Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/848

 

 

 

 

 

 

  2022            08             25                                          2022/ДШМ/848                        

 

Э.М-, Н.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, З.Хүрэлсүх,

шүүгдэгч Э.М-,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22ы өдрийн 2022/ШЦТ/511 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.М-, Н.А- нарт холбогдох эрүүгийн 2202000340090 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. М-,

2. А-,

Э.М-, Н.А- нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-15 шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota аqua” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 14,2806 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: Э.М-, Х.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.А-, Э.М- нарыг хамтран оролцох хэлбэрээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа: АN6610558 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ8495209 серийн дугаартай хуйлсан, ирмэг хэсэг нь түлэгдэж шарласан 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ84952** серийн дугаартай 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, №1 гэж дугаарласан 4 тусдаа гялгар ууттай өвс мэт зүйл /1 дугаартай уутанд 1,2267 грамм, 2 дугаартай уутанд 8,0634 грамм, 3 дугаартай уутанд 0,1966 грамм, 4 дугаартай уутанд 4,7939 грамм, нийт 14,2806 грамм/, №2 гэж дугаарласан 10 мл-н 2 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон тариур, №3 гэж дугаарласан 10 мл-н 2 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон тариур, улбар шар, шаргал өнгийн эмийн хоосон 1 ширхэг капсул, №4 гэж дугаарласан улбар шар, шаргал өнгийн эмийн хоосон 1 ширхэг капсул, дөрвөлжилж эвхсэн тугалган цаас 1 ширхэг, шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуур 1 ширхэг, шавар мэт зүйлээр бохирлогдсон боронзон өнгийн асаагуур 1 ширхэг, №5 гэж дугаарласан “Тебантин 300 мг” гэсэн бичиглэлтэй улбар шар, шаргал өнгийн капсултай эм мэт зүйл 1 таблет /бүтэн/, гадар хэсэг нь бохирлогдсон ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон үрчийлгэсэн тугалган цаас 1 ширхэг, №6 гэж дугаарласан Коасt 625 гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, Коасt 625 гэсэн саарал өнгийн таблеттай эм мэт зүйл /1 ширхэг нь хоосон/, Vitamix гэсэн бичиглэл бүхий 2 таблет эм мэт зүйл /1 таблетаас нь 2 ширхэг, нөгөөхөөс нь 1 ширхэг нь хоосон/, шар өнгийн үрлэн эм мэт зүйл /9 ширхэг/ зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-гийн асаргаанд байх эх Е.Гантулгад хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Н.А-д оногдуулсан ял тохироогүй гэж үзэж байна. Тэрээр байгальд ургадаг өвсийг хэсэгхэн хугацаанд хадгалсан. Монголчууд бидний хогийн олс гэж нэрлэдэг өвс нь химийн аргаар боловсруулсан герион, кокайн, мөс, LCD, экстаси гэх мэт хар тамхинуудаас хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж, олон эмийн найрлагад оруулж, тэдгээр эмүүдээр эмчилгээ хийж байна. Манай улсын эмнэлгийн байгууллагад эмчилгээнд хэрэглэж байгаа тайвшруулах үйлчилгээтэй олон эмийн найрлагад дельта-9 тетрагидроканнабинол орсон байдаг. Хогийн олс гэх ургамлыг АНУ-ын 33 муж, Канад, Герман, Нидерланд, Португаль, Сингапур, Аргентин, Норвеги, Швейцарь, Израйль, Гүрж, өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг олон оронд зөвшөөрдөг. Байгальд ургадаг өвс болон синтетик химийн аргаар боловсруулан гаргаж авсан сэтгэцэд нөлөөт бодисуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял оногдуулаагүйд гомдолтой байна.

Шүүгдэгч Н.А-г нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж болохоор байгаа. Шүүгдэгчид ашигтай, хүмүүжлийн шинж чанартай, үр өгөөжтэй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг бүрэн хангасаар байтал шүүх хэрэглэлгүй, гагцхүү хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Н.А- нь энэ ургамлаас хамааралгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа.

Шүүх хэт яллах талыг барьж эрүүгийн хариуцлага оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ” гэж заасан. Н.А- нь өндөр настай эмээ болон түүний асрамжид байдаг сэтгэцийн эмгэг өвчтэй төрсөн эх Е.Гантулга, оюутан дүүгийн хамт амьдардаг. Олон сая төгрөгийн зээл авч энэ гэр бүлийг санхүүгийн хувьд авч явдаг ганц хүн нь Н.А- юм. Хэрвээ А- нь 2 жилээр хорих байгууллагад ял эдлэхээр болвол энэ гэр бүлийн гишүүдийн амьдрал хувь заяа маш хүнд байдалд орох нь гарцаагүй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Н.А- нь амьдралд дөнгөж хөл тавьж байгаа сэхээтэн залуу эмэгтэй бөгөөд ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй. Саваагүй сониуч зангаасаа болоод анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ илэрхийлсээр байна. Н.А-г зан үйлээ засах сургалтанд хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож түүнд шүүхээс нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм.

Хорих байгууллагад хорих ял эдэлснээр нийгэмшиж сайн хүн болж төлөвшиж гарч ирэх нь одоогоор маш бага хувьтай байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршиг, хэр хэмжээг бага гэж үзээд гэмт хэргийн хөнгөн ангилалд хамруулжээ. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, эмнэлгийн дараах эмчилгээ хийх, нийгмийн амьдралд эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, Н.А-гийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхээс түүнд нэг удаа боломж олгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Ээж маань намайг төрүүлснийхээ дараа гам бариагүйгээс болж сэтгэцийн эмгэгтэй болсон. Өвчин нь жил бүр хөдөлдөг бөгөөд байнгын асаргаа шаардлагатай. Эмээ маань 80 настай, харааны бэрхшээлтэй, хөл муутай, дүү охин маань 13 настай ганцаараа ээжийг асарч чадахгүй. Өдий насны эмэгтэй хүн байж ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаашид дахин энэ төрлийн бодис хэрэглэхгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад хорихоос бусад төрлийн ял шийтгэж, нэг удаа боломж олгоно уу” гэв.

Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгч Н.А-гийн хүсэлтээр давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг хуульчлан тогтоосон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Миний үйлчлүүлэгчийн ард үлдэж байгаа гэр бүлийг онцгой авч үзэх ёстой. Шүүгдэгчийн эх Е.Гантулга нь гэмтлийн гаралтай, бие махбодийн шалтгаант F06 гэх сэтгэцийн эмгэгтэй бөгөөд байнгын хяналт шаардлагатай. Энэ өвчин эдгэдэггүй, зөвхөн хөөрсөн үеийг дарах эмчилгээ явагддаг. Гэр бүлд нь үнэхээр хүндрэлтэй бөгөөд хоёр ч хүний асаргаа шаардлагатай. Хэдий шүүхээс тухайн дүүргийн Засаг даргад харгалзан дэмжигч томилохоор шийдвэрлэдэг боловч яг бодит амьдрал дээр энэ асуудал маш хүнд, бэрхшээлтэй байдаг. Засаг дарга харгалзан дэмжигч томилсон ч хүн нь хүрэлцдэггүй, ирдэггүй. Байнгын асаргаа шаардлагатай хүнд харгалзан дэмжигч томилоод ч хангалтгүй гэдгийг өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа олон тохиолдол дээр харж явлаа. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн хөдөлмөрийн чадваргүй бага насны дүү, хөгшин эмээ, сэтгэцийн өвчтэй эхийн хамт амьдардаг. Амьжиргааны гол эх үүсвэр нь түүний ажиллуулдаг ТҮЦ бөгөөд үүнийг ажиллуулах гэж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд анхан шатны шүүхээс Н.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарснаас хойш миний бие ихээр муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улсын 3 дугаар эмнэлэгт зүрхний хавхлага шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш дахин мансууруулах бодис хэрэглээгүй бөгөөд энэ бодис ямар их хор хөнөөлтэй гэдгийг ухамсарлаж ойлгосон. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо “...мансууруулах бодисыг хэсэгхэн хугацаанд хадгалсан...” гэж байна. Эрүүгийн хуульд хэсэг хугацаанд, эсвэл урт хугацаанд хадгалсан, үүнийг хязгаарласан, зөвшөөрсөн зохицуулалт байхгүй. Хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан учир хугацааны асуудал яригдах нь үндэслэлгүй. Хэдийгээр шүүгдэгч Н.А- анх удаа гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон хэдий ч өмнө нь 2021 оны 6, 7 дугаар саруудад 2 төрлийн бодис хэрэглэж байсан үйл баримт тогтоогдсон. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэхэд хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. Гэвч Н.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй учир хохирол, хор уршиг шаардахгүй. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар яригдаж байна. Н.А- өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж ийм үйлдэл хийхгүй байх боломжтой байсан атал хэрэг илэрч, шүүхээс ял шийтгэгдэх болоход гэнэт ухаарч байгаа мэт ярьж байгаа нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх арга заль гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзахгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.М-, Н.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Э.М-, Н.А- нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-15 шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota аqua” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 14,2806 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч О.С-ын “... найз А-тай уулзаад юм яриад сууж байхад М- бас мансуурдаг, гэрээсээ гараад манайд байгаа гэсэн. А- автомашиныхаа өөрийн сууж байсан хаалганы доод хэсгээс ууттай өвс гаргаж ирсэн. Мөн тамхи ороодог нимгэн цаасыг урд хайрцагнаас гаргаж ирээд М-эр ороолгосон. Бид гурав хувааж татаж байх үед М-, А- нар хоорондоо тарих уу гэж ярьж байсан... тэгээд эмийн сан хайж яваад Цагдаагийн академийн ойролцоо эмийн сангээс М- натри хлорид, тариур, тебантин эм аваад тэр хоёр өөрсдийгөө тарьсан... А- намайг хүргэхээр явах замдаа автомашинаа сонин бариад байсан. Цагдаа зогсоогоод тэгш алах гэхэд алхаж чадахгүй унаад байсан. А- автомашиндаа байсан ууттай өвсөө асгаж байгаад цагдаад харагдчихсан... ер нь А-г тебантин тариаг хэрэглэдэг гэдгийг мэднэ. 2021 оны 7 сард уулзахад 2 ширхэг тебантинийг найруулж, өөрийгөө тарьж байхыг харсан. Мөнх-Эрдэний гараас өтгөн хар цус гараад байхаар нь тэр талаар асуухад өдөр болгон тариад байхаар цус өтгөрдөг юм байна гэсэн...” /1-р хх 58-59/,

гэрч Ш.Д-ы “... Тэнгисийн гэрт байхад М-, найз эмэгтэй А-гийн хамт цагаан өнгийн машинтай ирсэн. Дөрвүүл уулзаад тамхи татаж байтал С- ирсэн. А- автомашинаа жолоодоод бүгд суусан. Машин дотор А-, С- хоёрын нэгээс ороож асаасан тамхи өгсөн. Тэр тамхийг бид бүгдээрээ ээлжлэн татсан. А- жолоогоо нэг л өөр бариад, явж чадахгүй юм шиг байсан...” /1-р хх 67/,

гэрч А.Т-ийн “...Удалгүй М-, А- нар ирсэн... Тэгсэн А- өөрийн халааснаас гялгар уутанд боосон зүйл гаргаж ирээд өвсөө цаасанд ороож асаан бүгдээрээ сорсон...” /1-р хх 75/ гэсэн мэдүүлгүүд,

“...“№1 гэж дугаарлаж “Машины доороос” гэж хаягласан “1” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, “3” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, “4” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарлаж “машины ар талын суудлаас” гэж хаягласан хуйлсан АМ84952хх серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуур, шавар мэт зүйлээр бохирлогдсон боронзон өнгийн асаагуур, №5 гэж дугаарлаж “машины доороос” гэж хаягласан гадар хэсэг нь бохирлогдсон ногоон өнгийн асаагуур, бараан өнгийн бохирлогдсон үрчийлгэсэн тугалган цаас, АN6610558 серийн дугаартай хуйлсан Монгол улсын 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, AM8495209 серийн дугаартай хуйлсан, ирмэг хэсэг нь түлэгдэж шаралсан Монгол Улсын 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт болон шүүгдэгч Н.А-, Э.М- нарын биеэс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн ...” болохыг тогтоосон шинжээчиийн 681, 680, 685 тоот дүгнэлтүүд /1-р хх 114-116, 120-122, 166-177/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас /1-р хх 4, 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 7-14/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1-р хх 23-24/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /1-р хх 180/, мөрдөгчийн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 19-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Э.М-, Н.А- нарын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутай үйлдлийн талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Харин шүүгдэгч Н.А-гийн хувьд хамтран оролцооны хэр хэмжээгээр шүүгдэгч Э.М-эс илүү хүнд ял шийтгэх үндэслэл тогтоогдоогүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч шүүхээс энэ зүйлийн дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанараас гадна тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу нийгэмд үзүүлэх нөлөө, үр дагавар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.А-, Э.М- нар сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж, хэрэглээд зогсохгүй өөр бусад хэд хэдэн хүнд хэрэглүүлсэн хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүхээс хорих ялыг сонгон хэрэглэсэн нь ялын цээрлүүлэх замаар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зорилгыг хангасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ялыг сонгон хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн байх тул “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар солих ...” тухай өмгөөлөгч Н.Намжилцогтын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.М-, Н.А- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/511 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Н.Анхзаяад холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 1 жил хорих ялаар...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Н.Намжилцогтын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-, Н.А- нарын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН