанд нийлүүлээгүй. Гэрээний хугацааг талууд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон буюу хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх хугацаа 2020 оны 5 дугаар сард дууссан байна. Өнгөрсөн хугацаанд М ХХК нь Д ХХК-иас нийлүүлээгүй бетон блокийг нийлүүлэх, үйлдвэрийн хашаанд байгаа бэлэн болсон блокоо ачиж авах нөхцөлөөр хангахыг удаа дараа хүсэж, шаардаж байсан боловч ... түр хүлээж бай, үйлдвэрийн хашаанд манаач байхгүй гэх зэрэг тайлбар хэлдэг байсан. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ-ний дагуу 89.873.644 төгрөгийн үнэ бүхий **, ** маркийн 190*390*200 хэмжээтэй 12625 ширхэг, **, ** маркийн 190*390*150 хэмжээтэй 6214 ширхэг, **, ** маркийн 190*390*120 хэмжээтэй 3312 ширхэг, нийт 22151 ширхэг бетон блокийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд хариуцагч Д ХХК-ийн хашаанд 4500 ширхэг бетон блок байгааг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага болох 22151 ширхэг бетон блокийг хариуцагч үйлдвэрлээгүй, үйлдвэрийн хашаанд байгаа бетон блок нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хүрэхгүй, мөн удаан хугацаанд хадгалсан нь зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, хадгалалтын стандарт, шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй үйл баримтууд нь үүрэг гүйцэтгэгч Д ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлээд зогсохгүй, үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Иймд худалдан авагч М ХХК-ийн 22151 ширхэг бетон блок гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийлүүлээгүй бетон блокны үнэ 89.873.644 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай компани М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 920.371.900 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлснээр багахан хэмжээний ашигтай ажиллах боломжтой байсан. Гэвч М ХХК захиалсан тоо хэмжээнээс хамаарсан үнийн дүнгийн хөнгөлөлт эдэлсний дараа дарамт, шахалт үзүүлэн гэрээнд заасан барааны тоо хэмжээг бууруулахаас өөр сонголтыг өгөөгүй тул тэдний гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбар худал болно. Бид маргаан үүсгэхгүй, гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байсан тул багасгасан үнийн дүн, тоо хэмжээгээр бараа нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл дахин 89.873.644 төгрөгийн үнэ бүхий **, ** маркийн 190*390*200 хэмжээтэй 12625 ширхэг, **, ** маркийн 190*390*150 хэмжээтэй 6214 ширхэг, **, ** маркийн 190*390*120 хэмжээтэй 3312 ширхэг, нийт 22151 ширхэг бетон блокийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Манай хоёр компанийн нягтлан бодогч нар гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ хугацаанаас хойш манай компани ямар нэгэн бараа нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэгч бараа, мартериал дутуу авсан талаар манай компанид санал, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас мэдэгдэл хүргүүлж байсан гээд өөрийн и-мэйлдээ үзлэг хийлгэсэн боловч үзлэгээр нотлогдоогүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалагч талд бараа материал хүлээн авах үүрэг байсан ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Захиалагчийн бараа хүлээн аваагүй гэх асуудал нь манай талын буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа ба 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь өглөг, авлагагүйг нотолж байна. Түүнчлэн нэхэмжлэгч 3 жил 5 сарын дараа гэнэтхэн бараа бүтээгдэхүүн дутуу авсан хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй үйлдлийг бид хариуцах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 608.000 төгрөг төлсөн баримт, М ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/41 дүгээр итгэмжлэл, тус компанийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ /1 хавтас 11-15 дугаар тал/, Д ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 009/2020 дугаар албан бичиг, мөн компанийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/08 дугаар албан бичиг, М ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар албан бичиг, мөн компанийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******** дугаар албан бичиг /1 хавтас 16-19 дүгээр тал/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1 хавтас 20-29 дүгээр тал/, ******** сайтын зар, мэдээллийн хуулбар /1 хавтас 30-32 дугаар тал/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаар захирамжийн хуулбар /1 хавтас 33-34 дүгээр тал/, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ************ дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /1 хавтас 35 дугаар тал/, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-с татгалзаж, А.Ц-т олгосон итгэмжлэл /1 хавтас 96-97 дугаар тал/, Д ХХК-иас нэхэмжилж буй бетон блокийн тооцоо, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /1 хавтас 122-124 дүгээр тал/ зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар итгэмжлэл, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмийн хуулбар /1 хавтас 40-43 дугаар тал/, Д ХХК-иас 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Э.У-д олгосон итгэмжлэл /1 хавтас 80 дугаар тал/, Д ХХК болон М ХХК-ийн хооронд хийгдсэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт /1 хавтас 85 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.
5. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн гэрэл зургийн хуулбар /1 хавтас 58-64 дүгээр тал/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ********* дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн гэрэл зургийн хуулбар /1 хавтас 115-121 дүгээр тал/, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хөндлөнгийн гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар /1 хавтас 125-129 дүгээр тал/, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт баримт, хөндлөнгийн гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон эрх, үүрэг тайлбарлан өгсөн тухай баримт /1 хавтас 177-182 дугаар тал/, гэрч Ж.Б, Б.Д нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчийн эрх, үүрэг тайлбарлан өгсөн тухай баримт /1 хавтас 186-188 дугаар тал/, Д ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, тус компанийн холбогдох санхүүгийн тайлангууд /1 хавтас 207-250 дугаар тал/, М ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн итгэмжлэл, тооцооны хуудас, ачигдаж ирсэн блокны жагсаалт, блок хүлээн авсан тухай зарлагын падааны жагсаалт, Д ХХК-ийн зарлагын падаанууд /2 дугаар хавтас 1-250, 3 дугаар хавтас 1-113 дугаар тал/, мөн М ХХК-ийн санхүүгийн тайлангууд /3 дугаар хавтас 114-250, 4 дүгээр хавтас 1-36 дугаар тал/ зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан нийлүүлэгдээгүй 22151 ширхэг бетон блокны үнэ 89.873.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ-ний дагуу М ХХК-иас нийт 744.011.086 төгрөгийг шилжүүлсэн боловч **, ** маркийн 190*390*200 хэмжээтэй 12625 ширхэг, **, ** маркийн 190*390*150 хэмжээтэй 6214 ширхэг, **, ** маркийн 190*390*120 хэмжээтэй 3312 ширхэг, нийт 22151 ширхэг бетон блок нийлүүлэгдээгүй тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 89.873.644 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэхдээ хариуцагч тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж дуусгасан, энэ талаар хоёр компанийн нягтлан бодогчид тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргав.
3. Хэргийн 1 дүгээр хавтасны 11-15 дугаар талд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ авагдсан бөгөөд уг гэрээний 4 дүгээр хэсэгт зааснаар Д ХХК нь нийт 920.371.900 төгрөгийн үнэ бүхий 228.090 ширхэг бетон блокийг нийлүүлэхээр, 5 дугаар хэсэгт гэрээний хэрэгжих хугацаа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар, 12 дугаар хэсэгт Захиалагч нь гэрээний үнийг бүрэн төлж, нийлүүлэгч нь барааг бүрэн хүлээлгэн өгснөөр хоёр талын хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болохоор, 13.Б хэсэгт Бетон блок худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөл үйлчлэх-ээр тус тус заажээ.
Дээрх гэрээний агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар М ХХК нь сургуулийн өргөтгөлийн барилга барихад шаардлагатай бетон блокийг Д ХХК-иас худалдан авч, барилгын төслийг гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагчаас бетон блок худалдан авахаар тохиролцсон.
Мөн тухайн гэрээний зүйл болох бетон блок нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох бус, харин төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө байх тул шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Уг үүргийнхээ дагуу нэхэмжлэгч М ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 743.511.086 төгрөгийг хариуцагч Д ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийт 920.371.900 төгрөгийн худалдан авалт хийхээр заасан боловч бодит байдал дээр 710.906.896 төгрөгийн худалдан авалт хийж, гэрээний үнэд өөрчлөлт орсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
Харин нийлүүлэгдсэн бетон блокны тоо, хэмжээний хувьд маргасан бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 16 дугаар талд авагдсан Д ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ********* дугаар албан бичгийн агуулгахаас харахад тухайн албан бичиг хүргэгдэх үед 29.738 ширхэг блок нийлүүлэгдээгүй болохоо хариуцагч илэрхийлж байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч М ХХК-иас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн Д ХХК-ийн зарлагын баримтуудаас үзэхэд
2019 онд:
******** маркийн бетон блок 76890 ширхэг,
******** маркийн бетон блок 17131 ширхэг,
******** маркийн бетон блок 34173 ширхэг,
2020 онд
******** маркийн бетон блок 14036 ширхэг,
******** маркийн бетон блок 1674 ширхэг,
******** маркийн бетон блок 11016 ширхэг, нийт 154920 ширхэг бетон блок нийлүүлэгдсэн байна.
Үүнээс
******** маркийн бетон блок 14144 ширхэг,
******** маркийн бетон блок 4575 ширхэг,
******** маркийн бетон блок 2568 ширхэг, бүгд 21287 ширхэг бетон блок нийлүүлэгдээгүй болох нь тогтоогдсон.
Хэргийн 2 дугаар хавтасны 186 дугаар талд авагдсан зарлагын баримтаар ******** маркийн бетон блок 270 ширхэг, ******** маркийн бетон блок 54 ширхэг нийлүүлэгдсэн байхад нэхэмжлэгчээс уг 54 ширхэг блокийг ******** маркийн бетон блок хэмээн тооцоонд оруулсан, хэргийн 3 дугаар хавтасны 46-47 дугаар талд авагдсан зарлагын баримтаар 2019 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд нийлүүлэгдсэн ******** маркийн бетон блок 180 ширхэг, ******** маркийн бетон блок 432 ширхэг тус тус нийлүүлэгдсэнийг нэхэмжлэгчээс ******** маркийн нийт 864 /432+432=864/ гэж тооцсон, хэргийн 3 дугаар хавтасны 64 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ******** маркийн бетон блок 504 ширхэг нийлүүлэгдсэн байхад нэхэмжлэгч ******** маркийн бетон блок хэмээн тооцсон, хэргийн 3 дугаар хавтасны 65 дугаар талд авагдсан зарлагын баримтаар ******** маркийн бетон блок 182 ширхэг нийлүүлэгдсэнийг 180 гэж, ******** маркийн бетон блок 324 ширхэг нийлүүлэгдсэнийг 326 гэж тус тус тооцсон байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх Д ХХК-ийн зарлагын баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн маргасан боловч өөрсдийн нийлүүлсэн бетон блокийн зарлагын баримт-ыг буюу уг баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг ирүүлээгүй, мөн уг зарлагын баримт нь зөвхөн хариуцагч Д ХХК-иас гарах боломжтой, нэхэмжлэгч М ХХК нь өөр этгээдээс уг баримтыг олж авсан байх боломжгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хоёр компанийн нягтлан бодогчид тооцоо нийлж, ямар нэгэн өглөг, авлагагүй болохоо баталгаажуулсан, тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас зорчих эрхийг хязгаарлаж байсан тул уг баримтыг цахимаар хийсэн хэмээн хэргийн 85 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг ирүүлсэн, мөн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны үеэр гэрч Б.Д-н өгсөн М ХХК-ийн нягтлан н.Г-тэй 2020 ны 6 дугаар сард утсаар ярьж байгаад үйлдсэн акт байна. Аль аль нь тооцоо дууссан учраас хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцлах, манай хүлээлгэж өгсөн блок М ХХК-ийн хүлээж авсан блокийн талаар байгаа. Хэн хэндээ өргүй боллоо гээд гарын үсэг зурсан акт. Уг актыг и-мэйл хаягаар явуулсан. Н.Г нь Д ХХК-ийн тухайн үед ашиглаж байсан и-мэйл хаяг руу актаа явуулаад, би буцааагаад гарыг үсэг зураад, тамгалаад явуулж байсан гэх мэдүүлгийг үндэслэл болгон тайлбарласан.
Гэвч энэхүү үйл баримтыг дэмжих нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Д ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаар албан бичиг, дээр дурдсан зарлагын баримтаар тухайн компаниудын нягтлан бодогчид энэхүү тооцоо нийлсэн акт үйлдэх цаг хугацаанд гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байсан буюу хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 315 ширхэг бетон блок нийлүүлсэн тухай зарлагын баримт ирсэн.
Тэгэхээр хариуцагч талын Гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй ба хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
4. Хэдийгээр хариуцагч Д ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдох боловч нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж шүүх үзлээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.
Хэргийн 1 дүгээр хавтасны 33-34 дүгээр талд авагдсан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ************* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаас үзэхэд нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд анх 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан, хэргийн 3 дугаар хавтасны 113 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бетон блокийг хүлээн авсан үйл баримт тус тус тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нийлүүлэгдсэн бетон блокийн тоо, хэмжээ дутуу буюу худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулахыг шаардах эрхтэй байсан ба 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан хугацаанаас хойш даруй 1 жил 11 сарын дараа гомдлын шаардлага гаргажээ.
Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаа дуусгавар болоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Гомдлын шаардлага гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч Ж.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д ХХК-ийн хашаанд очиж үзсэн гэх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 1 жил өнгөрсний дараа очиж байсан, мөн Д ХХК руу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар албан бичгийг М ХХК-иас хүргүүлсэн хэмээн 1 дүгээр хавтасны 18 дугаар талд авагдсан баримтыг ирүүлэх боловч уг албан бичгийг хариуцагч хүлээн авсан эсэх нь хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй.
2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар талууд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хамгийн сүүлд и-мэйлээр харилцсан тухай баримт авагдсан ба уг баримтаар гомдлын шаардлага гаргах хугацааг тооцох үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК-нд холбогдох 22151 ширхэг бетон блокны үнэ 89.873.644 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК-нд холбогдох 22151 ширхэг бетон блокны үнэ 89.873.644 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоболгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА