| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00485/И |
| Дугаар | 130/ШШ2024/00756 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2024/00756
Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: А . Хаяг:Б аймаг, Ө сум, 11 дүгээр оршин суух,
Хариуцагч: Б аймаг дахь М сургууль Хаяг:Б аймаг, Ө сумын 11 дүгээр багт орших,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймаг дахь М сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 А би дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, М Дэд сургуулийг 2003 онд бакалаврын зэрэгтэй, багш мэргэжлээр төгссөн. 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Цагааннуур тосгоны ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд ороод 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.
1.2 Улмаар 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Б аймаг дахь М сургуульд Биеийн тамирын багшаар ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй тус сургуульд 18 дахь жилдээ ажиллаж байгаа ба мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад багш юм.
1.3. Гэтэл сургуулийн захиргаа удирдлага нь сүүлийн жилүүдэд ойр ойрхон солигдож, батлагдсан бүтэц орон тоог хэтрүүлж шинээр олон багш ажилтан нэмж авснаас болж удаан жил ажилласан тус сургуулийн багш нарыг хавчин гадуурхаж, тэдний цагийг нэгтгэх, хумих аргаар шахалтад оруулж, сүүлдээ орон тооны цомхтголд оруулж ирсэн. Манай сургуульд 2 хон биеийн тамирын багш байдаг бөгөөд холбогдох стандартыг сургуулиас мөрдөж ажиллах тохиолдолд хангалттай цаг хүрэлцэх ёстой байсан. Гэтэл сургууль нь стандартыг дагаж мөрдөхгүйгээр биеийн тамирын хичээлд 2 ангийг нэгтгэн оруулах замаар цагийг 2 дахин багасгаж багшийг цомхтголд оруулж байгаа нь хууль бус.
1.4 Биеийн тамирын багшийн орон тоо хасагдаагүй. Цаашид ч хасагдахгүй. Сургуулийн удирдпагын буруугаас болж намайг хууль бусаар цомхтгож байгаа.
1.5 Иймд Б аймаг дахь М сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээнд:
2.1 Нэхэмжлэгч А , хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р бид дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд эвлэрч харилцан тохиролцож байна.
2.2 Б аймаг дахь М сургуульд олон жил Биеийн тамирын багшаар ажилласан А ийг тус сургуульд мэргэжлийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцов.
2.3. Гомдол гаргагч А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцов.
2.4 Б аймаг дахь М сургуулийн захирал Н ий 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгохоор болсон.
2.5 Иймд бидний энэхүү эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймаг дахь М сургуульд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрч, хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Р нь нэхэмжлэгч А ийг тус сургуульд мэргэжлийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар, маргаан бүхий Б аймаг дахь М сургуулийн захирал Н ий 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгохоор, нэхэмжлэгч А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор нэхэмжлэхгүй байхаар болж талууд эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулж, шүүхэд ирүүлсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Зохигчдын эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймаг дахь М сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг талуудын байгуулсан эвлэрлийн гэрээндээ хариуцагчаас уг тушаалыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн байна.
Харин нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа боловч тэрээр хариуцагчтай эвлэрсэн гэрээндээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор нэхэмжлэхгүй байхаар сайн дураар илэрхийлж эвлэрсэн байх тул шүүхээс талуудын эвлэрлийг батлах нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тусбаримтлан хариуцагч Б аймаг дахь М сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 30,100 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б аймаг дахь М сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Р нь нэхэмжлэгч А ийг тус сургуульд мэргэжлийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар, Б аймаг дахь М сургуулийн захирал Н ий 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар А ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгохоор, нэхэмжлэгч А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор нэхэмжлэхгүй байхаар болж талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аймаг дахь М сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 30,100 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ