Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 188

 

      2017 оны  12  сарын 15 өдөр    2017/ШЦТ/188                                       Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0182/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                        А.Уламбаяр

Улсын яллагч                                                       Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                Х.Баатарбилэг, П.Амаржаргал

Шүүгдэгч                                                Б.Х, Г.Ө нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х, Ө нарт холбогдох 1739001880068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурч, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод оршин суух, урьд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн Х

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38-23 тоотод оршин суух, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн Ө

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Б, Ө нар нь хамтран 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Элит мандал төвийн баруун талд тоёота марк-2 маркийн 53-06 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлж 896.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүгдэгч Х, Ө нар нь хамтран 2017 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Элит мандал төвийн баруун талд тоёота марк-2 маркийн 53-06 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж 896.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

        Хохирогч Б.У-ын: 2017 оны 10 дугаар сарын 18-ны 02 цаг 30 минутад Элит мандал зоогийн газрын баруун талд Тоёота Марк-2 маркийн 53-06 СҮЭ улсын дугаартай автомашин дээрээ очиж машинаа асаагаад хөдөлгөөд тус зоогийн газрын гадна тавьсан. ... машинаа нормалдаж орхиж тус зоогийн газарт орж цай уусан. Миний бие цай ууж дуусаад 3 цагт гарч ирэхэд миний автомашин байхгүй болсон байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12хуу/

 

      2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт:

      Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх мөр нь Б.Хүлгэний баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна гэх дүгнэлт. /хх-ийн 19-21хуу/

 

      Автомашины үнэлгээ. /хх-ийн 29хуу/

 

      Автамашинд учирсан шууд бус хохирлын үнэлгээ. /хх-ийн 27хуу/

 

      Шүүгдэгч Г.Ө-н: ... Хүлгэн бид хоёр Элит мандал зоогийн газарт буугаад дотогшоо орж хот явах уу гэж асуугаад явж байхад Хүлгэн надаас түрүүлээд гадагшаа гарсан. Би араас нь гарахад Х  нэг асаалттай машины хажууд зогсож байсан бөгөөд наашаа суучих гэхээр нь би машинаа олсон юм байх гэж бодоод машины арын суудалд суухад Х жолоон дээр суугаад машин бариад хөдлөхдөө замын эсрэг талын боржур мөргөсөн. Тэгээд цаашаа энэ машинаар Цэнхэр яваад ирье гэхээр нь би юм дуугараагүй машинд суусан чигээрээ хамт явсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45хуу/

   

      Шүүгдэгч Б.Х-н:  ... Элит мандалын үүдэнд асаалттай машиныг Өлзийсайхан заагаад энэ миний танил ахын машин би сая хэлчихлээ гээд үүнийг аваад Цэнхэрмандал яваад ирье чи машин барьчих би сая машинаа журамлуулчихсан гэхээр нь би машин бариад хотын зам руу яваад Чингис хаалга өнгөрөөд Өлзийсайханаар машин бариулсан. Тэгээд унтаж явж байгаад нэг сэрсэн чинь Өлзийсайхан машин явахгүй байна, бензингүй болчих шиг боллоо гээд зогсож байсан. ... Ингээд бид хоёр машинаа замын хажууд орхиод замын унаагаар Хэнтий аймагтаа буцаж ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51хуу/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

       Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

 

        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.У 354.800 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Өлзийсайхан нь шүүх  хурлаас өмнө 177.000 төгрөгийг төлсөн болох нь хавтас хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч нараас тус бүр 177.400 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд үүнээс Г.Өлзийсайханы төлсөн 177.000 төгрөгийг хасаж үлдэх 400 төгрөг, Б.Х-с 177.400 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Ууганбаатарт олгох  нь зүйтэй байна.

 

       Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдэнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг нь харгалзан үзэж ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

        Шүүгдэгч нар нь урьд гэмт хэрэг үйлдэж улмаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Хүлгэн 3 жилийн хорих ял, Г.Өлзийсайхан 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж уг ялыг тус бүр 02 жилийн хугацаагаар тэнссэн байна.

 

      Иймд шүүгдэгч нарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

      

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ НЬ:

  
           1. Шүүгдэгч Х, Ө нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Ө нарт тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож 31 хоног хорих ял, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн Х-н эдлэх хорих ялын хэмжээг 03 /гурав/ жил 01 /нэг/ сар хорих ял, Ө-г эдлэх ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Ө нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Энэ өдрөөс эхлэн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Х-с 177.400 /нэг зуун далан долоон мянга дөрвөн  зуу/ төгрөг, Ө-с 400 /дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Ууганбаатарт олгосугай.

 

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

        8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА