| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00597/И |
| Дугаар | 155/ШШ2024/00873 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00873
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00873 | ** 4 тоотод оршин суух, Боржигон Д.С , |
Хариуцагч: Х аймгийн М сумын 3 дугаар багт байрлах, Х аймгийн М сумын Хүүхдийн ** дүгээр цэцэрлэг,
Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн М сумын Хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,360,258 төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 1,037,328 төгрөгийг тус тус гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг Х аймгийн М сумын Х цэцэрлэгт даалгах тухай 155/2024/00597/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э ,
Хариуцагчийн төлөөлөгч:П.Н
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Миний бие Д.С нь Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн багшаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсан бөгөөд тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Би цэцэрлэгийн багшийн ажилдаа дуртай, цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүддээ хайртай, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын хариуцлага хүлээж байгаагүй, тэргүүлэх зэрэгтэй багш билээ.
2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би ангидаа ганцаараа ажиллаж байсан ба манай ангийн нэг хүүхэд хоол аягалах үеэр аяга таваг унагаачих гээд, савтай халуун бантан асгачих гээд гүйгээд байхаар нь коридорт гаргаж суулгачихаад хоолоо аягалж байх үед арга зүйч тухайн хүүхдийг дагуулж ирээд хоолыг нь идүүлээрэй гэсэн. Би тэр хүүхдийг өөрийнхөө дэргэд суулгаж байж хоолыг нь идүүлье гэж бодоод аягатай хоолыг нь ангид байдаг улаан ширээн дээр тавьсан. Тэр хүүхэд маань бантангаа бүрэн идээд, цуйвангаа ч бүрэн идсэн. Үдээс хойш нь миний бие жаахан өвдөөд байсан тул чөлөө авч эмнэлэгт үзүүлчихээд маргааш нь ажилдаа ирсэн. Тэр өдөр хүүхдийг коридорт суулгаж байсан тухай, мөн хоолыг нь бусад хүүхдүүдтэй хамт идүүлээгүй тусад нь суулгаж идүүлсэн гэж арга зүйч эрхлэгчид хэлсэн байсан.
Маргааш өдөр нь намайг ангид байхад эрхлэгч орж ирээд за нөгөө нэг хэрэг чинь нэлээн л юм болох нь дээ гэж хэлсэн. Эрхлэгч камерын бичлэг үзэж, мөн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдийн ээжид хэлснээр хүүхдийн ээж надад холбогдуулан гомдол гаргасан гэж би ойлгосон. Мөн хүүхдийн ээж 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гомдлоо буцаан авсан боловч, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Н эрхлэгч намайг ажлаас халсан.
Тушаал дээрээ намайг ...цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого зөрчиж, хүүхдийн эсрэг болон бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, үл хайхрах байдал гарган багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан тул... гэж бичсэн байсан ба миний хувьд урьд нь алдаа дутагдал гаргаж, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй. Мөн би тухайн өдөр хүүхдийг үл хайхарсандаа коридорт гаргаж суулгаагүй, хоол ундыг нь өгөхгүй байсан зүйл байхгүй. Хүүхэд маань тэр өдөр хоол ундаа маш сайн идсэн.
Тиймээс би намайг алжаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын арга хэмжээг шат дараалуулан авах ёстой байтал намайг шууд ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна.
Иймд Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.С намайг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Миний бие Д.С нь Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн багшаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болон ажлаас халагдсан бөгөөд тус тушаалыг эс зөвшөөрч Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Би 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд 6 дугаар сараас цэцэрлэгийн багш нар амарч эхэлдэг тул 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу нийт 41 ажлын өдөр ажил эрхлээгүй байна. Тиймээс энэ 41 хоногийн цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу дараах байдлаар тодорхойлж байна.
Би 2024 оны 1 дүгээр сард 2,761,364 төгрөг, 2 дугаар сард 2,567,457 төгрөг, 3 дугаар сард 3,169,157 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд нийт 8,497,978 төгрөгийн цалин хөлсийг ажлын 65 хоногт авсан байдаг. Үүнээс миний нэг өдөрт ногдох ажлын дундаж цалин хөлс 8,497,978:65=130,738 төгрөг болно. Үүнийг ажлын 41 хоногоор үржүүлэн тооцвол 5,360,258 төгрөг болж байгаа бөгөөд энэ олговрыг нөхөн гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.С намайг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 41 өдөр ажилгүй байсан хугацааны олговор 5,360,258 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Х аймгийн М сумын Х цэцэрлэгт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С нь 2014 оноос эхлээд Х аймгийн М сумын Х цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж эхэлсэн. Улмаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал байдаг. Ажил хөдөлмөр эрхэлнэ гэдэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрх байдаг. Тийм учраас хүний үндсэн эрхэд халдахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг зөв зохистой, заавал баримталсан байж ажлаас чөлөөлөх ёстой. Б/17 дугаар тушаалыг харахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг баримталсан ба уг заалт нь талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч хоёрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгох талаар ямар нэгэн тохиролцоо байдаггүй. Тушаалын бусад заалтууд болон нэг дэх хэсэгт бичсэнээс харах юм бол энэ тушаал бүхэлдээ ажил олгогчийн буюу цэцэрлэгийн эрхлэгчийн санаачилгаар гарсан тушаал гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл харилцан тохиролцоогүй Д.С багшийн зүгээс ажлаасаа чөлөөлөгдөх ямар нэгэн санаа зорилго байхгүй байхад нэг талыг барьж тушаал гаргачхаад үүнийгээ харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх гэснийг зөрчсөн гэж баримталсан байгаа боловч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйл нь дангаараа иргэний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болж чадахгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар тус хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авах үндэслэл болдог. Харин 7 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл байдаггүй юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг барьснаараа нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 4.2.2, 4.2.5, 4.4.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байсан. Энэ нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм, дүрмийн заалт байсан. Энэ дүрэм дээрээ мөн зөрчсөн тохиолдолд багшийг ажлаас чөлөөлнө гэдэг юм уу, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт байдаггүй. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 7.3.1, 7.3.5, 7.3.7-д заасныг мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зэргийг бол баримталсан. Гэвч эдгээр дүрэм журмууд нь дангаараа хүний хөдөлмөрлөх үндсэн эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг агуулж чаддаггүй юм. Энэ тушаал нь ямар үндэслэлээр, яагаад хүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгож байгаа нь ийм тодорхойгүй байдаг. Энэ бүхнээс нэгтгээд харахаар Д.С багшийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж харахаар байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан байдаг. Үндэслэлгүйгээр энэ тушаалыг гаргасан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Түүнчлэн тушаалын тушаах нь хэсгийн нэгд цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг зөрчиж хүүхдийн эсрэг болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж үл хайхрах байдал гаргасан гэж бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хүүхдийг хүчирхийлж, үл хайхарч байгаагүй. Тухайн хүүхдийг хүчирхийлсэн гэх баримт нь хангалттай нотлогдон тогтоогддоггүй юм. Багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан гэсэн боловч хэзээ, хэрхэн ямар алдаа гаргасан талаар ямар нэгэн баримт байдаггүй. Д.С багшийн хувьд ч гэсэн 2014 оноос хойш тус цэцэрлэгт ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргаад хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авагдаад явсан зүйл байдаггүй. Тийм байхад багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан гэж үндэслэлгүйгээр тушаалдаа бичсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг авч үзэх юм бол Б/17 дугаар тушаал нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй тушаал байгаа. Тиймээс нэхэмжлэгч Д.С г цэцэрлэгийн бүлгийн багш ажлаас чөлөөлсөн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргаж байгаа. Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 41 хоног ажилгүй байсан гэж хугацаагаа тодорхойлсон байгаа. Яагаад ингэж тодорхойлсон байдаг вэ гэхээр 6 дугаар сараас цэцэрлэгийн багш нарын амралт эхэлчихдэг учраас үүнийг ажилласан хоногтоо оруулахгүй, дараах хоногуудыг амралтын хоногтоо оруулж тооцсон. Нийгмийн даатгалын дэвтэр болон цалингийн цэс зэргээсээ сүүлийн 3 сарынх нь цалинг тооцоод үзэхээр 2024 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн нийлбэр 8,497,978 төгрөг болсон. Энэ мөнгө нь нийт 65 өдрийн цалин байсан. Үүнийг 65 хоногтоо хуваахаар нэг өдөрт ногдох цалин нь 130,738 төгрөг болсон. Үүнийгээ ажилгүй байсан 41 хоногоор үржүүлээд 5,360,258 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гэж тооцоолж нэхэмжилж байгаа. Ээлжийн амралтын зөрүүг бодохдоо цэцэрлэгийн багш нар 2024 онд 48 хоногоор ээлжийн амралтад тооцогдож байгаа. Д.С багшид ногдох ээлжийн амралтыг нь бодож олгохдоо 40 өдрөөр олгосон. Ажил хөдөлмөрөө эрхэлж байсан бол 8 өдрийн амралтын мөнгийг нэмж авах байж гэдгийг нь бас тооцоолж үзээд 1,037,328 төгрөгийг ээлжийн амралтын олговрын зөрүүнд гаргуулахаар тооцоолсон байгаа юм. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5,360,258 төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 1,037,328 төгрөгийг гаргуулах. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Х аймгийн М сумын Х цэцэрлэгт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
2.Хариуцагч Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгч П.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багш Д.С г ажлаас чөлөөлсөн 2024 оны Б/17 тоот тушаалаа би үндэслэлтэй гэж үзэж байна. Д.С гийн ажилдаа эгүүлэн тогтоолгох болон цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1 дэх заалтыг баримталсан үндэслэлээ тайлбарлахыг хүсэж байна. Д.С нь өөрийн хүсэлтээрээ алдаа дутагдлаа ухамсарлан ажлаа өгье гэсэн. Бид хоёрын ярьсан яриаг бичсэн бичлэг байдаг. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би Д.С багштай уулзаж өөрийнх нь гаргасан алдаа дутагдлын талаар ярилцсан. Д.С багш би үнэндээ багш хүнд байж болохгүй, тэр байтугай эх хүнд баймааргүй ийм зан авир, алдаа дутагдал их гаргасан байна. Хүүхэдтэй буруу харьцсан байна. Багшийн алдаа дутагдлыг болон ёс зүйн алдаа дутагдлыг гаргалаа. Тийм учраас алдаа дутагдлаа өөрийн биеэр ухамсарлан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье. Та намайг 3 жилийн тэтгэмжээ автал чөлөөлөхгүй байж өгөөрэй гэсэн хүсэлтүүдийг тавьж хоорондоо бид хоёр ярилцсан. Гар утсан дээрээ дахин ярилцсан бичлэгээ би баримт болгож хадгалсан байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-дэх заалтыг тушаалдаа баримталсан. Д.С г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хөдөлмөрийн харилцааны асуудал мөн үү, мөн гэхдээ хөдөлмөрийн харилцаа нь багшийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хууль, эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг, багшийн ёс зүй, хүүхэд хамгааллын асуудал, хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлууд дээр алдаа дутагдал гаргасан учраас энэ шийдвэрийг гаргах болсон үндэслэл гэж би үзэж байна. Хамгийн гол нь энэ хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал дээр багш алдаа дутагдал гаргаж ажлаас чөлөөлөгдөх үндэслэл нь бүрдсэн учраас миний гаргасан шийдвэр зөв зүйтэй. Хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийг эрсдэлээс гаргаж, хүүхдийн амар амгалан, чөлөөтэй, байх асуудлыг манай байгууллага удирдлага, багш ажилтан бид бүгд хамгаалж гол ажлаа болгож ажилладаг. Алдаа дутагдал гарсан мөн хөдөлмөрийн гэрээнд заасан зүйл заалтууд зөрчигдсөн, багшийн ёс зүйн алдаа дутагдлууд гарсан учраас энэ шийдвэрийг гаргасан. Энэ нь үндэслэлтэй гэж би үзэж байна. Уг багш нь хүүхэдтэй маш хэрцгий хандсан байгаа. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ц.А гэх хүүхдийг коридорт гаргаад зайл чи, хулгайч минь гэж загналаа гэсэн чат над дээр ирсэн. Чат явуулсан манай ажилтны албан өрөө нь яг тухайн ангийн хажуу талд байдаг. Үүнтэй холбоотойгоор хянаж, багштай уулзахад бүх асуудал намдчихсан. Энэ хүүхэд маань ангийн тоглоом хулгай хийгээд гээд мөн ээжийнх нь, ар гэрийнх нь амьдралын талаар сөрөг зүйлийг надад тайлбарласан. Тэгээд би багшийг та тайван бай, зүрхээ амар амгалан байлга, битгий хүүхэдтэй зүй бусаар харьцаад бай гэхэд тухайн өдөр ачаалал ихтэй байсан учраас гэж хэлээд гарсан байгаа. Тэр өдөр 2 удаа тэр багшийн ангийг эргэж хянасан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай арга зүйчээс Д.С багштай холбоотой хүүхдийн эрхэнд халдсан асуудал үүсгэсэн тухай надад мэдээлэл ирсэн. Үүнтэй холбоотойгоор би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цэцэрлэгийн камерын бичлэгийг оройн цагаар шүүж үзсэн. Ц.А гэх хүүхдийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нуруу руу нь цохисон, зүгээр байхад нь ангиас чирч, түлхэж гаргасан, коридорт уйлуулж мөн укаск буюу заагуур модоороо хүүхэд рүү далайж айлгасан, шкафт байгаа хувцсыг хүүхдийн энгэр лүү гаргаж шидсэн, хүүхэд рүү дахин дахин далайсан нүүрний хувирал нь хүүхдийг загнасан ууртай дүр төрхтэй бичлэг харагдсан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийг шалгахад Ц.А гэх хүүхдийг зүгээр байж байхад нь татаж өөр тийш нь татаж суулгах мөн зүгээр байж байхад нь ангиас чирч гаргаад эсрэг талын ангийн ОО-ын өрөө рүү оруулж орхисон. Мөн үл хайхран 30-аас 40 орчим минутаар коридорт суулгасан. Хоолоо идэх цаг хугацаанд нь хоолыг нь идүүлээгүй. Гараа угаах цаг хугацаанд нь гарыг нь угаалгаагүй, найз нөхөдтэйгээ тоглох, чөлөөтэй байх хугацаанд нь ганцааранг нь байлгасан. Ганцааранг нь байлгаж байх хугацаанд цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн ахлагч, арга зүйч Н.А хүүхдийг харж ангид нь оруулж хоолны ширээнд нь хоолных нь ард нь суулгаад гарсных нь дараа мөн багш хоолыг нь булаан авч өөр ширээнд тавьсан. Мөн хүүхдийг хоолны ширээнд нь ч суулгахгүй хоолны ширээнээс өөр газар ганцааранг нь суулгаж хоолыг нь өгөхгүй шийтгэж, бусад хүүхдүүдийг хооллосон ийм байдалтай байхад нь арга зүйч ирж зохих ёсны шаардлага тавихад урдаас нь эсэргүүцээд хүүхдийн идэх ёстой 2 дугаар хоолыг төмпөнтэй нь ангид цацаж гарсан зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг. Мөн 2023 оны 01 дүгээр сард Ц.А гэх хүүхдийн ээж нь миний нэр дээр 4 хуудас гомдол бичиж орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн өдрийн дэглэмийн уян хатан байдлыг үл харгалзан хүүхдийг өвлийн улиралд цэцэрлэгт нь ямар нэгэн шалтгаангүйгээр авахгүй гэх шаардлагыг тавьж буцааж хүүхэд өмдөндөө шээсэн, даарсан. Мөн ээж аав нь ажилтайн улмаас 6 настай ахтайгаа өвлийн хүйтэнд гэртээ эрсдэлтэй нөхцөл байдалд өдрийг өнгөрөөсөн. Ийм гомдол ирсэн байдаг. Энэ бүхэнтэй холбоотойгоор багш хүүхэдтэй хэрцгий хандсан, ёс зүйн алдаа дутагдлыг удаа дараа давтамжтай гаргасан. Хүүхэд хамгааллын асуудлаар хүүхдийн эрх зөрчсөн, хүүхдийг цохиж зодсон, айлгасан, дарамталсан, шийтгэсэн сэтгэл зүйн айдас, дарамт, сэтгэл санааны шаналгаа үүсгэсэн, бие махбодод нь халдсан үйлдлүүдийг гаргасан байдаг. Энэ үйлдлүүдээс үүдэлтэйгээр багшийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал үүсэж байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан байгаа. Өөртэй нь тохиролцоогүй байгаа гэсэн зүйл яригдаж байна. Энэ дээр тайлбар хийхэд тохиролцсон байгаа, тохиролцсон гэдгээ би одоо нотлох баримтаар харуулж өгөөч гээд хүсэлтээ өгсөн байгаа. Төрийн албаны тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль бусад тушаалын заалт дээр заагдсан хуулийн зүйл заалтууд нь ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр тодорхой байгаа. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд яах вэ, энэ хуулийг зөрчсөн тохиолдолд яах вэ гэсэн зүйл заалтууд нь хуулийн хамгийн доод хэсэгт байдаг учраас тэр хэсгийг баримталж энэ зүйл заалтуудыг тавьж өгсөн байгаа. Сэтгэл зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Би өөрөө багш мэргэжлийн хүн. Тухайн хүүхэд маш их айдастай, тогтворгүй, хүний хэлсэн үгийг ойлгоод гүйцэтгэх чадваргүй гэх мэт байдалтай байсан учраас энэ хүүхэд сэтгэл зүйн шаналгаа зовуурь дарамттай байна гэсэн учраас би энэ зүйлийг тавьж байгаа. Д.С гийн гаргасан нэхэмжлэл мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өөрийнхөө гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.
3.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс Д.С гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Х аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/311 дугаартай албан бичиг, Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар хуулбар, Х аймгийн М сумын Т IX цэцэрлэгийн багш Д.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Саранутуяагийн 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар дуусталх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Д.С гаас Б.Э д олгосон 0256 дугаартай итгэмжлэл, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, Д.С гийн 4,5 дугаар сарын цалингийн задаргаа, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Цалингийн картууд, Д.С гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Д.С гийн 2014-2024 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Д.С гаас Б.Э д олгосон 0334 дугаартай итгэмжлэл (хавтаст хэргийн 3-18, 66-73, 125-127, 200 дугаар тал),
3.2 Хариуцагч талаас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр болон 2024 оны 7 дугаар сарын 23-ны ирүүлсэн хариу тайлбар, өмгөөлөгч Б.Г ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт, гар утасны бичлэг хуулбарласан гэх 3 ширхэг CD, Т 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гомдол гаргах нь гэсэн бичилт бүхий баримтуудыг (хавтаст хэргийн 27-29, 64, 111, 203-206 дугаар тал) тус тус шүүхэд ирүүлжээ.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Ө , Н.Б , Ж.Б , Ц.С , Э.Б , О.С нараас гэрчийн мэдүүлэг авч,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.П , хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Э.П , Х.А нараас гэрчийн мэдүүлэг авч, Х аймгийн Цагдаагийн газраас Д.С тай холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоолыг нотлох баримтаар гаргуулсан ба шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч П.Н гийн эзэмшлийн Honor маркын гар утсанд үзлэг хийж баримт (хх-ийн 35-59, 109-110, 185-195, дугаар тал) бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч Д.С нь Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,360,258 төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 1,037,328 төгрөгийг тус тус гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг Х аймгийн М сумын Х цэцэрлэгт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
6.Хариуцагч Х аймгийн М сумын Х цэцэрлэг нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил буюу цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг зөрчиж, хүүхдийн эсрэг болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, үл хайхрах байдал гарган багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
7.Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сараас Х аймгийн М сумын Х цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтаар тус тус нотлогдож, зохигч маргаагүй. (хавтаст хэргийн 6, дугаар хуудас)
7.2 Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багш Д.С г 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж дуусгавар болгосон байна. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
7.3 Ажилтан нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар Х аймгийн М сумын Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан боловч дээрх хороо хуралдах боломжгүй байгаа талаар хариу албан бичгийг Д.С д хүргүүлснээр тэрээр 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан. (хх-ийн 5 дугаар хуудас)
7.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ...158.2.2 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцжээ.
8.Шүүх талуудын мэтгэлцэж буй нэхэмжлэгч Д.С нь ноцтой зөрчил гаргасан эсэх, сахилгын зөрчлийг давтан гаргасан үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгах нь зүйтэй.
8.1 Хариуцагч нь нэхэмжлэгч Д.С г 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, БШУ-ны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 4.2.4, 4.2.5, 4.4.10 дах заалт, БШУ-ны сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/269 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7.3.1, 7.3.5, 7.3.7, Байгууллагын дотоод хэм хэмжээний 5 дугаар зүйлийн 5.28.1, 15 дугаар зүйлийн 15.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.1,14, 16.1.30 дахь заалтыг тус тус үндэслэн бүлгийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
8.2 Ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой атал уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна.
Үүнд: Хариуцагч Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан талууд харилцан тохиролцож ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй.
Хариуцагч нь ...Д.С багш би үнэндээ багш хүнд байж болохгүй, тэр байтугай эх хүнд баймааргүй ийм зан авир, алдаа дутагдал их гаргасан байна. Хүүхэдтэй буруу харьцсан байна. Багшийн алдаа дутагдлыг болон ёс зүйн алдаа дутагдлыг гаргалаа. Тийм учраас алдаа дутагдлаа өөрийн биеэр ухамсарлан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье. Та намайг 3 жилийн тэтгэмжээ автал чөлөөлөхгүй байж өгөөрэй гэсэн хүсэлтүүдийг тавьж хоорондоо бид хоёр ярилцсан. Гар утсан дээрээ дахин ярилцсан бичлэгээ би баримт болгож хадгалсан байдаг... гэж тайлбар гарган өөрийн эзэмшдэг гар утасны дуу-дүрсний бичлэгт үзлэгийн үйл ажиллагааг хийлгүүлсэн ба дээрх баримтыг хариуцагч нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, нотлох баримтын ач холбогдол нь хүний эрх болон хянан шийдвэрлэх ажиллагааны шударга, эрх тэгш байдлаас давсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх энэхүү баримтыг үнэлэх боломжгүй.
Мөн хариуцагч тал нэхэмжлэгч Д.С г хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан, тушаалыг төлөвлөж гаргахдаа техникийн алдаа гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зүйл заалтыг орхигдуулсан гэж тайлбарлан маргасан.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан буюу нэхэмжлэгч гаргасан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
8.3 Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг зөрчиж, хүүхдийн эсрэг болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, үл хайхрах байдал гарган багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
8.4 Шүүх нэхэмжлэгч Д.С гийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үйлдэл нь Х цэцэрлэгийн доторх камерийн бичлэгт хадгалагдсан дүрс бичлэгийг гар утсаар бичиж хуулбарлаж авсан гэх бичлэгт хариуцагч талын хүсэлтээр үзлэгийн үйл ажиллагааг хийсэн бөгөөд энэхүү мэдээлэл бүхий нотлох баримт нь дамжмал буюу мэдээллийн эх сурвалжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй.
Тодруулбал хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл бүхий дүрс бичлэгт бус дамжуулан, хууль бус арга хэрэгслээр хариуцагчийн төлөөлөгч өөрийн гар утсанд буулгасан дүрс бичлэгт үзлэгийн үйл ажиллагаа хийлгэснийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно.
8.5 Мөн шүүх хариуцагч талын хүсэлтээр хүчирхийлэлд өртсөн гэх хүү Н.А ээж Э.П , Х цэцэрлэгийн арга зүйч Х.А нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчүүдийн мэдүүлэг хэргийн бодит нөхцөл байдлаас зөрүүтэй. Тухайлбал:
Гэрч Х.А ийн ...2024 оны 3 дугааар сарын 27-ны өдөр 12 цагийн орчидм ажил үүргээ гүйцэтгэж яваад ариун цэврийн өрөөр рүү орж явах замдаа А гэх хүүхэдтэй тааралдсан. Тухайн хүүхэд нь ганцаараа доошоо харсан байдалтай зогсож байсан. Тэгээд яагаад ганцаараа зогсож байгаа талаар асуухад дуугараагүй учир гараас нь хөтөлж яваад анги руу нь оруулсан. Тэр үед ангийнх нь хүүхдүүд хоолоо бүрэн идэж дууссан байсан. Тэгээд би ажил үүргийнхээ дагуу бүх хүүхэд хоолоо идсэн байх ёстой шаардлагын дагуу ангийн багшаас нь яагаад хоолоо идээгүй талаар тодруулан шаардлага тавиад буцаад гарсан. ...Би хэсэг хугацааны дараа тухайн хүүхдийн хооллосон болов уу гээд буцаад ороход тухайн хүүхдийг хооллоогүй байсан. Тэгээд хүүхдүүд адил тэгш байх ёстой гэдэг үүднээс хооллох ёстой гэдэг талаар шаардлага тавьсан. ... гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 190-195 дугаар хуудас)
Гэрч Э.П гийн ...2024 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрийн үед хүүхдээ хүчирхийлэлд өртсөн талаар би мэдсэн. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд надад камерийн бичлэгийг харуулсан. Цэцэрлэгийн камерийн бичлэгт 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдийн зарим бичлэгүүд байсан. Тэр бичлэгт манай хүү Ц.А ыг Д.С багш ангиас нь гаргаж коридорт суулгаад араас нь ууттай хувцсыг нь шидсэний улмаас хүүхэд хэсэг хугацаанд коридорт байж байгаа, туслах багш, Д.С багш хоёр хүүхдийн маань гар болон биеийн зарим хэсэгт урт цагаан зүйлээр цохиж байгаа,бас нэг бичлэгт манай хүү аягаа хурааж байсан чинь Сараа багш чирч авч гараад эсрэг талын ангийн ариун цэврийн өрөө лүү хийгээд орхиод гарч явсан ба хэсэг хугацааны дараа манай хүү ганцаараа гарч ирээд анги руугаа орохгүй коридорт байгаад байсан. Тэгээд арга зүйч багш нь дагуулаад манай хүүг анги руу нь оруулж өгөх үеэр хоолны цаг болоод хүүхдүүд хуваагдаад ширээнд сууж байсан ба манай хүүг тусад нь ширээгүй сандал дээр тусгаарлаад суулгаж байсан. Багш нь өөрөө хоолоо идээд, хүүхдүүд бас хоолоо идээд байхад манай хүүхдэд хоол өгөхгүй л суулгаад байсан. Арга зүйч орж ирээд хоолыг нь өгөөч гээд байх шиг байсан. 2-3 удаа орж ирсэн, тэгэхэд хоолыг нь өгөхгүй л байсан. Багш нар хоолоо өөрсдөө аягалж өгдөг юм шиг байсан. Аягалж байсан хоолоо Д.С багш газар луу шидээд гарч байгаа нь бичлэгт байсан. Арга зүйч орж ирээд манай хүүг хоолны ширээнд суулгахад Д.С багш тэр хоолыг нь урд талаас нь авч хураагаад буцаагаад сандал дээр нь суулгаж байсан бичлэгүүдийг хараад хүүхдээ хүчирхийлэлд өртсөн талаар мэдсэн. ... гэх мэдүүлгийг өгсөн.
Дээрх мэдүүлгийг шүүх дараах үндэслэлээр үнэлэх боломжгүй байна. Үүнд: Гэрч Э.П гийн мэдүүлгийн эх сурвалж болох Х цэцэрлэгийн камерт бичигдсэн дүрс бүхий бичлэгийг гар утасны бичлэгт буулгасан дүрс бүхий бичлэгийг шүүх үнэлээгүй, түүнчлэн гэрч Х.А ийн өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч Д.С г сахилгын ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна.
8.6 Хариуцагч нь нэхэмжлэгч Д.С г ажлаас чөлөөлсөн тушаалдаа байгууллагын дотоод хэм, хэмжээний 5 дугаар зүйлийн 5.28.1, 15 дугаар зүйлийн 15.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.1.14, 16.1.30 дахь заалтыг тус тус үндэслэлээ болгосон байх боловч уг байгууллагын дотоод журмыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг ба ажил олгогчийн дээрх тушаалд ажилтан Д.С нь хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн болохыг тусгаагүй байна.
8.7 Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Д.С г ажлаас чөлөөлөх тухай тушаалд Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, БШУ-ны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 4.2.4, 4.2.5, 4.4.10 дах заалт, БШУ-ны сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/269 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7.3.1, 7.3.5, 7.3.7 заалтыг тус тус баримталжээ.
Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд боловсролын сургалтын байгууллагын удирдлага, түүний үүрэг гэж хуульчилсан ба хуулийн 33.3.2-т Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж чөлөөлөхийг,
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг хуульчилсан бөгөөд 7.1.7-д албан үүргээ гүйцэтггэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байхыг
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 4.2.4, 4.2.5, 4.4.10 дах заалт, БШУ-ны сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/269 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7.3.1, 7.3.5, 7.3.7 заалтууд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн заалтууд байх ба эдгээр хуулийн заалтууд дангаараа иргэний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.
Ажил олгогч гаргасан шийдвэрийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.С г урьд эрхэлж байсан Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй нь гэж дүгнэлээ.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
9.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцоход тэрээр 2024 оны 01 дүгээр сард 2,761,364 төгрөг, 02 дугаар сард 2,567,457 төгрөг, 3 дугаар сард 3,169,157 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд дундаж цалин (2,761,364+2,567,457+3,169,157=8,497,978) 8,497,978 төгрөг, сарын цалин 2,832,659 төгрөг, нэг өдрийн цалин 131,750 төгрөг байна.
9.2 Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг гэж тодорхойлсон, энэ хугацааны нөхөн олговрыг тооцоход 2024 оны 4 дүгээр сард ажлын 18 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, нийт 41 хоног буюу 131,750х41=5,401,750 төгрөг болж байх ба нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд нэхэмжлэлийн уг шаардлагаа тодруулан тооцоолж тайлбарласан тайлбарт үндэслэн 5,360,258 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
9.3Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... намайг ажлаас гарсны дараа ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг 40 хоногоор тооцож, гар дээр 3,875,160 төгрөгийг олгосон. Хэрэв би ажлаа эрхэлж байсан бол 48 хоногоор ээлжийн амралтын мөнгө авах байсан. Миний ээлжийн амралтыг тооцоход өдрийн дундаж цалинг 129,666 төгрөгөөр тооцсон байх ба үүнийг 8 хоногоор үржүүлбэл 1,037,328 төгрөг болж байна гэсэн үндэслэлээр 1,037,328 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... цэцэрлэгийн багш нар 48 хоног амардаг. Нэхэмжлэгч нь 4,5 дугаар саруудад ажиллаагүй учраас ээлжин амралтыг 40 хоногоор тооцож мөнгийг олгосон. Нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр-ийг эх хувиар ирүүлсэн (хх-ийн 114 дүгээр хуудас) бөгөөд үүнээс үзвэл нэхэмжлэгчид өдрийн дундаж цалинг 129,666 төгрөгөөр тооцож, амралтын 40 хоногоор амралтын мөнгийг олгосон нь нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч үндэслэлгүйгээр цуцалсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд ажил олгогчийн буруугаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигджээ.
Тодруулбал, хөдөлмөрийн эрхийн маргааны онцлог нь ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үеэс түүнд учирсан хохирлыг арилгах эрх зүйн үндэслэлтэй байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж хуульчилжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажил олгогчийн буруугаас дуусгавар болсон тул нэхэмжлэгчид ээлжийн амралтын цалингийн зөрүүг гаргаж олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 6-7, 20-23, 52-55 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасныг зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С г Х аймгийн М сумын Х цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, тус цэцэрлэгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,229,520 төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 1,370,328 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С гийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Х аймгийн М сумын Х цэцэрлэгт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН